Д.АДЬЯАХҮҮ: БУРУУ АМ АВЧ УНАХ, СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭХ НЬ АМИА ХОРЛОЛОО Л ГЭСЭН ҮГ

2019-08-20  
Комментатор" нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат Улсын баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболд аваргын багш улсын начин Адьяахүүтэй хөөрөлдсөн байна. Уг ярилцлага нь Оюунболд аваргыu сэргээшийн асуудалд орооцолдхоос өмнө хийгдсэн болохыг тодотгоё.
Шавь түрүүллээ. Багшийн хувьд үүнээс дээд баяр гэж байхгүй л болов уу?
Шавь л бол шавь гэж хүмүүс ярьдаг. Шавь нар дотор ялгаа бий. Бага нялхаас нь олж авсан, оюутан цагийнх, эс бөгөөс тодорхой төслийг богино хугацаанд хэрэгжүүлсэн шавь нар бий. Оюунболдын хувьд 14 настай, улаан хацартай, баруун, зүүнээ мэдэхгүй хүүхэд анх ирж байсан. Гарын шавь минь түрүүлсэн учраас би баяртай байгаа. Ер нь бол энэ хүүхдийг аварга болгочих юмсан гэсэн бодлыг тээж явсан.
Оюунболд 2015 оны улсын наадамд арслан Бүрэнтөгсийг давж улсад анх удаа түрүүлсэн. Энэ барилдааныг дурсвал?
Бүрэнтөгс 2012 онд улсад түрүүлсэн байсан. 2015 онд Оюунболд харцага цолтой барилдсан. Зүүн давхар золгооноос мөргөж Бүрэнтөгс арсланг давсан. Мөргөхийн өмнөх үеийг нарийн ажвал хутгаа орсон байдаг. Оюунболд зүүн талдаа огт хутгадаггүй. Тухайн нөхцөлд хутгаж хаяхдаа биш, мөргөөндөө зай гаргахын тулд хутгаж Бүрэнтөгсийн барьцыг нь тавиулаад, түрж хөөгөөд давж байсан. Энэ үед дөнгөж 22 настай, 138кг жинтэй залуу байсан.
Оюунболдыг түрүүлэхэд,
- 22 насандаа түрүүлнэ гэдэг хол явах бөхийн шинж гэж хүмүүс хэлж байсан. Үндэсний бөх судлаач, энэ сэдвээр эрдмийн цол хамгаалсан эрдэмтэн хүний хувьд та юуг тодотгох вэ?
22 нас бол зарим бөхөд төрийн наадамд түрүүлэх нь байтугай сумын заан, аймгийн начин цол мөрөөдөж байдаг нас. Оюунболд бол гоц авьяастай, байгалиасаа бөхийн үүдэл сайтай хүн. 22 насандаа улсад түрүүлсэн бөх хуруу дарам цөөн. Анхных нь Мөнхбат аварга. Мөнхбат аварга 1963 онд түрүүлсэн бол Оюунболд аварга 52 жилийн дараа 2015 онд энэ амжилтыг давтсан. Энэ эрчээр хадгалсан бол хол явах боломж байсан. Гэвч тэгж чадаагүй.
2015 оноос хойш гурван жил завсардсан. Хувийн "сахилга бат" алдсан, жин нэмсэн, бэлтгэл дутсан зэрэг асуудлууд байсан нь нөлөөлсөн болов уу? 
Алдагдсан гурван жил нь 23, 24 настай, улсын арслан цолтой, яах аргагүй бөх хүний хувьд ид оргил үе нь байсан. Бэлтгэлээ орхигдуулснаас болж амжилт нь ч буурсан. 2017 оны наадмын барилдаанд тохойны бэртэл нь нөлөөлсөн. Тэр наадмын тавын давааны амыг шавьтайгаа хэлэлцэх үеэр хуруу гараа гозойлголоо гэдэг хэл ам хожим дагалдсан. Би тэр жилийн наадмаар аймгийн арслан Хангайг бэлдсэн. Нэг жилийн хугацаанд улсын цолонд хүргэнэ гэж багш, шавийн гэрээ байгуулсан байсан. Оюунболд тохой бэртэлтэй. Цаашид барилдахад бэрх. Хангайг амлах хүн олдохгүй ийм нөхцөл үүссэн.
-Хангай та хоёр яаж барилдлаа гэж намайг асуухад, Оюунболд өмнө нь Хангайд гурван удаа унасан гээд хуруугаа гозойлгосон нь тэр. Тэгээд Оюунболд ,
-Тохойны бэртэл барилдахад саадтай байна. Энэ удаа хэн нэгнийг дэмжье. Би өөрөө цаашаа даваагаа ахиулах
боломж алга гэсэн. Тэгвэл чи Хангайд дөрөв дэхээ унах болж дээ. Үнэхээр боломжгүй бол Хангайг ав гэсэн яриа бидний хөөрөнд өрнөсөн.
Хангайгаас гадна, Ховдын зарим бөх таны шавь гэдэг.
