Х.МАНДАХБАЯР: БИД САЛБАРААРАА ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЗОГСВОЛ ЭНЭ ТӨРД АВИЛГАЧ НЭГ Ч ӨДӨР ТЭСЭХГҮЙ

2019-09-06  
"Комментатор" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай "Комментатор" нэвтрүүлэгт хөөрөлдсөнийг буулган уншигч танаа хүргэж байна.
 
 
-Та МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа түдгэлзэж, хэсэг хугацаанд завсарласан. Та түдгэлзэхээ зарлах хэвлэлийн бага хурлын үеэр “Монголын сэтгүүл зүй, монголын сэтгүүлчид худалдагдсан " гэж хэлсэн. Таны хэлсэн үгийг нийгэм өөр өөрийнхээрээ тухайн үед хүлээн авсан. Дургүйцсэн, эсэргүүцсэн хэсэг бий. Мэдээж, сэтгүүлчдэд таатай сонсогдоогүй. Таныг МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа бүрмөсөн орхих юм байх гэтэл Та эргээд ажилдаа орчихлоо. Сэтгүүлчид Таныг хүлээн авах болов уу?
-Өөрийгөө өмөөрч үг хэлэхээсээ илүүтэй, юуны өмнө учир шалтгааныг тайлбарлахыг оролдъё. Асуудал хоёр талтай. Ний нуугүй хэлэхэд, тэр үед шууд тэгээд хэлчихнэ гэж огт бодож, санаагүй. Тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлж, тэгэж хэлэхээс аргагүйд хүргэсэн. Тодотгоход, миний хэлсэн үгийн тэрүүхэн хэсгийг нь тасдаж аваад сонсох юм бол бүх сэтгүүлчид худалдагдчихсан юм шиг, бүх хэвлэл мэдээлэл хараат бус байдлаа алдчихсан юм шиг утгаар МСНЭ-ийн ерөнхийлөгч хэлчихсэн. Би угтал болсон тайлбарлах зүйлээ орхигдуулаад хатуу өнцгөөс шууд тэгээд хэлчихсэн явдал бол нэг талаас миний алдаа. Нөгөө талаас " Би бүх сэтгүүлч худалдагдсан гэж хэлж байгаа юм биш. Сэтгүүлч худалдагдах байдал аймшигтай түвшинд оччихсон байна” гэдгийг тэрхүү хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцолсон . Төгсгөлд хэлсэн миний энэ үгийг санаатайгаар танаж орхигдуулсан мэдээллийг цахимаар түгээсэн нь өрөөсгөл. Тухайн үед миний бие өвдчихсөн, маш их дайралт, гүтгэлгүүдэд өртөж, бүр амь насанд халдах хэмжээний заналхийлэл, дарамт учирсан, зөвхөн над руу биш, миний гэр бүл рүү маань ч дайрч довтолж байсан үе. Миний эхнэрийн хаана, хэнтэй явж байгааг надад утсаар мэдэгдэх байдлаар дарамталж байсан үе. Тэр өдөр хэвлэлийн бага хурал зарлачихсан байдаг. Эмч гаргадаггүй. Хэрэв гарвал харвалтын байдалтай байгаа хүний амь насанд халтай гэж үзэж байсан. Сэтгэл зүйн ийм дарамттай байсан хүн тухайн үеийнхээ эмоцио барьж дийлээгүй. Мэдээж хүний амнаас гарсан зүйлийг буцааж болохгүй. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэлбэр бол тийм ч чухал биш.
Мандахбаяр гэдэг хүн “Сэтгүүлчид худалдагдсан” гээд хэлчихсэн нь үнэн. "Гэхдээ уучлаарай, бүх сэтгүүлч худалдагдсан гэж хэлж байгаа юм биш” гэж тэр хэвлэлийн бага хурлын төгсгөлд залруулсан.
-Монголын сэтгүүл зүй бүхэлдээ худалдагдсан гэдгийг би хувьдаа зөвшөөрөхгүй. Тийм боловч, Монголд худалдагдсан сэтгүүлч зуу зуугаараа байна. Эздийнхээ дохио даалгавраар ажилладаг, хэвлэл мэдээллийн үүргээсээ гажсан байгууллагууд олноороо оршиж байна. Энэ бол өнөөгийн бодит байдал.
-Та бол энэ салбарын түүхийг мэдэх, алдаа, оноог нь дүгнэж хэлэх хүний нэг. Таныг үг хэлэхэд бусад нь сонсох хэмжээний тийм кадр. Уг нь таны саяын хэлснийг л хэлэх гэж явж байгаад “хатуудуулсан". Миний үг хоёр талтай л хүрсэн байх. “Нээрэн л тийм шүү” гэж Монголын нийгэм хүлээн авсан. Сэтгүүлчид “Биднийг бүгдийг нь тэгээд хэлчихлээ шүү дээ” гэж сэтгүүлчид маань гомдсон зүйл бий.
-Таны мэдэлд өдөр тутмын "Өглөөний сонин”, “Zindaa.mn”, “TV8” бий. Тэнд мөн сэтгүүлчид , хэвлэл мэдээллийн ажилтнууд л ажилладаг. Тэд бас гомдолтой л хүлээж авсан болов уу?
-Бусад сэтгүүлчдийн л адил хүлээн авсан. Таны хэлж буй шүүмжлэлийг мэргэжил нэгт олон сэтгүүлчээс дуулсан. Тэмцэл хөдөлгөөн хийгээд явж байхад ч, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажилдаа эргэн ороход ч сануулсаар байна.
-“Таны тэмцэл сайн байлаа. Та шударга ёсны талд зогсож чадлаа. Гэхдээ Та алдаа гаргасан шүү” ийм үгийг олонтаа сонслоо. Тиймээс би хэлсэн үгийнхээ төлөө Монголын нийт сэтгүүлчдээс уучлалт гуйж байна. Хариуцлагатай, өндөр алба хаших тусмаа үгээ цэгнэх, үйлдлээ хянах нь зөв юм гэдэг сургамжийг авлаа. Мэдээж, тухайн үеийн Хэвлэлийн бага хурлын 30 минутын бичлэгийг бүрэн эхээр нь шүүн тунгааж байх тийм завтай хүн цөөн. Тиймээс сэтгүүлчдийнхээ зөв гэж үзэж байна.
