Г.ӨСӨХБАЯР : ЗА ЧИ НАЧИН БОЛЧИХНО ОО, Д.СУМЬЯАБАЗАР, Б.ГАНТОГТОХ ХОЁРТОЙ Л БАРИЛДАХ ЮМ ШҮҮ ГЭЖ МӨНХБАТ АВАРГА САНУУЛСАН

2018-07-11  
"Контрол Комментатор" нэвтрүүлэг наадмын дугаартаа Монгол улсын дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаярыг урьж, түүний онцлох барилдаан, өрсөлдөгч, ирлэгч бөхчүүдийн талаар сонирхол татам яриа хөөрөө дэлгэснийг уншигч түмэндээ толилуулж байна.
 
 
-"Комментатор" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар бусдаасаа өвөрмөц. Та бид наадмын бичлэг үзнэ. Түүвэрлэсэн тэдгээр бичлэгт Комментатороор ажиллахыг Танаас хүсэж байна. 1993 онд Та наадмын зүлэг ногоон дэвжээнд анх удаа гарч байсан байдаг. Тэр үед Өсөхбаяр гэдэг бөхийн тухай хүлээлт нэгэнт үүссэн байсан. 
 
-1993 онд анх наадамд барилдсан. Миний өвөө даян аварга Буур Жамъян гэдгийг монголчууд мэднэ. Өвөө маань "Хорин нас хүргэж байж барилдуулаарай" гэж аав, ээж болон Ж.Мөнхбат аваргад захисан юм билээ. Тэр жил би хорин нас хүрч, өвөөгийн захиасаар төрийн наадамд анх барилдсан даа.
 
-Нас залуугаар нь эрт барилдуулбал зүрхийг нь үхүүлэх, зоригийг нь мохоох гээд юм юм байдаг шиг байгаа юм, сонсож дуулж байхад.
 
-Миний өвөөгийн холын ухаан байж. Багад нь томчуудтай барилдуулбал зүрх зориг нь мохохоос гадна гэмтэл бэртлийг бас тойрохгүй. Тэр холыг харсан тийм ухаан юм. Хорин нас хүрнэ гэдэг эр хүн гарын ая даах хэмжээнд очдог. Тэр үед нь барилдуулаарай л гэж захисан юм билээ.
 
-1995 оны наадам бол Таны хувьд онцгой наадам гэж хэлж болно.
 
 
-1995 оны наадам бол миний хувьд улсын наадамд гурав дахь удаагаа барилдсан түүхийн онцгой хуудас юм. Тэр жил Сонгинын амралтад Ж.Мөнхбат аваргатай цуг наадмын бэлтгэлд гарсан. Зургаадугаар сарын 20-ны үед Ж.Мөнхбат аварга маань "Заа, чи нэг начин болчихно оо, Д.Сумъяабазар, Б.Гантогтох хоёртой л барилдах ёстой юм шүү. Тэр барилдаанаа л чи сайн бод. Тэрэнд л хоёулаа юм бэлдэнэ шүү" гээд байдаг. Тунаж барилдана гээд. Тэгэхэд нь би ч Улсын начин гэдэг юм хаа билээ гэж бодсон. Тэгээд байж байтал Улсын заан цол бүр мундаг том юм байдаг. Тэгээд яахав бэлдсэн л дээ. Д.Сумъяабазар, Б.Гантогтох бид чинь чөлөөт бөхөөр барилддаг. Нас зүс ойролцоо, яг ид барилдаж байсан ийм үе. Наадмын барилдаан Мөнхбат аваргын хэлснээр яг болсон. Начин цолонд хүрээд, зургаагийн даваанд Д.Сумъяабазартай, долоогийн даваанд Б.Гантогтохтой тунаж, аль алиныг нь давж, аймгийн арслангаас шууд Улсын заан цолонд хүрч байсан тийм барилдаан болсон.
 
-Наадмын давааны учраа, оноолт, барилдаан тэр бүхнийг айхтар тооцжээ.
 
-Мундаг аваргуудын тооцоо гэдэг маань тийм байдаг юм билээ.
 
-Б.Гантогтох танаас өмнө заан цолонд хүрсэн, ид гялалзаж байх үед нь та давж заан цолонд хүрчээ?
 
- Үеийн бөхчүүдээс Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг хоёр заан болчихсон байсан.
 
-Д.Сумъяабазар бас начин цолтой...?
 
-Тийм Д.Сумъяабазар начин, А.Сүхбат начин, Б.Ганбат бид хоёр л улсын цол аваагүй байсан.
 
-Бөх ярихад л нэг хэсэг зургаан залуу зааныг тойрдоггүй, дайрдаг үе байсан. 
 
-Б.Ганбат 1998 онд заан цол авсан байх. Тэр цагаас хойш ард түмэн зургаан заан гэж ярих болсон. Улсын наадамд дээшээ цолонд хүрэх, шөвгийн дөрөв, үзүүр түрүүнд үлдэхийн тулд заавал энэ хэдийнхээ нэг хоёртой заавал барилдаж байж гарч ирэх шалгуур бодитой болчихсон ийм л үе дээ.
 
-1996 оны барилдаан байх юм.
 
-Энэ бол 1996 оны Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг хоёрын барилдаан. Долоогийн давааны. Наана нь Д.Дагвадорж хүүхдийн барилдаанд даваад дэвээд явж байгаа биз. Д.Сумъяабазар тэр жил олимпийн наадамд барилдана гээд чөлөөт бөхийн бэлтгэлтэй байж байгаад улсын наадамд шууд ирж барилдсан.
 
-Зургаан заанаас Цэрэнпунцагтай таарч барилдсан барилдаан санаанд буухгүй юм. 
 
-Би Ц.Цэрэнпунцагтай нэг ч таарч барилдаж байгаагүй. Д.Сумъяабазартай л хамгийн олон таарч барилдсан, улсын наадмаар.
 
-Мөн А.Сүхбат, Б.Гантогтохтой ч олон удаа таарч барилдсан байх.
 
- А.Сүхбат, Б.Гантогтохтой хоёр гурван удаа, Б.Ганбаттай ч мөн таарч барилдсан.
 
-1997 оны наадмын барилдааны онцлог?
 
-1997 онд ч нэг их айхавтар сүрхий барилдаагүй, шөвгөрсөн. Тавын даваанд Д.Сумъяабазар бид хоёр тунасан ш дээ. Улсын заан цолтой бөхчүүд тавын даваанд тунах бас ховорхон л тохиолдол юм билээ. Улсын заан цолтой бөхчүүд тавын даваанд тунасан анхны тохиолдол. Тэгээд Д.Сумъяабазарыг хаясан.
 
-Энэ наадмаар Сумьяабазар та хоёр таарсан бол, нөгөө талд А.Сүхбат, Б.Гантогтох хоёр мөн учирчээ. Хатуу оноолт оо? 
 
- А.Сүхбат, Б.Гантогтох хоёр гэхэд л тавын даваанд таарна гэдэг хатуу.
 
-Даваагаа ахиулсан А.Сүхбат та хоёр мөн л дараагийн даваанд тунасан.
 