"Аварга" дээд сургуульд сургуульд үндэсний бөхөөр багшлаад 20 дахь жилтэйгээ золгож байна. Саяхан л 30 настай залуучууд багшаар ирж байснаа тодхон санаж байна. Тус сургуулийн бөхчүүдээс гадна Ховдын Пүрэвсайханыг бэлдсэн. Одоогоор Пүрэвсайхан заан бол Ховдын барилдаж буй бөхчүүдээс хамгийн том цолтой нь. Батзориг зааны төрсөн ахынх нь хүүхэд. Анх 2007 онд 18 настай хүүг Төв цэнгэлдэхийн гадна надад шавь оруулсан. Биеэр жижиг ч, яс томтой, булуунууд болон өвдөг тойгных нь залгаа томтой хүүхэд авчирч өгөөд,
- Бөх болно гээд болдоггүй ээ гээд гарыг нь надад атгуулсан, бөхийн хувь заяаг нь даатгасан. Пүрэвсайханы онцлог нь бэлтгэл их сайн хийнэ. Заалнаас салахгүй. Тэгээд богино хугацаанд том цолонд хүрсэн. Дээр нь бөхийн авьяастай, гол нь хэлсэн сургасныг ажил болгодог. За гэчихээд хэрэгжүүлдэггүй хүн байдаг. Пүрэвсайханы хувьд хүн хүнээс давуу тал нь хэлсэн юмыг яг хэссэнээр нь хийдэг байсан юм. Дорноговийн Цацабшир харцагад цацдуулаад унаад болдоггүй. Тэгэхээр нь түүнд хариу бэлдэж, Цацабширийн зүүн талд нь хонгодох мэхийг бэлдсэн. Одоо зүүн хонгодоондоо их сайн гаршсан. Багшдаа итгэж, заасан хэлсэнд үнэмшдэг. Харилцан итгэл үнэмшилгүй амжилт дагуулдаг.
Энэ жилийн хувьд хүмүүс Хангай харцага дээгүүр барилдана гэдэг тааварт багтаж байсан. Гэтэл явсангүй. 
Хангайгын бэлтгэл хангалттай сайн байсан. Толгойдоо бага зэргийн бэртэл авсан байсан нь нөлөөлсөн байх магадлалтай. Гар бөмбөг тоглож байгаад шагайгаа гэмтээснийг нь хожим сонссон. Одооноос л эдгэж буй гэсэн. Гуравдахь унасан хүчин зүйл бол ам буруу авсан гэж багшийн хувьдаа үзэж байна. Тэрийг, энийг авах байсан гэвэл нөгөө хүмүүст буруугаар ойлгогдох учир нэр заагаад яахав. Тэгтэл Цэрэнтогтохыг амласан. Цэрэнтогтох бол шийдсэн мэх хийдэг, их догшин барилдаантай. Арай номхон, аядуу зөөлөн барилдаантай бөхчүүдээс сонгох боломж байсан. Хангай харцагын үндсэн багш нь Мягмарсүрэн заан. Багштайгаа л сайн зөвлөх л хэрэгтэй байсан гэж бодогддог. Ам авна гэдэг өөрөө урлаг. Гарцаагүй хаях хүнээ л амлах нь зөв.Нэг нутаг ус, анги, найз, цол ахихыг бодож байгаа юм гэж хандаж огт болохгүй. Энэ бол ам авахын нэгдүгээр дүрэм.
Таны хэлдгээр, Батсуурь аварга нутгийн Мөнхбат аваргыг амлалаа шүү дээ, наадмаар. 
Хаях хүнээ л авах хэрэгтэй. Том аваргууд бол наадмын, цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгалыг анзаарч, мэдэрдэг. Жишээ нь, Мөнгөнбаатар шиг аймгийн арсланг тавын даваанд өмнө нь 4 бүдэрчихсэн байхад нь улсын начны даваанд том цолтой бөх авахад үзэгчид эгдүүцэн дургүйцэх хандлага ажиглагддаг. Тэгэхээр ам авахдаа аль болох багштайгаа зөвлөх хэрэгтэй.
Ам авахад бөхийг хаяхаас гадна бас бөхийн жудаг гаргах явдал байна.
Тийм. Наадмынхаа уур амьсгалыг харна шүү дээ. Олон түмэн хэнийг их дэмжээд байна. Зарим үед, энэ хүнийг энэ жил нэг таслуулахад гэмгүй гэсэн хүнээ эсвэл залуу бөхчүүдээс шилж авах нь чухал. Ер нь бол ам авах их чухал. Хангай бол их бяртай, бэлтгэл сайтай хүнийг их л зоригтой ам авсан. Энэ нь алдаа байсан гэж харж байна.
Энэ жилийн наадмаар дээгүүр, сайн барилдах бөхчүүдийн тоонд Бат-Өлзий, Анарын нэр багтаж байсан. Ингэхэд Анар харцага "Аварга" дээд сургуулийн бөх гэсэн байхаа?
Тийм. Манай сургуулийн 2016 оны төгсөгч. "Аварга " дээд сургуулиас дөрвөн төгсөгч улсын цолонд хүрч, шөвгөрч, цолоо ахиулсан гэхээр сургуулийнхаа 20 жилийнхээ ойд том бэлэг барьцгаасан. Анар улсын харцага, Өвөрхангайн Цэдэнсодном начин, Оюунболд аварга. Мөн энэ жил дөрөвдүгээр курст орох миний нэг шавь Орхонбаяр энэ жил начин боллоо. Дорноговь аймагт зохиогдсон тэмцээн дээрээс анх түүнийг олж авсан. Одоо бол Өсөх-Ирээдүй харцага дээр бэлтгэлдээ хийж буй. Сэлэнгэ аймгийн Цагааннуурын хүүхэд. Оюутан ахуй цагтаа тунаж начин болсон хүү .