"Хэвлэл мэдээлэл худалдагдах" гэдэг бол ноцтой асуудал. Энэ байдал нь шүүмжлэлийн хэлэлцэх түвшинд биш, онц байдал зарлах хэмжээнд хүрсэн. Хэрэв манай салбарт онц байдал зарладаг бол шалтгаан нь энэ. Дээр нь сэтгүүлчийн хараат бус байдал асуудалд тулгарсан. Энэ бүхэн эргээд сэтгүүлчийн нийгмийн асуудал, цалин хөлс, хууль эрх зүйн орчин, МСНЭ гэдэг мэргэжлийн төв байгууллагынх нь хараат бус байдал, санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой. Энэ бүхэн явсаар байгаад сэтгүүлчдийн хараат бус байдал, ёс зүйд нөлөөлж байгаа юм. Тост тосон бумбын тэмцэлтэй холбогдуулан ганцхан жишээ татья. "Тв4” телевизийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хэлэхэд хэцүү болжээ. Тэнд ажиллаж буй сэтгүүлчид нь ёс зүйгээ гээсэн. Тэр телевиз гүтгэлэг хийлээ. Сүүлдээ заналхийлэх байдалтай болчихлоо. Зохион байгуулалттайгаар, нэг улстөрч, нэг олигархийн шууд даалгавар захиалгаар үнэн болгоныг мушгин гуйвуулаад, буруу болгоныг үнэн болгож харагдуулахаар улайран зүтгэсэн. Үүнийг л “худалдагдсан сэтгүүл зүй” гэж хэлж байгаа юм. Мөн тэнд ажилласан сэтгүүлчийг “худалдагдсан сэтгүүлч” гэж хэлэхээс өөрөөр яаж нэрлэх билээ.
-Нэр зааж шүүмжиллээ. Ингэхэд Танд үүнийгээ батлах баримт бий юу?
-Байгаа. Яг одоо "Тост, Тосон бумба ба сэтгүүл зүй” нэвтрүүлэг хийж байгаа. Юу болоод өнгөрснөө ч эргэн нэг харъя. Засгийн газрын шийдвэр гарч, бид ялсан. Гэхдээ ингээд орхиж болохгүй. "Монголын сэтгүүлчид худалдагдсан” гэж хэлсэн алдаагаа ч Мандахбаяр тайлбарлахгүй орхиж болохгүй. Худалдагдсан нэгнийгээ шүүмжилж чаддаггүй, бас хатуу үгийг нүд рүү нь хараад хэлж чадалгүй орхиж болохгүй.
-МУИС-д сэтгүүл зүйгээр багшилж байсан Г.Өнөрбаяр доктор “Сэтгүүл зүй, ПИАР хоёр нэг юм” гэж нэгэн семинарт хэлэхийг сонсоод их гайхаж билээ, тэр жил. Ийм буруу ойлголттой багш сэтгүүлзүйг Их , Дээд сургуульд заана гэдэг бол маш хортой.
-Огт өөр хоёр зүйл. Сэтгүүл зүй бол нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлдэг. ПиАр бол захиалагчийн эрх ашгийг хэрэгжүүлдэг. ПиАр эцсийн зорилгодоо хүрэх нь чухал болохоос биш үнэн зөвийг ялгаж салгадаггүй. Ер нь “Мандахбаяр шантаажчин” гэдгийг ойлгуулах нь чухал болохоос биш “Мандахбаяр шантаажчин мөн үү, биш үү” гэдгийг тогтоох нь ПиАр-чдын ажил биш. Тэдний ажил бол хэн нэгнийг харлуулах зорилготой бол түүнийгээ л биелүүлнэ. Алвал ална. Өөр ямар ч зорилго байхгүй. Тэр талаараа алуурчинтай төстэй.
Нөгөө талд нь хэрэв тэр хүн буруугүй нь тогтоогдоод ирвэл ПиАр-чид илүү их гүтгэдэг. Бидний хамгийн их эмзэглүүштэй сэдэв бол энэ. Хэвлэл мэдээллийн редакцаас ПиАр-ыг холдуулах ёстой. Сэтгүүлч хүн өөрийнхөө үйл ажиллагааг зөв гэдгийг нь олон нийтэд нотлохыг оролдож байгаа нь ПиАр биш. Олон нийтийн оюун тархинд зөв мэдээллийг баталгаажуулахын төлөө хийж байгаа үйлдэл мөн. Түүнээс биш олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч мэргэжлийг ашиглаад ПиАр-ын ажил хийж байгаа нь сэтгүүлчийн хийх ажил үнэндээ биш. Монголд ПиАр-чин олон бий. Тэд нар ПиАр-ынхаа ажлыг хийг. ПиАр-чдын урхинд сэтгүүлч бид татагдан орж болохгүй.
-Та энэ зунжингаа тэмцлээ. Өмнөговийн Тост, Тосон бумбад үйл ажиллагаа эрхэлж байсан “Сауд Гоби Коал Транс” компанийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ тэмцэлд цэг хатгалаа. "Сауд Гови Коал Транс" компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Та бүхэн тэмцлээ богино хугацаанд ийм үр дүнд хүрнэ гэж төсөөлж байв уу?
-Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ ийм богино хугацаанд яг бидний хүсэж, зорьж байсан хуулийн гаргалгаагаар шийдэгдэнэ гэж төсөөлж ч байсангүй. Асуудал нь өөрөө маш ойлгомжтой. Хүсвэл, захын хуульч, захын сэтгүүлч нэг цаг уншаад л ойлгох зүйл. Хуулийг аймшигтай зөрчсөн, огт эвлэрч болохгүй үйлдэл. Тиймээс ч "Ийм зүйлийн эсрэг тэмцэх ёстой. Ямар ч үнээр хамаагүй үүний эсрэг зогсох ёстой юм байна" гэдэг итгэл үнэмшил төрсөн.
Хүний амь нас ч холбогддог, маш их хэмжээний мөнгө ч энэ сэдвийн ард сөхөгддөг. Шуудхан хэлэхэд, тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн дээрхи компанийн 50 хувийг эзэмшдэг. Үлдсэн 50 хувийг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авсан Худалдаа хөгжлийн банк, олон лицензүүдийн эзэн “сахал” гэгдэх Д.Эрдэнэбилэг эзэмшиж буй уурхай. Одоогийн тогтоогдсон нөөц нь 70 сая тонн. Магадлалтай нөөц нь 400 сая тонн коксжих нүүрстэй. Тэгэхээр энэ хүмүүс энэ их баялаг, мөнгийг яаж зүгээр орхих вэ дээ. Энэ тэмцэлдээ юуг ч худалдан авч, юуг ч харлуулж гүтгэхийг үзлээ.
Үүний төлөө ганц Мандахбаяр гэдэг хүн ганцаар тэмцээд, цогтой ялалт байгуулчихсан асуудал биш. Монголын төр, орон нутгийн удирдлагууд, нутгийн шударга иргэд, үе үеийн сэтгүүлчид гээд олон хүн энэ тэмцэлд нэгдсэн. Би тэдний нэг нь л юм. Магадгүй, миний давуу тал гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эзэмшиж байсных байх. “Тв8” телевиз шууд дамжуулсан нь, “zindaa.mn” сайт мэдээллийг цензургүй гаргаж, олон нийтэд мэдээлж байсан нь, “Өглөөний сонин” тусгай дугаар нийтлэн олон түмэнд тарааж байсан нь, нөгөө талдаа би тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг, санхүүгийн хувьд бусдаас хараат бус байсных гэж харж байна. Үнэндээ надаас илүү, хатуу тэмцсэн олон мянган иргэн бий. Тэднээс ялгаатай нь надад арай илүү боломж байлаа. Тэр үүднээс харвал, ялалтад хүрэхэд тодорхой хэмжээнд миний хувь нэмэр байсан гэдгийг би ухамсарлаж байгаа.
