О.Батсайхан: ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ЭРХЭМЛЭХ НЬ МОНГОЛ ҮНДЭСТЭН ОРШИХУЙН ГОЛ ҮНДЭС МӨН

2018-12-28  

Монгол Улсын  төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай хийсэн ярилцлага

Түүх гэж юу вэ, түүх яагаад хэрэгтэй юм бэ? Одоо цагт хүн бүхэн түүхч болох нь холгүй болжээ?

  • Энэ цагийн өнгө гэх үү дээ. Түүх, тухайн үндэстний түүх бол хамгийн үнэт зүйлсийнх нь нэг юм шүү дээ уг нь. Монголчууд бид өөрийн үндэсний түүхээс холдоод удаж байна, эсвэл холдуулсан ч байж магад. Юу хэлэх гэсэн юм бэ гэхээр өнөөгийн бидний тархи гадаадын хүмүүсийн захиалгаар бүр тодруулбал гадны хүний нүдээр харснаар бичсэн түүхээр цэнэглэгдсэн шүү дээ. Хэн бүхэн мэднэ шүү, Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд хүүхэд, оюутануудын дургүй хичээлийн нэг Түүх байсан.

Түүх бол ой санамж, чиглүүлэгч мөн. Яагаад ийм болов?

  • Түүхийг үзэл суртлын зэвсэг болгож байсан хэрэг шүү дээ. Ингэхдээ эзэн Чингисийн тухай бид юу уншиж үздэг байлаа, санаад үздээ. И.Калашниковын Харгис зуун Жестокий век гэх мэт бүтээл уншиж байв. Чингисийн тухай кино гарч байлуу. Үгүй шүү дээ. 1990 оны дараа л гарч эхэлсэн гэж хэлэхэд нээх их хилсдсэн болохгүй байх. Барууны ертөнц бол Чингис хааныг маань тэс өөрөөр үздэг хэвээр байна. Энэ бол үзэл суртлын хор уршиг.
  • Түүх гэдэг чинь энэ үндэстэний уураг тархи, ой санамж нь юм. Бүр нарийн ярьвал түүх бол энэ үндэстэний оршихуйн үндэс яах аргагүй мөн. Учир нь түүхээр дамжиж, монгол хүн бүрт амин шалгуур болсон identity гэж биднийг авч явдаг зүйлс суудаг юм. Түүхий нь мартуулчихаар өнөөгийн бид нар гарч ирж байгаа хэрэг шүү дээ. Эссэн айраг шиг, нэг ойж түүхээ санаад, нэг санахаа болиод байгаа шиг.
  • Түүх ямар үүрэгтэй байдаг вэ, зарим хүмүүс түүх рүү их хандаж зууралдах нь уруудахын шинж гэж ярьдаг?

Түүх гэдэг бол чиглүүлэгчийн үүрэгтэй. Жаахан бүдүүлэг жишээ авьяа. Галт тэрэгний толгой дангаараа бол нэг том машин гэсэн үг биз дээ. Зам нь байвал дороо ч эргэж болно. Харин ард нь 30-40  вагон залгачихвал тэр галт тэргэний толгой тэр дороо эргэж чадахгүй ядаж алсуур эргэнэ биз дээ. Түүх бол үндэстний хувьд уламжлал болгон авч явдаг ийм чиглүүлэгч байдаг. Тиймээс үндэстэн улсын хувьд түүхээ мэдэх явдал онц чухал юм. Хэрэв та монгол бол эх түүхээ заавал мэдэж байх учиртай. Та ямар учгаар монголтой холбогдсоноо мэдэж байх нь таны үүрэг. Бусдаас ялгарах онцлог тэр болой. Түүхээ мэдэхгүй байх нь үндэстэн сөнөх аюултай.

Түүхийн талаар тийм яриа явдаг. Тийм үг хэл яриа гаргаж буй хүмүүс бол түүхгүй л ард түмэн байх. Түүнээс бус Английн эзэн хаан, Японы эзэн хаан гээд үзвэл бараг л биеэрээ түүх, уламжлалаа тээж яваа хэрэг биз дээ.

Одоо монголчуудад өөрчлөгдөх хандлага гарч байгаа болов уу?

 Хүмүүс их бага хэмжээгээр түүхээ сонирхож байгаа, ядаж л Чингис хаантай ах дүү болохыг хүсэцгээж байгаа нь үүний илрэл. Хүмүүс түүхээ сонирхож байгаа нь сайн хэрэг. Өөрийгээ олох гэж хайж байгаа гэсэн үг.

Та яагаад 1911 он, Богдыг судлах болов?

Хүн болгон арван гуравдугаар зууныг сонирхдог юм. Дэлхийн талыг эзэлж байсан монголын түүх. Монголчууд бидний бахархал, өнөөдөр бол монгол хүн бүрийн нүүрийг гадаад тахалдаг имиж шүү дээ. Харин энэ үеийн Монголын түүх нилээд сайн судлагдсан байхаа гэж бодно. Дэлхийн олон хэлээр олон орны эрдэмтэд Баатарлаг Чингисийн үеийн түүхийг бол судалсан байна. Энэ талаар гарсан бүтээл олон хэлээр маш арвин буй. Бид зах зухаас нь монгол хэлээр хөрвүүлэн мэдэх аядаад хүүхэд адил онгирч байгаа юм. Үнэндээ эзэн Чингисийн үеийн түүхээр илүү шинэ юм гаргаяа гэвэл нэг хүний нас багадах буй за. Ядаж л бүр багаасаа перс, эртний хятад хэл эзэмшсэн байх хэрэгтэй, мэдээжийн хэрэг англи, франц, герман, орос, японоор буй тэр их бүтээлүүдийг судалгаандаа ашиглах нь наад захын шалгуур биз дээ.

