МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ЭЗЭН ХААН

2018-12-29  

Монгол Улсын төрийн соёрхолт, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайханы ярилцлагыг хүргэж байна.

Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жилийн ой тохиож байна. 107 жилийн өмнө энэ өдөр Монголд чухам ямар үйл явдал болсон бэ?

Энэ түүхэн өдөр ноёд, лам, хар энгийн хүмүүс гээд бүх монголчууд олон зуун жилийн дараа тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглан зарлаж, Хүрээнд бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн төрийн том ёслол болсон байна. Эл өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, ядарсан монголчуудын царайд нар гийсэн гэдэг юм.  Улсын цолыг Монгол, оны цолыг Олнаа өргөгдсөн, Улсын нийслэлийг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, Монгол үндэстэний гал голомтыг сэргээн бадраасанаа дэлхий дахинд тунхаглан зарласан байна.

-Аливаа улс тусгаар тогтнолоо зарлана гэдэг маш их саад тотгор, бартаат хаалтыг даван туулж, олон удаагийн оролдлогын үр дүнд бий болох зүйл байх шүү. Манжийн дарлалаас гарахын тулд монголчууд нэгдэж чадсан гэж үзэж болох уу?

1636 онд Манжид Өмнөд Монгол нэгдсэнээс хойш, 1691 онд Халх Монгол Манжид нэгдсэнээс хойш, 1750-иад оны дунд Зүүн гар буюу Ойрад Монгол Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш багаар бодоход 150 гаруй жилийн турш, урагшлан бодвол хоёр зуу гаруй жилийн турш ил далд үндэсний тэмцэл өрнүүлсээр амжилтад хүрч байгаа хэрэг. Тэгэхээр мөн ч их бартаат зам, зовлонг туулсан байж таарна. Бид Амарсанаа, Чингүнжав нарын Манжийг эсэргүүцсэн тэмцэл, ХХ зууны эхэн болоход лам нарын бослого гэсгийгээд л зогсчихно. Олон зуун жилийн турш өрнүүлсэн монголчуудын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлийн үр дүнд бурханы шашин монголчуудыг нэгтгэсэн нэг том хүчин зүйл болж, бурханы шашны тэргүүн Богд гэгээнээ тойрон хүрээлж, амжилт олсон юм. Тиймээс 1911 он бол монголчуудын үндэсний эв нэгдэл, үндэсний бахархал, үндэсний дахин сэргэлтийн эхлэл юм. Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл ямар их саад тотгор туулж амжилтад хүрсэнийг зуу гаруй жилийн тэртээх монголчуудын баярын нулимс илэрхийлнэ.

-Тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улсыг тухайн үед гадны ямар улс орнууд хүлээн зөвшөөрч байсан юм бэ. Мөн эсрэгээрээ эсэргүүцсэн, няцаасан улсууд ч байсан?

Монголчууд Манж гүрний эрхшээлээс ангижирч, тусгаар тогтнолоо тунхагласан. Эл үед биднийг дэмжсэн орон Оросын эзэнт гүрэн, тухайн үеийн монголчуудын нэрлэснээр Баатар Цагаан хаан тусласан хэрэг. Манж Чин гүрний хааныг засгийн эрхээс хүчээр буулгаж, улмаар шинээр буй болсон Думдад Иргэн Улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтад шахалт үзүүлэх, дарамтлах, хахуул өгөхийг оролдох зэргээр элдвээр эсэргүүцэж байсан байдаг. Богд хаан монгол, хятад угаас хэл, соёл, түүх уламжлал тэс өөр тул хэзээ ч нэг гэрт байж таарахгүй, бид Манжтай урьд байгуулсан холбоотоны гэрээнээс гарч, өөрийн эзэмшил газар нутагтаа эзэн сууж, гал голомтоо сэргээсэн хэмээн байр сууриа ягштал баримталж байсан байдаг юм. Ингээд 1912 онд Орос, Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулж, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Чин ва Ханддорж 1912 онд, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 онд Оросын эзэнт гүрэнд албан ёсны айлчлал хийж, Богд хаан Япон зэрэг Улсын хаанд хандан захидал илгээж, АНУ, Англи, Дани, Герман, Япон зэрэг дэлхийн 9 улс гүрэнд хандан нот илгээх зэргээр олон улсын анхааралд орсон байна. 1913 оны эхээр Манжийн эрхшээлээс гарсан Түвд улстай харилцан бие биеэ хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлж байлаа.