-Ингэхэд Та яг хэзээнээс энэхүү тэмцлээ эхэлсэн бэ?
-Би Өмнөговь аймгийн хүн. Миний аав Р.Хархүү гэж яруу найрагч хүн бий. Говийнхон бол манай говийн ганц яруу найрагч гэж үнэлдэг. Аав маань 33 ном бичсэн сэтгүүлч, яруу найрагч. Өмнөговиос маш олон сэтгүүлч, яруу найрагчид төрсөн. Тэр хүмүүс миний аавыг хүндэлдэг. Хөдөөгийн яруу найраг, хөдөөгийн сэдэвт бүтээлд миний аавын бүтээл том орон зай эзэлдэг. Би аавынхаа номыг уншиж өссөн хүн. Тэр сайхан шүлгээс Өмнөговь аймгийн уул ус, дов толгодын тухай их уншсан даа.
-Зохиолч, яруу найрагчид бол ясны эх орончид.
-Зүрхнээсээ бичиж байгаа хүн хэзээ ч эх орноо худалддаггүй. Аавын үзэл санаа манай гэр бүлд туссан шиг байгаа юм. Би ганцаараа ч ийм биш. Аав минь “Эх орон, газар шороо чинь байхгүй бол чиний үр хүүхэд байхгүй. Монгол хүн гэж байхгүй” гэж хүмүүжүүлсэн.
Тэр ч утгаараа 2017 оны гуравдугаар сард Тост, Тосон бумбын нурууны төлөөх тэмцлээ анх эхлүүлсэн. Тэр үед би Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байв. Би энэ түүхээ ч гэсэн үнэнээр нь ярья. Улстөржүүлэх хандлага явж байгаа учраас бодит байдлыг ил тодоор хэлье. Авах, гээхийн ухаанаар хандах нь уншигчдын асуудал.
2012 оны долоодугаар сарын 16-нд би ерөөсөө улс төрд оръё гэж шийдээд, МАН -ыг сонгуульд ялагдсан үед гишүүнээр нь элссэн. Мянга мянгаараа энэ намаас гарч байсан үед элсэн орж байв. Шударга ёс тогтоохын төлөө өөрийнхөө хэмжээнд оролцох ёстой гэж элссэн. Яагаад гэвэл эрх мэдэлд хүрснээрээ хүн илүү олон хүнд туслах боломж гардаг. Чи шударга ёсны төлөө, шударга шийдвэр гаргах юм бол чи маш олон хүнд тусалж чадна. Ийм боломж нь эрх мэдэлд байдаг. Жишээлбэл, өнөөдрийн У.Хүрэлсүх ерөнхий сайдын гаргаж байгаа шийдвэр. Би Ерөнхий сайд болох гэж хэлж байгаа юм биш шүү. Илүү олон хүнд туслахын тулд улс төрд орох ёстой юм байна гэж ойлгож явсан удаа бий.
Ингээд улс төрийн ажил хийж эхэлсэн. Намын бага хурлын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон. 2017 оны нэгдүгээр сарын 8-нд Өмнөговь аймгийн намын хорооны дэд даргаар сонгогдож, нутагтаа очиж ажиллаж, амьдарсан. Эхнэр, хүүхэдтэйгээ нутагтаа нүүж очиж байлаа. Очоод миний хийсэн ажил бол орон нутгаа тойрсон. Тэр үед Тост, Тосон бумба битгий хэл өөр сумдын иргэд ч яриад байсан. Хүмүүс “Нутаг орон чинь хэцүүдлээ. Чи яруу найрагч Р.Хархүүгийн хүү, сэтгүүлч. Тиймээс үүнийг гаргаж өгөөч” гэж хэлж захисан. Яг одоогийн органик тэмцэл шиг органик хүсэлтүүд ирж байсан. Тэгээд би Гурвантэс суманд хэдэн өдөр ажилласан. Тэгээд эргэж ирж байгаад zindaa.mn сайтаасаа гурван хүн авч явж, 2017 оны дөрөвдүгээр сард “Тосон бумбын нулимс” гэдэг цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн. Нэвтрүүлгээ би өөрөө хөтөлсөн. Гэвч нэвтрүүлгийг маань гаргах телевиз тухайн үед олдоогүй. Сүүлдээ төлбөр төлье гэхэд хүртэл гаргаагүй. Тэгээд аргагүй сошиал дээр тавьсны дараа 2017 оны дөрөвдүгээр сарын 29-нд Өмнөговь аймгийн Номгон сумаас 17:00 цагийн үед хурал дээрээс би тагнуулынханд баригдаж байсан.
-Яагаад барьж байгаа юм бол?
-Надад ямар ч хамаагүй асуудлаар зохиомол хэрэг үүсгээд барьсан. Хил дээр өвөрмонгол залуу 40 орчим сая төгрөгийн юаньтай баригдсан байгаа юм. Одоо Б.Хурцтай хамт яллагдаад явж байгаа О.Бархасбадь тэр үед Тагнуулын мөрдөн байцаах хэлтсийн дарга байсан. Баригдсан өвөрмонгол залуу ;- Мандахбаяр гэдэг хүнд энэ мөнгийг өгнө гэж мэдүүлэг өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, намайг гэрчлүүлж байгаа юм шиг хуурамч нөхцөл байдал руу оруулсан юм. Өөрөөр хэлбэл, надад хилс хэрэг тохохыг санаархсан. Тэр нь надтай ямар ч хамаагүй. Хоёр сар шалгасны эцэст уг хэрэг хэрэгсэхгүй болсон. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байсан. "Ийм бузар булай зүйлд намын хорооны дэд дарга нь орооцолдчихоод байхад намайг хамгаалдаггүй юм бол би хэвлэлийн хурал хийлээ” гэж хэлснээр уг хэрэг хэдхэн хоногийн дотор хэрэгсэхгүй болж байсан сонин түүхтэй.
-Тэгээд яагаад хоёр жил сураггүй болчихов?
Энэ асуултыг хүмүүс сөргүүлэн тавьдаг. Орхиогүй. Яг л энэ хэргийнхээ араас явж байсан. Хэргийн араас тасралтгүй явж байсан нутгийн иргэн Сүрэнхүүгийн өмгөөллийн зардлыг бий болгох, өмгөөлөгч олж өгөх ажилд идэвхийлэн оролцсон. Тэмцэл гэдэг гар далайгаад дайрахын нэр биш. Асуудлыг шийдүүлэхийн төлөөх зөв зохион байгуулалт. Нутгийн иргэд тухайн компанийг шүүхэд өгснөөрөө хоёр жилийн турш уг компанийн үйл ажиллагааг нь зогсоож чадсан. Энэ хугацаанд нутгийн иргэдийн оролцоотой хэвлэлийн бага хурлыг удаа дараа зохион байгуулсан. Мэдээллийг өгч, олон нийтийн анхаарлын төвд байлгахыг зорьсон. Би өөрөө байнга ил гарч ирээд, дуугараад байх нь зохимжгүй гэж үзсэн.