Тиймээс ХХ зууны түүхийг сонгосон хэрэг үү?

Үндсэндээ тийм. Орчин үеийн Монголын түүх, тухайлбэл Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан 1911 оны Монголын түүхийг тэр дундаа бидэнд эрх чөлөө олгоод эзэн хаанаар нь арван хэдэн жил суусан ч байшгүй муухайгаар доромжлуулж байсан Богд хааны тухай судлахыг зорьсон юм. Энэ үе бол Монголын орчин үеийн түүхийн эхлэл.

Эл үеийн тухай социализмын жилүүдэд судалж байгаагүй юм уу?

Ер нь бол тэр бүр үнэнийг хэлж ярьдаггүй байсан юм. Бүхнийг 1921 оны ардын хувьсгалаас эхлүүлж, бүхнийг удирдан чиглүүлэгч МАХН-ын удирдлагаар явуулж байсан цаг шүү.

Бид ядаж л зуун жилийн өмнөх түүхээсээ мэдэж, сурч, сургамж авч урагшилмаар байна. Тодруулж хэлбэл социализмын гэгдэж байсан жилүүдийнхээ түүхэнд анализ хийж бид юун дээр онож, алдсанаа дүгнэж цэгнэж, сургамж авах аваас бидэнд арай л хөнгөн байхсан болов уу.

Өнөөдөр Монгол ардчилсан нийгэм байгуулж байгаа бус уу?

Залуучууд орчин үеийн нийгэм байгуулахыг зорьж байгаа нь буруу биш ээ. Харин монголоо мэдэхгүй болохоор тэс өөр нийгэм буюу гадны хуулбар болчих гээд байгаад л учир буй. Настайчууд нь өнгөрсөнтэйгээ зууралдаж, өөрсдөө ч түүхээсээ хөндийрсэн байх, , төр нь албан ёсоор залгамж халаа, түүх соёл, үнэт зүйлсээ үр хүүхэд хойч үедээ өвлүүлж суулгах бодлого байхгүй яваад байхаар бидний нийгэм тархай бутарсан шиг харагдаж байна уу даа гэж бодно.

ХХ зууны Монголын түүхийн гол сургамж юу вэ?

Уг бид бол нэгдмэл улс шүү дээ, нэг түүхтэй, нэг бурханы шашин давамгайлсан соёл, уламжлалтай.

Тийм болохоор улс үндэстэнийхээ хөрс сууринд таарч нийцсэн бодлого явуулах нь чухал гэдгийг хэлмээр байна. Хөрснөөсөө тасарч явахаар таарахгүй, өөр хоорондоо заавал эсрэг тэсрэг болох нь жам шүү дээ.

  • Өнөөгийн Монголыг сэндвич гэж баруунхан нэрлэдэг. Орос, Хятадын дундах жийргэвч гэсэн үг байх. Үнэндээ 1911 оны дараах Монгол ийм геополитикийн байрлалд тогтсон хэрэг. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын ашиг сонирхолын уулзвар дээр Монголын тусгаар тогтнол тогтож ирсэн байх. Монголчууд бидний тусгаар тогтнох, улс үндсээ гэсэн сэтгэл, тэмүүлэл, тэмцэл нэн тэрүүнд байсан нь гарцаагүй л дээ. Гэвч бидний оршин тогтноход олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг байнга бодож , түүхээсээ сурч, мэдэж байх нь чухал юм.

Би л лав ардын хувьсгалын баяр тэмдэглэх дуртай, наадам сайхан болдог шүү дээ. Яагаад заавал 1911 он гэж?

  • Үндэсний наадам бол эртний уламжлалтай монгол баяр наадам шүү дээ.  1921 оноос өмнө байсан наадам биз дээ. Сар өдрийн тухайд бол өөр хэрэг. 7 сарын 11-нд ямар үйл явдал болсоныг монгол хүн бүр мэдэхгүй шүү дээ. 1921 оны 7 дугаар сарын 11-нд бидний толгойд суусанаар Ардын засаг тогтож, ард түмэн эрх жаргалтай болсон гэдэг. Чухам үнэн гэвэл Зөвлөлтийн улаан арми монголын ардын цэргийн хэдхэн тооны хүмүүсийг дагуулан ирээд л засгийн эрхийг Богдын засгийн газраас хүчээр булаан авч, тогтсон засаг шүү. Ямар засаг байх нь ч тусдаа асуудал байх. Гол нь энэ үеэс хойш монгол үндэстэний үнэт зүйлс үгүй болсонд л учир нь байгаа юм. Монголын сор болсон алтан ургийнхан, сэхээтэн, элит хэсэг энэ жилүүдэд үгүй болж, үүний үр хөврөл далан жил үргэлжилсэн юм. Иймээс л наадамыг энэ өдөр тэмдэглэх нь зохисгүй гээд байгаа юм. Орос улсад Октябрийн баяраа 11 сарын 7-ны өдөр тэмдэглэхээ болиод нилээд удлаа шүү.

