КОРОНОВИРУСЫН ЭСРЭГ ХАМГИЙН САЙН АРГА ХЭМЖЭЭ АВСАН ОРНООР МОНГОЛЫГ НЭРЛЭЖЭЭ

2020-05-20  
 

Цахим ертөнц дэх хүмүүсийн дуу хоолой болдог "Medium" хуудасны нийтлэлч Инди Самаражива (Indi Samarajiva) Монгол улсыг коронавирусийн эсрэг дэлхийд тэргүүлэх хэмжээнд тэмцсэн хэмээн бичсэн байна. Тэрбээр хөгжингүй орнууд хүртэл манай жишээнээс суралцах ёстой хэмээн онцолсон бөгөөд дэлхий дахинд өөр ийм сайн ажилласан улс орон байхгүй хэмээн мэдэгджээ. Ингээд та бүхэнд энэ нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэе. 

Коронавирусын эсрэг хамгийн үр дүнтэй тэмцсэн ард түмэн

Монгол улс COVID-19-ийн эсрэг хамгийн шилдэг арга хэмжээ авсан улс юм. Энэ оронд тус өвчнөөр нэг ч хүн нас бараагүйн дээр дотоодод ямар ч халдвар тархаагүй аж. Тус улсын иргэд дэгдэлтийг дарах нь битгий хэл “дэгдэлт гэж юу юм” гэж асуух нь холгүй байна.

Энэ зүгээр нэг тохиолдол биш ээ.

2020 оны 1-р сараас Монгол улс халдварыг барих төгс аргачлалыг боловсруулан одоог хүртэл түүнийгээ мөрдөж байна. COVID-19 Монголыг тойрч өнгөрөөгүй, харин Монгол түүнийг үүдээрээ нэвтрүүлээгүй хэрэг.

Харамсалтай нь үүнийг нь дэлхийн улс орнууд анзааралгүй өнгөрөөжээ. Хэн ч “Монголын туршлага”-ыг авч хэлэлцэхгүй байгаагаас гадна хүмүүс Герман эсвэл Швед шиг бүтэлгүйтсэн орнуудыг судалж байх жишээтэй.

Хэрвээ та итгэхгүй байвал тэднийг хэрхэн ажилласан болохыг дараах баримтуудаас хараарай.

 

Юу, Монгол уу?

“Хүлээгээрэй, Монгол чинь нэг хүнд 2 км2 газар оногддог өргөн уудам, хүн ам цөөнтэй орон биз дээ. Тэнд чинь тахал тархах үндэс байхгүй шүү дээ.” гэж та бодож байж болно. Гэхдээ энэ бол маш буруу ойлголт.

Хүн амын нягтаршил

Монгол бол дэлхий дээрх хамгийн бага хүн амын нягтаршилтай орнуудын нэг гэдэг нь үнэн. Гэхдээ нийслэл хот болох Улаанбаатар нь 1.5 сая хүн амтай. Энэ бол COVID-19 тархахад хангалттай тоо.

Үнэхээр ч Улаанбаатар хотын 1 км2 тутамд 307 хүн байдаг бөгөөд энэ нь халдварын голомт болсон Италийн Бергамо хоттой ойролцоо үзүүлэлт юм. Бергамо хот харьцангуй цөөн хүн амтай хэдий ч халдварт өвчин үүнийг нь тоогоогүй.

Ингэхэд Монгол хэр зэрэг алслагдсан юм бэ?

 

Алслагдмал биш

Орчин үеийн Монгол улсыг алслагдмал бөглүү гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Миний эхнэр тэнд очиж үзсэн бөгөөд би түүнээс энэ талаар асуутал мөрөө хавчаад ямар ч тийм зүйл байхгүй гэлээ.

Эрт үед мориор явахад өргөн уудам, зэлүүд мэт санагддаг байсан байх. Харин одоо Бээжин хотоос 2 цаг нисээд л Монголд хүрч болно. Бүр Улаанбаатраас Ухань хот руу шууд нислэг үйлддэг онгоц хүртэл байлаа. Монгол улс хөрш 2 орон болох Хятад болон Оростой төмөр замаар холбогдсон бөгөөд түүгээр өдөр бүр асар олон хүн орж гарна. Хятадад гарсан халдварын эхний давалгаа тэдэнд хүрээгүй бол Орост гарсан 2 дахь давлагаа ноцтой аюул учруулж болох юм.

Тиймээс алслагдмал байдал тэднийг аврахгүй.