Гэтэл 2019 оны гуравдугаар сарын 18-нд нутгийн иргэдийн нэхэмжлэл шүүх дээр эцсийн байдлаар ялагдсан. Сонирхолтой нь, тус компани 2018 оны арванхоёрдугаар сард шүүхийн эцсийн шийдвэр гарахаас гурван сарын өмнө нутгийг минь ухаад эхэлчихсэн байсан. Шүүхийн шийдвэр өөрийн талд нь гарна гэдгийг мэдэж байсан байна. Дээрээс бяртай байгаагаа харуулж байгаа юм. Тэртэй тэргүй шийдвэр өөрийнх нь талд гарна гэдгийг мэдэж байсан. Тэгээд л гуравдугаар сарын 18-наас эхлэн “Бид хуулийн дагуу ажиллаж байна” гэдэг мэдэгдэл хийж эхэлсэн.
-Б.Чойжилсүрэн гэдэг хүн Монголын топ 30 гэр бүлийн нэгд багтана. Зайсангийн орой дээрээс шөнийн Улаанбаатарыг тольдвол энэ бүхэн алган дээр байгаа мэт дурайдаг.
-Нээрэн л Зайсан толгой дээрээс Монголын нийгмийг буруу зүйлд түлхсэн олигархуудын газрын зураг харагдаж байгаа. Тэрний нэг нь Чойжилсүрэн яах аргагүй мөн. Гуравдугаар сарын 18-нд шүүхийн шийдвэрийг хүлээн авангуут Сүрэнхүү эгчээс ярилцлага авч “zindaa.mn”, “Өглөөний сонин”-д нийтэлсэн. Гэтэл чив чимээгүй. Гол руу жижиг чулуу шидэхэд юу ч өөрчлөгддөггүйтэй адил байсан.
Миний хувьд тэмцлийн замаа орхих хялбар аргыг сонгож болох л байсан. Ердөө л, "Нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудлыг би одоо яах билээ?. Гэхдээ би тэмцсэн шүү" гээд тоглолтоос гарах сонголт байсан уу? гэвэл байлаа.
Хувийн бизнес, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа үргэлжлүүлэн хийгээд, шударга сэтгүүлч царайлаад “Даанч Б.Чойжилсүрэн хүчтэй юм байна. Би ялагдсан” гээд матрын нулимс унагаад явбал явж болох л байсан. Гэвч яг үнэндээ "намайг ална" гэсэн ч би ийм шийдвэр гаргаж чадахгүй. Тэгсэн хэрнээ би бичээд бичээд нэмэргүй байгааг биеэрээ мэдэрсэн. "Тв8” телевизийг 22 жил алдаж, онож бизнес хийж байж хуримтлуулсан хөрөнгөөрөө худалдан авсан нь хүч, бүл нэмсэн.
Тэмцэх явцад сэтгүүлчийн ажлаас хальсан зүйлтэй учирсан учраас шударга үнэнийг эрэлд мордсон олон түмнийг нэгтгэх хэрэгтэйг ойлгосон. Нутгаа хамгаалах үзэл санааг нийгэмд сурталчлах ёстойг ухаарсан. Тэгээд үнэний талд байгаа хүмүүсийн дуу хоолойг төрд хүргэе. Асуудлыг шийдэх гаргалгааг Монголын төрд сонсгохгүйгээр цааш явахгүй юм байна гэдэг бодол төрсөн. 2019 оны дөрөвдүгээр сард төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гуай, гавьяат уулчин Г.Өсөхбаяр, дуучин Т.Батсайхан гээд Өмнөговь аймгийн нүүр царай болсон хүмүүстэй хамтарч хэвлэлийн бага хурал хийснээр юм юм эхэлсэн дээ. Гүтгэлэг ч , дарамт, заналхийлэл ч эхэлсэн. Би өөрөө ч хурцлагдсан. Би уг нь тэмцэл хийлгүйгээр сайхан амьдрах боломжтой хүн. Хангалуун амьдрах, хангалттай мөнгө ч олдог бизнестэй. Нэгэнт тэмцлийг сонгосон учир тайван амьдрал маань ард үлдсэн. Өмнө минь зөвхөн тэмцэл харагдаж байв. Үүний төлөө зогсолтгүй явах ёстой гэдэг зорилгыг өмнөө тавьсан.
Тэгээд би сэтгүүлч хүн учраас Тост Тосон бумба руу явахаар сэтгүүлчдээ уриалсан. Бүгдээрээ хүсэх, очих байх гэж төсөөлөөд том оврын автобус захиалсан. Санаснаас бага, гэхдээ яг 28 сэтгүүлч бүртгүүлсэн. Гэтэл том оврын автобус эрсдэлтэй гэж учир мэдэх хүмүүс зөвлөсөн. Нэгдүгээрт, томилолтоо олон нийтэд ил болго, хоёрдугаарт тэр олон сэтгүүлчийг нэг автобусаар авч явах нь буруу. Ийм зөвлөгөөг сонсож, найз нөхдөөсөө гуйж , дэмнэж байгаад хэдэн жийп машинд хуваагдан сууж, сэтгүүлчдийн нэгдсэн анхны сурвалжлагаа хийж байсан. Сэтгүүлчид бүгд миний талд бас биш. Нэг хэсэг нь миний үгэнд итгэнэ. Нөгөө хэсэг нь уурхайн үгэнд итгэнэ. Аль нь зөв, аль нь буруу болохыг мэдэхгүй. Ингээд уурхай дээр очиход уурхайнхан тэнд очсон сэтгүүлчдийн тархийг угааж амжсан. Намайг хөөж гаргаад сэтгүүлчдийг уурхай руугаа дагуулан оруулж, дусал ч усгүй хэсгээ үзүүлэнгээ, нийгмийн хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж байгаа гээд хэлж дөнгөсөн. Өмнөговийг зорьж ирсэн дийлэнх сэтгүүлчид асуудлыг бараг нөгөө талд ойлгосон. Тэдний буруу биш шүү дээ. Яагаад гэвэл уурхайнхан мундаг ажиллаж чадсан. Тэгэхээр нь би нэг сэтгүүлчээ авч, уурхайг тойроод камераа эвдүүлж, өөрөө зодуулсан. Хамгаалагчид нь биднийг барьж, дарж унагаад, толгой дээр өвдөглөөд сууж байгаа юм. Маш зэрлэг балмад. Тэгэж байж л анхны цүнхээлийн усны зургийг авч дөнгөсөн. Хамт ирсэн сэтгүүлчид маань ; -“Энд булаг шанд сүйдлээ гэж биднийг Та авчирсан. Гэтэл хаана байна. Та яагаад худлаа ярьж байгаа юм бэ” гэж надаас шалж, давшилж эхэлсэн. Би ч үүнийг нотолж чадахгүй бол урагш нэг ч алхахгүй юм байна гэдгийг ойлгосон. Эрсдэл үүрэн уурхай руу дотогшоо нэвтэрсний хүчинд хийсэн цүнхээлийн бичлэгээ үзүүлсэн. Түүнийг нүдээрээ үзсэн сэтгүүлчид маань шууд эргэсэн. Уурхайнханы худал ярьсныг, цүнхээлийн устай зэрэгцүүлэн тавьж байж энэ тэмцэл зөв зам руугаа дөнгөж эргэсэн.