Наадмын тухайд монголчууд 7 сарын сүүлч 8 дугаар сарын эхээр долоон хошуу наадам, арван засгийн наадам хийж байсан тухай баримт бий.

Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр болоод дөрвөн жил болжээ. Энэ өдрийн талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх шиг байна?

Гадаадын хүмүүс бол мэдээж сайн мэдэхгүй. Олон улсын цаг тооны бичигт тусгагдаагүй байгаа юм уу, хэвшиж тогтоогүйгээс болоод дэлхийн өнцөг бүрт эл талаар сайн танигдаагүй хэмээлтэй. Эхлээд монголчууд бид эл өдөр ямар учиртай вэ гэдгийг мэдмээр шиг. Ядаж өөрөөсөө надтай яаж эл өдөр, эл түүх холбогдох юм бэ гэдгийг ухаж бодвол сайн бус уу. Тэгээд шинэ жилийн рекламанд дарагдаад л байх шиг байна. Мэдээж өвөл цаг болохоор их өргөн тэмдэглэхэд бэрхтэй гэж хэлж болох ч бид шинэ жилийг бол нилээд өргөн тэмдэглэх юм даа. Барууны орнууд манайх шиг ингэж хөөрцөглөдөг эсэхийг мэдэж, тэндээс сурмаар юм.

Үндэсний баяр наадамаа бол зуны дэлгэр цаг тэмдэглэж сурсан заншил ёсоор гэхдээ 7 сарын 11-нд биш, өмнөх арван засгийн наадам тэмдэглэж ирсэн уламжалын дагуу  7 сарын сүүлч 8 сарын эх орчим өдрийг сонгож тэмдэглэдэг болбол илүү өгөөжтэй ч байж магад хэмээн санадаг.

Ингэхэд 12 сарын 29-ны өдөр чухам ямар үйл явдал болсон юм?

Энэ өдөр буюу одоогоос зуу гаруй жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон байна.

Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод зуун жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу санахыг хүсэхгүй болсон шиг байх юм. 1990 оны ардчилсан хувьсгал гээд эргээд бодвол бас 1989 оны 12 дугаар сард өвлийн ид жавартайд эхэлж, 1990 оны өвлийн өдрүүдэд зуун мянгаараа Төв талбайдаа ирж жагсаж байсан биз дээ. Хөдөө орон нутагт эл өдрүүдэд жагсаж цуглаж байсан. Монголчууд зуу гаруй жилийн тэртээ үндэстэнээрээ ингэж хөдөлсөн гээд нэг бодоод үздээ. Саяханы нэг олимпийн аваргатай болоод бүгд гудамжинд гарч баярлацгаадаг шиг гээд бодвол, тэгвэл арай ойр тусгаж магад.

Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа?

Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчихав гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш болно. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв?  Шалтгаан нь юу вэ?

Эргээд түүхээ нэг бодьё. Үндсэндээ монголчууд бид гурван зуун орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байлаа, бид. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юмуу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа.

Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ.

1920 –иод он гарлаа. Богд хаан хэрэггүй гэж үзэв. Ардын засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болов. Монголд гадны үзэл суртал, тодруулж хэлбэл улаан коммунизмын үзэл хүч түрэн орж ирлээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүйн дараа цаазлуулав. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулав. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлэв. Чингисийн алтан ургийн ноёдууд бүгд алга болов. Бурханы шашны номтой лам нар алагдав. 1930-аад онд хэдэн арван мянгаараа цаазлагдав. Бичиг үсгийг нь солилоо. Монгол сэтгэхүй бүдгэрэв. Чингисийн хөшөө босгосон нь буруудаж, монголд буруу номтнуудын хөшөө сүндэрлэнэ.

Ийм явдал Орост ч яг адилхан болсон бөгөөд үндсэндээ Орост болж байсан бүхэн Монголд давтагдсан юм.

Ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал эндээс маш хүчтэй бидний тархинд суужээ.  Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан хэмээн бодно.

Тэгвэл өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдраад хорин таван жил болж байна шүү, дээ. Энд социализмын үе ямар хамаатай юм бэ ?

Харин тийм бидний дунд социализм амь бөхтэй оршиж байгаад л учир нь байгаа юм. Бүр социализм, коммунизмын өлгий нутаг Орос орноос ч дор шахуу байгаа. Орос үндэстэн өнөөдөр эл анги ялгаварлан хуваах үзэл орос үндэстэнийг устгах дөхсөн байна гэдгийг ухаарч өөрийгээ олохыг бодож байна. Хурдан сэхээрэхийг хүсэж байна. Үзэл суртлын Ленинийг магтсан кинонуудаа тв ээр дор хаяж л гаргахгүй байна, оронд нь Адмирал Колчак ч гэдэг юмуу өөрийн үндэсний баатруудынхаа тухай хийсэн кино, урлагийг сурталчилж байна.

