Сөүл хотноо мягмар гарагт болсон гурван улсын дээд албан тушаалтнуудын уулзалтын үеэр Өмнөд Солонгосын төлөөлөгчид гурван талт дээд хэмжээний уулзалтыг энэ оны 12 дугаар сард зохион байгуулах саналыг Япон, Хятадад тавьсан тухай дипломат эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн Сөүлийн зүгээс тус уулзалтын дараа хамтарсан тунхаглал гаргахыг санал болгосон бөгөөд уг саналыг Токио, Бээжин хоёр үгүйсгээгүй гэдгийг эх сурвалжууд дурдсан байна.
Энэхүү гурван талт дээд хэмжээний уулзалт 2008 оноос эхлэн жил бүр болдог байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сараас хойш түр завсарлаад байсан юм. Энэ нь Дэлхийн II дайны үеийн асуудлаас үүдэн Япон, Өмнөд Солонгосын харилцаанд хүндрэл гарсантай холбоотой бөгөөд энэ онд хоёр тал харилцаагаа сэргээхэд томоохон ахиц гаргаж, наймдугаар сарын дундуур АНУ-тай гурван талт дээд хэмжээний уулзалт хийсэн юм.
Гурван улсын холбогдох албаны хүмүүс аль болох ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэдгийг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Мягмар гарагт болсон уулзалтад БНСУ-ын ГХЯ-ны дэд сайд Чун Бён Вон, Японы ГХЯ-ны тэргүүн дэд сайд Фүнакоши Такехиро, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Нон Рун нар оролцжээ.
Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/