-Тэр жил миний баруун гарын ядам хуруу гэмтчихээд ерөөсөө гар атгаж болдоггүй, жаахан зүдэргээтэй л барилдсан. Заан болсны дараа жил дөрвийн даваанд нэг унаж аваад, дараа жил нь 1997 онд шөвгөрсөн. А.Сүхбаттай барилдаад баруун хөлөө алдаад унаж байгаа ийм барилдаан л даа. Сэнжигний барьц алдаад, тэндээсээ дамжиж ороод, Сүхбат ч хурдтай, мэдрэмжтэй хүн. Тэгээд хөлөө алдаад ойчсон юм.
 
-Ер нь хараа гүйцэхгүй хурдтай гэж А.Сүхбатыг тайлбарлагчид хэлээд байгаа.
 
-Асар их хурдаар л барилддаг. Хурдтай хүний хийж байгаа мэх, мэдээж яаж бяргүй байхав. Дээр нь бяр хүч нэмчихээр мэх нь даацтай болдог.
 
-Өөрийг чинь давсан жил А.Сүхбат заан цолонд хүрсэн. 
 
-Тийм. О.Балжинням аваргаар долоо даваад заан болж байсан юм.
 
-О.Балжинням аварга Б.Гантогтохыг ч бас заан болгосон.
 
-Тийм. Б.Гантогтохыг заан болгож байсан.
 
- 1998 оны наадмын барилдаан..
 
-1998 оны хавар гуравдугаар сард би Герман яваад зургадугаар сар хүртэл гурван сарын хугацаатай чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилт хийсэн. Үндэсний бөхийн барилдаанаас нэлээд төсөөрч, хөндийрсөн байсан. Тэр жил үндэсний бөхөөр нэг их олон барилдаагүй. Тэгээд зургаадугаар сарын 20-доор ирээд шууд наадмын бэлтгэлдээ гарч барилдсан юм. Тэр жил тавын даваанд Д.Бумбаяр зааныг амлаж аваад унасан.
 
-Д.Бумбаяр заанд нэг л удаа унасан байх...?
 
-Нэг удаа унаад, дараа жил нь 1999 онд дахиж тавын даваанд авч даагаа нэхэж нэг хаясан.
 
-Энд нэг сонирхолтой барилдаан байна.
 
-Ц.Цэрэнпунцаг, А.Сүхбатын тунасан барилдаан. Үндсэндээ жүдо бөхийн барилдаан. Хавираад нүүрээр нь газар тавьж байгаа биз. Хоёр гар сайтай, хөл сайтай Цэрэнпунцаг чинь.
 
-Заа, 1999 оны наадам. Таны гол гол барилдааныг түүж авсан юм.
 
-1999 оны наадам миний хувьд сайхан жил байсан. Миний өвөөгийн мэндэлсний 100 жилийн ой тэр жил тохиож, Архангай аймгийн Цахир суманд төрсөн нутагт нь өвөөгийн 100 жилийн ойг наадмын дараа өргөн дэлгэр тэмдэглэсэн. Өмнөхөн нь улсын наадмаар би улсын заан цолоо баталсан. Өөрийнхөө хүрсэн цолыг батална гэдэг маань дараагийн цол руу тэмүүлэх, шат ахих тийм боломж харагдаж байна аа гэж дотроо итгэл найдвар төрж байсан ийм наадам л даа.
 
-Ер нь Монголын наадам гэж их цэнгэл юм даа.
 
-Тэгэлгүй яахав. Монголчуудын хэдэн зуун жилийн уламжлалтай эрийн гурван наадам гэдэг монгол эрчүүдээ тэрүүгээрээ дамжуулж хүмүүжүүлдэг, бий болгодог, Монголын ард түмний ёс заншил, амьдралын хэв маяг бүх юм шингэсэн ийм сайхан уламжлалтай шүү дээ.
 
-Харьцуулахад сумо бөхийн барилдаан бол их баяр цэнгэл биш юм шиг байгаа юм. Монголын үндэсний барилдаан баяр цэнгэл гэдэгтээ илүү ойртоод байгаа юмуу гэж бодогддог. Аваргууд нь шинэ залуу бөхчүүдтэйгээ хамт дэвэн дэвсээр зүлэг ногоон талбайдаа гарч ирж байдаг. Х.Баянмөнх аварга гэхэд л 50 хүрчихээд барилдаж л байсан.
 
-Тийм. Х.Баянмөнх аварга, Ж.Мөнхбат аварга хоёулаа л зүлэг ногоон дэвжээндээ гарч байсан ийм наадам.
 
 
-Дархан аваргуудыг наадмаар харах сайхан. Наадамчин олон цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүдийг харах гэж, тэдний барилдахыг үзэх гэж л ирдэг.
 
-Тэгэлгүй яахав. Ялангуяа ахмад бөхчүүдээ хараад "Өө, тэр маань барилдаж байна, энэ аварга барилдаж байна. Бие хар нь тийм байна" гээд тэднийгээ харж баясч байдаг.
 
-Аваргуудын хувьд, та бол Ж.Мөнхбат аваргатай ойр хүн.
 
-Би багш шавийн барилдлагатай. Анх 1995 онд багш шавийн барилдлага барьж, тэндээс бэлтгэл сургуулилт эхэлсэн. Бусад үед ч надад байнга зааж зөвлөж явсан даа.
 
-Наадмын дэвжээнд бас золгож байсан.
 
-Тэгэлгүй яахав. Наадмын дэвжээнд тавын даваанд намайг дэмжиж, улсын начин цолны босго алхуулж өгч байсан ийм сайхан буянтай аварга хүн дээ.
 
-Түүнийг монгол бөхийн ёс жудагт нийцсэн, сайхан өв уламжлал гэдэг.
 
-Дараа дараагийнхаа ирээдүйтэй гэж байгаа залуу бөхийг, тэгээд өөрийнхөө шавь нарыг даваа ахиулдаг уламжлал эртнээсээ байсан байдаг.
 
-Бас тунаанаас гаргадаг?
 
-Тийм.
 
-Ер нь хараад байхад Б.Бат-Эрдэнэ аварга ч гэсэн бөхчүүдийг тунаанаас гаргаж байсан тийм зүйл харагддаг.
 
- Б.Бат-Эрдэнэ аваргын тэр үйлдэл авууштай сайхан зүйл. Наадмаар Б.Гантогтохыг нэг жил аваад, дараа жил нь бас намайг авч, түүний дараа жил Д.Сумъяабазарыг тунаанаас гаргаж байсан. Ид барилдаж байсан залуусыг хооронд нь барилдуулалгүй, тунаанаас ингэж гаргаж бодитойгоор дэмжиж байсан шүү.
 
-Гурван сайхан зааныг дээш нь гаргаж өгч байж. Ер нь та тунаанд олон үлдэж байсан. Наадмын тав, зургаагийн даваа л сонирхолтой болдог шүү дээ.
 
-Зургаагийн даваанаас эхлээд долоогийн даваа тэртэй тэрэнгүй ойлгомжтой. Зарим жил, 1997 онд тавын даваанд улсын том цолтой хоёр бөх тунаж байсан. Тэр үед улсын аварга, арслан цолонд хүрээгүй л бол зургаа, долоо, наймын даваанд тунана шүү дээ. Ер нь монгол бөхийн өөрийнх нь өвөрмөц онцлог байна. Том цолтой бөх нь амлаж авдаг. Ид хурц дайчин байгаа хүмүүс нь хоорондоо тунадаг. Тунаж барилдах нэг талдаа сайхан байдаг. Ам авна гэдэг тийм амаргүй ажил шүү дээ. Хэцүү. Тэр олон бөхөөс хэний барилдаан юу билээ гээд барилдаануудыг тооцох амаргүй л дээ. Ялангуяа гурван хүнээс ам авах хэцүү.
 