Энэ дашрамд, худалдагдалгүй зогсож чадсан сэтгүүлч хамт олондоо баярлалаа.
-Тост, Тосон бумбын хэлэлцүүлэг Төрийн ордонд болсны маргааш нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг уурхайг зогсоох шийдвэр гаргасныг Монгол улсын иргэний хувьд би талархан угтсан. Битүү өтгөн хар үүлэн дундаас нар цухуйх шиг болсондоо. Ард түмнээ сонсдог сайн засаглал Монголд бий болсныг сүүлийн 30 жилд анх удаа харлаа. У.Хүрэлсүхийг МАНАН-д барьцаалагдаагүйг хараад давхар олзуурхалаа.
-Та бид хоёр ингэж ярьснаараа их шүүмжлүүлнэ. Би тантай 1000 хувь санал нэг байна. Би ийм хурдан Монголын төр шийдвэр гаргаж, иргэнээ сонсоно гэж бодоогүй. Тиймээс олон түмнийхээ өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танд баярлалаа гэж хэлье. Маш олон шударга иргэн энэ тэмцлийн төлөө явсан. Энэ нутгийг хамгаалахын төлөө явж байгаад Т.Лхагвасүмбэрэл гэж хүн амиа алдсан. Ийм маш ээдрээтэй асуудалд улс төрийн шийдвэр гаргах зориг зүрхтэй хүн ховор.
-У.Хүрэлсүх өнөөдөр эрх баригч намын дарга ч гэсэн түүний энэхүү шийдвэр тодорхой эрсдэл дагуулж мэдэх .
-Маш их эрсдэл дагуулж байгаа нь ойлгомжтой. Энэ шийдвэрийн дараа попорлоо, Засгийн газар тогтворгүй боллоо, Үндсэн хуулийн өөрчлөлт унах нь гэх зэргээр эргээд Ерөнхий сайдынхаа эсрэг гүтгэлэг хийж эхэлсэн. Хувь хүнийх нь нэр хүндээр, итгэл үнэмшлээр нь, Монгол улсын Засгийн газраар, бүр Үндсэн хуулиар барьцаалж МАНАН-гийнхан гэгдээд байгаа олигархууд Ерөнхий сайд руугаа дайрч байгаа юм. Үүнийг мань эр тооцсон. Гэхдээ үүнийг сөрж шийдвэр гаргана гэдэг Таны хэлсэнчлэн Монголд сайн засаглал байгаа гэдгийг өөрийн биеэр нотолж харуулсан. Би үүнийг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн хүний нэг.
-Өмнө нь ажиллаж байсан мэдлэг чадвартай гэгддэг байсан С.Баяр, М.Энхсайхан, С.Батболд гээд Ерөнхий сайдуудаас хэн ч У.Хүрэлсүх шиг шийдвэр гаргаж чадахгүй байсан гэж би харж байна.
-Яг л тийм. Өндөр боловсролтой, ухаалаг, сайхан илтгэдэг байгаад шийдвэр гаргаж чадахгүй бол хэрэггүй. Тийм учраас энэ бол поп шийдвэр байгаагүй. Харин ч топ шийдвэр байсан. Монголын төрийн түүхэнд, иргэний хөдөлгөөний түүхэнд, сэтгүүл зүйн түүхэнд маш том жишиг болж үлдэнэ. Тэмцлийг бидэнтэй хамт хийж байсан хүмүүст би “энэ бол нэг уурхайг хаах асуудал биш. Энэ бол жишиг тэмцэл шүү” гэж хэлдэг. У.Хүрэлсүх Монголын төрд байгаа ажлаа хийдэггүй хүмүүст зориулж шийдвэр гаргалаа шүү дээ. Сэтгүүлчийн хувьд дүгнэхэд Ерөнхий сайд асар богино хугацаанд зоримог шийдвэр гаргахдаа, дагуулаад Монгол Улсын бүх уул уурхайн лицензийг шалга гэдэг үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ Монголын нийт уул уурхайд зориулсан сайн засаглалын шийдвэр. Үүнийг Монголын ард түмэн харлаа шүү дээ. Одоо Монголын ард түмэн уул уурхайн салбараас хариуцлагатай үйл ажиллагааг хүлээх болно. Хууль зөрчсөн уурхайг хаах юм байна. Шинээр энэ мэт, Б.Чойжилсүрэнгийн уурхай шиг авлигажсан уурхайг нээж болохгүй гэлээ. У.Хүрэлсүхийн үед нээхгүй гэдгээ өөрөө зарлалаа. Цаашдаа үүнийг санаж яв гэдэг жишгийг тогтоож өглөө. Тэгэхээр бидний иргэдийн тэмцэл ч жишиг байсан. Төрийн шийдвэр ч жишиг байсан. Тиймээс ард түмэн энэ хүний дараагийн шийдвэрийг хүлээх ёстой.
Гэтэл ПиАр-чид “Одоо яах вэ” гээд л ярьж байгаа. Одоо шүүхдээд буцаагаад авчихаж магадгүй гэж бодож байгаа ч боломжгүй гэдгийг нь бид мэдэж байгаа. Сүүлийн хоёр сар зөвхөн энэ талаар ажилласан болохоор лиценз нь хууль бусаар олгогдсон уурхайд Монголын төр нөхөн олговор олгох ямар ч боломжгүй юм билээ. Үүнийг баталгаатай хэлье. Гэсэн ч олон нийтийг төөрөгдүүлэх хар ПиАр-аа тэр зогсолтгүй цацаж байна.
-“Б.Чойжилсүрэн энэ уурхайд хамааралгүй болсон” гэж өөрөө хэлсэн шүү дээ.
-Одоо яг үнэндээ Б.Чойжилсүрэнгийн ч юм уу, нэг компанийн үгийг сонсоод байх шаардлагагүй. Тэд юу ярьдгийг мэдэх болсон. Энэ төр ажлаа хийг. Сэтгүүлчид бид ажлаа хийе. Ер нь үнэн ялдаг гэдгийг саяын тэмцэл харууллаа. Ний нуугүй хэлэхэд шийдвэр гарсны дараа бид огцом баярлаад, шоконд орсон. Гэхдээ ингээд зогсож болохгүй гэдгийг ойлгосон. Одоо бол би дахиад тэмцэгч болоод уурхайн гадна зогсох нь чухал биш. Түүнээс илүүтэйгээр төрийн шударга шийдвэрийг хамгаалж, олон нийтэд сурталчилж байх нь сэтгүүлч бидний үүрэг юм.
-Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, нийтлэл, нэвтрүүлгийн мөрөөр Монголын төр, засгаас арга хэмжээ авдаг шинэ жим гарсныг би ололт гэж харж байна. Хэвлэл мэдээлэл хүчтэй байх нь нийгмийн амьдралд нөлөөтэй. Өнөөдөр нийгэм уруудаад байгаа нь хэвлэл мэдээллийг олигархууд хармаандаа хийсэнтэй холбоотой. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлгийн мөрөөр арга хэмжээ авч, хариуцлага тооцдог мартагдсан жишиг сэргэж буйд олүуурхаж байна. Хамгийн гол нь хэвлэл мэдээлэл ард иргэдийнхээ үнэний төлөөх дуу хоолой болж чадсаныг бас чухалчилья.
-Цөөхөн хэвлэл мэдээллийн байгууллага ард иргэдийнхээ талд зогсоход ийм үр дүн гаргаж чадаж байна. Бид салбараараа шударга ёсны төлөө зогсвол энэ төрд авлигач нар нэг өдөр ч тэсэхгүй.
-Та МСНЭ-ийн ерөнхийлөгч. Эрч хүчтэй хүн гэдгийг олон удаа ажигласан. МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ч маш богино хугацаанд 21 аймгаа тойрсон. Хийх ажлаа тодорхойлсон байх.
-БИ МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлыг аваад нэг л зүйлийг ойлгосон. 21 аймгаар явж, олон редакц дээр очиж ажилласан. Надад төрсөн зүйл бол сургалт төдийхнөөр сэтгүүлчдийн төв байгууллагын үйл ажиллагааг хэмжиж болохгүй. Асуудлыг уг үндсээр нь ч шийдэхгүй гэдгийг олж харсан. Монгол улсын Ерөнхий сайдын жишиг шийдвэр шиг асуудлыг бүтнээр нь шийдэх шийдлийг олж харах ёстой. Хууль зөрчсөнийг нь мэдсээр байж шалгаад байгаа мэргэжлийн хяналтын байцаагч, хууль зөрчсөнийг нь мэдсээр байж явуулаад байгаа байгаль орчны байцаагч шиг бид сэтгүүл зүйн салбарт хандаж ирж. Сэтгүүл зүйн хараат бус байдлыг ярихгүйгээр цаашдын хөгжлийг ярих боломжгүй. Дор бүрнээ л хийх ёстой ажлаа л хийцгээе. Төрийн бус байгууллагууд нь оногдох хөтөлбөрөө хэрэгжүүл, эрдэмтэн докторууд нь сэтгүүлчдээ бэлдэг. Харин МСНЭ санхүүгийн хараат бус байдлыг бий болгохыг зорих ёстой. Үүний тулд МСНЭ гэдэг байгууллага нь “Мандахбаяр ч юм уу, өөр хэн нэгнээс санхүүжилтээ авдаг бус, өөрөө босгодог байх ёстой” гэж үзсэн.
Үнэндээ, сарын 500 мянган төгрөгийн цалинтай сэтгүүлчээс хараат бус байдлыг нэхэх нь өрөөсгөл. Тэр тусмаа редакцийнхаа цалинг цагт нь тавьж чадахгүй байгаа мэдээллийн сайтуудаас хараат бус байдлыг бүү нэх. Олонхи нь "амь зуухын " тулд “Тв4” шиг буруу зам руу гулсан орж байна. Шууд утгаараа худалдагдана, захиалагчийнхаа захиалгыг л гүйцэтгэнэ гэсэн үг. Үүнтэй тууштай тэмцэнэ. Сэтгүүл зүйн салбарын санхүүгийн хараат бус байдлыг бүх түвшинд нь дээшлүүлэхээс өөр зүйлийг олж харахгүй байна. Үүний төлөө л би өөрийгээ дайчилна.
-Хууль эрхзүйн орчин ч чухал..
-Би өнгөрсөн намраас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эздийг ил тод зарлах ёстой. Мөн санхүүжилтийг ил болгох ёстой гэж мэдэгдэл хийж эхэлсэн. Үүний дараа надад маш олон хүн уурласан. Улаан цайм дарамталж байсан ч хүн бий. Хурал цуглаан дээр над руу дайрах хүмүүсийн тоо ихэссэн. Ингэж хэлснээрээ би салбарынхаа нэг хэсэг дэмжлэгийг алдсан нь үнэн. Тэрнийхээ горыг ч энэ тэмцлийнхээ үеэр амссан. Мэдээлэхгүй байна гэдэг нь дэмжихгүй байгаа гэсэн уур амьсгалыг төрүүлсэн. Шийдвэр гаргах гээд бодож байгаа хүн “Мандахбаяр айхтар үнэн үг хэллээ дээ” гээд бодож байхад зурагтаар гарахгүй байхаар тэр хүн эргэлзэж эхэлнэ. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг зорилготойгоор байгуулсан улстөрчид байгаа. Миний тооцоогоор өнөөдрийн үйл ажиллагаагаа эрхэлж буй телевизүүдийн 80 хувь нь улстөрч эзэнтэй. Энэ эзэд нь ямар нэгэн хэлбэрээр улс төрд лобби хийдэг олигархууд. Цаанаа ямар нэгэн улс төрийн бүлэглэлийг дэмжих ашиг сонирхлын зөрчилтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тэр чигтээ хаалтын гэрээ. Тэр телевиз, эзэн, захиалагч улстөрч гурав байгаа цагт тэнд ажиллаж байгаа сэтгүүлч өөрийнхөө дуу хоолойг бодитойгоор хүргэх боломжгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь ингэж ажиллаж байгаа боловч худалдагдаагүй олон мянган сэтгүүлч тэнд ажиллаж буй. Би дахиад хэлье. Тухайн үед стресстэж хэлсэн үгнээсээ өнөөдөр буцаж байна. Бид худалдагдаагүй олон мянган сэтгүүлчийг илүү олон болгохын тулд бид нэгдэх ёстой. Мандахбаярыг баяжаад телевиз авсан уу? гэж биш, хэн эзэмшив? гэдгийг харцгаая. Миний ард хэн нэгэн улстөрч байхгүй гэдгийг баттай хэлье.
