Хятадад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусээр халдварласан анхны тохиолдлыг илрүүлснээ Япон улсын эрүүл мэндийн яам өнөөдөр зарлажээ. Тус улсын Канагава мужийн оршин суугч, 30 гаруй насны эрэгтэй энэ сарын эхээр шинэ вирусны голомт болсон Хятадын Ухань хотоос ирсэн юм байна. Японд ирэхдээ халуунтай байсан түүнийг эмчлээд өчигдөр эмнэлгээс гаргажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ төрлийн коронавирус Хятадаас гадагш тархаж болзошгүй байгааг улс орнуудад анхааруулаад байна. Коронавирус нь энгийн ханиад томуунаас эхлээд SARS зэрэг амьсгалын замын хурц өвчлөл хүртэл үүсгэдэг бүлэг вирус юм. Хурц хэлбэрээр халдсан тохиолдолд хүний амийг хөнөөх чадалтай. Арванхоёрдугаар сард Уханьд анх илэрсэн шинэ төрлийн коронавирусын халдвараар нийтдээ 41 хүн өвчилж, нэг хүн амиа алдаад байна. Вирусны гарлыг тус хотын далайн хүнсний захаас эхтэй гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Эх сурвалж: BBC