АНУ зэрэг улсууд Монголын талаарх Хятадын бодлогыг дэмжиж байсанаа илэрхийлж байсан бол Япон зэрэг орон дэлхийн бусад улс орнуудтай Монголын талаар баримтлах байр суурийн талаар санал солилцож хүлээзнэж байлаа.

-1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг Шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөх ёслолд Монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож хүндэтгэл үзүүлж даган орж байгаагаа илэрхийлсэн гэдэг. Тэр тухай дэлгэрүүлж яривал?

1911 оны Монголын үндэсний хувьсгалд анхнаас нь идэвхтэй оролцсон Өвөр монголын олон ноёд бий. Тухайлбал, Өвөр Монголын Хайсан гүн, Алмас Очир нар 1906 оны орчим Харбинаар дамжин Хүрээнд ирж, Богд гэгээнтэй удаа дараа уулзан зөвлөж байжээ. Алмас Очир Хүрээнээс Харбинд 1910 оны орчим буцаж очоод учир битүүлгээр нас барсан бол Хайсан гүн Орос улсаас тусламж эрэхээр Богд гэгээний зарлигаар томилогдсон төлөөлөгчдийн бүрэлдхүүнд багтаж, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын хамтаар Орос гүрэнд зорчиж байв. Хожим Монгол Улсын Дотоод яамны түшмэлээр томилогдон цалингүй Монголын төлөө зүтгэж байв. Өвөр Монголын 49 хошууны 38 нь Богдын соёлд дагаар орохоо илэрхийлсэн өргөмжлөл бичиг архивт хадгалаастай байна. Өвөр Монгол, Барга, Урианхай гээд нийтдээ 120 гаруй хошууд тусгаар Монгол улсад дагаар орохоо илэрхийлсэнийг Магсар хурц түүхэндээ нэр устай нь тодорхой бичсэн байдаг. 

-1911 оны зун хүрээнд олон үйл явдал өрнөж, энд тэнд нууц уулзалт, хурал болж тусгаар тогтнох үйл явцыг дэмжсэн, эсэргүүцсэн эсрэг, тэсрэг байр суурьтай хүмүүсийн хооронд хурц байдал үүссэн. Петербургт очиж тусгаар тогтноход туслах арга чарга байна уу гэж тусламж хүртэл гуйж байсан?

Хүрээнд Манжийн эрх баригчдын төлөөлөл Амбан сайд хятад цэргүүдийн хамтаар сууж, хянаж байсан шүү дээ. Тиймээс ил цагаан уулзалт хийж, их хэргийг өрнүүлэх нь аюултай байсан хэрэг. Чухамдаа үүний улмаас Богд гэгээнтэн даншиг хурах нэрийдлээр ноёдуудыг цуглуулж, уг их хэргийг эхлүүлсэн байдаг. Улмаар Хүрээнээс урагш Богд ууланд очиж, нууцаар хуралдан Түр засгийн газар байгуулж, Орос улсаас тусламж эрүүлэхээр Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг бас л нууцаар илгээсэн байна. Үүнийг мэдсэн Манж амбан ихэд уурлаж, Богдын шадар зарим хүмүүсийг баривчлан Богд гэгээнтэнд шахалт үзүүлж, хил хязгаарт харуул тавин тусламж эрэхээр явсан хүмүүсийг баривчилбал шан харамж хүртэл амлаж байсан байдаг.