Анарын барилдааныг эргэн сонирхъё? Энэ жилийн олон барилдаанд тогтмол сайн барилдсан. Нэг бус удаа түрүүлсэн. Бат-Өлзийтэй зургаагийн даваанд тунасан даа. 
Анарын хувьд Бат-Өлзийтэй нилээн хэд тунасан. 2017 оны улсын наадмын зургаагийн даваанд тунахад, Бат-Өлзий нь давсан. Зургаагийн даваанд Анар барьц сонгоод Бат-Өлзийг хаясан. Гэхдээ барьцны эхний сонголт Бат-Өлзийд таарсныг тавиулж чадсан. Барьц авчихаад өөрөө тэврээд хаях, барьц авахуулчхаад түүнээс нь мултраад хаяхын хооронд ялгаа байдаг.
Анар бол сайн бөх. Зүүн тийшээгээ угаасаа бөх цөөнтэй. Бөхийн гал голомт болох Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган аймгаар бөхчүүд ихтэй. Зүүн талаас Анар, Оюунболд, Мөнгөнболд Батжаргал начин дөрөв л сайн барилдаж байна. Анар, Оюунболд хоёр долоогийн даваанд тунасан. Анар бол үндэсний бөхөөс гадна жудо, самбоор хичээллэдэг тул өргөж байгаад дутуу тавивал хөмрөө эсвэл араар нь хашиж мордох зэрэг хариу мэх Анараас ирэх учир Оюунболд тахимдаад суурьгүй болгож хаясан байдаг.
Оюунболд, Анарын тунасан даваанд Анар эхэлж барьц сонгосон байдаг. 
Тийм. Оюунболд масс ихтэй болохоор Анар үнэхээр барьцаа алдсан. Уул нь ч зааны цолонд хүрэх боломжоос атгасан гэж хэлж болно.
Оюунболдыг өмнө нь Анараас биеэр намхан гэж төсөөлдөг байлаа. Гэтэл Оюунболд чацархүү юм харагдлаа. 
Нуруугаар хэнд ч чацдуулахгүй. Оюунболд 181 см өндөртэй, биеийн жингийн хувьд 140 кг орчимтой.
Дагестаныг бөхийн орон гэж ярьдаг. Энэ жил Дагестанд бэлтгэлээ хийсэн дуулдсан. 
Оросын чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан хүн нь Дагестан үндэстэн. Тэр хүн тэтгэвэртээ суугаад, төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байгаа юм билээ. Чөлөөт бөхийн холбооны шугамаар ОУХМ Батням багш Оюунболд, Отгонтөгс, Лхагвагэрэл болон Хэнтийн хэсэг залуучууд нэг сарын хугацаанд буюу 12 сараас нэгдүгээр сарын 20 хүртэл Дагестанд бэлтгэл хийсэн. Маш оюунлаг, гадаад хэлний мэдлэг сайтай Батням багшийн ахалсан тэр бэлтгэл сургуулилтад Оюунболд хамрагдаж, бэлтгэлээ хангаж, жингээ ч сайн буулгасан. Ер нь Оюунболд өнгөрсөн жилийн наймдугаар сараас жингээ хасаж эхэлсэн. Өнгөрсөн наадмын гурвын даваанд унасан нь их зүйлийг бодогдуулахад хүргэсэн гэж ойлгосон. 20 хоног гэрээс гаралгүй бодол болсон гэдэг. Буруу замаар будаа тээж байж гэдгээ ч ухаарсан тэрбээр наймдугаар сарын таванд хотын захиргаанаас зохиодог Даншиг наадамд зодоглосноос хойш нэг ч барилдаан алгасалгүй барилдсан нь ухаарлыг илтгэнэ. Тууштай, зорилготой болсон гэж анзаарагдсан. 181 см бол өндөр нуруунд орохгүй. Дундын нуруутай хүнд 160,170 кг бол их жин. Оюунболд үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн зааланд чөлөөтийн бэлтгэл их хийнэ. Барилдаандаа чөлөөт бөхийн суурийг түлхүү ашигладаг. Чөлөөтөөр дагнаж барилдахгүй ч гэсэн чөлөөт болон жудогийн бэлтгэл давхар хийнэ гэдэг чинь үндэсний бөхөд их давуу тал үүсгэдэг. Хоёроос дээш буугаар зэвсэглэсэн гэж зүйрлэж болно.
Ганц үндэсний бөхийн бэлтгэлээр явах нь өрсөлдөгчөөсөө дутах болсон.
Тэгэхээр үндэсний бөхөөр хичээллэж буй бол жудо болон чөлөөтөөр барилдахгүй ч гэсэн давхар бэлтгэл хийж байх нь зөв гэж үздэг.
Оюунболд Анарыг хаясны дараа Содномдорж арслантай наймын даваанд таарсан. Содномдорж арслан улсад нэг түрүүлсэн. Биеийн хөгжил сайтай, суурьтай , тун унаа холтой бөх?
