ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ТББ-УУД НАМ ЭВСЛҮҮДЭД УРИАЛГА ХҮРГҮҮЛНЭ

2016-05-10  

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг (МНЭММН), Транспэрэнси Интернэшнл Монгол (ТИ-М) ТББ санаачлан эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран удахгүй болох УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандан уриалга хүргүүлэхээр болжээ. 

Энэ тухайд “Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Батбаяртай “Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэгдэж Монгол улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинг бий болгох, авах арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө тусгахыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд уриалж байгаа юм.

Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр батлагдсаны дараа бидний зүгээс дүн шинжилгээ хийж, олон нийтэд мэдээлэх бөгөөд мөн сонгуулийн дараа эрүүл мэндийн чиглэлээр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын биелэлтэд хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байна” гэв. Тэр энэ тухайгаа өмнөх сонгуулиудын мөрийн хөтөлбөрүүдээс дүгнэхэд эрүүл мэндийн салбарын асуудлуудыг системтэй, бодитоор харж шийдвэрлэх арга замыг эрэлхийлээгүй, популист талдаа амлалтуудыг авсан, эдгээр амлалтуудад нь хяналт тавих механизм байхгүй байсан гэж хэлж болохоор байна. Өнөөдөр энэ бүхнээс үүдэлтэй олон бэрхшээл, асуудлууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж, төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Нэн тэргүүнд манай улсын эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийг шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх шаардлага байгаа. Уг стратегид олон улсын жишгээр ДНБ-ий 5-аас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах талаар тусгайлан тусган хэрэгжүүлэх ёстой. Манай улсын хувьд энэ үзүүлэлт 3 орчим хувьтай байдаг. Бид энэхүү нэмэгдсэн хөрөнгийг үр ашигтай зарцуулах тэр бүтцийг бас давхар хийх ёстой. Эрүүл мэндийн даатгалын хууль шинээр батлагдсан ба одоо хэрэгжилтийг ханган ажиллах шаардлага үүсч байгаа тухайгаа ярилаа.

Тухайлбал, уг хуулинд заагдсан “Үндэсний эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоо”-нд шилжих, ингэхдээ одоогийн Эрүүл мэндийн даатгалын газрыг бүрэн бие даасан, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй тэгш зарчмаар сонгон шалгаруулан гэрээ байгуулж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэл, чанарыг харгалзан худалдан авдаг байгууллага болгон хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд иргэд ба ТББ хяналтыг хийх ёстой. Одоогийн тогтолцоо бол даатгуулагч иргэдийн ямар ч хяналтгүй явж байгаа учраас Нийтийн эрүүл мэндийн хуулийг яаралтай хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж ТББ-ынхан үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл манай улсын эрүүл мэндийн нийт зардлын 80 орчим хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд, 5 хүрэхгүй хувь нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулагдаж байна. Иймээс иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авч, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээний санхүүжилтийг нэмэх хэрэгцээ тулгамдсан асуудал болоод байгаа юм.

 

 

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?