  • Бид юу хийж байна? Уг нь жаахан юм үлдсэн юм уу, Чингис гээд дуугараад Чингисийн хөшөө босгоод боржигин овогтой бүгд болохыг хүсээд байгаа юм. Тэгэхдээ өнгөрсөн нийгмийн социализмын үеийн үзэл суртлыг таслахгүйгээр цааш явахгүй. Одоо ургаж байгаа ногоог хордуулж болохгүй. Нялх хүүхдийн тархийг социализмын үеийн үзэл суртлаар угааж болохгүй. Бас өөр бусад гадны үзэл суртлаар тархийг нь угаах орон зай бий болгож болохгүй. Монгол үндэстэний өөрийн үзэл суртал байх учиртай. Энэ бол монгол үндэстэн цаашид орших уу эс орших уу гэсэн асуудал гарахад хүргэх аюултай.

Үнэндээ Монгол үндэстэн өнөөдөр үндэсний дархлаа сул үлбэгэр байгаа. Үндэстэн өөрийгээ хамгаалах чадваргүй шахам байна.

БУРХАН ШАШИН МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТЭЭГЧ

Бидний дархлаа хэзээ ингэж сулрав?

  • Монгол үндэстэний үнэт зүйлс, амин шалгуур юу вэ гэдгээ сайтар ухаарах цаг иржээ, бидэнд. Бидний үнэт зүйлс юу вэ, үндэсний түүх, хэл, соёл, уламжлал, шашин тэргүүтэн. Шашин гэхээр бурханы шашны биднийх биш гэцгээх хүмүүс олон болжээ. Хүссэн ч эс хүссэн ч бурханы шашны монголчуудын соёлтой яв цав шингэсэн. Монгол үндэстэний үнэт зүйлсийг тээгч нь эл бурханы шашин байсан. Бурханы шашинг устгачихаар үнэт зүйлсээ алдаж асгасан хэрэг. Эл шашин ямар байхаас үл хамааран бидний үнэт зүйлсийг хэдэн зуун жилийн турш тээж ирсэн гэдгийг ухамсарлацгаая.

МОНГОЛЫН БОГД ХААН БОЛ АМЕРИКИЙН ОБАМА Л ГЭСЭН ҮГ

Бурханы шашны тухай, бүр тодруулбал Богдын тухай асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ хүнийг мөн их муулсан дээ, уран сайханы кино, уран зохиолд социализмын жилүүдэд?

Наймдугаар Богд бол түвд гаралтай монгол юм. Өнөөгийн АНУ-ын ерөнхийлөгч Обамаг Африк гаралтай америк гэдэгтэй адилхан гэсэн үг. Энэ хүн монголчуудад дахин сэргэлт өгсөн 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч юм. Би бүр энэ хувьсгалын эцэг гэж хэлдэг юм. Манжийн эрхшээлд байсан субьектүүдээс ганцхан Монгол бид нар л тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авч өнөө тусгаар оршиж буй гээд нэг бодоод үзээрэй. Бусад субьектууд нь бүгд өнөөгийн хятад гүрний эрхшээлд буй.

Учир иймээс Богд хаан бол монголчуудын бурханы шашны тэргүүн төдийгүй төрийн тэргүүн, эзэн хаан байсан. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийг энэ хүний намтар цадиг, үйл ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг тавьсаных нь төлөө, монголын гал голомтыг авч үлдсэнийх нь төлөө түүнд хүндэтгэл үзүүлэх учиртай. Тэр хүн бол боловсролтой нэгэн байсан. Монголд тодорсон богдуудаас ганцаар гавжийн дамжаа барьсан. Бие даан шийдвэр гаргаж чаддаг, түүн дээрээ бат зогсох эр зоригтой. Манжийн амбангийн эрхшээлд байсанаас үхэхийг илүүд үзэж байсан нэгэн юм. Морь унаад улаан галзуу давхиж чадна, машин, мотоцикл унадаг гээд яриад байвал олныг хэлж болно. Одоогийн хэллэгээр бэлэг танхайдуу хүн юмуу. Элдвийг сонирхдог. Цуглуулсан алт эрдэнэс, амьтны хүрээлэн тухайн үед монголчуудын төдийгүй гадаадынханы сонирхолыг гойд татаж байсан баримт цөөнгүй бий.

Богдыг архи уудаг, авгай эрүүлдэг байсан гээд л муулж, хүмүүсийн тархинд гүн бат суулгасан?

Жаахан уужуу бодоод үз дээ. Монголчууд бид хоёр том гүрний дунд ийм их газар нутагтай тусгаар улс болон тогтнож чадсан. Энэ үйл хэргийг удирдаж  гавьяа байгуулсан нэгнээ гол төлөв гадаадын хүмүүсийн ойлгохгүйн улмаас бичиж байсанчлан мууг дэвэргэж, тархиндаа суулгах хэнд хэрэгтэй байв. Богд хаан хатантай байсан, албан ёсоор хоёр хатантай байсан. Эхнийх нь Дондогдулам хатан. Түүнтэй анх 1896 онд Амарбаясгалант явж байхдаа танилцаж ханилсан гэдэг юм. 1903 онд Манжийн хаанаас албан ёсоор хатанд Цагаан дара эх, эрдэнэ сэцэн ноён цол өргөмжилсөн. 1911 онд Монгол тусгаар тогтол, төр улсаа сэргээн тунхаглаад Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөхөд түүний хатан Дондогдуламыг улсын эх дагинаар өргөмжилсөн юм. Энэ эмэгтэй морь уургалдаг, номтой, биеэ их зөв авч явдаг, санал бодлоо илэрхийлж чаддаг олон сайн талтай байсаныг бичсэн буй. 1923 онд таалал болсон. Энэ тухай маргааш нь Коминтерн, Ринчинод цахилгаанаар мэдэгдсэн байдаг. Түүний дараа мөн тэр нутгаас буюу Чингисийн нутгаас Цэенпил, Гэнэнпил гээд нэрлэдэг хатантай болсон. Удалгүй Богд хаан таалал болоод эл хатаныг Богдын таалал ёсоор насаар нь идэх хоолтой нь буцаасан гэдэг юм. 12 жилийн дараа түүнийг дотоодыг хамгаалахынхан Богдын хатан байсан гэдэг үндэслэлээр хэлмэгдүүлсэн.

