Унтах гээд хэвтлээ толгой эргээд байх юм...Хажуу тийш харж унтаж байгаад сэрээд дээш харсан толгой эргээд...Архи уугаад өглөө нь толгой эргээд байх юм...Хүзүүгээ эргүүлэхээр толгой эргээд бие сулраад байна...Босоод явахаар толгой эргээд уначих гээд байна...Миний толгой эргээд байгаа юм шиг, орчин тойрон эргээд байна...
Гудманд гэнэт толгой эргээд уначих гээд байна. Тааралдсан хүн болгондоо сонин болгож ярина.
-Даралт чинь зүгээр биз... гэсэн анхааруулгаас өөр хариулт сонсохгүй. Эмчид үзүүллээ :
-Түр зуурт толгой эргэхийг алийг тэр гэх вэ?. Гайгүй биз. Үнэхээр гайгүй болоод мартагдана... Дахин гэнэт толгой эргэлээ...
ОДОО ЯАХАВ ?
Мэдрэл, мэдрэлийн мэс засалч эмч нарт үзүүлэхэд ганц асуулт
-Толгой чинь эргээд байна уу? Орчин тойрон чинь эргээд байна уу?
-Орчин тойрон эргээгүй. Миний толгой эргээд гэвэл аан гээд өнгөрнө. Хэрвээ орчин тойрон эргээд толгой их өвдөөд гэвэл сэжиг бүхий байна.
Толгой эргэх олон янзын шалтгаантай
Хүний бага, уртавтар тархинд хүний хөдөлгөөний тэнцвэр хадгалах, болон хараа, сонсголын төвүүд байдаг. Хүний нүдний угт гэнэтийн цочрол, дунд чихний даралт өөрчлөгдөх, хүзүүний нугалам шохойжих, хүзүүний урт булчин чангарах, эсвэл унтахдаа дэр хэрэглэдэггүй хүмүүст гэнэтийн толгой эргэх тохиолдоно.
Жирэмсэн эхчүүд, ямар нэг хордлого, өвчний улмаас, цус багадаж тархины цусан хангамж багасаж толгой эргэнэ. Хүний цусны даралт тогтворгүйгээс толгой эргэнэ. Бидний толгой эргэлт голдуу цусанд байгаа сахарын хэмжээ хэлбэлзсэнээс болдог. Энэ нь нойр булчирхайн инсулины ялгаруулалтаас болдог. Хоол унд багатай олон цагаар оюуны болон биеийн хүчний хөдөлмөрөөс инсулины ихээхэн ялгаралтаас цусан дахь сахар багадсанаас, толгой эргэлтийн гол шалтаг болдог.
"Панкратит" гэж нойр булчирхайн үрэвслийг хэлдэг. Нойр булчирхай гэж нэрлэсний учир хүний цусан дахь сахарын хэмжээ гэнэт багасаж хүнийг "Сахарын ком" буюу унтаа байдалд оруулдаг болохоор нойр булчирхай гэж монголчилсон ч байж болох...
Өөр улс орны нэршилд нойртой холбоогүй нэршил бий. Нойр булчирхайн үйл ажиллагаа 12 нугалаа гэдсэнд ферментүүдийг оруулж "Энзим" урвалжилтыг явуулж, хоол боловсруулалтад оролцдог.
Үүний нэг урвалж нь : Инсулин ялгаруулж, цусан дахь сахарыг задалж, булчингуудад эрч хүч, энергийн эх үүсвэр болгодог. Толгой эргээд байгаа хүмүүс цусны шинжилгээгээр инсулиныг тодорхойлуулна. Энэ инсулин ихдэх нь удамшлын гаралтай. Нойр булчирхайн уйланхай бамбайн булчирхайн өөрчлөлтөөс гарна. Нойр булчирхайд зөвхөн 5% инсулин байх шаардлагатай. Инсулин их байхад цусанд сахарын хэмжээ буурч цусны даралт багасаж байдгаас толгой эргэх нь их байдаг. Толгой эргэх үед чихэртэй цай, кофе уух, шокалад идэх, бага зэргийн хоол идэх шаардлагатай. Угийн чихрийн шижинтэй хүн өөрийн уудаг эм, инсулины хэт үйлчлэлээс цусны сахар унаж толгой эргэн бие нь сулрах үед мөн дээрх арга хэмжээг авах нь зүйтэй.
Толгой эргээд байгаа хүмүүс тархины томограф зураг авахуулах, нойр булчирхай, бамбай булчирхайгаа ЭХО-д харуулах, TSH, T4, T3, сахарын шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хүзүү нугаламын зураг авахуулж, мэдрэл, нугас дарагдсан эсэхийг үзүүлэх хэрэгтэй. Цусан дахь сахарын хэмжээг үзүүлж байх. Шинжилгээн өөрчлөлт гарсан үед мэргэжлийн эмчид үзүүлж, эмчлүүлж байх шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх
Өөрийн таарсан дэртэй унтах, чихнээс гарч байгаа булаг үрэвслийг сайн эмчлүүлж байх, цусан дахь сахарын хэмжээ гурван сарын дундажыг тодорхойлуулж байх, хүзүү нурууны нугаламын уян хатан байлгах дасгал хийлгэж байх. Цус багадалтын шалтгааныг оношлуулж эмчилгээ хийлгэж байх хэрэгтэй.
Хүний их эмч : Б.БАТ-ОРГИЛ