О.ТЭНҮҮН: ОЮУНЛАГ ТАМИРЧИН БЭЛТГЭХ НЬ “ОЮУТАН ТАМИРЧИН” ХӨТӨЛБӨРИЙН ГОЛ ЗОРИЛГО

2018-01-17  

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ны удирдлага бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэж Оюутны Лигийн тэмцээн шинэ өнгө төрхтэйгөөр эхлээд улиралын тоглолт явагдаж байгаа билээ. Тус холбооны тэргүүн Оюуны Ундраа Пропертиз Захирал ноён О.Тэнүүн томилогдож өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус холбоог удирдан богино хугацаанд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээд байна. МОСБХ-ны ерөнхийлөгч О.Тэнүүнтэй уулзаж тус холбооны үйл ажиллагаа, ойрын болон хэтийн хугацаанд төлөвлөж буй ажлуудтай нь танилцаж зарим зүйлсийг тодрууллаа.

 “Оюутны лиг”-ийг өмнө нь МҮСБХ, МСБХ гээд аль дуртай нь зохион байгуулдаг байсан. Энэ оноос хойш тус тэмцээнийг зөвхөн танай холбоо зохиох эрх авсан гэж дууллаа. Энэ талаар?

Тиймээ. Таны хэлж байгаа үнэн. Өнгөрсөн хугацаанд “Оюутны лиг” дээрх хоёр холбооны нэр доор тус тусын менежментээр зохион байгуулагдаж ирсэн. “Оюутны лиг” маань 18 жилийн түүхтэй. Энэ жилийн хувьд зохион байгуулах эрхийг 2017 оны 11 дүгээр сард шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, цаашид “Оюутны лиг”-ийн тэмцээнийг зөвхөн манай холбоо зохион байгуулж байх эрхтэй болсон гэсэн үг.

Шинэ бүтэц, менежмент, зохион байгуулалттайгаар “Оюутны лиг” тэмцээнийг албан ёсоор  өнгөрсөн оны 11 дүгээр сард Спортын төв ордонд эхлүүлсэн. Нийт 5 сарын турш үргэлжилнэ. Энэ жилийн “Оюутны лиг”-т эрэгтэй 22, эмэгтэй 13 баг өрсөлдөж байна.

Манай холбооноос баримталж байгаа гол бодлого маань мэргэжлийн тамирчин бэлтгэхээс гадна тухайн оюутан-тамирчинг төлөвшүүлэх, сургалтын дүнд хязгаар тавьж тэмцээндээ оролцох эрх олгож байгаа. Мэргэжлийн тамирчин бол зөвхөн бэлтгэл, сургуулилт, тэмцээндээ бүх анхаарлаа хандуулдаг. Харин оюутан тамирчид хичээлээс гадна тэмцээн уралдаандаа цаг гаргах шаардлагатай болдгоороо ялгаатай. 

Энэ дашрамд, оюутны сагсан бөмбөгийн төлөө хийх бидний ажлыг дэмжсэн МҮСБХ болон МСБХ-ны удирдлага хамт олон талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. 

“Оюутны лиг”-т сурлагын дүнгийн хязгаар тогтоож байгаа нь сонирхол татаж байна. Энэ нь Яагаад тамирчны ур чадвар бус, боловсролыг нь чухалчилсан юм бэ?

Тэмцээнд оролцож байгаа оюутнууд бэлтгэл, тэмцээн гэсээр хичээл орхигдох гээд байдаг тал ажиглагддаг. Гэхдээ оюутан бүр тийм гэж хэлж болохгүй. Хичээлээ ч анхаарч, бэлтгэл тэмцээндээ оролцдог оюутан тамирчид их биш ч гэлээ тоотой байдаг. Зарим манай их дээд сургуулийн удирдлага, багш нар тухайн тамирчин оюутны үзүүлсэн амжилт, сургуулийн нэр хүнд зэргийг харгалзан үзэн Онц сайн дүн тавьдаг. Энэ нь тухайн оюутанд өөрт нь эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Нийгэмд эзэмших байр суурь, төлөвшихөд хүндрэл үүсгэдэг.   

Би ч бас оюутан байсан, нэгэн цагт оюутны лигт оролцож байсан болохоор энэ зүйлийн талаар сайн мэднэ. Оюутан тамирчдын жаргал, зовлон, тулгардаг асуудлуудын талаар сайн гадарлана. Үнэхээр л дуртай зүйлээ хийхийг хүсч байгаа бол хичээлээ ч давхар хий гэдэг шаардлагыг хүргэж байгаа. Заавал онц сурах албагүй, гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болох хэрэгтэй. Энэ бол боломжгүй зүйл биш. Тиймээс оюутнууд сагсан бөмбөг сайн тоглохын зэрэгцээ боловсролоо ч ахиулаад, оюунлаг иргэн болж төлөвшөөсэй гэсэндээ “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд “Оюутны лиг”-т зөвхөн 2.0-оос дээш голчтой тамирчин өрсөлдөх боломжтой. Энэхүү голч дүнг дараа дараагийн жилээс үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.   