-Сандо амбанг хөөснөөр Манжийн ноёрхол нуран унасан гэж үздэг?

Орос улсаас тусламж олохоор явсан төлөөлөгчид манжийн эрх баригчдын хараа хяналтаас нуугдан уван цуван Хүрээнд ирсэнээр Хүрээнд 1911 оны зун нууцаар байгуулагдсан байсан Монголын түр Засгийн газар эх сурвалжид Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлэн захирах шийтгэх газар нэртэй байв 1911 оны 11 сарын 30 –ны өдөр ил гарч, Хүрээнд тунхаг бичиг гаргаж, улмаар 12 сарын 1-нд Сандо амбанг Хүрээнээс хөөсөн бичиг гардуулсан байна. Манжийн сүүлчийн амбан Сандо бээр Хүрээн дэх Оросын консулын газарт хэд хоног хорогдож байгаад Семеновын ахалсан цэргүүдээр хамгаалуулан Оросын Хиагт, Дээд Үд хотоор дамжин Харбин хүрсэн байна. Улмаар Харбинд очоод Японы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Монголд хоёр жил болохдоо тавтай хоол идсэн удаа нэгээхэн бээр үгүй гэж өгүүлсэн буй. Ийнхүү Манжийн амбанг Хүрээнээс хөөж явуулсанаар Хүрээнд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ёслолыг албан ёсоор 1911 оны 12 дугаар сарын 29-нд хийжээ. Улмаар Улиастайд сууж байсан Манж жанжин сайд нарыг мөн хөөн явуулсан юм.

 -Богд хаан анхны таван яамдын байгуулж Шинэ Засгийн газар байгуулж төр, засгийн үйл хэргээ тун чиг идэвхитэй эхлүүлсэн нь түүх сурвалжаас харагддаг?

Монгол Улсын эзэн хааны ширээнд суугаад Богд хаан зарлиг буулгаж, барууны төрийн онолын дагуу төрийн яамдыг байгуулж, сайд нарыг тохоон тавьсан буй. Эл зарлигийг хишиг тархаах зарлиг хэмээн хэлэх нь бий. Орос улсаас тусламж эрсэн Чин ван Ханддоржийг Гадаад яамны сайдаар, Да лам Цэрэнчимэдийг Дотоод яамны сайдаар, Өвөр Монголын гүн Хайсанг Дотоод яамны түшмэлээр тохоон томилсоноос гадна үндэсний хувьсгалын үйл хэрэгт бүхий л хүчин чармайлт гарган зүтгэгсэдийг дараалан албан тушаалд томилж, хөхүүлэн сайшаасан нь бий. Сангийн сайдаар Түр засгийн газрын тэргүүн Түшээ гүн Чагдаржав, Цэргийн сайдаар далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Намсрай гүн нарыг тохоон томилсоноос гадна ахмад настангуудад 3,6, 9 лангийн хишиг хүртээж, шоронд хоригдогсдыг бүгдийг сулласан байдаг.

-Энэ хувьсгалд гар бие оролцсон, түүхэн гавьяатай хүмүүсээ ч бид энэ өдөр дурсах ёстой болов уу?

Тэгэлгүй яах вэ, юуны түрүүнд Үндэсний хувьсгалын удирдагч Богд хааны гавьяаг тэмдэглэх учиртай, улмаар Халхын дөрвөн хан, Богдын засгийн газрын анхны сайд нар, томоохон хутагт хувилгаад, лам нар, үндэсний хувьсгалд гар бие оролцсон Өвөр Монголын ноёдууд гээд олон зүтгэлтэн бий. 1911 оны үндэсний хувьсгалын түүхэн зүтгэлтэнүүдээс Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Гадаад яамны анхны тэргүүн сайд, чин ван Ханддорж, Дотоод яамны анхны тэргүүн сайд да лам Цэрэнчимэд, Сангийн яамны анхны тэргүүн сайд, түшээт ван Чагдаржав нарт лав хөшөө босгосон байна. Богд хааны тухайд жаахан дэлгэрүүлж хэлье. Энэ хүн монголчуудад дахин сэргэлт өгсөн 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч юм. Би бүр энэ хувьсгалын эцэг гэж хэлдэг юм. Манжийн эрхшээлд байсан субьектүүдээс ганцхан Монгол бид нар л тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж өнөө тусгаар оршиж буй гээд нэг бодоод үзээрэй. Бусад субьектууд нь бүгд өнөөгийн хятад гүрний эрхшээлд буй.