-Тунаад барилдвал илүү амар ч юмуу?
 
-Тунавал шууд барилдана. Ам авахад бол наана нь жаахан сэтгэл зүйгээ барна ш дээ.
 
-Буруу ам авах үе ч гарна, бүдэрвэл асуудал...
 
-Тэгэлгүй яахав.
 
-Д.Мөнх-Эрдэнэ арслан улсын наадамд олон жил сайн барилдаж, таван удаа үзүүрлэсэн. Наадмын дэвжээнд дээшээ явах даваан дээр л Та бас унаж байсан даа.
 
-Тийм. Яг тэр 1995 онд улсын заан болчихоод Б.Бат-Эрдэнэ аварга, О.Балжинням аваргыг амлаж аваад, би Д.Мөнх-Эрдэнэ арслантай барилдсан. Ойчсон. Д.Мөнх-Эрдэнэ арслан өөрөө асар их хөдөлмөрч хүн л дээ. Тэр хөдөлмөрийнхөө хүчээр төрийн наадамд таван удаа үзүүрлэсэн. Тэр болгон хүнд олдохгүй амжилт шүү дээ. Таван удаа үзүүрлэсэн хүн Монголд ганцхан л байдаг. Тэр бол асар их хүч хөдөлмөрийн л үр дүн. Би Архангайгаас дөнгөж бөх болох гээд л ирчихсэн, нутгийнхаа том цолтой бөхчүүдийг дагаж явдаг байсан. Д.Мөнх-Эрдэнэ арслантай олон жил цуг явж, арга мэх юу байдаг юм тэр бүхнийг заалгаж, зөвлүүлж явсан. Мундаг бөх.
 
-Д.Мөнх-Эрдэнэ арслан их бяртай бөх шиг харагддаг. Урдуураа татаж гүйлгээд цохиж байгаа энэ тэр нь бяртай бөхийн л мэх байх.
 
-Цээжний бяр ихтэй. ......
 
-2000 оны наадмын тухайд. 
 
-2000 онд бид залуу зургаан заан зургуулаа Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслантай шөвгөрсөн. Тэр жил Б.Ганбат бид хоёр тунасан. Б.Ганбат тэр жил онцгой сайн байсан. Золголтоос элэг бүсийг нь аваад, зүүн талд нь сууж хонгодоод, хутгаад гараа татаад авахаар шуудаг нь орж ирээд, тэндээсээ нөгөө талд нь, араар нь зүүн хөлөөр мордоод хаясан барилдаан байна.
 
-Д.Сумъяабазар, А.Сүхбат хоёрын барилдаан бас их шуугиулсан.
 
-Энэ барилдаан дээр Д.Сумъяабазар гар ачуулаад их сүрхий унасан. Б.Бат-Эрдэнэ аварга Д.Мөнх-Эрдэнэ арсланг амлаж аваад тэгээд бид зургаа хоорондоо тулж барилдсан.
 
-Их цуцна биз.
 
-Наадмын барилдаан эхний өдөр нэг, хоёрын даваа явчихдаг. Тэгээд 12-ны өдөр 7 давааны барилдаан болдог. Угсарсан долоон даваанд барилдана гэдэг амаргүй. Тэгээд ч ямар жирийн нэг хүнтэй ноцолдож барилдаж байгаа биш. Үеийн, тэнцүү хүчтэнгүүдтэй долоон  даваа угсран барилдана гэдэг хүнд. Ялангуяа нэг даваан дээр удаад үлдчих, цуцчихсан тохиолдолд амралт байхгүй. Дараагийн даваанд гарч, ээлжит учраатайгаа шууд золгодог. Гэхдээ яахав бэлтгэл сургуулилт сайн байхад дараагийн даваанд хүний бие сэргэдэг. Бэлтгэл жаахан дутуу хүн бол нэг барилдаан дээрээ ноолуулаад дараагийн даваанд сэхэж өгдөггүй. Тэгэхээр бэлтгэлийг сайн тааруулж тохируулж хийх нь маш чухал.
 
-2000 оны наадамд Б.Бат-Эрдэнэ аварга тахимаа өгчихсэн билүү ? 
 
-Б.Бат-Эрдэнэ аварга Б.Гантогтохыг амлаж, тахимаа өгч, тунаанаас гаргаж өгч байсан.
 
-Б.Гантогтох заан дараачийн даваанд Ц.Цэрэнпунцаг заантай таарсан. Энэ хоёрын барилдааны тухайд?
 
-Энэ хоёрын барилдаан их сонин юм болсон юмаа. Тохно, Пунцаг сугадаж... дараа нь ахиж хоёулаа давхар шуудагнаас барилдаад Цэрэнпунцаг тохоод, жаахан тэвчээр алдсан уу ? яасан, ойчсон. Б.Гантогтох давсан.
 
-Б.Гантогтохын онцлог бол их унаа холтой бөх юм шиг байгаа юм.
 
-Унаа холтой. Их хашир барилдана. Хий зай гаргахгүй. Өөрөө чөлөөт энэ тэр гээд их спортоор хичээллэж барилдаж байсны хувьд тэвчээр суусан. Энэ хоёрын барилдаанаас харахад Пунцаг мордох гээд мэхээ дутуу хийгээд байсан. Золгооноос ер нь Б.Гантогтох сайн байсан шүү. Яг золгооноос шуудагдсан барилдаанаас сайн.
 
-Б.Гантогтох гарьдын хувьд улсын наадамд дор хаяж нэг түрүүлчих боломж бас байсан шүү.
 
-Гурван удаа үзүүрлэсэн ш дээ. Надтай нэг үлдээд, Сүхбаттай хоёр үлдсэн. Энэн дээр нэг ийм л барилдаан болсон юм л даа. Давхар шуудагнаас тохоод, араар нь гишгээд, ер нь нарийн харвал ....
 
-Одоо хөлбөмбөгийн дэлхийн аварга болж байна. Камерийн бичлэг үздэг болсон.
 
-Ер нь бөхийн барилдааныг орчин үеийн камерийн бичлэг хардаг тэр зүйл рүү шилжүүлмээр юм шиг байгаа юм. Хүний бүтэн жилийн хөдөлмөр явж байдаг. Ямар нэгэн байдлаар буруу шийдвэр гаргавал дараа жилийн наадам гэдэг хол шүү дээ.
 
 
-Яруу найрагч Д.Пүрэвдорж гуай хэлдэг байсан. Ерөөсөө жилд хүлээдэг хоёр юм байна. Нэг нь улсын наадам, нөгөө нь "Болор цом" гэдэг байсан.
 
-Энийг сайн харвал нэг зэрэг л унаж байгаа харагдаж байна. ( Гантогтох, Цэрэнпунцагийн барилдаан). Камерын бичлэгт асуудал бий. Нэг талаас нь авчихвал нэг өөр харагддаг. Нөгөө талаас нь бас өөр харагдана. Тэгэхээр боломж байдаг бол олон талаас нь бичлэг хийж, сайн тунгааж шүүх нь зөвюм билээ.
 
