Өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнг гарчигтаа хэлж байна. Нэгэнт түүх болон үлдэж. Өнөөдөр орон нутгийн сонгуулийн сүүлийн долоо хоног. Сонгуулийн үйл явц бол УИХ-ын сонгуулиас нэг их дутах юм алга. Хүн хүч, хөрөнгө мөнгө урссан улс төр үргэлжилж байна. Сонголт бол мэдээж хувь иргэний мэдэлд. Ард түмний сонголтыг хүндэтгэж үзнэ. Хүлээн зөвшөөрнө. Хэн ч сонгогдсон байсан төрийн дунд, анхан шатанд төр барина. Ардчилсан нийгмийн гайхамшиг нь энэ. Энэ эрх чөлөөг л монголчууд бид алт болгох хэрэгтэй. Алтан боломж, алдаж болохгүй хөгжлийн жилүүд болгож ажил амьдралаа өөд нь татах ёстой. Ардчилсан нийгмийн үнэ цэнэ, үнэт зүйл ердөө энэ.
Гэвч бид ардчилсан нийгмийг утгаар нь байгуулж байна уу. Ардчиллын үнэт зүйлийг маш товчлон хэлье гэвэл Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө. Монголд өнөөдөр ямар байна. Монголын нийгэм дэх хамгийн нөлөөтэй сэтгүүлч нь шоронд сууж байна шүү дээ. Монголд хөдөлж буй ашигтай бизнес бүхэн рүү төр орж байна. Төрийн өмчит компани, төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн тоо буурахгүй байна. Монголын эдийн засаг дахь хамгийн том худалдан авагч нь төр өөрөө байсаар байна. Монголын эдийн засагт байгаа гурван төгрөг тутмын хоёр нь төрийнх байна. Монголын нийт хүн амын ажиллах хүчний 1/3 нь төрийн албан хаагчид байна. Төрийн нүсэр системээ татвар төлөгчид нь, ард түмэн нь даахгүйд хүрлээ. Энэ бүхэн бол ардчилсан нийгэм Монголд цаашид оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг асуухаас өөр замгүй болгож байна.
Үүнийг хазаарлах, өнөөдрөөр цэг тавиад ардчиллын үнэт зүйл рүү нийгмээрээ явах тийм боломж бидэнд байна. Тэр нь сонгууль. Ардчиллын нүүр царай болж байгаа АН-д найдахаас өөр сонголт бидэнд байхгүй. АН-д алдаа их бий. Гэвч тэдэнд байдаг нэгэн том үнэ цэнийг тогтож харах ёстой. Тэр нь АН-ын нээлттэй байдал. Алдаа оноо бүгдийг нь ард түмэн харж байдаг болохоор тэд нээлттэй цонхтой улс төрийн хүчин. Тэднийг Монголын төрд яаж ашиглах, ашиглахгүй талаар ард түмэн алган дээрээ тавьсан юм шиг мэднэ. Сайн мэддэг хүнтэй яаж харьцахаа та мэддэг, амар байдаг биз дээ. Яг түүн шиг Монголын ард түмний хувьд Монголын улс төрийн хоёр дахь том хүчин АН нээлттэй. АН бол нээлттэй нийгэм. Тэдэнд итгэж болно. Яагаад гэвэл тэдний ямар үйл хөдлөл, улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа нь нийгэмд ил учраас нийгмийн зүгээс дор нь хязгаарлана.
Харин МАН тийм үү. Улс төрийн шийдвэрүүд, үйл явц нь тэр чигээрээ цоожтой хаалганы цаана өрнөдөг. Энэ нь маш ноцтой байсныг басчиг сүүлийн жилүүдэд бүгдээрээ харлаа. Юун авлига, албан тушаалын гэмт хэрэг вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйлдэл, үйл явцууд болж байсныг олон дуулиант хэргүүд, түүнд оролцогчид, Төрийн ордноос шорон руу шилжсэн өндөр дээд албан тушаалтнуудаас нь харлаа. Одоо МАН-д бага ч гэсэн салхи орж байна. Ямар ч байсан ард түмэнд гэрэл цохиулсан нь сайн. Авлигачин гишүүдтэйгээ хэрхэн тэмцэж үр дүнд хүрэх нь одоохондоо бүрхэг. Процесс үргэлжилж байна, Шүүх дээр л… гэсэн мэдээлэлтэй байгаа. Гэсэн хэдүй ч ард түмэн анхаарлын төвдөө авсан. Үүний үр дүн нь сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бүрдсэн хүчний харьцаа юм. Ямар ч байсан ардчиллын салхи салхилсан сонгууль болж өнгөрсөн.
