"ЗУРАГ БОЛ ДҮРСЭЭР ИЛЭРХИЙЛЭГДЭХ ЯРУУ НАЙРАГ ЮМ"

2016-08-28  

Усан будгийн холбооны тэргүүн зураач Д.Батнасантай ярилцлаа. "Зураг бол дүрсээр илэрхийлэгдэх яруу найраг юм".

-ЗУРААЧ БОЛОХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ХЭЗЭЭНЭЭС БИЙ БОЛОВ ОО?

-Хүүхэд байхдаа зураг зурах дуртай байсан. Гэхдээ зураач болно гэж боддоггүй байсан санагдана. Бидний багад янз бүрийн сонгодог зохиолууд уншдаг байлаа шүү дээ. Тэндээс төсөөллүүд бий болж тэр нь мөрөөдөл маягтай үлддэг юм шиг байгаа юм. Гэхдээ энэ зураач болоход яг таг нөлөөлсөн гэхэд бас хэцүү. Нисгэгч болдог юм билүү, олныг шуугиулсан, хүндэтгэлийг хүлээсэн хүн болно гэж ч бодож байлаа. Хүний амьдрал гэдэг нэг хоёр гээд тогтсон хэмнэлээр явдаггүй шүү дээ. 

- УРАН ЗУРГИЙН ХЭЧНЭЭН ТӨРӨЛ БАЙДАГ ЮМ БОЛ?

Хүн бүрт мэдрэмж, ертөнц байдаг. Би бодохдоо хүний тоогоор төрөл байгаа байх. Зураач бүрийн тоогоор төрөл байгаа байх гэж боддог.  Хэсэг уран бүтээлчид нэгдээд “изм”-үүдийг бий болгодог. Маш олон төрлийн урлаг байна. Адилхан зураг зурах тухай Европын нэг ийм арга байдаг л даа. Адил зурах битгий хэл адилаас илүү зурах хүртлээ хөгжөөд үүнээс цааш одоо яах уу гээд дотоод ертөнцийг нь зуръя, эсвэл байгалийг санаанаасаа зурж байсан бол байгаль дээрээс нь байгаль зуръя ч гэдэг юм уу ингээд л цаашаа хөгжөөд явсан байгаа юм.

-УСАН БУДГИЙН ТӨРӨЛ БУСАД ТӨРЛӨӨСӨӨ ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

-Уран зургийг янз бүрийн материалаар зурдаг. Ерөнхийдөө сонгодог урлагийн үеэс эхлээд тосон будаг илүү хөгжсөн. Тосон будгаар дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүд үлдсэн байдаг. Усан будгийг 17-р зууны Германы зураачид түлхүү зурж эхэлсэн. Манайд бол усан будгийн орчин үеийн урлаг бол уламжлалтай юм байхгүй. Хятад дорно дахин, Азийн усан будаг бол өнө эртний түүхтэй.

 -УРЛАНД ЗУРАГ ЗУРАХ ГАДАА БОДИТ ОРЧИНД ЗУРАГ ЗУРАХ ХОЁРЫН ЯЛГАА ЮУ ВЭ?

- Үүнийг ярихын тулд багшийг ярих хэрэгтэй. Багш бол байгаль. Байгалийн өнгөний хувирал бол ер бусын. Урланд бол өнгө бол тухайн зураачийн сэтгэлгээгээр хязгаарлагддаг. Байгалийн өнгө бол минут тутам хувирч байдаг. Улирал улирлаар хувирдаг боловч яг нарийндаа өглөө, орой тэр бүү хэл нэг уулыг зурчхаад эргээд харахад өнгө нь арай өөр болсон байх жишээтэй. Тиймээс байгаль өөрөө багш.

-БАЙГАЛИЙН ГОО САЙХАН ХҮНИЙ ГОО САЙХНЫГ ГАРГАХ ЗУРААЧИЙН МЭДРЭМЖ, ЯЛГАА НЬ ЮУНД БАЙДАГ ВЭ?

- Байгаль чинь өөрөө бүтээл. Байгалиас санаа аваад юу ч үлдээж болно ш дээ. Хүн бол хамгийн тайлагдашгүй гоо сайхан, тайлагдашгүй ертөнц юм даа. Хүн нэг бүр өөрсдийн ертөнцтэй. Түүгээрээ л цаасан дээр бууж байдаг. Ганц зураас татсан байсан ч маш их бодсон байгаа. Ер нь урлагийг бодохгүй хийх боломжгүй. Ганц зураасдаа биш агуулагдаа. Агуулга байхгүй бол биш болчихдог. Агуулга нь 80 хувь юмаа гэж олон хүмүүс хэлсэн байдаг. Тэр бараг үнэн байх.

-ТАЛ НУТАГТ ОЧООД ЗУРАГ ЗУРАХ ЯГ ОДОО ЭНД ЗУРАГ ЗУРАХ ХОЁРЫН ЯЛГАА?

-Би өөрөө уул устай хангай газар өссөн. Орон зай гэдэг чинь 4-5 км доторх орон зайг илүү мэдэрдэг. Тэгэхээр тэрэндээ илүү дуртай. Илэрхийлэх боломж нь арай дээр. Говь юм уу тал нутагт очвол ойлгож чадахгүй байх тийм зүйл байдаг. Гэтэл говийн хүн хангайн тухай зурна гэдэг бас төрөлх мэдрэмж дутагдана.