Содномдорж арслан бэлтгэл маш сайн хийдэг. Үеийнхэн нь түүнээс түрүүлээд аварга, арслан цолтой болцгоосон. Содном арслан араас нь нэхсээр байгаад л үеийнхэнтэйгээ ижил цолонд хүрсэн. Бэлтгэл сургуулилтыг тууштай, системтэй, тасралтгүй хийгээд л байвал хэзээ нэг цагт амжилтанд хүрнэ гэдгийг Содномдорж арслан өөрийн биеэр баталж чадсан. Бэлтгэлийг маш чамбай хийнэ, барилдааны хий багатай сайн бөх. Оюунболдтой улсын наадамд хоёр удаа таарсан. 2015 онд долоогийн даваанд таарч унасан. Сая бол наймын даваанд өөрөө эхэлж мушгиад, мушгиан дээрээ хөл алдаад өвдөглөсөн. Түүнийг нь Оюунболд дайрч гүйцээсэн.
Давчихаар нь ,
- Гүйгээрээ Оюунболдоо гэхээр л учиргүй хурдан гүйгээд байсан гээд цэнгэлдэх дэх үзэгчид инээлдэж, баясаж байна лээ.
Өөрийнх нь төрөлх хүүхэд зан бий. Тэрүүгээрээ өөрийгөө ирлэж хурцалдаг. Ер нь хүн хаячхаад ийм масстай хүн ингэж жавхаалаг гүйнэ гэдэг наадамчин олныг нэг талаар баясгасан байх.
Тахимаа өгөхгүй удах тал Содномдорж арслангаас ажиглагдсан. Угаасаа ч тахимаа өгөх дуртай бөх биш дээ, Содномдорж. 
Тэд хоорондоо нэлээд юм ярьсан. Юу ярилцсаныг нь сонирхоогүй, тэр өөрөө ч яриагүй. Оюунболд давчхаад ийш, тийшээ хараад удаан дэвсэн. Бас удаан гүйсэн. Тэрэнд Содном арслан жаахан шарлахсан байж болох. Эргэж очихгүй, тахимаа авахгүй дэндүү удсан. Ингэж хаялаа шүү дээ гэсэн маягтай Оюунболд загнасан. Энэ бол тухайн үед болсон процесс. Бие бие рүүгээ зангасан, дохисон зүйл биш. Иймэрхүү зүйл бөхөд байх.
Том цолтой бөх бол өөртөө жаахан хүндэтгэлтэй хандахыг шаарддаг байх. Нөгөө талаас Содномдоржийг дарсан нь бэртээх дөхсөн байх. 
Хуруу , гарнаас өгсүүлээд бэртэл, гэмтэл ер нь их шүү. Содном, Оюунболд хоёрын барилдаан дээр Содном унахдаа гараа  их зөв дарсан. Гарын кистийг гадагш нь маягтай дарсан бол мултардаг аюултай. Өөрөө дараад дээрээс нь 140кг нэмж дархаар гараа гэмтээх маш өндөр магадлалтай байсан.
Бөхчүүдийг ажиглахад, биеэр бага ч Гончигдамба гарьд их сайн бөх юм гэж бодогдоно. Маш ухаалаг барилдаантай. Улсын заан Мягмар гуай л нэг тиймэрхүү барилддаг байсан нь санаанд зэрэгцэн буух юм . Хэнийг ч бол хаячихдаг бөх шиг. 
Манай нутгийн бөх. Манай Завханы дэвжээ гэж бий. Өнгөрсөн оны зургаан сараас жил гаруй хугацаатай дэвжээндээ зөвлөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн жил Бэгзсүрэн “Даян” дэвжээнээс харцага болсон. Сая цэргийн наадамд дүү Дүгэрдорж нь түрүүлсэн, Гончигдамба гарьд их шөвөгт үлдлээ. Манай Завханыхан чинь 1930 оноос хойш наадмын түрүү авч чадаагүй. Бөхтэй аймаг гэгддэг мөртлөө түрүү авч чадалгүй ирлээ. Гониогоо түрүү бөх болгочих юмсан гээд бэлтгэлийг нь хийлгэсэн. Оюунболд, Гончигдамба хоёрыг сүүлийн бэлтгэл дээр хооронд нь их үзүүлсэн. Хоорондоо таарчихгүй хоёр талаас нь хамаад, үзүүр түрүүнд нь хүргэнэ дээ гэсэн багш хүний том бодол байна шүү дээ. Нэг л хүн түрүүлэх юм чинь нэгийг нь үлдээх юмсан гэж бодож байсан. Гончигдамбад нэг даваа дутсан даа.
Батсуурь аварга Гончигдамба гарьд хоёрын барилдааны тухайд гэвэл Гончигдамба гарьд өөрийнхөө мэхийг дутуудуулсан тал байх шиг. 
Түүний өмнөхөн Батсуурь аварга юм уух гээд алхаад би Гониоруу цай, үзэмний шүүс хүргэж өгсөн. Түүнийгээ уулгангаа, - Шөвгийн дөрөвт барьц сонгодоггүй. Барьц сонгодоггүй юм чинь золгоон дээрээс унана гэх ямар ч айдас байхгүй. Чи анхааралтай л барилдвал унахгүй. Харин чирэн хутгаа ирэх юм бол унана шүү гэж дахин дахин сануулаад байхад л тэр мэхэнд уначихсан.
Энэ мэхээр Санжаадамбыг бас хаяж байсан байх аа?