-Дээр нь бичлэг үздэг шүүдэг, шүүгчдийн мэргэжлийн баг ажиллах ёстой байх.
 
-Хөлийн цэц, засуулууд их шударга шүүх ёстой. Тэрэн дээр жалга довны, багш шавийн юм гаргаад эхэлбэл утгаа алдчихна. Тэгэхээр хөлийн цэц их хариуцлагатай байх ёстой.
 
-Ер нь гадны орнуудад туршигдсан байна. Тухайлбал сумогийн барилдаан камераар шүүгээд олон жил болсон байна. Мөн хөлбөмбөгийн дэлхийн аваргад нэвтрүүлээд эхэллээ. Энэ бол тэмцээн болохын өмнө багаа томилж байна. Видео бичлэг үзэж эцсийн дүн шинжилгээ гаргаж өгөх хүмүүс шүү гээд томилж байна. Шүүгчдийн цаг ч гаргаж өгсөн байна.
 
-Ер нь бол үндэсний бөх том талбай дээр олон бөх зэрэг барилддаг болохоор жаахан төвөгтэй нь үнэн. Гэхдээ тэрийг одоо үед олон камер зэрэг тавиад шийдчихэж болох байх л даа. Сумо бол хоёрхон бөх өндөр дэвжээн дээр барилддаг. Ёстой л тал талаас нь зургийг нь авахад асуудалгүй л дээ. Тэгээд үүнийг үндэсний бөхөд нэвтрүүлэх үү, үгүй юу гээд олон жил маргаан явж байгаа. Бөхийн барилдааны дүрэмд хүртэл зааж өгье гэж яригдаад байгаа. Ер нь камераар шүүх нь шударга.
 
- Заримдаа засуулын хараа хүрэхгүй үе байна?
 
-Тэгэлгүй яахав, бөхийн унах давах гэдэг ерөөсөө хэдхэн секундын асуудал шүү дээ. Зууралдаад нэг хоёр цаг зогслоо ч гэсэн, яг тэр унах давах агшин бол их богинохон.
 
-Б.Бат-Эрдэнэ аварга 2000 он гэхэд улсын наадамд хэд давсан байлаа?
 
-Долоо давсан байсан. Яагаа ч үгүй ид сайхан байсан үе нь л дээ.
 
-Тэрнээс хойш гурав дөрөв түрүүлсэн гэж бодоход дундуураа бас л чамгүй хэдэн жил залуучууддаа боломж олгожээ.
 
-Тийм ээ.
 
-Ийм ёс жаяг цаашаа өвлөгдөж, дамжиж л байх ёстой болов уу?
 
-Тэгэлгүй яахав. Энэ их сайхан уламжлал. Үүнийг тэр бөхийн найраа гэдэг юмтай хольж хутгаж ойлгоод байж болохгүй л дээ.
 
-Та энэ барилдаан дээр хэдэн кг жинтэй байсан үе вэ, их л зэгзгэр байж дээ. /барилдаан үзэж ярьж байна./
 
-Би 120 орчим л байсан байх. Улсын заан болохдоо 103 кг-тай байсан, чөлөөт бөхөөр их бэлтгэл хийдэг байсан. Улсын шигшээ, залуучуудын шигшээ багт бэлтгэл хийдэг байсан.
 
-Энэ барилдаан дээр Б.Бат-Эрдэнэ аварга Б.Гантогтохын замыг нь засч өгч байгаа барилдаан харагдаж байна.
 
-Тийм. Гантогтохыг тунаанаас гаргаж, цаашид сайн барилдаарай гэж ерөөгөөд явуулж байна даа.
 
-Нэг айлын хүү, хүргэн хоёр улсын наадмын үзүүр түрүүнд барилдах бас сэтгэл хөдлөм зүйл юм билээ.
 
-Бас л ховорхон тохиолдол. Х.Баянмөнх аварга ч гэсэн зүлэг ногоон дэвжээндээ мөргөөд үзэгчдэдээ сэтгэлийн хүндлэлээ илэрхийлж л байсан. Энэ жилийн наадамд А.Сүхбат бид хоёр тунав аа, хөөрхий. Заан цолоо хоёр удаа баталсан. Энэ барилдаан дээр хөлөө алдаад, айхтар сүлбүүлээд, урдуураа гар ачуулаад л...
 
-Энэ их тэмцэлтэй барилдаан болсон шүү ер нь. Роозонгийн Энхбатын авсан маш сайхан фото зураг та хоёрын барилдаанаас ургасан. Ховор агшинг буулгасан. 
 
-Тийм, яг ингээд сүлжчихсэн. Хөлөө нугалаад гарвал гарчихаар тийм боломж байсан л юм билээ, хожим үзэж суухад. Ингээд сүлбүүлээд ардаа алдчихаж байгаа юм. Тэгээд эндээс бас л хэцүү болсон.
 
-Энд боломж байж.
 
-Үүн дээр хөлөө нугалаад, өсгийнөөс авчихаар хүний хөл нугарахгүй болчихоод бас их хэцүү болчихож байгаа юм.
 
-Энэ бичлэг дээр Сүхбат аварга бараг унах гэж гуйваж байгаа харагдана. Байдаг хүчээ л шавхаж дээ, өөртэй чинь барилдахдаа. 
 
-Бас хэцүү л болсон байх.
 
-Бахардаж байх шиг л харагдаж байна.
 
-Асар их хүч гаргаж байгаа юм л даа.
 
-Бөхчүүдийг хараад байхад ер нь завсарлагааны хооронд халуун цай л уух гэх юм.
 
-Хүйтэн юм ууж болдоггүй. Хүйтэн юм уухаар гар сарвайгаад байдаг. Тэгээд халуун цай л уудаг юм.
2002 оны наадмаар би Сүүж уулын амралтанд бэлтгэлд гарсан. Үндсэндээ Б.Бат-Эрдэнэ аваргыгаа бараадаж. Тэр хүний сайхан өгөөж хишгийг нь хүртэх. Туршлагаас нь суралцах гэж. Сүүж уулын амралт байгаль нь ч их сайхан газар, ээлтэй. Тэгээд Архангайн бөхчүүдээ аваад удирдаад Сүүж уулын амралтанд очиж, Бат-Эрдэнэ аваргынхаа зав чөлөөг нь өмнө нь асууж байгаад очиж, аваргынхаа нөмөр дор бэлтгэлд гарсан юм. Тэгээд анх удаа төрийн наадамд түрүүлсэн. Бодоход би хожуу л түрүүлсэн, 29 нас хүрчихсэн байсан даа.
 
-1993 онд анх зодоглосон гээд бодоход 2002 онд бараг 10 жилийн ой дээр шахуу түрүүлж байж.
 
-Зодоглосноос хойш бараг 10 дахь наадам дээрээ. Заан цолтой долоо найман жил явчихсан. Д.Сумъяабазар бид хоёр долоогийн даваанд тунасан. Б.Гантогтох, Б.Ганбатыг амлаж аваад хаясан.
 