Энэ ялалтын дараа маш олон телевизээс ярилцлага авья гэж надтай холбогдсон. Өмнө нь намайг матарлаж доромжлох гэсэн зохион байгуулалт ч байсан. Харин би Танд итгэсний улмаас зорьж ирэн ярилцлага өглөө. Үнэндээ итгэхэд бэрх цаг үед бид амьдарч байна. Ядаж эс үйлдэхүй хийж байгаа. Ийм баримт байна гэхэд нийтэлдэггүй. Энэ бол цензур. Тиймээс бид олуулаа нэгдэх ёстой. Сэтгүүлч нь сэтгүүлчээ чичлэхээ больё. “Тв4”-өөс өөр хэнтэй ч би хэрүүл хийхгүй, бусдыг нь орхино. Сэтгүүлчийн нэрээр биднийг өөр хооронд нь хагаралдуулдаг овжин хүмүүстэй цаашдаа орооцолдох хүсэл алга. Тэмцлийн төлөө хатуу зогсож байсан сэтгүүлчдээ зориуд нэрлэе. "Еагле" телевизийн сэтгүүлч Б.Отгон. Энэ телевиз ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эзэмшил, “сахал” Д.Эрдэнэбилэгийн хөрөнгө оруулалттай телевиз. Гэтэл тэнд ажиллаж байгаа сэтгүүлч шударга ёсны төлөө зогссон. Өөрийнх нь үгийг “Еагле" дамжуулахгүй ч, өөрийнхөө аккаунтаар үгээ хэлж чадна гэдэг бол шударга ёсны талд зогссон тод жишээ. “Зариг.мн”-ийн Н.Өнөрцэцэгийг нэрлэе. Энэ хүн ил тод байгаа зүйлийг байгаагаар нь нэвтрүүлж чаддаг. Б.Чойжилсүрэнгээс хүртэл тодруулга аваад цацсан. Ард түмэн ухаантай. Мэдээллийг өөрийнхөөрөө тунгаачихна. Тиймээс бид нэг сэтгүүлчийг ч гэсэн хараат бус болгохын төлөө нэгдье. Нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг хараат бус болгохын төлөө нэгдье. Энд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандан уриалга гаргаж байна. Та хэд минь сэтгүүл зүйн салбартаа анхаарал хандуулна уу. Энэ салбар чинь нийгмийн олон салбарын чинь нэг. Хамгийн чухал салбар гэдгийг олон үйл явдал нотолж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага худалдагдаад байх юм бол ямар ч шударга шийдвэрийг хүсээд цааш явахгүй.
-Хэвлэл мэдээлэл эрүүл байснаар нийгэм эрүүл байдаг. Одоо бол нийгэм хүнд өвчтэй л байна. Хэвлэл мэдээлэл ч мөн ялгаагүй. Тэгэхээр энэ салбарт дорвитой өөрчлөлт хийх цаг болсон гэдэгтэй санал нэг байна. Ингэхэд Та санхүүгийн эрх чөлөөтэй гээд өөрийгээ хэллээ. Өмнөговьд нүүрсний том бизнес эрхэлж байна уу?
-Өмнөговь аймгийн “Тавантолгой” ХК, 51 хувийг нь Өмнөговь аймгийн иргэд эзэмшдэг. Орон нутгийн ч гэдэг мөн ууган Тавантолгойн уурхай ч гэдэг. Энэ компанид туслан гүйцэтгэгч оператор компанийн 51 хувийг эзэмшдэг нь үнэн. Нүүрсний бизнес хийдэггүй шүү. Нөгөөтэйгүүр би барилгын бизнес эрхэлдэг. Миний медиа ямар ч байсан ашигтай ажиллаж байна. Дээрээс нь гадаад худалдаа сонирхож байна. 26 насандаа буюу 2002 онд “Эрхэт Монгол” группийг байгуулаад, “Зиндаа” сониноо үүсгэн байгуулаад явж байлаа. Тэр үед Та “Тв9”телевизийн захирал байсан. Тэр үед би 17 компанитай 430 ажилтантай. Тэр үеийн 5.8 тэрбум төгрөгийн эргэлттэй том компани удирдаж байлаа. Тийм л бизнес эрхэлж, бага залуудаа баян болчихлоо гэж андуурч явсан үе бий. Дараа нь 2006 онд хадгаламж зээлийн хоршоо байгуулж дампуурч, гудамжинд гарч байсан түүх бий. Өөрийнхийгөө битгий хэл аав, ээж, бүх дүү нарынхаа байрыг алдаж байсан. Ингээд зургаан жил өр төлж амьдарсан. Миний хүнд үеийг мэдэх хүн нь та. 2009 онд “Big sale” гэдэг нэвтрүүлэг хийгээд тань дээр очиход та намайг өртэй гэдгийг мэдэж байсан ч намайг хүлээн авсан. Гэхдээ гурван дугаар гараад хаагдахад та “Уучлаарай, Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд дээд хүн хаа гэлээ” гэж та хэлсэн. Бид ийм улстөрч эзэнтэй. Үеийн үед ийм байсан. Байдал ийм байгаа учраас би улс төрийн замыг хаяж байгаа юм. Юун УИХ-д нэр дэвших. Эхлээд сэтгүүл зүйн салбарынхаа хараат бус байдлын төлөө явах болно.
Зарим хүн надаас “Одоо чи ялчихлаа. Цаашаа юу хийх вэ” гэж асууж байна. Одоо би "Сэтгүүлч ордон"-оо барина. "1000 сэтгүүлч" орон сууц төслөө хэрэгжүүлнэ. Мандахбаяр хэрэв “Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгчийн ажил хийдэггүй байсан бол барилгын жаахан бизнес хийж мөнгө олдоггүй байсан бол магадгүй би худалдагддаггүй юм гэхэд энэ тэмцлийг хийх боломжгүй байсан. Хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, “Тв8” телевизээр орон даяар шууд дамжуулахгүй байсан. Цаашдаа олон сэтгүүлч мөнгөтэй, чадалтай болох ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараат бус байх нь санхүүжилттэй холбоотой. Гайгүй сайн сэтгүүлч явж байгаад л гэнэт нэг өдөр сайт байгуулчихдаг. Яасан гэхээр цаана нь нэг улстөрч мөнгө санхүүгээр дэмжээд сайт байгуулчихсан байдаг.
Түүнээс гадна, Монголын нийт телевизүүдийн жилийн эргэлтийн хөрөнгө 40 тэрбум төгрөг гэж “Максима”-гийн судлаач хэлсэн. Миний тооцоогоор 160 орчим телевиз ажиллаж байгаа. 18 өргөн сувгийн телевизтэй. Эдгээр телевизүүдийг массаар нь аваад үзвэл 70-80 тэрбум төгрөг эргэлдэнэ гэсэн үг. Тэгэхээр 40 тэрбум төгрөгийн зөрүү гарч ирнэ. Энэ зөрүү бол улс төрөөс орж ирж байгаа. Авлигачид, олигархуудаас орж ирж байгаа. Энэ мөнгийг таслан зогсоогоод өрсөлдөөн дээр нүцгэнээрээ гарч ирэх ёстой. Тэгээд үлдэх нь үлдэнэ. Шалгарна. Гэхдээ хараат бусаар үлдэнэ. Салбар дотроо байгаа муу бүхэнтэй эвлэрч болохгүй. Нүд аниад өнгөрч бүр болохгүй. Энэ надад хатуу тусна гэдгийг би ойлгож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн жинхэнэ эзнийг зарлах үйлдэл Тост, Тосон бумбаас илүү хатуу тусна гэдгийг би ухамсарлаж байна. Гэхдээ үүнийг хийх болно. Яагаад гэвэл би хийхгүй бол хэн хийх вэ. Бидний үед хийхгүй бол хэзээ хийх вэ. Саяын уурхайг алдсан бол Монголын ард түмэнд ямар их гуниг харуусал үлдэх байсныг, ард түмний итгэл ямар их доройтох байсныг бодох хэрэгтэй. Тиймээс сэтгүүл зүйд ил тод байдал бий болгож, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлуулж, улстөрчдийн саврыг хэвлэл мэдээллээс татахгүйгээр цаашаа явахгүй. Үүнийг би нийт монголчууддаа хандаж хэлье. Энэ тэмцэл Тост, Тосон бумбын тэмцлээс илүү шарх сорви, гутаан доромжлолыг амсаж магадгүй. Хамтдаа сэтгүүл зүйн хараат бус байдлыг тогтоохын төлөө тэмцье.