Улсын баяр наадмаар бол хаяж байгаагүй. Харин заалны барилдаан дээр хийж байсан байх. Хамгийн гол нь зүүн талын сугадааны барьцан дээр Гончигдамба алдаа гаргасан юм. Гончигдамбын элэг бүс хэдий сул ч гэсэн Гончигдамба баруун гараараа сугадчихсан байсан. Дарж хутгадаг хүнд бол тэр хутгаа их эвтэйхэн байгаа юм. Сугадаагүй байсан бол тэр хутгаа орж ирэхгүй байсан юм. Өөрийнх нь барьцанд орчихоод, жаахан унтуулж байгаад хутгасан юм.
Гончигдамба чинь өөрөө их хүнтэй наалдаж барилддах дуртай. Их тэвэрч барилддаг хүн билүү? 
Тийм шүү. Гар урттай тэвэрч барилддаг. Ер нь бол сугадаанаас тосгуулж өшиглөнө. Хөнтрөөд алсын сүвээнд хүрнэ гэсэн бодолтой. Гэхдээ тэрнээсээ өмнө хутгаанд орсон. Мөн хальтираа ч орсон. Зүүн хөл нь их цөмөрсөн. Дагаж яваад чирээд хутгуулсан. Мөн Батсуурь аварга их зоригтой хийсэн. Хүмүүс ихэвчлэн золгоон дээрээс хийдэг.
Батсуурь аваргын хувьд их хөдөлгөөнтэй барилддаг. Сэгсэрдэг их хөдөлгөдөг гэж боддог.
Ерөнхийдөө түүний аав , улсын начин Намсрайжав нь ч тэгэж барилддаг байсан. Ухаалаг барилддаг. Хөдөлгөж барилдана, хөдөлгөөнтэй барилдана гэдэг чинь сэтгэлзүй нилээн өндөртэй зоримог хүний л шинж юм. Хашир хүн нам бариад зогсоно. Хамаагүй илүү хөдөлгөөн хийхгүй. Бат-Эрдэнэ аварга шиг. Бат-Эрдэнэ аварга бол хаячихмаар боломж байсан ч илүү хөдөлгөөн хийдэггүй. 100 хувь болгож байж л хаядаг. Оюунболдын хувьд ч хашир биш. Өөрийнх давуу тал бол унаа холтой, хүний мэхэн дээр үлддэг. Их мэдрэмжтэй. Ер нь бол давуу талаараа их амжилт гаргаж байгаа.
Сүүлийн жилүүдэд бол харцага цолтой бөхчүүд л их шөвөгт үлдэж байсан. Харин энэ жилийн наадмын наймын даваанд үлдсэн бөхчүүдийг харах юм бол ганцхан харцага тэгээд аварга, арслангууд л ноёрхлоо. 
Сайн харцагууд тавын давааны тунаанд нилээн нурсан. Золбоо харцага дөрөвд, Бат-Эрдэнэ харцага гуравт, Бэгзсүрэн харцага дөрөвд, Гантулга, Хангай, Бадарч харцагууд тавын даваанд унасан. Энэ жил бол гурван аварга шөвгийн наймд үдсэн. Дөрвөн арслан нэг харцагатай.
Оюунболд аварга дөрвөн жилийн дараа дахин түрүүлж аварга боллоо. Аварга болсон давааны талаар ярилцая?
Түрүүлчихээд дэвэхгүй, тахимаа авалгүй аав руугаа, бас над руу гүйсэн. Тэгэхээр ,-Тахимаа ав, тугаа тойр дараа нь наад баяр хүргэх ажлаа хий гээд загнаад явуулсан. Тэр хооронд нь Батсуурь барьц жаахан дутуу байсан гэж хэлсэн байна лээ. Нарийн яривал Батсуурь,,Оюунболд хоёр хоёулаа барьцаа авсан байсан. Гэхдээ ууцаар түгжих хайрцаглах, доошоо сууж өгөх тэр агшинг авч чадаагүй байхад нь Оюунболд дайрсан. Тэгэхээр Оюунболдын буруу байхгүй. Шүглийн дуутай хамт явсан. Энэ бол анхаарал овсгоо сайтай байна гэсэн үг. Батсуурь харин маргалгүй тахимаа өгсөн.
Батсуурь аварга ,- Би үзүүр, түрүүний барилдаанд ингэж хүч түрүүлж, мөргүүлж унаж үзээгүй. Би л ингэж хийдэгсэн. Барьц жаахан дутуу байсан гэж хэлсэн байдаг.
Барьцнаас гадна байрлал гэж нэг юм байна. Байрлалдаа арай орж амжаагүй байсан болов уу гэж харж байна. Үндсэндээ бол тэр мөргөөнөөс хамгаалах байрлалаа авч чадаагүй байхад нь Оюунболд дайрсан. Ийм л юм болсон.
Манай Монголчууд улс төр бөх хоёр нэг байдаг гэж ярьдаг. Тэр жил Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсон жил болох Баянхонгорын бөх , олимпийн аварга Н.Түвшинбаяр сайн барилдаж улсын заан цолонд хүрсэн. Монгол Улсын ерөнхий сайд Хэнтий аймгаас гарсан. Гэтэл Хэнтийн бөх түрүүллээ. Гээд бодохоор улс төр , бөх хоёрын холбоо шижим байх шиг. 
