30 УУ, ГУРАВ УУ?

2024-01-03  

Ерөөсөө, энэ 2024 оны сонгуульд аль нам, хэн хэн ялах нь гол биш. Харин өнгөрсөн 30 жилд Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж, том төслүүдийг гацааж ирсэн авлига, том хулгайн найз уу, дайсан уу гэдэг л чухал. Монголын уул уурхайн томоохон ордуудын дийлэнх мэдээлэлд ойр хэдхэн хүний мэдэлд оччихсон. Авч чадаагүйгийнхээ экспортын хамаг  ашгийг дундаас нь хулгайлдаг. Баялгаа боловсруулах, баяжуулах үйлдвэр ч байгуулдаггүй. Тэр байтугай “түүхий”-гээр нь зөөх төмөр замыг ч гацааж ирсэн. Тэгээд ер нь стратегийн гэх бүх бүтээгдэхүүн гаднаас хараат байдаг. Маш товчоор хэлэхэд, монголчууд улсаараа оволзсон их улс төр л хийдэг. Юу ч бүтээдэггүй. Ийм л болж хувирсан. Харин сүүлийн гурван жилд авлига, том хулгайгаа ил гаргадаг, шүүхэд шилжүүлдэг болсон. Ингэж “…Шилжилтийн гэмээр ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авилгажсан үе тогтолцооны хувьд хаагдсан” хэмээх дүгнэлтийг хаа сайгүй хийж байна. Ердөө л Хөгжлийн банкны тонуул, нүүрсний хулгай хоёрыг жаахан хазаарлахад л улсын эдийн засаг яаж өөрчлөгдөж байна вэ дээ. Гэвч нэгмөр тасалж чадаагүй байгаа юм. Хулгай хуудуу нь илэрч, хэрэг нь шүүхэд шилжсэн ч тэндээ гацаагаад сонгууль хүлээгээд хэвтчихсэн авлигачид олон байна. Тэр утгаараа энэ 2024 оны УИХ-ын сонгууль ганц дөрвөн жилийн улс төрийг ч шийдэхгүй. Сүртэйхэн хэлэхэд, ирэх дөрвөн жил, цаашаа 40 жил, 400 жилийн Монгол Улс ямар, монголчууд хэн байхыг шийднэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хулгай, түүний эсрэг гурван жилийн алийг үргэлжлүүлэх вэ гэдгээ л сонгоно. Тиймээс л нэгэнт өөрчлөгдсөн тогтолцоонд суурилж, 126 төлөөлөлтэй УИХ-ыг томсгож бүсчилсэн тойргоор байгуулах гэж байгаа юм. Товчхондоо, бид сонголтоо зөв хийвэл чадамжтай УИХ байгуулж чадна. Чадамжтай УИХ-аас чадалтай  Засгийн газар “төрж” таарна. Хэрэв үгүй бол, нөгөөдүүлээ дахин сонгоод гаргаад ирвэл нөгөө л цахим сүлжээндээ агсамнаж, Сүхбаатарын талбай дээрээ цуглаж хашгирахаас хэтрэхгүй. Энэ байгаадаа л үлдэнэ. “…Сонго, тэгээд уйл” гэдэг шиг л болно. М.Зэнээ агсаны амьд сэрүүндээ нэгэн сонгуулийн үеэр хэлсэн үг бий. “…Хүмүүс мөнгө тараана. Аваад байгаарай. Харин сонголт  хийхдээ бодоорой. Өөрсдийнхөөрөө, зөв хийгээрэй гэсэн” хэмээсэн гэдэг. Тэр л хамгийн сайн “сонголт” доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?