ДАРАЛТ ИХТЭЙ ХҮМҮҮСИЙН МӨРДӨХ 6 ДҮРЭМ

2016-05-30  

ДҮРЭМ 1 :  ДАРАЛТАА ТОГТМОЛ ҮЗЭЖ БАЙХ

• Даралт чинь хэзээ ч ихсэж байгаагүй бол хамгийн цөөндөө 2 жилд 1 удаа

• Даралт чинь хамгийн цөөндөө ганц удаа ч гэсэн ихсэж байсан бол жилдээ нэгээс цөөнгүй удаа

• Даралт чинь ихэсдэг ч эвгүй мэдрэмж төрдөггүй бол сардаа нэгээс цөөнгүй удаа

• Даралт ихсэхийг дагалдан бие чинь эвгүйрхдэг бол эмчийн зөвлөсний давтамжийн дагуу буюу ямар ч байсан дээрх давтамжуудаас цөөнгүй удаа даралтаа үзүүлж байх.

Анхаарах зүйлс

– 1999 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөгөөний дагуу мөнгөн усны баганын 130/85 мм –ээс бага даралтыг хэвийн гэж үзнэ.

–  130/85 ба 140/90 мм-ийн завсрын даралтыг хэвийн өндөр даралт гэж үзнэ

–  140/90 мм-ээс дээш даралтыг артерийн гипертони буюу даралт ихсэлт гэж үзнэ. Даралт ихсэлттэй олон хүний ихсэлт нь дунд зэрэг байдаг тул эвгүй мэдрэмж тэр бүр мэдрээд байдаггүй. Гэвч шинж тэмдэг илрэхгүй яваад байна гэдэг нь эмгэг огт байхгүй гэсэн үг биш гэдгийг мартаж болохгүй.

ДҮРЭМ 2 : ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТЫН ДҮРМИЙГ ДАГАХ

Зохистой хооллолтын үндсэн зарчмууд: Хоолоор орж ирж байгаа тэжээлийн бодисууд /өдөрт авч байгаа илчлэгийн 15% нь уурагнаас, 30% нь өөх тосноос, 55% нь нүүр уснаас авч байх,/ эрдэс бодис болон амин дэмүүд өөр хоорондоо зохистойгоор тэнцвэртэй байх.

Хоолны дэглэм: Хоолыг хоногт 4-5 удаагаа цөөнгүйгээр, тогтмол нэг цагт идэж байх нь хамгийн зохистой гэж үздэг. Ингэхдээ унтахын өмнө хэт их идэх хэрэггүй. Өглөө ба оройн хоолны хоорондын завсар10 цагаас хэтрэхгүй байхыг хамгийн зохистой гэж үздэг.

ДҮРЭМ 3 : МУУ ЗУРШЛААСАА САЛАХЫГ ХИЧЭЭХ

Тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг. Тамхины утаанд агуулагддаг никотин нь хөөрлийн нөлөө үзүүлж, зүрхэнд ирэх ачааллыг нэмэгдүүлэн судас агшааж артерийн даралтыг нэмэгдүүлдэг. Архины нөлөөгөөр биеэ хянах чадвар алдагдан даралтын ихсэлт нь улам аюултай болдог.

ДҮРЭМ 4 :ХӨДӨЛГӨӨНИЙХӨӨ ИДЭВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭХ

Юуны өмнө эрүүл мэндээ сайжруулахын тулд хөдөлгөөнийхээ идэвхийг нэмэгдүүлэх бэлтгэл хийж эхлэхийн өмнө эмч, мэргэжилтнээс зохих ёсны зөвлөгөө авах ёстой. Бэлтгэлийг бодит үр нөлөөтэй болгох нь таны гол зорилго. Амьдралынхаа тогтсон хэмнэлийг өөрчлөлгүйгээр өдөр тутмын биеийн ачааллыг нэмэгдүүлэх гэсэн бодит зорилго тавих нь хамгийн зохистой. Хамгийн гол нь ачааллаа маш аажмаар нэмэх ёстойг мартаж болохгүй. Дасгалуудыг долоо хоногт 3, эсвэл 5 удаа гэх зэргээр тогтмол болгохыг хичээ.

ДҮРЭМ 5 : ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮМҮҮС ЖИНГЭЭ ХАСАХЫГ ХИЧЭЭХ

Биеийн хэвийн жингээ тодорхойлох олон арга байдаг. Сантиметрээр илэрхийлсэн биеийн өндрөөс зууг хасах, биеийн жингийн индекс тодорхойлох гэх мэт. Эдгээр аргуудыг ашиглан өөрт байвал зохих хэвийн жинг тодорхойлно. Хоол ундаар авч байгаа илчлэг/энерги ба өдөр тутам зарцуулж байгаа илчлэг/ энерги хоорондоо зохистойгоор тэнцвэртэй байх хэрэгтэй. 35-40 насны хүмүүс, ялангуяа даралт ихсэлттэй бол илүүдэл жингүй байх ёстой гэж үздэг.

ДҮРЭМ 6 : ӨДРИЙН ДЭГЛЭМ САХИХ, БҮРЭН ДҮҮРЭН АМРАХЫГ ХИЧЭЭХ

Даралт ихсэх шинж тэмдэгтэй хүн хоногт 8-9 цагаас багагүй унтаж амарч байх ёстой. Өдөр сэрүүн байж, шөнө унтаж амрах гэсэн физиологийн хоногийн хэмнэлийг заавал дагахыг хичээх хэрэгтэй.

Тогтоож авах зүйлс : Нойрыг хэвийн болгохын тулд унтахын өмнө цэвэр агаарт тайван алхах, хөлөө бүлээн устай саванд дүрэх, бүлээн устай шүршүүрт орох, унтахын өмнө их идэхээс зайлсхийх, зурагтын нэвтрүүлэг шөнө дөлөөр үзэхгүй байх гэх мэтийн хамгийн энгийн, ямар ч илүү зардал, цаг, хүч үл шаардсан аргуудыг ашигласан нь дээр. Нойрсуулах хүчтэй эм бэлдмэл хэрэглэхийн өмнө заавал эмчлэгч эмчээсээ асууж лавлаарай.

 

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?