Учир иймээс Богд хаан бол монголчуудын бурханы шашны тэргүүн төдийгүй төрийн тэргүүн, эзэн хаан байсан. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийг энэ хүний намтар цадиг, үйл ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг тавьсаных нь төлөө, монголын гал голомтыг авч үлдсэнийх нь төлөө түүнд хүндэтгэл үзүүлэх учиртай. Тэр хүн бол боловсролтой нэгэн байсан. Монголд тодорсон богдуудаас ганцаар гавжийн дамжаа барьсан. Бие даан шийдвэр гаргаж чаддаг, түүн дээрээ бат зогсох эр зоригтой. Манжийн амбангийн эрхшээлд байсанаас үхэхийг илүүд үзэж байсан нэгэн юм. Морь унаад улаан галзуу давхиж чадна, машин, мотоцикл унадаг гээд яриад байвал олныг хэлж болно. Одоогийн хэллэгээр бэлэг танхайдуу хүн юмуу. Элдвийг сонирхдог. Цуглуулсан алт эрдэнэс, амьтны хүрээлэн тухайн үед монголчуудын төдийгүй гадаадынханы сонирхолыг гойд татаж байсан баримт цөөнгүй бий.

-1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан нь монголчуудыг хятадчилан уусгах гэсэн далд бодлогыг цэглэсэн гэж ярьцгаадаг. Энэ хувьсгалын түүхэн ач холбогдлыг тоймлон яривал?

Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүй ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэжээ. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдав. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэв. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгав. Ёсоор болов. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Ёсоор болгов. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ. Өөрөөр хэлбэл Монгол үндэстэн сэргэсэн гэсэн үг.

-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдрийг өнөө цагт ийнхүү сэргээн гаргаж ирж онцгойлон тэмдэглэж байгаад та түүхч хүний хувьд таатай ханддаг нь мэдээж болов уу гэж бодож байна?

Монгол үндэстэн сүүлийн дөрвөн зуун жил өөрийн үнэт зүйлсээс алхам алхамаар холдсоор одоо түүнийгээ хамгаалан тэсч авч гарах сэтгэлийн тэнхэлгүй болсон шиг харагдаж байна. Ийм үед монгол үндэстэний баярын өдрийг чухамхүү үндэснийхээ дархлааг сайжруулах, үндэсний бахархал, үнэт зүйлсээ дээдлэхийн үүднээс тэмдэглэж, үр хойчоо монгол болгох хэрэгтэй байна.

Монгол гэж олон удаа хэлээд монгол болчихгүй нь харагдаж байна, үнэндээ монгол маань монгол болоосой гэж чин сэтгэлээс хүсэж байвал та бид өөрсдөө цаг тутам газар бүртээ монгол байхыг хичээгээрэй. Энэ бол элдэв шоу уриа лоозонгоос илүү чухал байна, манай монголын нийгэмд. Хүн бүр байгаа орчиндоо, өрх гэр бүлдээ монгол байхыг монголоороо ярьж, сэтгэж, монголын гэсэн бүхнээ өнгөлж дээдэлж эрхэмлэж байх аваас бидний үнэт зүйлс сэргэж ирэх болно. Чингэх аваас агуу түүхтэй монгол үндэстэн даяаршиж буй дэлхийд олон үндэстэнтэй мөр зэрэгцэн өнө удаан орших болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?