Сонгуулийн өмнөх урьдчилсан прогнозоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Ардчиллын төлөө тууштай сонголт хийхээр байсан. Харин орон нутагт МАН дийлдэхгүй юм байна, тэнд ардчиллын үнэр ч алга гэцгээж байв. Аймаг сумын иргэдийг боловсролгүй, соёлгүй, ардчиллын үнэ цэнийг огтхон мэдэхгүй “малууд” хэмээн бичицгээж байсан хүмүүс олон. Харин нийслэлийн иргэд бол мэдээлэлд ойр, ардчиллын үнэ цэнийг жинхэнэ мэдэрсэн, сэхээтэнлэг хэсэг, АН-ын гол түшиц бааз бол Нийслэлчүүд хэмээн дүгнэж байлаа. Ингээд УИХ-ын сонгууль боллоо. Дүн гарлаа. АН нийслэлд нэг ч суудалгүй салах шахав. Гарын таван хуруунд багтах хэдэн хүнийг Ардчиллаас сонгов. Бусад сонголт МАН. Нөгөө коммунистууд, авлигачид, Монголыг 30 жил элгээр нь мөлхүүлсэн хэдэн олигархи, төрөөс төрсөн тэрбумтнууд, угсаа залгамжилсан хунтайжууд… юу юу гэж ч шүүмжлээд байлаа. Тэр бүхэн нийслэлд өнгөний төдий байсан юм билээ. Харин хөдөөд ардчиллын жинхэнэ үнэ цэнийг мэдэрдэг, Монголын эрх баригчид ерөөсөө биш байна, энэ улс орон нэг л болохгүй байна, өөрчлөх цаг болжээ… гэсэн дэлхийн сэтгэлгээтэй, өвгөдийн ухаантай, олон улстай хөл нийлүүлэн алхсан хүмүүс байдгийг ойлгууллаа. Тэдний ухааныг нийслэлчүүд лав улс төрийн сонголт дээр энэ удаад гүйцсэнгүй. Бодит үнэн гэвэл энэ.
Гэвч боломж нийслэлд бий. Одоо орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд маань хөдөөгийнхнөө гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Улс төрийн сонголт бол улс орны хөгжлийн эхний шат. Шулуухан хэлэхэд, орон нутгийн сонгуулийнхаа сонголт дээр ухаалаг байх нь ирээдүйд хэрэгтэй байна. Нийслэлийн засаг захиргаа, НИТХ гэдэг бол Монголын “бага” Засгийн газар юм. Хүн амын тал хувь нь нийслэлд байна. Монголын нийт эдийн засгийн 60 хувь нь хотод эргэлдэж байна. Мөнгөн дүн, төсөв, төсөл хөтөлбөр… бүгд Улаанбаатарт төвлөрсөн. Монголчуудын амьдралын баталгаа үндсэндээ Нийслэл учраас төвлөрөл гэрлийн хурдаар явагдаж байна. Ийм эдийн засагтай, хүн амын нягтаршилтай Улаанбаатар хотод ардчиллын үнэ цэнэ хамгийн чухал. АН-ыг хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр аваачих нь ч дутуу дулимаг сонголт. Тийм болохоор дутуугаа гүйцээж Нийслэлд ардчиллынханд дүүрэн сонголт хийвэл яасан юм бэ. 2016 оноос хойш Нийслэлийн засаглалд шинэ салхи орсонгүй. Бүтэн найман жил МАН дангаар Монгол Улсын “бага” Засгийн газарт эзэн сууцгаалаа. 2012-2016 оны хооронд Ардчиллынхны босгосон Чингис бондын хөрөнгөөр хотын замыг засч, хэдэн мундаг уулзварыг хийж эхлүүлсэн авто замын шинэчлэлээс өөрөөр хотод юу шинээр хийгдэв. Хувийн хэвшлийнхний хөрөнгө мөнгө, концессоор боссон хэдэн байшин барилгыг нэрлэх үү. Сая ашиглалтад орсон Яармагийн шинэ гүүрээр өнөөдөр өдөрт 100 машин зорчиж байна уу. Хотын төв рүүгээ ороод нэг урсгалтай зам дээрээ нам гацах болсноор тэр гүүрээр зорчих иргэд байхгүй байна. Харинчиг хотын төвөөс Яармаг, Нисэхийн чиглэлийн зам хамгийн хурдан урсгалтай байсныг үгүй хийв. Шинэ гүүр рүү эргэдэг дээр гэрлэн дохио тавьснаар тэр урсгал нам гацаа болж хотын түгжрэл нэгээр нэмэгдлээ. Яривал, бичвэл энэ мэт кейс маш их байна. Нийслэлчүүд бүгд л харж, бухимдацгааж байдаг. Гэвч улс төрийн сонголт нь бахь байдгаараа…
Тийм болохоор нийслэлчүүдээ бод, сайн бодож сонголтоо хийцгээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлчүүдэд их найдлага тавьж байсан шүү.Гэвч бүх зүйл илбэдүүлсэн мэт эрх баригчид руу шилжсэн. Ингээд нэг нам гурав дахь удаагаа Монголыг удирдах боломж бүрдсэн. Олонх л бол олонх. Хамтарсан гэх ойлголт ямагт хоёрдугаарт явна. Одоо орон нутгийн сонгууль арай өөр сонголттой байх биз ээ.
Эх сурвалж: Өдрийн сонин