Ажлын өрөөнд зочилсон хулгана хожим Mickey Mouse болсон түүх -Walt Disney

2020-06-13  

Уолт Диснэй хэмээх нэгэн залуу ажил хайн хотоор тэнүүчлэн явсаар амжилт ололгүй өөрийн ах Ройн Диснэйтэй хамтран кино продакшнаа байгуулсан нь Уолт Диснэйн эхлэл байжээ. Анхны гараагаа  Алис охины тухай богино хэмжээний хүүхэлдэйн киногоор тавьж,  удалгүй түүгээрээ цуврал хүүхэлдэй хийж эхэлжээ. 

Алисийн тухай цуврал хүүхэлдэй 4 жилийн турш тасралтгүй бүтээгдсэн ч Диснэйд  үргэлжлүүлэн ажиллах хангалттай хөрөнгө өгөөгүй учир үргэлжлүүлэн цацагдахаа больсон юм. Дисней зориг шулуудан Голливудад очиж “Молтогчин туулай Освальд” гэдэг хүүхэлдэйн кино хийсэн боловч амжилтгүй болж, халаас хоосон, эрхэлсэн ажилгүй хоцров.

Шинэ санааны эрэлд гарсан Дисней чадварлаг хөлгийн ахмад адил залуураа зөв чиглүүлж чадсан нь түүнийг хэзээ ч төсөөлж байгаагүй амжилт өөдөө нь хөтөлжээ. 

Тэртээ нэгэн өдөр Дисней аавынхаа гарашид ажиллаж байхдаа нэгэн хулганыг хүн ирж байгааг ч үл анзааран тоглож наадан байхыг нь хараад өхөөрдсөндөө гэрээсээ талх авчиран буталж өгч байжээ. Тэр мөчөөс Диснэй хулгана хоёрын нөхөрлөл эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Ажил нь мухардалд ороод байсан Диснейд өнөө хулганы тухай бодол жирвэлзэн өнгөрөх зуур Дисней ч түүнийг амжиж цаасан дээр буулгажээ. Ийнхүү Диснэйгийн ажлын өрөөнд хүн бүрийн санаанд тодхон буух дэлдэн чихтэй хулгана Микки Маус 1928 онд мэндэлжээ. 

Хулганыг хүүхдүүдэд төдийгүй бүхий л насны үзэгчидэд хүргэхийн тулд ах дүү хоёр түүнийг хүнтэй адил болгон гутал, хувцас, бээлий гээд хүмүүсийн эдэлж хэргэлдэг зүйлсийг түүнд дуургав.

Ингээд ах дүү хоёр Вилли хөлөг онгоц хэмээх анхны 7 минутын хүүхэлдэй киногоо бүтээж алдарт хулганы түүхийг албан ёсоор эхлүүлэв. Тухайн хүүхэлдэй нь хар цагаан байсан бөгөөд хулганы нэрийг Мортимерээс Микки болгон сольсон түүхтэй. 

Удалгүй Микки хулганы тухай хүүхэлдэйнүүд шил шилээ даран гарсаар Микки хулгана амжилтын оргилд хүрч харин ах дүү Диснэй дэлхий дахинаа нэрээ мөнхөлж чадсан билээ. “Би ямарч ажлыг их хурдан сурчихдаг юм” хэмээн 1959 онд өгсөн ярилцлагандаа хээв нэг хэлж байсан Дисней Микки Маус хулганы дууг өөрөө оруулж байжээ. Микки Маус нийт 5,8 тэрбум ам долларын ашгийг Диснейд авчирсан гэсэн тоон судалгаа байдаг байна. Түүгээр ч барахгүй бүхий л цаг үеийн хамгийн эхний үг хэлсэн хүүхэлдэйн баатар Микки Маус гэвэл та итгэх үү? Түүний хэлсэн хамгийн эхний үг бол “Хот дог” байжээ. 

Удалгүй тэрээр өөрийн гэсэн гэр бүлтэй болсон нь түүний хайр татам эхнэр Минни Маус болон анд найз Доналд нугас, Гүүфи нохой нар байв. Тэд тус бүрийн өвөрмөц төрх зан араншинтай байсан бөгөөд цорын ганц нийтлэг зүйл нь үзэгчдийн хайрыг татаж чадсан явдал байв. Тэр дундаа Минни Маус хүүхэлдэйн киноны гэрэл гэгээ, баяр баясгалан болж чадсан юм. Харин Доналд нугасны хувьд яхир муухай аашаараа байдаг л нэг хэв маягаас залхсан хүмүүсийн загтансан газар маажиж чадсан бол харин Гүүфи нохойны хувьд дэндүү бүтэлгүй бөгөөд тэнэгдүү байдлаараа үзэгч олныг хөгжөөж чадаж байлаа. Магадгүй тэдэнгүйгээр Миккигийн амжилт удаан үргэлжилэхгүй байсан байх. Удалгүй Доналд нугас болон Минни Маус нь тус бүрдээ өөрийн гэсэн хүүхэлдэйн кинотой болцгоосон юм.

Ердөө ах дүү хоёрын дэврүүн мөрөөдөл өдгөө дэлхийн шилдэг 10 брэндийн нэг болтлоо хөгжиж дэвшинэ гэж хэн мэдэх билээ. Энэ хүртэл мэдээж олон хүний хөлс хүч тэр дундаа дэлдэн чихтэй хулганы хөдөлмөр нилээдгүй орсон. Жижиг чулуугаар том чулууг хөдлөгдөг гэдэг шиг жижиг хулганаар тавигдсан амжилтын замнал өдгөө 90 жилийн түүхийг бүтээжээ. Энэхүү амжилт хэдийг хүртэл үргэлжлэхийг бид мэдэхгүй ч Микки хулагана бидний сэтгэл зүрхэнд хадагдан үлдэх нь дамжиггүй.         
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?