Монгол бөх чинь өөрөө 6 мянган жилээс цааш түүхтэй. Археологийн олдвороор тэгэж нотлогдсон. Тэгээд 13 -р зуун, Манжийн дарлал, Богдхаант үе, Ардын засаг, Ардчилсан нийгмийн үеийн монгол бөх гээд наашаа явдаг. Бөхчүүд чинь өөрсдөө уул ус, болон төрийн сүлд өршөө гэж төрдөө их залбирдаг улсууд тэр утгаараа холбоотой гэж хэлж болох.
Та 1997 онд улсын начин болж байсан. Сайн ч барилдаж байсан. Гэхдээ л улсын начин цолонд хүрнэ гэдэг их л хэцүү байсан санагдана. 
Над шиг биеэр жижиг хүнд бол хэцүү даваа. Дамдин дархан аваргын хүү Баяраа заан, сүүлд улсын гарьд цолтой болсон Баяраа ах тавын даваанд намайг амлаж аваад, тахимаа өгсөн. Баяраа ах байгаагүй бол би начин болж чадаа ч уу үгүй ч үү гэж санагддаг. Төв аймгийн Гансүх заанаар дөрөв давсан намайг дэмжие л гэж болсоных. Би үүнийг ил цагаан ярьдаг.
Монгол бөхөд бөхийн жудаг гэж бий. Хол явах залуу бөхчүүдийг дэмждэг уламжлал эртнээсээ байсан. Замыг нь засах ч гэдэг. 
Өмнө жил нь буюу 1996 онд Сумьяабазар начин байсан. Заан болдог тэр жилийн тавын даваанд би хожим аварга болох Сумьяабазарт унасан. Тэрийг ч тооцсон байх. Би заримдаа их шөвөг, бага шөвөгт үлдчихээд байдаг 26 настай залуу бөх байсан. Дэмжие л гэсэн байх. Би тэр үед хэмжээндээ л барилдсан.
Хүн болгон түрүүлнэ гэж барилддаг гээд л хэвлэл мэдээллээр гарах юм. Тэгэхэд энд Оюунболд түрүүлнэ, тэнд Батсуурь түрүүлнэ гэж барилдахаас доогуур бөхчүүд бол начин болох юмсан, шөвгөрөх юмсан , тэр ч байтугай зүгээр сайхан ёслоод хийморио сэрээе гэсэн хүн ч байдаг. Бүгд түрүүлнэ гэж барилддаггүй. Би чинь бөхийн халуун тогоонд байгаа хүн. Насаараа шөвгөрчих юмсан гэж бодож барилддаг хүн ч байдаг. Ер нь бол түрүүлчих юмсан гэх тав зургаан хүн, шөвгөрчих юмсан заан цолонд хүрчих юмсан гэх энэ тооны хүн, начин цолонд хүрчих юмсан гэсэн 10-аад хүн гэх мэтчилэн дор бүрнээ л өөр өөрийнхөө хэмжээнд л барилдана шүү дээ. Түүнээс бүгд түрүүлнэ гэж барилддаггүй.
Өсөхбаяр аварга "Комментатор" нэвтрүүлэгт зочноор оролцохдоо ,
- Мөнхбат аварга намайг тунаанаас гаргаж, улсын цолонд хүргэж байсан гэж хэлсэн. Тэгвэл өнгөрсөн жил Мөнхбат аваргын хүргэн гээд аймгийн арслан залууг тавын даваанд амлаад цолонд хүргэж байх жишээний? Ийм жудаг бас бий. 
Хүмүүс хэт их материаллаг талаас нь хараад байна л даа. Гэтэл тахим өгдөг. Нутаг ус, шавь болон хуурай дүүгээ дэмжих явдал байдаг. Хэзээнээс эхэлснийг нь мэдэхгүй. Гэхдээ одоо бол материаллаг тал руугаа хэт давамгайлаад байгаа нь үнэн. Гэхдээ энэнээс яаж гарах вэ? гэвэл бөхчүүдийн бай шагнал, цалин мөнгө, санхүүгийн асуудлыг шийдчих хэрэгтэй. Мэдээж Сумо бөхийн хэмжээнд Үндэсний бөхийг санхүүжүүлэх боломж байхгүй байх.
Нөгөө талаас тавын даваанд хэн үлдээд байгааг том цолтой бөхчүүд анзаардаг гэж би боддог. Зүгээр нэг улсын цол горилогч уу? Эс бөгөөс өсөх ирээдүйтэй бөх үү? гэдгийг төвөггүй тунгаадаг. Болсон гэж үзсэн хүнээ бол дэмждэг. Хариугүй нэг, тун горигүй нөхөр начин боллоо гэх зүйл өнөөдөр байхгүй. Өмнө нь, дөрвийн давааны нугалаа хийдэггүй үед ганц нэгхэн сулхан начин болж байсан тал бий. Сул гэдэг нь гэхдээ муу гэсэн үг биш. Байнгын бэлтгэл хийгээгүй боловч, хөдөө орон нутгаас ирсэн нөхдүүдийг хэлж байна.
Үзүүр, түрүү бодож байгаа бөхчүүд хяргана гэж ярьдаг. Тэд хэнийг ч болов үлдээлгүй хяргаад л явчихдаг. Гарцаагүй начин болох бөхчүүд нь тунаад л үлддэг. Оюунболдыг 1.3 тэрбумаар улсад түрүүлнэ гээд наадмын өмнө нэг хэсэг бичсэн. Хаана тийм их мөнгө байгаа юм. Энэ бол ор үндэслэлгүй гүтгэлэг. Өнгөрсөн жил Батсуурь аваргыг түрүүлэхэд нь Санжаадамба өгсөн гэж л баахан цуурцгаасан. Санжаадамба шиг өөрөө даян аварга болох гэж байгаа хүн Батсуурьт ямар ч мөнгөөр худалдагдана гэж байхгүй.