-Яг зургаан залуу заан гэж ид яригддаг байсан үе шүү дээ. Хэнийг ч авч хаядаг тийм л заанууд явсан. Цол гэснээс та нарын хэн ч адил ерөнхийдөө заан цолонд их хайртай байсан байх.
 
-Заан цол хамгийн нүнжигтэй сайхан цол. Улсын заан гэдэг чинь жигтэйхэн сайхан цол. Сүүлд харцага, гарьд гэсэн хоёр цол гарсан. Би бол айхтар дуртай ч биш, үүнд. Ер нь бөхийн амжилтыг үнэлэх нь зөв. Улсын наадамд үзүүрлэсэн хүнд гарьд гэдэг цол өгч байна. Тэрийг нь орлох үлэмж бадрах заан юмуу, үлэмж бадрах саруул сайжрах заан гэдэг сайхан чимгүүд бий шүү дээ. Тийм цолтой бөх нь бүх зааныхаа дээр гарч зогсдог ч юмуу. Улсын наадамд зургаа давсан начин бол бусад начингийнхаа дээр зогсдог байх ч юмуу. Ингэж хүний амжилтыг үнэлдэг байх нь зөв. Цаана нь хүний хөдөлмөр явж байгаа учраас. Заавал тэгж өөр бусад нэр өгч цол өгөх нь зөв байсан юмуу, үгүй юмуу. 2003 оноос хойш гэхээр харцага, гарьд цолыг өгөөд олон жил болчихлоо доо.
 
-Тэгсэн хэрнээ одоо болтол харцага, гарьд цол хүмүүсийн санаанд тогтохгүй байгаа л даа. Ер нь начин гэдгээ л улсын цол гэж ойлгочихоод, дараа нь заан гэж сайхан цол байна. Түрүүлсэн бөх нь арслан цолтой болдог, дахиад түрүүлбэл аварга болдог.
 
-Үндэсний бөхийн цол чинь өөрөө учир утгатай. Жигүүртэн шувууны хамгийн зоримог эрэмгий нь юу байна гэхээр начин шонхор. Дараагийнх нь заан. Өвсөн тэжээлтэй амьтны хамгийн том нь заан. Араатан амьтнаас хамгийн эрэмгий дайчин, зоригтой амьтан юу вэ гэхээр арслан байдаг. Тэгээд ингээд жиргүүртэн шувуу, сүүн тэжээлтэй, өвсөн тэжээлтэй амьтан, тэгээд махан тэжээлтэн араатан амьтан гээд тэд нарыг дийлж байдаг амьтан юу гэхээр аварга том могой. Аварга могой гэж ярьдаг шүү дээ. Ингээд олон зуун жилээр их бодож тунгааж гаргасан байдаг юм билээ. Иим үндсэн дөрвөн цолтой. Аймагт болохоор начин, заан, арслан гээд гуравхан цолтой. Суманд заан, начин гээд хоёрхон цолтой. Ингээд тогтчихсон мундаг уламжлалтай юм билээ. Улсын наадамд дөрвөн цолтой, аймагт гурав, суманд хоёр байдаг.
 
-Ер нь тэр хуучин руугаа эргээд орж болно шүү дээ.
 
-Яахав, 2003 оноос хойш Үндэсний их баяр наадмын тухай хуулиар төрөөс зохион байгуулж явдаг болсон. Тэгэхээр хэрвээ буцаж орно гэвэл баяр наадмын тухай хуулийг өөрчлөх гэх мэтчилэн яригдана л даа.
 
-Бичлэгтээ эргэж оръё.
 
-Д.Сумъяабазар бид хоёр энэ жил бас л хаялцаж чадахгүй, барьц сонгоод л хаясан. Наймын даваанд Б.Бат-Эрдэнэ аварга маань бас бөхийн уламжлалаараа намайг авч дөрөвт үлдээж байсан.
 
-Хэрвээ өөрийг тань аваагүй бол бас тунах байсан уу?
 
- Өмнөх жил нь Б.Гантогтохыг авсан. Аваргад ам авахад бодогдсон зүйл байсан байх. Тэгээд л намайг авч, сайн барилдаарай миний дүү гэж хэлж байсан.
 
-Яг энэ он жилүүдэд наадмын барилдаан онц сонирхолтой байсан. Бөхийн хорхойтнууд их хүлээдэг байж. Та нарын хэрчээсийг давж улсын цолонд хүрэхэд амаргүй болсон байсан. Улсын цолтнууд төрдөггүй шахуу үе байлаа.
 
-Улсын заан гэдэг цолны маань чанар чансаа нь тэр л дээ. Дөрөвт үлдэж байж Улсын заан цол авна гэдэг бас л чанга ажил л даа.
 
-Б.Бат-Эрдэнэ аварга ч тун няхуур шүү.
 
-Тэгэлгүй яахав. Хоёр гарыг нь бид нар ер нь дийлдэггүй байсан. Сүүлд 2006 оны үед Ц.Цэрэнпунцаг, П.Сумъяабазар бид гурав "Аварга" дээд сургууль дээр очиж бэлтгэл хийсэн юм. Тэгсэн аварга бид гурвыг гурвууланг нь муутгаж хаяад, гурвуулаа цувж үзээд байгаа мөртлөө тамигүй боллоо. "Өө, та гурав яасан бэ, босоод ир" л гээд байдаг. Босдог хүн байдаггүй. Тэгээд нөгөө хоёр маань "Алив, Өсөхөө чи арай цачтайгаараа босооч чи" гээд л хэлнэ.
 
 
-Гантогтох заан Сүхбатыг тун хялбар хаяад үзүүр түрүүнд тантай үлдсэн. 
 
-Тэгсэн. Б.Гантогтохтой үзүүр түрүүнд гарч барилдсан.
 
-Та энэ барилдаан дээр яг юу бодож гарсан бэ?
 
-Өнөөдрийг бодвол, тэр үед улсын наадамд тэдийн даваанд тэрэнтэй таарна гэдэг тооцоо бас ч гэж тодорхой байсан байна. Заал танхимын барилдаанд ч гэсэн бид олон гарч барилддаг. Яг энэ наадмын өмнө тамирчдын баярын барилдаан гэж болдог. Тэрэн дээр Б.Гантогтох бид хоёр бас үзүүр түрүүнд үлдээд, хоёулаа шуудагнаас хаялцаж чадахгүй, барьц сонгож шоо хаяад. Шоо хаях чинь хэцүү ш дээ. Тэр үед барьц сонгох хоёр гурван жилийн өмнөөс эхэлсэн байсан. 1999 оноос эхэллүү.
 
-Барьц сонгохыг би дэмждэггүй.
 
-Яг барьц авсан хүн нь шууд хаяна гэсэн баталгаа байхгүй. Ингэж нэг түрүүлсэн дээ. Олон жил заан цолтой явсан. Наадмын дараа олон хүн надтай уулзаж баяр хүргэсэн. Хүмүүс надад, - Их баярласан шүү гээд л байсан. Уг нь баяр хүргэе гэдэг шүү дээ. Тэгсэн хүмүүс их баярлалаа гээд байсан. Миний ойлгосноор тэр бол олон жил түрүүлчихээсэй гэж түмэн олон хүлээж байсан юм байна гэж бодсон.
 
-Тийм байна. Түмэн олны хүлээлт биелсэн учраас тийн баярласнаа илэрхийлсэн байх. Тэгвэл 2003 оны наадмын тухайд?
 