Хэт нэг талыг барьсан үзэл

Мэдээж хэрэг барууныханд хэт нэг талыг барьсан үзэл байгаа. Бид хөгжингүй эсвэл том эдийн засагтай орнуудыг шүтээд бусад орнуудыг харалгүй өнгөрөөжээ. “Ангела Меркел чинь эрдэмтэн хүн шүү дээ” гээд бусад хүмүүсийг боловсролгүй мэт харах нь түгээмэл. Гэхдээ хөгжиж буй орнуудыг аз дайрсан гэж ойлгох нь хэт нэг талыг харсан үзэл юм.

“Тэд ингэж сайн ажиллаж байх үндэс байхгүй, энэ чинь ядуу орон биш бил үү? Ядуу ч гэсэн үхээгүй байна, цаг агаар нөлөөлсөн байх” гэж барууны ажиглагч нар будилж байх жишээтэй.

Дэлхийн орнууд Монгол шиг улсад зээл тусламж, зөвлөгөө өгөх төлөөлөгч нараа илгээгээд сурчихсан юм. Гэхдээ тэд одоо Монголоос зөвлөгөө авах цаг ирсэн болохыг ойлгож чадаагүй байна.

Тэр хүмүүс тоо баримт, авсан арга хэмжээг нь хараад Монгол улсыг аз дайрсан гэж хэлж чадах болов уу? Үнэндээ тэгэх дээрээ тулах юм бол миний уур хүрэх байх. Захын хүн хүртэл энэ орны эрх баригчид ямар их хичээл зүтгэл гаргасан болохыг ойлгоно шүү дээ.

Монгол улс коронавирусийг дараагүй, харин бүр сөнөөсөн юм.

Алсын хараа

Хэрвээ та 1-р сарын 23-ны өдөр рүү буцаж очвол юу хийх вэ? Мэдээж хэрэг хүмүүст 21-р зууны хамгийн том цар тахал дэгдэх гэж байгааг анхааруулж, хөл хорио тогтоох, эм тариа нөөцлөх хэрэгтэй гэж хэлэх байх.

Монголчууд харин яг ийм л арга хэмжээ авсан юм. Тэдэнд цаг хугацааны машин байхгүй ч Ухань хотод үүссэн нөхцөл байдлыг хармагцаа Хятад болон ДЭМБ-тэй зөвлөлдөн асар богино хугацаанд зөв шийдвэрүүдийг гаргасан. Энэ бүгдэд ямар нэг нууц зүйл байгаагүй, тэд зүгээр л тэнэг биш байсан хэрэг.

1-р сарын 22

ДЭМБ хүссэн орондоо дуртай цагтаа нэвтэрч, хөл хорио тогтоодог цэргийн байгууллага биш. Тэд урилгаар зааж зөвлөх, шаардлагатай бол туслах үүрэгтэй. Монгол харин тэдний тусламжийг эрт авж эхэлсэн бөгөөд 1-р сарын 22 тус улсын эрүүл мэндийн яам ДЭМБ-тай хамтран хэвлэлийн бага хурал хийн үүсээд байгаа нөхцөл байдлыг олон нийтэд мэдэгдсэн юм.

Тус хурал дээр хүнээс хүнд халддаг тахал гараад байгааг дурдаад хилээр орж гарч байгаа хүмүүсийг шалгах болсныг хэлсэн билээ.

Өөрөөр хэлбэл тэд бүр 1-р сард Хятад хүртэл хийж эхлээгүй зүйлийг хийсэн гэсэн үг. Ингэж амжиж арга хэмжээ авсан нь энэ орныг аварсан гэхэд болно.

1-р сарын 26

Монгол улсад энэ үед нэг ч тохиолдол илрээгүй байлаа. Хүн бүх Хятадад тархаж байгаа халдварт өвчнийг хараад “Манайд орж ирээгүй юм чинь надад хамаагүй” гэж бодож байсан юм. Энэ бол тэнэглэл, харин Монголчууд тэнэг биш. Хубэй мужид хөл хорио тогтоосны дараахан Монгол улсын аюулгүйн зөвлөл шууд хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

  • Сургууль цэцэрлэгүүдийг хаах
  • Хилээрээ онгоц галт тэрэгнээс өөр тээврийн хэрэгсэл орж гарахыг хориглох
  • Олон нийтийн арга хэмжээг хориглох
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, ажилтнуудын хөрөнгийг нэмэгдүүлэх
  • Монгол улсын эдийн засаг экспорт дээрээ тогтдог учир энэ нь ч том цохилт болсон юм. Гэхдээ тэд барууныхан шиг дэлхий сөнөж байгааг хараад “Эдийн засгаа аврах” гэж орилсонгүй.