Бурханы шашны түүхэнд өндөр зиндааны лам нар эхнэртэй байхыг зөвшөөрсөний дагуу эхнэртэй том лам нар байсан байдаг. Архи хэрэглэдэг байсан гэдэг?

Зуун жилийн дараах өөрсдийгээ нэг хараад үздээ. Тэгвэл Богд гэдэг чинь монголчуудын дунд хамгийн их баян, Бээжингээс хараат бус байж чадсан, алдар нэр хүнд нь монгол овогтон төдийгүй азид алдаршин түгсэн нэгэн байжээ. Богдод авчирч бараагаа шахах гэсэн америк, англи, орос гээд гадны худалдаачид Хүрээнд хэдэн сар жилээр саатаж, Богдтой уулзах гэсэн гадны аялагчид олон сар хүлээдэг байсаныг гэрчлэхээр баримт сүүлийн үед олон гарсан даа. Энэ үүднээс нь аваад үзвэл Богд бол хүн байсан байна гэж хэлж болно. Тэгэж байж чадсаны хүчинд ч монголын үндэсний тэмцлийн оройд нь байж, удирдан ялалтад хүргэсэн хэрэг. Тухайн үед Богдод мөргөдөггүй хүн, намын дарга хүртэл байгаагүй гээд бодоод үзээрэй. Түүний нэр хүнд алдар бол үнэндээ агуу байсан, ХХ зууны эхэнд.

БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮН МОНГОЛ ХҮН БАЙХ ҮҮД ЗАМЫГ ТАВЬЖЭЭ

Асуухгүй байж болохгүй бас нэг асуудал есдүгээр Богдын тухай асуудал байна. Саяхан Монголд залраад таалал болсон хүний тухай асууж байна л даа.

Түүхээ үргэлжлүүлэн жаахан сөхөж үзье. 1920-иод онд тогтсон улаан засаг Монголд юу хийв? Хамгийн их нэр хүнд нөлөөтэй байсан Богдыг дахин тодруулахгүй байхаар албан ёсоор шийдвэрлэсэн юм. 1924 оны 5 дугаар сарын 20-нд Богд таалал болоод ердөө хэдхэн хоногийн дараа ийм шийдвэр Ардын намын Төв Хороо, Ардын засгийн газраас гаргасан. Үүнийг МАН-ын гуравдугаар их хурал 1924 оны зун, Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сард баталгаажуулсан хэрэг. Нэгэнт хаант засаг байхгүй тул хаан гарч ирэх ёсгүй, дээр нь бурханы шашны тэргүүн ч байхгүй байхаар шийдвэрлэсэн. Эл хооронд Богдын хойт дүрийг тодруулахаар тусгай комисс гаргаж, Далай ламаас асуулгахаар Түвд рүү илгээсэн жүжиг найруулсан юм. Үүнд бүр Коминтерн шууд оролцож, өөрийн хүнийг дотор нь оруулсан байдаг. Ингээд 1928 оны МАХН-ын 7 дугаар их хурал, 1929 оны Улсын их хурлаас Богд болон хутагт хувилгаадын хойт дүрийг дахин тодруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа 1930-аад онд хичнээн лам нар хэлмэгдлүүлсэн билээ. Тэд цөм Богдын шавь нар шүү. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Уэлсийг 1944 онд Монголд ирэхэд нүүр тахлах гээд л орос ах нарын зөвшөөрлаар хэдэн лам цуглуулж Ганданг нээсэн үнэн шүү.

 Богд чинь бас л түвд хүн байсан биз дээ?

Тийм. Энэ үед бол Богдын хойт дүрийн асуудал яригдах боломжгүйн дээр Богдын тухай яриа гаргасан, сэжүүр цухуйлгасан болгон цааш харж байсан. Тиймээс Монгол улсад эл асуудал бол хаалттай болсон. Харин гадаадад бол Богдын хойт дүрийг тодруулах асуудал монголын ертөнцийг барих түлхүүр гэж харж байсан. Энэ үүднээс Япон, Хятад хандаж байлаа. Өвөр монголчууд ч бас Богдын хойт дүрийг тодруулахыг оролдсон юм. Ийм нөхцөлд Түвдэд улааны аюулаас болгоомжилсон цаг мөчид Түвдийн засгийн эрх баригч XIII Далай лам 1933 онд таалал болоод өнөөгийн XIV Далай лам тодроогүй байсан Ридин хувилгаан 1936 онд саяхан Монголд ирж сууж байгаад таалал болсон хүнийг Богдын хойт дүрээр тодруулсан байна. Түүнийг түвдүүд халх ринбүчи хэмээн дууддаг байжээ. 1940 онд  XIV Далай ламыг мөн л Ридин хувилгаан тодруулсан байна.