2003 оны наадамд сонин шийд гарсан. Шөвгийн дөрвөн бөхийг барьц сонгохыг хориглосон. Шөвгийн дөрөвт Бат-Эрдэнэ аваргатай, Сумьяабазар, Сүхбат бид гурав шөвгөрсөн. Б.Бат-Эрдэнэ аварга маань Сумъяабазарыг амлаж аваад, Сүхбат бид хоёр тунаад... Сүхбат бид хоёрын наймын давааны барилдаан бараг 3 цаг орчим үргэлжилсэн. 2 цаг 47 минут болсон. Тэгэхэд наадмын зүлэг ногоон дэвжээ ч нэг их сайнгүй байсан. Шороо босоод л. Ам хатаж байгаа гэж жигтэйхэн. Хоёулаа зөвшөөрөл аваад л аяга цай балгадаг. Сүүлдээ наадам удаад байна, хүлээлгэлээ гээд бид хоёрыг чинь цай уулгахгүй гэж загнаад байдаг. Тэгээд баруун, зүүн талаараа бараг арав гаруй удаа золгосон. Сүүлд нь зүүн золгож байгаад нэг давуулж гуядах мэхээр давсан. Б.Сумъяабазар аль эрт давчихсан, хүлээгээд л суугаад байдаг. Бид хоёр гурван цаг барилдсан.
 
-Хоёр Мөнхийн рекорд руу ойртсон байна.
 
-2 цаг 47 минут билүү 48 минут боллоо гэж байсан. Тэгээд бөхчүүдийн суудал руу ирээд суух гэсэн чинь Ж.Мөнхбат багш, Бат-Эрдэнэ аварга энэ тэр бөхчүүд - "Сууж болохгүй" гээд. Суухаар олон цаг зогссон хүн хөшчихдэг юм билээ. Суувал дараагийн барилдаанд сөргөөр нөлөөлнө гээд намайг суулгахгүй байсан. Тэгээд суусан ч үгүй, далбаагаа тайлж нэг сэврээчихээд, тэр хоорондоо аяга цай ууж аваад л, буцаад гарсан.
 
оёр дархан аварга танд их мэргэн зөвлөгөө өгчээ.
 
-Тийм. Суух гэсэн чинь бос гээд, босч тэрүүгээр алхсан. Бид нар зүүн талын асарт сууж байсан. Мэдэхгүй хүн бол тэгээд жаахан суучихвал хөл хөшчих юм билээ. Тэгээд босохоор биеийн хүч байхгүй болж байгаа юм. Тэр олон жилийн томчуулын туршлага л байхгүй юу. Сумьяабазарыг давж, аварга болсон.
Аварга болж байгаа хүнд жаахан сэтгэлийн хөдөлгөөн байна. Ногоон дэвжээнээсээ анх удаа адис авсан.     
 
-Дараа жил нь олигтой барилдаан үзүүлж чадаагүй. Харин 2005 оны хувьд?
 
-2002, 2003 онд дараалж түрүүлчихээд 2004 онд олимпийн наадамд зодоглох эрх авчихсан байсан. Чөлөөт бөхийн бэлтгэл нэлээд хийчихсэн. Ерөөсөө тамиргүй болчихдог юм билээ. 2003 онд АНУ-д чөлөөт бөхийн дэлхийн аваргад яваад, 2003 онд улсын наадамд түрүүлэхдээ 140 кг жинтэй байсан. Чөлөөт бөхийн дээд жин 120 кг. Тэгээд 20 кг хасаад чөлөөт бөхийн дэлхийн аваргад 8 дугаарт байрт орж байсан. Олимпийн эрх аваад, олимпийн системтэй бэлтгэл рүү ороод, хавар Орос, Украйн руу хоёр удаагийн ачаалалтай бэлтгэлд ороод, тэгээд наадмаар бол сэтгэл байгаад байдаг. Тамир хүрдэггүй,  тийм болчихдог. Дөрвийн даваанд Пүрэвжавд унасан. Тэр бэлтгэлийн үр дүнд 2005 онд түрүүлэхдээ би бусад үеийнхээсээ илүү хөнгөхөн гэх юмуу арай нэг өөртөө ачаалал багатай барилдаж түрүүлсэн.
 
-Жин хасна гэдэг маш их ядардаг. Манай чөлөөтийнхөн бол их халширсан байдаг. Тэрэн шиг хэцүү зүйл байдаггүй гэдэг.
 
-2003 онд наадамд барилдчихаад намар нь Дагестанд очиж бэлтгэл хийгээд жингээ 130 орчим болгоод иртэл Спортын ордон дээр манай найзууд, ах нар тааралдчихаад "Чи чинь яачихаа вэ. Тал чинь алга болчихож" гээд. Жин их хасаад эхлэхээр тэгж харагддаг юм байна лээ.
 
-Сумъяабазартай л бас үзүүр түрүүнд таарчээ? 
 
-Б.Сумъяабазартай үзүүр түрүүнд барилдсан. Пүрэв гээд энэ цэнхэр дээлтэй засуул нь Б.Сумъяабазарын нагац ах. Миний засуул. Манай Архангайн Өлзийт сумын хүмүүс. Засуул бол яг энэ дэвжээн дээр гарахад жинхэнэ хань болж, зөвлөгөө өгч байдаг түшиг тулгуур болдог ийм хүмүүс шүү дээ. Хуучны мундаг том засуулууд их зөвлөж байдаг. Энэ барилдаан дээр бас нэлээн хүч шавхсан. Татаж, өвдгөн дээрээ давуулж гуядаж давсан. Б.Сумъяабазар толгойгоо боочихсон. Б.Гантогтохтойгоо шуудагнаас элдэж хөөгөөд засуулын хаяавчны майхны гадас байдаг, тэрэнд толгойгоо шалбалчихсан. Тэгээд боолгочихсон гарч ирсэн. Миний хувьд тунаанаас гарсан үе. Ямар ч гэсэн зургаа долоогийн даваа хүртлээ ам аваад. Үзүүр түрүүнд л Сумьяабазартай таарсан. Манай Б.Сумъяабазар зүүн ч барилдана, баруун ч барилдана. Хэцүү л дээ. Баруун, зүүн хоёр талаараа барилддаг. Золгооноос ч тэр, сэрвээгээс ч тэр. Өөрөө зүүн өрдөг мөртлөө баруун хонгодно.
 
-Биеийн хөгжил нь их тэгшхэн, бяртай. Б.Сумъяабазар аварга хоёр үзүүрлээд түрүүлсэн билүү.
 
-Дөрөв үзүүрлэсэн байх шүү. Энэ барилдаан дээр Б.Сумъяабазарын зүүн мөртлөө баруун барилддаг онцлог нь гардаг юм. Ингэж шуудагны барьц тавиулах гэж гар дээр дараад миний зүүн хөл цөмрөнгүүт хутгаад, энэ жил ч явж дууссан л даа. Эрүү рүү нь гараараа тулж тогтоож байж нэг юм тогтсон. Зүүн давхар золгооноос барилдаан шийдэгдсэн.
 
-Сумьяабазарын хувьд айхтар даацтай хутгана. Ц.Цэрэнпунцаг зааныг нэлээд хэдэн удаа хутгаж байсан.
 