Бид “Оюутан тамирчин” хөтөлбөр болон “Оюутны лиг”-ийн дүрэм журам, МОСБХ-ны цаашдын зорилго, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах зорилгоор Их дээд сургуулиудын багш дасгалжуулагч, удирдлагуудыг хамарсан уулзалт зохион байгуулж Оюутан тамирчдынхаа ирээдүйн сайн сайхны төлөө санаа солилцож нэг чигт харж чадсан. Мөн энэ ажлын үргэлжлэл болгож холбооны үйл ажиллагааг таниулах зорилгоор “Оюутан Тамирчин” лекцийг 2017 оны 12 сард зохион байгуулсан. Тус лекцэд маань 200 гаруй оюутан тамирчин хамрагдаж, надаас гадна манай холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Өсөхбаяр, Г.Баттөр нар лекц тавьж, өөрсдийн туршлагаасаа хуваалцан халуун дулаан яриа өрнүүлж, Оюутан тамирчид маань уг лекцийн үр дүнд маш их сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж тэдгээр залуусын төлөө ирээдүйд маш их зүйлийг хийх урам зоригийг өгсөн.  

Зарим тамирчин сагсан бөмбөг тоглох авьяастай, өндөр ур чадвартай мөртлөө хичээлдээ тааруугийн балгаар “Оюутны лиг”-т өрсөлдөж чадахгүй бол яах вэ? Амжилтыг нь харгалзаж байгаад тэмцээнд оролцуулах уу?

Цаашид сагсан бөмбөгийн чиглэлээр мэргэжлийн гараагаа эхлүүлэхэд “Оюутны лиг”-ийн тэмцээн маань ихээхэн түлхэц болж өгдөг. Жинхэнэ өрсөлдөөн дундаас шилэгдэж гарч ирдэг гэсэн үг. Гэхдээ чадвартай, авьяастай тамирчин байлаа гээд тодорхой хугацааны дараа тамирчны спортын замнал нь дуусах үе ирдэг. Манай нөхцөлд энэ нь 30 нас гараал ажиглагдах тохиолдол элбэг. Үүний дараагаар юу хийх вэ? энэ байдал тодорхойгүй хэвээр үлддэг.    

Тиймээс оюутнууддаа хандаж хэлэхэд, “хичээлээ битгий орхи, сайн хий” гэж зөвлөмөөр байна. Энэ нь чи өөртөө хийж байгаа том Хөрөнгө оруулалт гэдгийг хэлмээр байна. “Оюутны лиг”-т энэ журмыг тусгаснаас хойш оюутан тамирчдын хичээлийн идэвх эрс сайжирч, зарим сургуулийн голч дүнгийн дундаж өмнө нь байгаагүйгээр сайжирч байна гэсэн сайхан мэдээг олон сургуулиудаас бидэнд дуулгаж байгаа. Тухайлбал, нэг сургуулийн багш тамирчдынхаа бэлтгэл орохоор зааландаа ирэхэд оюутан тамирчид нь хичээлээ зааландаа хийж байсан хэмээн бидэнд хуваалцсан нь бидний эхлүүлсэн ажлын маш том илэрц юм.     

Үнэхээр тухайн оюутан тамирчин маань бидний хийж буй ажлын чин үнэт зүйлийг ухамсарлаад хичээл болон дуртай спортоо аль алинд амжилт гаргаад хичээх юм бол манай холбоо боломжит бүх талаар дэмжиж туслахад бэлэн байгааг ойлгох хэрэгтэй.  

Оюутнууд өөр холбооны тэмцээнд давхар өрсөлдөх боломжтой юу?

Бид бол сагсан бөмбөгт элэгтэй мянга мянган залуучуудын адилаар энэ спортын зөв зохистой хөгжил болон оюутан тамирчдынхаа эрх ашиг ирээдүйн төлөө л чадахаараа хичээж байгаа залуус. Тиймээс бид энэ холбоо тэр холбооны тэмцээнд тоглож болохгүй гэж тамирчны эрх зөрчсөн үйлдлийг хийхгүй. Гагцхүү бид Оюутны Лиг-ийн тэмцээн нь өндөр түвшинд хөгжсөн бусад орны хөгжлийн жишгээр хөгжихийг зорьж байгаа учраас хэрвээ тухайн тамирчин “мэргэжлийн” лигт тоглох юм бол оюутны лиг-т тоглох боломжгүй гэсэн бодлогыг баримталж байгаа. Энэ бол зөвхөн Оюутны биш цаашлаад Монголын сагсан бөмбөг хөгжлийн зөв замд орохын эхлэл юм. Америкт тухайн тамирчин өдөр нь NCAA-д тоглоод орой нь NBA-д очиж тоглоод байдаггүйтэй адил.