Монгол улс вирустэй тулах үедээ хөгшчүүлээ хаясангүй. Тэд зүгээр л хүн бүрээ аврахын төлөө хичээж ажилласан юм. Эдийн засаг нь хүнд байдалд орсон ч гэсэн нэг ч хүнээ алдаагүй орон мөнгө гэдэг дахиж одоог зүйл гэдгийг мэддэг бололтой.

Энэ бол жинхэнэ хүнээ бодсон шийдвэр. Цар тахлын үед Монгол улс арай хэтрүүлсэн мэт шийдвэр гаргасан мэт санагдаж болно. Гэхдээ ийм үед тэгэх л ёстой. 2 долоо хонож байж илэрдэг вирустэй тийм аргаар л тэмцэнэ.

Нэрт эрдэмтэн Шифэн Ву нэгэнтээ “Юу ч хийхгүй байснаас хэтрүүлж хийсэн нь дээр” гэж хэлсэн билээ.

Монгол улс нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байхад хэдэн мянга илэрсэн юм шиг арга хэмжээ авсан юм.

 

 

1-р сарын 27

Монгол улс дотор халдвар илрээгүй хэдий ч гаднаас халдвар голомтод байгаа иргэдээ татаж эхлэв. Ингэхдээ тэд нэг бүрээр тусгаарлан маш удаанаар хянасны эцэст хүмүүсээ эх орондоо нэвтрэхийг зөвшөөрөх болсон юм.

Харин бусад орнууд өөрсдийн иргэдээ чөлөөтэй нэвтрэхийг зөвшөөрч бусад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй хэмээж байв.Тэд вируст зөвшөөрөл хэрэггүй гэдгийг мэддэггүй байсан байх.

1-р сарын 27-нд Монгол улс Хятадын талтай хэлэлцээр хийн Ухань хотод байгаа 31 оюутнаа татахаар болсон бөгөөд 2-р сарын 1-нд тусгай үүргийн онгоц хөл хорионд орсон хотоос тэднийг зөөн авчирсан юм.  Тэд энэ мэтээр олон удаа иргэдээ халдварын голомт болсон газруудаас татсан хэвээр байна. Гэхдээ мэдээж ирсэн хүмүүсийг тусгай газар тусгаарлан нарийн шинжилж байж гаргаж байгаа учраас одоог хүртэл энэ улсад халдвар тархаагүй хэвээр.

Нэмж хэлэхэд Монгол улс 1-р сард ийм арга хэмжээ авч эхэлсэн болохыг сануулъя. 1-р сард шүү. Тэгэхэд бусад орнууд юу ч болоогүй мэт аашилж байсан шүү дээ. Хэрвээ тэд Монгол шиг байсан бол хэдэн хүний амь аврах байсан бэ?

 

2-р сар

2-р сард Монголчууд нийтээр хөдлөн амны хаалт, оношлуур бэлдэн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаж хотоо тэр чигт нь ариутгаж байв. Нэг ч тохиолдол илрээгүй хирнээ хүн бүр хичээж эхэлсэн юм. Харин монголчууд 5G сүлжээний цамхаг шатааж “тэнэглэсэнгүй”.

Тэд хамгийн том баяруудын нэг цагаан сараа тэмдэглэсэнгүй. Харин бүр энэ үеэр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд олон нийт ч энэ шийдвэрийг дэмжив.

 

Монголчууд дотооддоо халдвар алдаагүй байхдаа алдсан мэт шийдвэр гаргаж байсан гэдгийг дахин хэлье. Хил залгаа Хятадын нутагт халдвар гарах үед Өмнөговь аймагт хүн бүр амны хаалт зүүх ёстой гэсэн шийдвэр гарсан. Мөн энэ үед Засгийн газраас хилээ бүр мөсөн хаан нүүрсний экспортоо зогсоосон билээ. Энэ нь эдийн засагт нь маш хүнд цохилт болсон ч тэд үүнийг тоосонгүй. Мөн энэ сард тус улс Өмнөд Солонгос болон Японоос ирэх нислэгийг зогсоосон.

Хамгийн сонирхолтой нь Монгол улс Хятадад тусламжийн гараа сунгасан явдал юм. Тус улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөрш орондоо халдварын ид үед айлчлан 30 мянган хонь бэлэглэсэн. Энэ үйлдэл нь ч хятадын ард түмний зүрхэнд хүрсэн. Мөн тэрбээр эх орондоо эргэж ирээд өөрийгөө 14 хоног тусгаарласан байна.

 

 

3-р сар

Жинхэнэ удирдлага гэж энэ. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн заримтай нь санал нийлэхгүй байгаа ч тэрбээр үнэхээр төрийн тэргүүн хүн ямар байх ёстойг харуулсан. Харин энэ үед Их Британийн Ерөнхий сайд гудамжинд байгаа хүмүүстэй чөлөөтэй гар барин зургаа татуулж байсан юм.