 Есдүгээр Богдыг урьд өмнө мэддэг монгол хүн байсан уу?

Хятадад гарсан Дилов хутагт Жамсранжав бээр Богдын хойт дүрээр тодорсон түүнийг үзэхээр 1930-аад оны сүүл үед Түвдэд очсон байдаг. Мөн Гүрдиваа ринбүчи ч бас энэ үед очиж уулзсан байдаг. Түвдэд байсан олон монгол лам нар очиж байсан гэдэг. Ингээд түвдийн улс төрийн нөхцөл байдал хүндэрч, XIV Далай лам 1959 онд Түвдээс дүрвэн гарч, Энэтхэгт сууршихад есдүгээр Богд бээр бусад лам нарын хамт дагалдан очсон байна. Тэр үеэс Энэтхэгт амьдрахын эрхээр радиод ажиллаж, газар тариалан эрхэлж явсаар 1990 онтой золгожээ. Энэ үед сүм хийдэд хуралд суухад нь очиж уулзаж байсан монгол хүмүүс мэр сэр байдаг юм. Тухайн үед хатуу цаг байсан тул энэ тухай олонд мэдэгдсэн нь ховор аж. Гомбожав хамба, философч Жүгдэр гуай нар Азийн буддистуудын энх тайваны бага хуралд оролцохоор Энэтхэгт очихдоо Есдүгээр Богд лугаа 1970-аад онд уулзаж байсан бол, Хамба лам Д.Чойжамц, Гавж Гүндсамбуу гуай нар 1983 онд тэнд сурч байхдаа очиж мөргөсөн буй.

1990 оноос хойш л Богд байна гэдгийг мэдсэн гэж боддог байв.

Ийм байдалтай явсаар 1990 онтой золгосон. Монголд ардчилал гарч, бүх юмны хаалт хориг тавигдаж, чөлөөтэй амьсгалах боломж бий болсон. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Түвдийн шашин, соёлын асуудал хариуцсан сайд Галсан Иш лугаа уулзахдаа Богдыгоо сургалсан гэдэг. Ингээд XIV Далай лам Энэтхэгийн өмнөд хэсэгт сууж байсан есдүгээр Богдыг Дарамсала хотод өөрийн дэргэд авчран суулгаж, улмаар Монголын ертөнц энэ хүний талаар илүү мэдэх болсон билээ. Нэгэнт мэдсэн монголчуудын цуваа Энэтхэг рүү хөвөрч эхэлжээ. Монголдоо урьж залсан бичиг, сэлт олноор илгээж байсан нь илт харагдана.

Богд Монголд хэзээ анх ирсэн билээ? Хөөгдөж гарсан гэж сонссон?

1999 онд Есдүгээр Богд Монгол улсад Оросын Холбооны улсаар дамжин орж ирэв. Албаны хүмүүс гол төлөв түүнийг ад үзэж байлаа. Лам хуврагууд хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Богдыгоо гэж байхад нөгөө хэсэг нь айн болгоомжилно. Олон сүм хийдийн тэргүүн нар хуралдаж, Богдыг Монголын бурханы шашны тэргүүнээр Эрдэнэ зуу хийдэд өргөмжилжээ. Хэвлэл мэдээллээр түүнийг Богд мөн биш гэсэн мэдээлэл цуварна. Ингээд виз хэтрүүлсэн гэсэн шалтгаанаар түүнийг Монголд орж ирснээс хойш хоёр сарын дараа хөөн гаргав. Тухайн үед түүнд нүүр өгсөн төрийн хүн бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байв.

Есдүгээр Богд дараа нь хэдэн онд Монголд ирсэн юм бэ? Монголын харьяат бус хүнийг бурханы шашны тэргүүн болгож болох уу?

Ингээд арван жилийн дараа есдүгээр Богд Монгол Улсын төрийн тэргүүнээр ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдон гарч ирсэний дараа Монголд заларсан юм. Ингэхдээ тэрбээр Өмнөд Солонгосоор дамжин орж ирэв. Удалгүй жилийн дараа Монгол Улсын иргэн болж, Гандантэгчэнлин хийдэд Монголын бурханы шашны тэргүүнээр дахин өргөмжлөгдөж, баталгаажсан байдаг. Нас өндөр гарсан тэрбээр юм их ярьж чадахааргүй болсон байхдаа Монголдоо суурьсан юм. Ингээд Монголдоо багахан хугацаанд саатаад 2012 оны цагаан сарын шинийн найманд Монголд таалал болсон. Есдүгээр Богдыг амьд сэрүүн ахуйд эгэл ардаас өгсүүлээд төрийн сайд дарга, бүр Ардын намын дарга нар хүртэл бараалхаж золгож байсан байдаг. Есдүгээр Богд бээр би нас өндөр болсон над ямар ч нэр алдар юм хэрэггүй, энэ бүхэн монголчуудад жаахан ч атугай тус болохсон бол тэр миний зорилго биелэлээ гэж хэлж байсан байдаг.

Дараагийн Богд ямар хүн байх бол?