-Тэрийг харчихаад л түүгээр урлаг хийх ёстой. Ганцхан зураас татаж болно. Тэр нь уншигдаж байх ёстой байхгүй юу. Гэхдээ бүх хүнд ойлгомжтой урлаг хийж болохгүй шүү дээ.  Зураг чинь өөрөө илэрхийлэх ёстой юмаа илэрхийлж байдаг.

-ТӨСӨӨЛЛӨӨ ХҮН ЯРЬДАГ Ш ДЭЭ. ЯГ ЭНЭ ЗУРАГ МИНИЙ СЭТГЭЛД ИНГЭЖ УНШИГДАЖ БАЙГАА ЮМ ГЭЖ ҮЗВЭЛ?

Зураач хүн өөрөө зургаа тайлбарлахаараа л утгагүй болчихдог байхгүй юу. Зураач нарыг битгий зур гэдэг юм. Харин зохиолч нарыг зур гэдэг юм шиг байгаа юм. Яагаад гэвэл нүдэнд харагдтал буулгахын тулд төсөөллийг үгээр илэрхийлнэ дээ. Харин зураач хүн бол тэндээс харсан сэтгэгдлээ л үлдээх хэрэгтэй. Зүүдэнд хүн гоё юм хардаг даанч аппаратаа авч явж болохгүй. Харин зураач хүн бол зурчихна.

Хятадын аугаа зураачдын нэг юм нь хоёр загас зурчихаад хоёр мөр шүлэг дээр нь байгаа байхгүй юу. Нийлээд л аугаа болдог. Зургаа шүлгээрээ дэмжээд гайхалтай юм болчихоод байгаа юм.

-ӨНӨӨДӨР МОНГОЛЫН УРАН ЗУРАГ СОНИРХОГЧИД, НИЙГЭМ УРАН ЗУРГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ТЭР ФИЛОСОФИ БҮРДСЭН БАЙНА УУ?

-Монголчуудад маш мэдрэмтгий ард түмэн. Тийм болохоор аймаар өндөр боловсрол хэрэггүй. Нэг жишээ ярихад Францад ихэнх зураач нар нь өөр ажил хийдэг. Зургаа бол өөрийнхөө сонирхлоороо хийдэг. Тэгэхэд монголчууд өөрсдөө зургаараа амьдарч байна. Бүр зарим нь би зургаа зарж доош орохгүй гэж байгааг юу гэж ойлгох уу. Тэгэхээр энэ бол харьцангуй мэдрэмжтэй өндөр түвшинд бүтээгдэж байна. Хоёрдугаарт хамгийн гол нь урлаг хөгжих тэр хөрс нь худалдан авагч нар. Тэд нар нь өөрөө их мундаг байгаа байхгүй юу.

-ӨӨРИЙН ТАНЬ ТОЛГОЙЛДОГ УСАН БУДГИЙН ЗУРГИЙН ХОЛБООНД ХИЧНЭЭН ЗУРААЧ ХАРЪЯАЛАГДАЖ БАЙНА. МАНАЙ ЗУРААЧДЫН БҮТЭЭЛ ДЭЛХИЙД ЯМАР ЗИНДААНД ЯВЖ БАЙНА?

-Усан будаг ур чадвар шаарддаг болохоор манайд жаахан орхигдсон. Усан будгаар зурдаггүй зураач гэж огт байхгүй. Тэгэхээр жоохон мартагдсан техникийг идэвхжүүлье гээд бид хэд нийлээд сүүлийн хэдэн жил ажиллаад үзсэн. Тэгээд хэдүүлээ ярьж байгаад энийг олон улсын түвшинд тавиад үзвэл яах бол гээд туршилт маягаар явуулаад үзсэн чинь манайх хоцрогдсон юм байхгүй юм билээ. Зарим урлаг фестивальд тэнцээд ирэхээр баярлаад Монголд тоодоггүй юм олон улс үнэлж байна гэж байсан бол нэг жилийн дараа өдийд гэхэд 1-р байр, тусгай байр, шилдэг шагналуудыг нь аваад эхлэхээр, нэгдвэл юу ч хийж болох юм байна гэдэг бодол төрсөн.

-ХАМГИЙН СҮҮЛД АВСАН ШАГНАЛ?

Хамгийн сүүлд Болгарт манай усан будгийн н.Мөнхбаатар гэдэг зураач нэгдүгээр байрыг нь авчихлаа. Тэрний түрүүчид Иранд болсон ОУ-ын усан будгийн тэмцээнд нэгдүгээр байранд орж байсан. Албанид болсон тэмцээнд миний зурсан байгалийн зураг шилдэгт шалгарч байлаа. ОУ-ын түвшинд байнга л айрагдаад байна. Харьцангуй амжилттай.

- БИДЭНТЭЙ ЯРИЛЦСАН ТАНД БАЯРЛАЛАА. 

Баярлалаа. Танай сайтын хамт олонд ч бас ажлын амжилт хүсье.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?