-Д.Мөнх-Эрдэнэ арслан, Ц.Цэрэнпунцаг нарыг бас хутгаж хаяж байсан хүн шүү. Зүүн давхар золгооноос нэг гаргаж ирээд ахиж шигшиж байгаад давуулсан юм. Хоёр жил дараалан түрүүлчихээд дараа жилийн наадмаар 4-ийн даваанд унасан. Дээр нь Олимпод олигтой барилдаж чадаагүй, ядахдаа. Нэг ялж, нэг ялагдаад олимпоо дуусгасан. Тэгээд дотор нэг жаахан юм хураад л явсан юм. Наадамдаа дахин түрүүлснээр тэр нэг буглаа гарсан. Далай аварга цолонд хүрсэн.
Энд Хишигдорж зааны дүрс орж ирлээ. Бид хоёр чинь нэг нутгийн, нэг голынх. Олон жил миний бэлтгэлийг базааж, наадам дээр миний дээлийн минь захыг мушгисан нутгийн сайхан ах даа.
 
-Ер нь Батцэнгэл бөх сайтай нутаг юм.
 
- Батцэнгэл хамгийн олон цолтой бөхтэй сум. Одоо 18, 19 болж байна уу даа. Хоёр аваргатай. Лу гүний Вандан аварга гэж гайхамшигтай мундаг бөх байлаа шүү дээ. Хувьсгалын эхэн үед ардын засгийн наадамд олон жил түрүүлсэн.
 
-Архангайд бас Булган сум байна, бөх сайтай.
 
-Тийм. Булган сум сайн бөхчүүдтэй. Д.Мөнх-Эрдэнэ арслангаас эхлээд, Д.Рагчаа, Р.Пүрэвдагва нар байна.
 
-2006 оны барилдаан бас сонирхолтой.
 
-2006 онд тэгш ой таарч, 1024 бөх барилдсан. Би энэ даваанд шал дэмий сугадаж цааш нь араар нь мордох гэж байж, өөрөө араараа мордуулж, гишгүүлж их л амархан унасан. Одоо ингээд харахаар худлаа унаж байгаа юм шиг харагддаг. Ингэж арай уначихмаар ч үгүй юм шиг байсан. Сугадсан байж байгаад тэндээсээ мушгих гэж байгаа маягтай араар мордуулсан. Ингэж унахааргүй л байсан л даа. Хий гишгэдлийн юмнууд гараад. Энэ барьц дуусаад л золгож барилдах цаг нь болох байсан, уг нь. Энэ есийн даваа. Найм давж, шөвгийн дөрөвт үлдсэн байгаа юм.Ингэж Сумьяабазар нөхөртөө унасан.
 
-Та тунасан билүү?
 
-Тунасан. Б.Бат-Эрдэнэ аварга Д.Азжаргалыг аваад санамсаргүй ойчсон. Б.Сумъяабазар бид хоёр тунасан. Бид хоёр олон жил тунаж, яс үзэж байлаа шүү дээ.
 
-Тэгэхэд Д.Азжаргал начин байсан. Арслан цолонд хүрдэг жил билүү?
 
-Тийм. Тэр жил онцгой сайн байсан. Б.Сумъяабазар арав давж түрүүлэн улсын аварга цол хүртсэн дээ.
 
-Тэр үед барилдаж байсан зургаан залуу заанаас дархан аварга хоёр, аварга нэг, арслан нэг, гарьд хоёр байна.
 
-Тийм.
 
-2009 он. Таны хувьд дээгүүр барилдсан наадмын нэг. 
 
-Наймын даваанд Х.Мөнхбаатар арслантай барилдсан. Энэ барилдааныг хүмүүс дараа нь их шүүмжилсэн. Давхар шуудагны барьцнаас барилаа, Б.Ганбаатар арслан араас нь очиж, түшиж аваад давуулчихлаа гээд л яриа хөөрөө явсан. Хоёр бөх давхар шуудаг барилцаж байгаад барьц тавилцвал, шууд зогсоогоод дараагийн барьцанд шилжинэ гэсэн тийм дүрэм байдаг. Бид хоёр давхар шуудагны барьцнаас барилдаад барьц тавилцангуут Б.Ганбаатар арслан ирж зогсоогоод, дараагийн баруун юмуу зүүнээрээ золгох юм болоод байдаг. Гэтэл дараа нь Б.Ганбаатар арсланг дэмжсэн барьсан гээд л жаахан шүүмжилсэн. Тэгэхэд Х.Мөнхбаатар 2007 онд түрүүлсэн, Д.Ганхуяг арслан 2008 онд улсын наадамд түрүүлсэн байсан. Тэгээд Улсын наадамд дараалаад түрүүлсэн хоёр арслантай би шөвгийн дөрөвт үлдээд байсан юм. Би Х.Мөнхбаатарыг амлаж авсан.
 
-Х.Мөнхбаатар арслангийн барилдааны онцлог нь юу вэ?
 
-Бид нараас хамаагүй нас залуу л даа. Цээжний бяр ихтэй. Самбо, жүдогоор барилддаг болохоор хөл мэхтэй. Хутгана, хавирна. Жин ихтэй болохоор шуудагнаас хамаагүй аван саван уначихдаггүй. Бас төвөгтэй л байсан. Бид хоёр баруун, зүүн золгоод хаялцах барьж сонгоод, шоо хаяулаад. Х.Мөнхбаатар эхэлж надаас барьц аваад, тэрийг нь дарж, хаяулж байж өөрөө барьц авч давж байсан.
2009 онд манай өвөөгийн 110 жилийн ой болсон. Даян аварга цол хүртсэн. Өвөөгийнхөө цолыг хүртсэн тийм сайхан наадам болсон. Өвөөгийнхөө цолонд хүрэх юмсан гэсэн миний дотор байсан мөрөөдлийн нэг.
 
-Тэгэхэд та хэдтэй байв.
 
-37-ны жил орж байсан. Д.Ганхуяг арслан өмнөх жил нь түрүүлсэн байсан. Намайг хаявал аварга болох гээд байдаг. Бас түрүүлж барьц авч алдаад...
 
-Тэгэхэд хүмүүс тантай өндрийн хувьд ойролцоо өмнөх жил нь түрүүлсэн Ганхуягийг барьц сонгох эрх авахад нь шинэ аварга төрөх нь ээ л гэж харж байсан.
 
-Тийм. Барьцыг хоёр удаа авч тавилцсан. Эхлээд Д.Ганхуяг , дараа нь би, дахиад Ганхуяг. Ганхуяг маань надаас ахиж барьц аваад, энэ дээр хамаг юмаа гаргаж, араар нь гишгээд. Ер нь тэгээд барьц авсан нь ч тэр, өгсөн нь тэр. Хоёр удаа барьц авсны дараа энэ хоёр гар бол хэцүү болно доо. Тэгээд дараагийн гурав дахь юм гэдэг хэцүү л дээ. Тэрийг нь дараад тавиулчихвал...
 
-Ид байсан үе шүү, Д.Ганхуягийн. Тэрний өмнөх жил Ганбаатар гарьд бас их сайн барилдсан. Ганбат арсланг сэнжигнээс татаж унагаад. Тэгтэл Ганбаатар хаяж түрүүлсэн байсан. 
 