Эхлээд холын түүх бус ердөө сүүлийн хорин хэдэн жилийн түүхээ эргээд нэг санацгаая. Бурханы шашны тэргүүнтэй болсон, Есдүгээр Богдыгоо Энэтхэгээс залж авчирч, өргөмжилсөн, Монгол Улсын иргэн болгосон, Монголдоо таалал болгосон гээд бодоод үзье. Мэдээжийн хэрэг эл бүхэн ээдрээтэй, бартаатай зам туулсан. Гэхдээ л монголчуудын өөрсдийнх нь зам мөр гэж би бат итгэж байгаа. Үүгээр ямар замын эхлэлийг тавьсан бэ, Монголд бурханы шашин өөрийн хэмнэл, ёс ном, горимын дагуу хөгжих боломжийг илүү нээлттэй болгосон байна.

Сүүлийн хорин хэдэн жилийн түүхээс тоймлон үзвэл, Монголын сүсэгтэн, лам хувраг, төр нийлээд бурханы шашны тэргүүнээ Монголдоо байлгах, монгол байх үүд замыг тавьжээ гэж би бодож байгаа. Бурхан шашны тэргүүн монгол хүн байхын тухайд бол магадгүй сүүлийн гурав, дөрвөн зуун жилийн түүхэнд ийм боломжийг нээж байж ч магад.

  1. Яагаад ингээд бүгд очиж бараалхаж байсан мөртлөө Богд хэрэггүй юм шиг, бурханы шашинаа хүнийх юм шиг үзэх явдал гарах болов?
  2. Бидний тархинд шашингүйн үзэл гүн бат суусан байна. Учир нь бид бол шашингүй үзлээр бойжсон улс. Тиймээс бурханы шашны мөн чанарыг олж чадахгүй болтлоо төөрцгөөсөн хэрэг. Ихэнх лам нар ч бурханы шашны жинхэнэ мөн чанарыг тээж яваа гэдэгт би итгэхгүй байгаа. Яагаад гэвэл, үнэхээр л бурханы шашны шавь лам нар юм бол гуч дөчөөд онд хэлмэгдүүлсэн хорь гучин мянган лам нарын төлөө хэн дуугарч байгаа юм бэ гээд бодоод үзээрэй, өнөөдөр бурханы шашныг хичнээн дайрч гутааж доромжилж байна, хэн дуугарч байна. Энэ лам нар хаана байна гээд бодоод үзээрэй. Ийм болохоор би лам нарт итгэхгүй байгаа юм. Дал, наян жил тархиа угаалгасан улсууд чинь ийм байдаг юм байна. Гэвч уламжлал, соёл тэргүүтэнд нь шашин нягт сууж оршсоор тул цагаан сар хийсээр бурханы шашны зан үйл бидний амьдралд хэвийн зүйл болтлоо оршсоор байгаа. Тиймээс бид монгол үндэстэн давын өмнө өөрийгээ таних хэрэгтэй, өнөөгөө сайтар ухаарч, ирээдүйгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд түүхээ мэдэх хэрэгтэй. Түүх гэдэг чинь санах ой, чиглүүлэгч байдаг юм.
  3. Үндэсний хувьсгалын баярын өдрийг хэрхэн тэмдэглэж байвал зохилтой вэ?
  • Түүхээ мэдэх хэрэгтэй гэхээр бид нар өөрсдөө Чингис болцгоох гээд байх юм. Өнөөгийн бид өөрсдөө Чингис болох хөг хэдийн өнгөрсөн. Харин хүүхдүүдээ л Чингис болгохыг бодоцгоо. Дөнгөж төрсөн нялх үр хүүхүүддээ, сая сурах охид хөвгүүдийнхээ оюуны амыг нээцгээ. Энэ бол хамгийн сайн зүйл, үндэстэний хувьд, монгол хүний хувьд. Чингисийн Монголын гал голомтыг сахигч, эзэн нь юм бол эл үүргээ ухамсарлах хэрэгтэй.

Үүний тул юу хийх хэрэгтэй вэ?

  • Эхлээд өөрөөсөө эхэл. Би хэн бэ? Би монгол мөн үү? Миний гэр орон монгол байна уу, миний ажлын эргэн тойрон, амьдарч буй орон зай ямар байна вэ гэдгийг ухаарцгаая. Тэгээд өөрийгээ олж танихыг хичээе. Мэдээж шууд танихгүй. Холбогдох Монголын түүхийн гуйвж дайваагүй ном, эх сурвалж үзэцгээе. Тэгээд хүний хэлсэнээр биш өөрийн толгойгоор бодож, дүгнэж үзэх хэрэгтэй. Түүнээс бус бид ихэнхдээ л хэн нэгэн алдартаны хэлсэн хийсэнийг давтаад байна. Бусдаас ялгардагийн хувьд өөрөө дүгнэх, өөрийн толгойтой байх явдал онц чухал байна. Үүнд дээр хэлсэн чиглүүлэгч түүх онцгой үүрэг гүйцэтгэнэ.
  • Үр ач нартаа өвөө эмээ нарынхаа ярьсан зүйлсээс санаж байгаагаа цаг гарган ярьж өгцгөөе. Үлгэр ярьдаг эмээ, өвөө алга болсон тул үр хүүхдүүддээ үнэт зүйлсийг нь суулгадаг зүйлс бодож олцгоое. Сурах орчин, тоглож өсөх орчин тэргүүтнийг нь бодоцгоое. Хот сууринаа бусдад гайхуулдаггүй юм аа гэхэд өөрсдөө амгалан тайван орших өөрийн гэсэн өнгө төрхтэй нөхцөлөө бүрдүүлцгээе.
  • Биднийн үнэт зүйлс юу гэдгийг монгол хүн бүр, монгол өрх бүр, монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Та бидний үнэт зүйлс жаахан өнгөө алдаж гундаж байж магадгүй. Тиймээс зүлгэж байх хэрэгтэй, үнэт зүйлсээ эрхэмлэх учиртай. Энэ бол үндэстэн оршихуйн гол үндэс мөн.
  • Үндэсний үнэт зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо дээдэлж, заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй гэж л байгаа юм. Ер нь бол монголчууд түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ, монгол, бид л хожино биз дээ. Үнэндээ бид утга учирыг нь сайн мэдэхгүй олон баярыг тэмдэглэдэг болоод байна. Ядаж утга учирыг мэдэж байяа. Нөгөө талаас утга учирыг нь хүмүүс мэдээд ирэхээр ямар баярыг ямар хэмжээнд тэмдэглэж байхаа өөрсдөө мэдэг л дээ.
  •  