Энэ жил Батсуурь аваргын бэлтгэл мөн л сайн байлаа. Түрүүлнэ гэсэн бодолтой байсан байх. Таны дээр хэлсэнчлэн давах бөхөө авах хэрэгтэй гэж. Сүүлийн найман бөхөөс Мөнхбат аваргыг авсан?
Насны хувьд ах, мөн нутгийн аварга. Гарцаагүй хаях хүнээ авах хууль л үйлчилсэн. Яах ч аргагүй.
Мөнхбат аварга мөчөөгүй өгөлгүй их үзсэн шүү.
2016 онд байх аа. Эрхэмбаяр аваргыг наймын даваанд Мөнхбат аварга авч унасан. Хүмүүс аварга, аваргаа авлаа гээд шуугиж байсан. Энэ бол бөхийн эрэмбэ. Нэгэнт бөхийн эрэмбэ үйлчилж буй хойно гурвын даваанд биш, долоо наймын даваа буюу их шөвөгт аварга аваргаа амлаж авахад болохгүй юм байхгүй. Мөнхбат аварга бол сайн аварга, мөн жудагтай бөх. Хүнтэй нэг их маргахгүй, тахимаа өгчихдөг. Барилдаж байхдаа янз бүрийн юм ярьдаггүй. Жудаг яривал Мөнхбат аваргаас нилээн жудаг ханхална даа.
Мөнхбат аваргын нэг ярилцлагыг уншиж байхад Аав нь газар тариалан эрхэлдэг. Тэгээд аавындаа очоод, зуны халуунд зэрлэг их зулгаасан. Намар бусадтайгаа ноцолдоход шуу болон хурууны бяр нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байсан гэж ярилцлагадаа дурдсан байдаг. 
Хүүхэд байхад хар бор ажил их тэсвэр тэвчээр суулгадаг. Хар халуунд тариан талбай дээр зэрлэг зулгааж байсан хүн чинь зааланд бэлтгэл хийхэд юундаа залхуурахав дээ. Бөхчүүд яагаад хөдөөнөөс гараад байна? гээд бод л доо. Хөдөөд хат суулгаж байна. Харин орон сууцанд компьютер ширтэж, буйдан дээр хэвтэж, идсэн хоол нь хүртэл аманд оронгуут уусчихдаг тийм юм идэж ууж байгаа хүнийг зааланд авчирч бэлтгэл хийлгэвэл шантарна. Гэтэл хөдөө ажилд нухлуулсан хүн бол хэзээ ч шантрахгүй. Танхил өссөн хүмүүст бэлтгэл бол зовлон.
Шинэ залуу цолонд хүрч байгаа бөхчүүдийн хувьд тавийн даваа бол их түгшүүртэй даваа байх.
Оюунболд энэ жилийн наадмын тавийн даваанд Мустафа гэдэг залууг амласан. Казакуудаас миний гараар нилээн хэдэн бөх дамжсан. Би Мустафаг сайн мэднэ. Оюунболд тавийн даваанд ам авах гээд гарахдаа арай өөр хүнийг ярьж байсан. Амарсайхан начинг авдаг юмуу гээд. Амарсайхан начинг авах юм болов уу гэсэн чинь Мустафаг авчихаад ирсэн. Өмнө нь, заалны барилдаанд яс үзээд бие биедээ жаахан шарлахсан юм билээ. Тэрэндээ авчихлаа гэж бодсон. Мустафатай барьц сонгуулсан. Тэр барилдааныг би харж чадаагүй. Мустафа хүчтэй, энэ цагийн сайн арслан. Би жаахан бухимдаад бөхчүүдийн байрладаг хонгил руу доошоо орчихсон. Доороос чих тавьж сонссон. Тэгсэн Оюунболд давлаа гэхээр нь гарч ирсэн. Мустафа цолонд ойрхон. Ирэх жилээс улсын цолонд хүрнэ. Бэлтгэл сайн хийдэг, барилдаантай, бяртай, сайхан бөх.
Бөхийн дэвээ шавааны хувьд Мөнхбаатар арслан их сайхан дэвнэ шүү.
Манай сургуулийн төгсөгч. Бат-Эрдэнэ аваргын гарын шавь. Талын Монголын хүчтэнүүд гээд бөхийн өргөөнд урлаг, спортын тоглолт болдог. Тэнд манай сургуулийн хүүхдүүдэд дэвж, шавахыг заагаад дараа нь тоглолт болдог. Оюутан байхаасаа л Мөнхбаатар сайн сурсан. Тэгээд улсын наадмын их шөвөгт үлдэх юм бол эртний энэ дэвээ шавааг цэнгэлдэх хүрээлэнд цугларсан ард олондоо үзүүлнэ гэж хэлж байсан. Түүнийгээ ч биелүүлсэн дээ.
Оюунболдын хувьд дэвээ шаваа тааруухан харагдаж байна. Урлаг муутай.
Харин тийм. 26 настай залуу аварга дэвээ шаваандаа анхаарах л хэрэгтэй. Аварга хүн чинь гэдсээ татаад, далаа нийлүүлээд сайхан дэвж, үзэгч түмний баяр талархлыг ч хүлээх ёстой.