-Монголын сэтгүүлчид гэдэг бол маш том хүчирхэг арми. Та энэ том армийн жанжин нь. Энэ багаа зөв залж, зөв удирдаж, хөгжлийн зөв голдиролд нь оруулах нөр их ажилд танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Жинхэнэ палдиг шаасан ярилц**** болжээ. 2019-09-06
Д.Т:Таний энэ шудрага үйлийг дэмжиж байна 2019-09-09
Иргэн:Зайлаа шантаажчин ац минь худлаа шааж ард түмний толгой эргүүлхээ боль 2019-09-11
гоожнан аа:энхбат аа горький төгссөн хүнийхээ хувьд, эцэг цэндийнхээ нэр төрийг бодоод мандаа мэт хогийн ****нуудтай битгий зууралдаач ээ. чи ч олигтой сэтгүүлч биш, наад мандаа чинь олигтой сэтгүүлч биш. мандаа бол адгийн луйварчин, шантаажчин, хулхи **** шүү дээ. түүнд монголын сэтгүүлчдийн байгууллагыг тэргүүлэх эрх байхгүй. хурдхан огцорвол таарна. галаарид гэж хогийн **** түүнийг орондоо авчирч тавьсан юм. муу ****ууд. 2019-09-11
иргэн:Ярианаас нь 1 зүйл ойлголоо.Юу шударга үнэний төлөө явах бэ.Шууд Хүрэлсүхийн л гар хөл мөнөөс мөн байна.Угаасаа энэ тэмцэл гэж гарч ирж байгаа хүмүүс хөгшин залуу эр эмгүй Хүрэлсүхийн дургүй улстөрчрүү дайраад ноёнгоороо хүч түрээд л ялсан гэж нэр зүүгээд л энэ хүнээ сайн магтаж өгөөд л ард чинь 200 танк бэлэн гэж хэлээд тэмцлээ зогсоодог.Ингэж худлаа эх оронч хүний жүиг тавих хэрэггүй.Энэ үг үйлдэл чинь нас бонгино түр зуурын асуудал.Хүрэлсүх тийм л эрх мэдэлтэй юм бол заавал та нарыг ингэж тэмцэл хийлгэдэг ямар хэрэг байгаа яагаад өөрөө шууд шийдэж болохгүй байгаа.Заавал төр түмнийг хооронд нь алалцуулж шийдвэр гаргадаг.Энэ чинь жинхэнэ нэр хүнд олон гэсэн ядарсан арга бишүү.Үүнийг нь харин өөрөө илчилж байгаа юм бишүү юу ахдаа тус болох харинч жинхэнэ утгаар нь магтан матаад хаячихлаа.Энэ бол шударга хүний үг үйлдэл биш уучлаарай Мандахбаяраа.Зүгээр л бизнессээ хий дээ 2019-09-12
зочин:монголд л буруу эргүүлж дэлхийд байхгүй төр ард түмэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нэрийг өөрийнхөө ааш авир ёс зүйн наад захын хүмүүжилгүй байдлаа юм хийхийн төлөө явж байгаа хэсэгтээ шантааж хийх замаар үзүүлж гүйцэлдүүлдэг энэ ерөнхийлөгч нэртэй нөхрийг дарж байхгүй бол цус ч гаргахаас буцахгүй хүн шиг байгаа юм шүү ашигт малтмалыг олон жилийн хайгуул судалгаа олон байгуул**** авилгачидын шантааж хүнд суртал хувийн ашиг сонирхол асар их хөрөнгө оруулалт цаг хугацаа хөдөлмөрийн эцэст дэлхийн зах зээл дотоодын төрийн муу бодлого авир ааш болгоныг туулж нэг юм үр дүнд хүрдэгийг хүрэлсүх мандахбаяр мэт нь яаж мэдэхэв дээ ард олонд шууд хутгаад хуваах юм шиг авдранд бэлэн хадгалсан мэт ойлглтыг түгээж попордох юм ашигт малмалыг авахын тулд байгаль хөндөгдөнө үе шаттай сэргээж явж болдог технологитой шүү нэн ялангуяа цөлжиж байгаа хамга**** нөхөн сэргээх шаард****тай газарт төр уяалдаа хяналт сайтай ажилвал ашигтай нөхцөл бий болдог уурхай байсан газрыг танихын аргаггүй сайхан болгосон улс олон шүү дээ иргэний нэрийг барьсан эх оронч царайлсан хөдөлгөөнүүд сайдууд хэвлэл мэдээллийнхэн монгол улсад баялаг бүтээхгүй харин балаг тариад байгаагаа эртхэн ухаараасай 2019-09-20
зочин:ашигт малтмалын газрынхан уухүя-ныхан энэ салбарт зөрчил дагуулдаг аж ахуйн нэгж иргэд хөрөнгө оруулагчид лиценцээ цуцлуулах хүртэл байдалд хүргэдэг авилгал ашиг сонирхолын зөрчил албан тушаалтний шантааж хүнд сурталыг дагуулсаар гүнзгийрч ирсэн эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн удааширалтай урт сүүлтэй нөөц тэзү -г нь баталж өгдөггүй үйл ажил****агаа өөрчилөхгүй бол ажиллах бүтээхээр амьдралаа зориулсан хүмүүс хөрөнгө оруулалт татаж авчирсан аж хауйн нэгжүүд иргэд хэдий болтол ингэж явах вэ ? ийм байгууллагуудынхаа ажилаа ялгавартай бусдийг хохироон муу хийж ирсэн нөхдүүдээ зайлуулж салхи оруулах болоогүй юу ? заавал фактийг нь дэлгэж авилгалтай хуулийн байгуул****ар шийдүүлэх ёстой биш баймаар иргэд салбарын аж ахуйн нэгжүүд хүлээсээр харсаар хянасаар цуглуулсаар байгааг ерөнхий сайд салбарын сайд анхаарч мэдэж байгаа гэдэгт итгэж байгааг уламжлая 2019-09-20
Иргэн:Шаа ша **** минь хол очиж **** 2019-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?