Ярилцсанд баярлалаа. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
biliguunbaatar minii bie mash ihed bayarlalaj bainaa tand bayarlalaa manai niigemd iim gaihaltai une:minii bie tani ene egel unen yrsan tuuhiig un****ad setgel min hudulj uuriin irehgui baharhah setgel turluu n.batsaihan tand olon lam huraguudinhaa umnuus mash ih bayarlaj baigaagaa yuni umnu ilerhiilj buigaadaa mash ih huv zav****an hemeen setgej mun 8 -dugaar bogd bash bolon olon myngan helmegdsen ard olnoo soyon gegeeruulen ugaaruulagch gavj ,gevsh ,egel huvraguud bolon tushmid altan urgiin noyduud taij terguutei olon zuun mongol egel ard olniinhoo ner turiig hamgaalj uneniig sergeen baigaad tand talarhaad baishgui tanii mongolin ireedui hoich uviig soyon gegeeruuleh ih uils tan ih mongol ornoo delgerch mongol tuuragtan min uyiin uyd soyon gegeerch azjargal enh amaglantai baihiin ulzii hutag yuruuj delhii daygaar enh taivan togtoh boltugai tand bolon tani ger buld sain saihan buhnii deediig yuruuy ih mongol ulsii min unen huurmaggui tuuh urgeljid mongol tumend min huvirashgui unen zuvuur uyiin uyd shingej baih boltugai 2018-12-30
Bold . M :Tsagyin yum tsagtaa. Erh Chuluut mongolchuud iim surtald avtahgui gedegt battai itgedeg yum aa. 2019-01-09
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-19
харийг шүтэх донтон бол О.Батсайхан мөн:Монголйг бүрэн утгаар нь тусгаар улс болгоход Орос ах нарын ач тус ихээ, Богд гэдэг нэрээр бамбай хийж эрх ямба эдэлж явсан монгол иргэншилтэй түвд лйам л даа Хувь заяны эрхээр нэгэнт хаанд өргөмлөх тохиол ирсэнд баярлах бахдахын зэрэгцээ эрх ямбаа алдахгүйн тулд ухаант монгол сайд нарын бодлогыг богд хүссэн ч эс хүссэн ч уг дуугуй хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй ээ . Хэл мэдэхгүй ,газар орноо ч мэдэхгүй монгол түмний зан заншил мэдэхгүй жййхйан хүүхэд монголд ирсэн биздээ .Харийн хүнийг шүтэхээр сайн ч муу ч монгол сайд нар Тэр түвдээс улс орыхоо хувь заяаг дутуу бодно гэж байхгүйг санаж ур ухааныг дутуу үнэлэх ёсгүй ээ 2019-07-14
Өвөг дээдсийнхээ ухаан дор мөргө юу:Энэ О.Батсайхан гэгч Богдыг дагалдаж ****ан түвдүүд ирэн юм гэнэлэй. Тэднийг үр удамын хүн байх оо. 8ер богд гээд нэг Түвдийг магтахдаа түүхийг гүйвуулах оролдлого хийх хэрэггүй. биз6Түвдүүдийн захиа даалгавараар бүх эрэгтэйчүүдийг хүрээ хийдэд шавьлуулж номхон хүлцэнгүй байлгах,улмаар хүн амыг өсөлтийг бууруулж 1921 он гэнэд 600 000 -ыыдхан хүн ймтай яр,тэмбүүнд баригдсан цөөхөн монголчууд болсон нь буурал түүнийг гашуун үнээн.Хэрвээ оросэ улаан хувьсгал гараагүй бол монгол гэж бид өнөөдөр цээжээ дэлдэх үү? гэдэг өөрөө асуудал.Өвчин хуучдаа баригдсан жалгын нэгээр тарахсан 600000-дхан хүн 80-90 жилийн дотор устаад алга болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй ээ. Тэгэхээр монгол сайд нарынхаа хол ухааныг магтахгүй байх аргагүй ээ. Бас өвчин хуучнаас салгаж эрүүлжүүлж өгсөн ачийг мартах ёсгүй ээ. Хир хурнаас нь салгаж өнөөгийн соёлт ёртөнцийн захад авч ирснийг мартах учиргүй ээорос ах нарыг магтахгүй байх аргагүй ээ 2019-07-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?