Ирэх жилийн хол байна гэдэг. Энэ жилийн наадмаар дүгнэвэл ирэх наадамд начин, харцага цолтой бөх улсын наадамд түрүүлэх нь битгий хэл, заан цолонд хүрэхэд ч хэцүү болж байх шиг. Энэ олон аварга, арслангууд ид залуу насан дээрээ байдаг.
Болно доо , болно. Од нь гийсэн хүн бол их шөвөгт үлдэнэ. Харцагуудаас гэхэд ирэх жил дөрөвт үлдэх хүн бий. Тэрний дараа жил Улс хувьсгалын 100 жилийн их ой болно. 1024 бөх барилдана. Олон шинэ цолтон төрөх байх. Улсын цолгүй бөх 10 давбал шууд аварга болно. Арслан түрүүлвэл даян аварга болно.
Энэ жил сэргээшийн хугацаа нь дууссан Пүрэвсайхан заан, Бат-Орших гарьдыг барилдуулсангүй.Миний хувьд Бат-Орших гарьдын хувьд харамсаж явдаг. Үзүүр түрүүнд л үлдэж байх бөхийг барилдуулсангүй. 
Сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд миний гурван шавь байна. Пүрэвсайхан заан, начин Даш, аймгийн арслан Номиндалай. Тэднийг яах ч аргагүй. Сэргээш хэрэглэсэн нь гарцаагүй нотлогдсон. Сэргээш хэрэглэсэн бөхийн цолыг нь хурааж хоёр жилээр барилдах эрхийн хасна гэсэн дүрэм байна. Бид нар дүрмээ бариад л явахгүй бол миний, чиний хөөрхий гэж бодож болохгүй. Наадмын өмнө эрх нь сэргээгдсэн ч, Санжаа аварга тэргүүтэй бөхчүүд эсэргүүцээд цуцлагдсан. Гэхдээ эрх нь сэргээгдсэнийг сонсоод гурвуулан руу нь ярьж баяр хүргэсэн. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, барилдаарай гээд маргааш нь Сүүж ууланд уулзахаар болсон. Тэгсэн байдал өөр болсон. Дүрэм тийм учраас хойтон жилийг хүлээ гэсэн. Хамгийн гомдолтой хүн бол Даш, Номиндалай хоёр. Дашийн хувьд доод тал нь харцага, Номиндалайгын хувьд начин болчих боломжийг энэ хоёр жилд алдсан. Пүрэвсайхан болон Бат-Оршихын хувьд заан, гарьд болсон хүмүүсийн хувьд гомдол гайгүй байх. Даш, Номиндалай хоёрын хувьд хайран санагддаг. Гэхдээ яах вэ, сэргээш хэрэглэсэн л бол өөртөө гомдохоос, өөр бусдад гомдох зүйлгүй.
Бат-Оршихын хувьд түрүүлчих боломжтой байсан. Тэр жилийн наадмын үзүүр, түрүүний даваанд Содномдоржийг хаяж яваад хөмрүүлж унасан. 
Бат-Орших гарьд бол сайн бөх. Улсад үзүүрлэсэн бөх. Гарьд бол том цол. Гэхдээ өөрийн юм , миний юм гээд толгойг нь илж болохгүй. Сэргээш хэрэглэсэн л бол хэнийг ч адил хатуу л шийтгэх ёстой. Бусдад, залуучуудад сургамж болог. Харин ч цолыг нь хураасангүй. Суманчулуун, Адьяабат хоёрын цолыг хураасан. Тиймээс аавын хүүхдүүдийг алагчилж болохгүй.
Сэргээш хэрэглэсэн бөхчүүдтэй хатуу тэмцэж байж сэргээшийг зогсооно.
Бат-Орших гарьд, Пүрэвсайхан заан, Даш начин ирэх жилийн наадамд зодоглоно. Алдсанаа нөхөх гэж оролдоно. Наадам илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болох нь. 
1998 оны залуучууд улсын цолтоны эгнээнд нэгдэж эхэллээ. Улсын начин болдог Орхонбаяр "Аварга" дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан гээд болчих. 2000 оныхон гараад ирнэ гэдэг бол 1990-ээд оны эхний үеийнхэн хурдхан цол руугаа явахгүй бол дүү нараа урдуураа алдахын дохио. Ам угтуулаа буруу амлах, сэргээш хэрэглэж хоёр жилээр барилдах эрхээ хасуулбал дууслаа л гэсэн үг. Хорин настай байхад, барилдах хугацаа барагдахгүй юм шиг л санагддаг. Гэтэл амьдрал дээр үүлэн чөлөөний нар шиг ахар богино. Бөхийн ид оргил үе нь ганц хоёрхон жил ч байдаг.
Урилгыг хүлээн авсанд талархая. Үндэсний бөх хөгжүүлэх, судлах, заах ажил үйлсэд тань амжилт хүсье. Олон олон шавь чинь улсын цол зэрэгт хүрч, багшийгаа, монгол түмнийгээ байрлуулж явахын өлзийтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Танд баярлалаа.
"Комментатор" нэвтрүүлэгт урьсанд талархлаа. Мэдээлэл тун бодитой, зөв байх ёстой гэж би боддог. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ddd:"> 2019-09-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?