Харин Монголчууд ариутгалын хэрэгсэл, оношлуур зэргийг олноор хурааж байсан билээ. Хамгийн гол нь зөвхөн Баттулга ч биш бусад шийдвэр гаргагч нар бүгд дор бүрнээ ажлаа хийсэнд гол учир учир оршино.

Тэгтэл нэг юм болов.

3-р сарын 10-нд тус улсад коронавирусийн анхны тохиолдол бүртэгдлээ. Москва хотоос 3-р сарын 2-нд орж ирсэн Францын иргэнээс халдвар илэрсэн бөгөөд Монгол үүнд бэлэн байлаа. Тэд Франц эрийн амьдарч байсан буудал, хоол идсэн газар, ажлын оффис, аялсан нутаг, бүр унаж явсан морийг нь хүртэл тусгаарлан ариутгасан юм. Үүнээс гадна орон даяарх бүх хөдөлгөөнийг хязгаарлаж олон нийтийн үйлчилгээний газруудыг хаасан билээ. Одоог хүртэл нийт 9.2 сая км2 нутагт 6000 гаруй үйлчилгээний газрууд бүрэн эсвэл хагас хөл хорионд байсан хэвээр байна.

Тэд ганцхан хүн халдвар авсны төлөө ийм арга хэмжээ авсан. Ийм болохоор л энэ улсад хүнээс хүнд халдвар тархаагүй юм. Монголчууд коронавирусийг дарах биш бүр хамар нь цухуймагц тас огтолсон хэрэг.

 

Өнөөдөр

Би өөр олон жишээ татаж болох ч та нар юу гэх гээд байгааг минь ойлгосон байх. COVID-19-ийн сураг гарах төдийд монголчууд юманд хатгуулсан юм шиг арга хэмжээ авч эхэлнэ. Тохиолдол илрээгүй байхад хэдэн мянга, нэг тохиолдол илэрсэн байхад хэдэн зуун мянга өвдсөн юм шиг ааш гаргана.

Үүн шиг хурдан тархдаг өвчний өөдөөс ингэж тэмцэхээс өөр аргагүй. Одоог хүртэл тэд нэг ч хоригоо сулруулаагүй байна. 5-р сар 7-нд тэд бүр Улаанбаатарын нэг дүүргийг хаан 150 мянган иргэн, 3,500 албан хаагч хамарсан хөл хорионы сургууль хийжээ. Тэд ингэж л аливаад бэлддэг аж.

Эрүүл мэндийн салбарын хувьд үүнээс сүрдэм зүйл үгүй. Тэд өвчнөөс сэргийлэх арга хэмжээг зэвсгийн эрдэм шиг сургуулилж байна. Одоо тус улсад илрээд байгаа 140 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Би анх энэ тоог хараад мөн л цаг агаар эсвэл хүн амын тоонд болж байна гэж бодож байлаа.

 

Миний буруу байжээ. Харин одоо барууны, бүр зүүн Азийн хөгжингүй орнууд хүртэл Монголын араас чирэгдэж байна. Монгол үнэхээр цар тахлын үед төгс арга хэмжээ авсан юм. Мэдээж хэрэг энэ бүхэн тийм ч амар байсангүй. Энэ улсын эдийн засан хүнд цохилтод орсон, мөн олон монголчууд ядуурлын түвшинд амьдарч байгаа. Дээрээс нь олон иргэд байнгын бэлэн байдалд байсаар залхаж байгаа гэнэ. Орос улсад халдвар ид дэгдэж байгаа үед хөл хориог цуцлах болоогүй.

Гэхдээ хэцүү байгаа ч тэд энэ бүхнийг давж гарна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бол зөв тогтолцооны илрэл юм. Монгол өөрийгөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд авч явж нэг ч үхэл, нэг ч дотоодын халдвар үзсэнгүй. Бид бүгдээрээ тэднээс сурах ёстой бүхнээ сурч авах хэрэгтэй. Дээрээс нь хэдэн хонь өгвөл татгалзахгүй шүү.

Инди Самаражива

2020 оны 5-р сарын 18

Эх сурвалж: medium.com

 

 

 

 

 

 

 

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :ха ха, ямар хөөрхөн юм бэ, хэдэн хонь өгвөл татгалзахгүй гэнэ 2020-05-21
Enkhbald:Ene hund HONI ug 2020-05-21
Зочин :Өөрсдийгөө мөн ч их хөөргөж байна даа. Дууссан хойно л энэ тэр дүнгээ тавь даа 2020-05-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?