-Ганхуягийн барилдааныг сүүлд харж байхад унаж яваад л хаяад байсан байдаг. Түрүүлэх бөх гэдэг цаанаасаа өөр, тэр өдрийнх нь аз од байдаг.
 
-Ер нь унаж байгаад сунах энэ тэрийг нь харахаар сагс тоглодог болохоор хөдөлгөөний эвсэл сайн байна уу. Эсвэл биеийн урт бас нөлөөлнө, нам бол тэгээд уначих л байсан байх даа. Хүний түрүүлэх жилийн од гэж бас байх юм. Ж.Мөнхбат аварга тэр жил бас л одтой барилдаж байсан ч хаяж яваад л унасан.
 
-2010 оны наадам миний хувьд хамгийн хариуцлагатай наадам байсан. Түрүүлчихвэл дархан аварга цол авна. Тэгээд яахав дор даваануудад өрсөлдөгчдөө хаяад үзүүр түрүүнд харин хариуцлагагүй барилдсан хүн дээ.
 
-Ер нь даваа болгон л их үнэ цэнтэй байдаг байх.
 
-Тэгэлгүй яахав. Анхааралтай барилдахгүй бол нэг, хоёрын даваа ч ялгаа байхгүй.
 
-Сайн барилддаг бөхчүүдийг унахад наадамчид, үзэгчид их харамсдаг. Наадам их сонирхолтой болох байсан юм гэж.
 
-Дөрөвт үлдээд Д.Рагчаагаа авч барилдаад, тэгээд Б.Ганбаттай үзүүр түрүүнд үлдсэн. Цаг яагаа ч үгүй байхад золгож барилдаад, яг өөрийнх нь дархан мордуулах мэхэнд ороод ойчсон. Золгоон дээр бид хоёр тал таарахгүй, баруун зүүн гээд. Тэгээд Б.Ганбатын талаар золгох болсон. Баруун золгооноос барилдах жаахан эвгүй. Би өөрөө зүүн золгоотой болохоор. Баруун гараа сугалаад авах гэтэл мордоод ойчсон доо. Цагаа гүйцээгээд, жаахан ноолоод, муутгаж байгаад золгосон бол арай өөр байсан байх гэж боддог.
Би 2006 оноос хойш Б.Ганбатад унаагүй явсан. Заал танхим, улсын наадмын барилдаанд ерөөсөө унаагүй байсан л даа. Тэгээд золгоход унахгүй юм шиг л бодохгүй юу.
 
-Аливаа нэг юманд эрдэх юмуу, өөртөө хэт итгэх зэрэг...
 
-Тэрийг л харуулж байгаа юм. Өөртөө хэт итгэлтэй байх, өөрийгөө дутуу үнэлэх гээд юмнууд бий. Заа, би ер нь барахгүй дээ гэхээр сэтгэлзүйн хувьд ч гэсэн болдоггүй. Өөрийгөө хэт үнэлээд би яаж унах вэ гэхээр бас алдаа гардаг. Б.Ганбат бол арслангийн энтэй сайхан бөх шүү дээ.
 
-Золгооноос их сайн хавсардаг байсан шүү.
 
-Сэрвүү  ч хавирна, гар ачна. Сайхан барилдаантай бөх дөө.
 
-Залуу байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргыг нэг хаяж байлуу.
 
-Тийм, цагаан сарын барилдаанд түрүүлж байсан.
 
-Ийм сайхан барилдаанууд бас байх юм. (Бичлэг үзүүлэв)
 
-Ингээд эргээд харахаар зарим нэг барилдаан буцаад сэргэж байна. Монгол бөхийн барилдаан их онцлог юм даа, жилд ганцхан болдог. Ямар нэгэн байдлаар унахад дараа жилийн наадмаа л хүлээх шаардлага гардаг. Түүгээрээ улсын цол гэдэг маань үнэ цэнтэй. Тэрэнд хүрэхийн тулд бүтэн жил хөдөлмөрлөдөг. Авсан цол нь нутаг орон, ард түмэнд ч хайрлагдаж, хүндлэгдэж байдаг. Ийм зүйл юм.
 
-Дэлхий, Олимп, Азийн тивийн аварга болоод хүмүүс ирж л байна. Тэднээс үндэсний бөхийн түрүү бөхийг илүү хайрлаад байх нь мэдрэгддэг. Нутаг орондоо начин болоод очиж байгаа хүнийг хараад тэр чигтээ л баяр хөөр болдог.
 
-Тийм ээ, ард түмний сэтгэхүйд суусан ард түмний олон зуун жилийн өв уламжлалтай. Амьдралынх нь хэвшил суусан. Монгол эр хүн хүүхэд байхаасаа л барилдаж ноцолдож өсдөг. Тэгээд сэтгэл зүйд нь монгол бөх гэдэг бат дархлагдсан ийм л зүйл юм. Бөхчүүд бидэнд ч гэсэн тэр их хайр хүндлэлийг зөв дааж авч явах нь чухал. Бөхөөр амжилт гаргаад, өндөр цолонд хүрэх гэдэг нэг асуудал, тэрийгээ дараа нь хадгалж хайрлаж, ард түмнийхээ хайр ивээлийг зөв дааж явна гэдэг дутахгүй том хариуцлага, үүрэг гэж залуучууддаа захидаг даа.
 
-Та энэ жил наадамд зодоглоно биз дээ.
 
Зодоглоно.
 
-Аваргуудыг гарч ирэхэд олон түмний хүлээлт нь дүүрч байх шиг санагддаг. Аваргууд ирэхгүй байвал сэтгэл дундуур болох хандлага бий.
 
-Би сүүлийн хэдэн жил яг тийм сэтгэлийн үүднээс барилдаж байна. Спорт гэдэг цаг хугацаатай, нас зүстэй. Тэрнээс миний мундаг барилдаж, цол ахиулах гэдэг хэцүү. Одоо үндэсний бөх маань асар өндөр хөгжилтэй болчихлоо. Бөхийн тоо хэдэн мянгаараа өслөө. Төрийн наадам маань дүүрэн байх ёстой. Тийм болохоор дархан аварга цолтой хүн гарвал төрийн наадам үнэтэй сайхан болох юм болов уу гэсэн ийм л сэтгэл зүй, дотор бодлоор сүүлийн хэдэн жилийн зодогдож байна.
 
-Танд бөх сонирхогчид наадамчин олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Бидний нэвтрүүлэг өндөрлөх дөхөж байна. Та наадамчин олондоо хандаж үг хэлэх болов уу.
 
-Монгол төрийн уламжлалтай төрийн баяр наадам маань уламжлалаа дагаад, дэг жаяг ёс, төрөө дагаад сайхан болж байна. Монгол бөх, монгол морь, монгол сур, төрийн наадамдаа түмэн олон минь сайхан наадацгаагаарай гэж ерөөе.
 
-Тэр ерөөл бат оршиг. Та бүхэн Сайхан наадаарай.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tsogt:saihan yrilts**** boljee 2018-07-12
Зочин.:Сая наадмаар Батжаргал буруу л ярьж бна лээ.Миний хадам аав Өсөхөө аваргыг начин болгож байсан энэ жил би Өсөхөө аваргаар начин боллоо гээд л... 2018-07-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?