Сагсан бөмбөг тоглодог хөдөө орон нутгийн оюутнуудын ур чадварыг ахиулах, холбооныхоо үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй хүргэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

Мэдээж хөдөө, орон нутгийн оюутнуудыг орхигдуулж болохгүй. Авьяастай, мэргэжлийн тамирчнаас дутахгүй ур чадвартай ч санхүүгийн хүндрэлийн улмаас Улаанбаатар хотод болж буй лиг, тэмцээнд оролцож чаддаггүй олон оюутан бий. Юун түрүүнд холбооныхоо үйл ажиллагааг жигдрүүлж, эхлээд Улаанбаатар хотод амьдардаг оюутнуудад хүргэх бөгөөд түүний дараа орон нутагт хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа.

Хүмүүс таныг “Оюуны ундраа пропертиз” компанийн гүйцэтгэх захирал гэдгээр тань мэднэ. Бизнесмэн залуу сагсан бөмбөгийн спортод дурлан, хөгжүүлэхээр зориход юу нөлөөлөв?

Би багын сагсан бөмбөгийн спортод дуртай байсан. NBA-ийн тоглолтыг нойр хоолоо умартан үздэг үе байсан. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглохоор ямар гоё гэж санана, сагсан бөмбөгийн талбай дээр гарсан мөчөөс л орчлонгоос тасарч, хамаг ядаргаа, стресс тайлагддаг. Сагсан бөмбөг их сайхан спорт хувь хүнийг төлөвшүүлэх, бие бялдарыг хөгжүүлэхээс гадна багийн спорт учраас найз нөхдийн холбоог хүртэл чангатгаж байдаг. 

Би АНУ-д сурч байхдаа Лос-Анжелес хотын ахлах сургуулийн багт тоглосон анхны монгол оюутан. Ингэж хэлэхээр өөрийгөө магтсан болох вий дээ (инээв). Одоо ч энэ спортод хайртай, чамлалтгүй амжилтыг ч үзүүлсэн. Чөлөөт цаг заваараа тоглож байгаа. Хэрэв оюутан залуус маань хичээх юм бол ямар их боломж, гайхалтай ирээдүй байгаа гэдгийг тодорхой хэмжээгээр ойлгож мэдэрсэн хүний хувьд энэ ажлыг эхлүүлсэн.

Холбооныхоо шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар сонирхуулна уу.

Одоогоор манай холбооны Удирдах зөвлөл үндэсний шигшээ багийн ахлах Г.Баттөр, мэргэжлийн лигт олон жил тоглож байсан Г.Өсөхбаяр, дасгалжуулагч О.Баярцогт, спортод элэгтэй, Ганжигүүр Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй. Холбооны менежерээр Б.Цэлмүүн ажилладаг. Эдгээр хүмүүс нь сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, оюутны ур чадварыг ахиулахын төлөө сайн дураараа нэгдсэн.

МОСБХ-ны алсын харааг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

Мэдээж бид Монголын Оюутны сагсан бөмбөгийн төлөө байгууллага учраас гадаад харилцаагаа сайжруулж Монголын Оюутан Залуучуудын Шигшээ баг байгуулж гадаад дотоодын тэмцээнд баг тамирчдаа оролцуулж мөн багш тамирчдын хөгжлийн тал дээр анхаарахыг зорьж байна. Үүний хажуугаар “Оюутан Тамирчин” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн ажлуудаа цаашид улам сайжруулж боловсруулан тогтмолжуулах гээд маш их төлөвлөсөн ажил бий.

Мөн бид Оюутан тамирчдаа ажил амьдралын анхны гараагаа амжилттай эхлүүлж цаашдын амьдралаа зөв замаар удирдан явуулаасаа гэсэн үүднээс томоохон компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, сагсан бөмбөг тоглодог дөрөвдүгээр дамжааны оюутныг дадлагажуулах, бүр цаашлаад ажилд оруулахаар ажиллаж байна. Одоогоор цөөнгүй компани бидэнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн. Ингэснээр оюутан сагсан бөмбөгчдийн амьдралыг сайжруулж, олон талын бололцоогоор хангах боломж бүрдэнэ. Эдгээр ажлуудыг хийж тухайн оюутнуудын нийгмийн асуудлуудыг шийдэн давхар Монголын Оюутны сагсан бөмбөгийн чадвар чансааг дээшлүүлэх бодлогуудыг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?