Гавлын ясны суурь хэсэг турк эмээл хэлбэрийн ясыг сундлан байрлах өнчин тархи хүний бие махбодийн үйл ажиллагааг явуулах дааврыг ялгаруулах, ялгаралтыг зогсоох үйл ажиллагааг явуулдаг.
Өнчин тархинаас ялгарах меланотропин даавар арьс, нөсөөжилтийг зохицуулна. Соматропин даавар нь инсулинтэй хавсран булчин өөхөн эд, яс булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Пролактин даавар сүүний булчирхай, өндгөвчийн үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Лютротропин өндгөвч, төмсөгний үйл ажиллагаанд оролцоно. Фоллитропин даавар төмсөгний үйл ажиллагааг удирдана. Кортикотропин даавар бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг өдөөдөг. Тиротропин бамбай булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
Өнчин тархины үйл ажиллагаа хүний сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг.
Шинж тэмдэг : Хүний сэтгэл санаа гүн хямралд ороход өнчин тархинаас ялгарах дааврын хэмжээ багасаж нүүр царай харлах, нөсөөжилт их гарах, цусанд сахарын хэмжээ ихсэх, сүү татрах өндгөвчний үйл ажиллагаа суларч сарын хир зогсох, бэлгийн сулрал үүсэх, даралт ихдэх, таргалах, бамбайн үйл ажиллагаа суларсны хам шинжүүд гардгаар онцлогтой.
Өнчин тархины даавар ялгаруулалт зогсоох үйл ажиллагаа ихсэх тусам уйланхай өнчин тархиндаа, бамбай булчирхай болон өндгөвчдөө үүсэж дотоод шүүрлийн үйл ажиллагаа сулардаг.
Энэ сулралын үед шинжилгээгээр аль даавар дутагдаж байгааг тогтоож эмийн хэлбэрээр дааврыг бэлдмэлийг оруулж өгч өнчин тархийг цочроож ажиллагааг жигдрүүлдэг.
Хэрвээ энэ эмчилгээ эртхэн хийлгэхгүй бол дотоод шүүрлийн булчирхайнуудад өөрчлөлт орж ихээхэн асуудал дагуулсан өвчлөлүүд гарч ирдэг.
Урьдчилан сэргийлэх : Хүмүүс бид амар тайван ямар ч стрессгүй амьдрах хэрэгтэй. Сэтгэл санааны тогтворгүй байдал өөрөөс тань шалтгаална гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас өөрийн болон гэр орныхоо тайван уур амьсгалыг бүрдүүлж чадсан хүн дотоод шүүрлийн хямралд ордоггүй ээ.
Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