Б. БАТМӨНХ : ОЮУТОЛГОЙГООС МОНГОЛЧУУД ӨРТЭЙ Л ҮЛДЭНЭ...

2016-01-25  

Оюутолгой. Энэ бол шар тос юм. Зуун зуун дамжуулан хадгалсан шар тосоо Монголчууд хүртэх боломжгүй болжээ. Монголчуудыг талцуулсан Оюутолгойн гэрээ гэж ямар гэрээ юм, хэн түүнийг нь хэрэгжүүлж байгаа юм, Монголчууд бидэнд юу үлдээх тухай МУИС-ын ШУА-ийн сургуулийн ЭЗ-ийн танхимын зөвлөх профессор, доктор Б. Батмөнхтэй СONTROL.MN ярилцлага өрнүүллээ. Батмөнх бол бие даасан эдийн засагч, судлаач учир хэн нэгнээс хамааралгүй нэгэн. Статистикийн төв газрын орлогч даргаар 10 жил ажилласан туршлагатай мэргэжилтэн. Монгол хүн бүр энийг унших ёстой гэж CONTROL.MN үзлээ.

- Оюу толгойн гэрээ Монголд ашиггүй гэрээ гэж ярьдаг. Яг ямар учиртай гэрээ байгуулсан юм бэ? 

Би бол Оюутолгойн гэрээн дээр ажиллаж байсан хүн биш, гэхдээ өөрийхөө санаа бодлыг хэлэхгүй байж чадахгүй нь. Монголчууд улс орныхоо байгалийн баялагийг 21-р зуун хүртэл маш сайн хадгалж ирсэн. Зүйрлэвэл, Монгол улс 21-р зууны эхэн хүртэл малын өөхөнд ороосон бөөр шиг ийм улс байж дээ . Гайхалтай бодлого, гайхалтай хүмүүс.  Дэлхий дээр өөр ийм улс ховор байсан. Тухайн үед

Ойрхи дорнод, африк, латин америк зэрэг улс орны газрын баялгийг Английн Саксоны групп гэж яриад байгаа хуучнаар бол Англи, Америкийн империалист гүрнүүд цөлмөчихсөн . Бид түүхийг нь мэднэ. 

Нэгдүгээрт : Яг энэ жишгээр , өнөөдөр  Канад, Австралийн компаниуд хөгжиж буй орнуудын байгалийн баялагийг цөлмөсөөр байна. Энэ талаараа олон зуун жилийн туршлага хуримтлуулсан. Ийм л ТУРШЛАГАТАЙ компаниудыг Монголд оруулаад ирчихсэн "БӨӨР"- өө авахуулж байна гэж хэлж болно.

Хоёрдугаарт : Баялагийн хараал гэдэг үг. Арабууд 1965 онд Ливаны Бэйрутын сонинд баялагийн хараалыг анх томъёолсон байдаг. Гэхдээ энэнд Монголчуудын нэр багтсан байдаг нь их сонирхолтой. Яасан бэ ? гэхээр 13-р зуунд Монголчууд Арабыг байлдан дагуулаад, хүйс тэмтрээд зэрлэг догшин авирласан. Үүнтэй адилхан 60-аад оны дундуур империалистууд  Арабын орнуудыг газрын тосоор нь цөлмөж байна гэж сонинд бичсэн байдаг. Үүнээс үүдэлтэйгээр "Баялагийн хараал" гэдэг үг анх гарч ирсэн гэж судлаачид үзсэн. 

Түүх сөхөөд үзэхээр бид анх удаа хөгжиж байгаа орнуудыг цөлмөдөг тийм туршлагатай олон улсын компанитай нүүр тулсан учраас туршлагагүйтсэн, мэдлэг дутсан. Дээрээс нь төр засаг нь арчаагүй байсан, найр тавьсан учраас ингээд баялагаа цөлмүүлэх нөхцөл бүрдсэн. 

Нобелийн шагналт, Оксфордын их сургуулийн профессор Пол Коллир гэж хүний 2009 онд Монголд хэвлэгдсэн "Адагт үлдсэн тэрбум" гэдэг орчуулгын ном байдаг. Тэр номон дээр дэлхий тэр үед 6.5 тэрбум хүнтэй байсан. Тэр үед нэн буурай 58 орны нэг тэрбум хүн байсан. Харамсалтай нь энд Монгол улс орчихсон. Яагаад эдгээр улс нэн буурай болсон бэ ? гэдгийг дөрвөн шалтгаанаар гаргаж ирсэн байдаг. Үүний гурав нь Монголд байгаа. 

1. Далайд гарцгүй

2. Байгалийн баялаг арвинтай

З. Муу засаглал

Би үүнийг яах гэж дурьдаад байна вэ ? гэвэл засаглал муу тохиолдолд өөрөөр хэлбэл хариуцлагагүй засгийн газартай улс орон байгалийн баялагаараа оролдоход сүйрэлд хүрдэг юмаа гэдгийг тэр номонд дурдагдсан  58 улсын түүхэнд тулгуурлан бичсэн байгаа юм. 

Тэгэхээр манай улс, амьтнаар бол цөөвөр чонын сүрэгт гэдсээ хүүлүүлчихсэн юм байнаа гэж би ойлгосон. 

Сайханбилэгийн засгийн газрыг өнгөрсөн оны зургаадугаар сард тусгай ажлын хэсэг гаргаад Оюутолгойн гэрээ хэр зэрэг болсон бэ? Ер нь хэр ашигтай вэ гэдгийг тусгай сангийн яам, татварынхан, гаалийнхан ороод хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээс, мөн Ч. Улаан гишүүний 2015 оны 6-р дугаарын сарын 8-ны өдрийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг үндэслэж энэ гэрээ үнэхээр ашиггүй байсан гэдгийг хэлмээр байгаа юм. Ер нь бид чинь их ой санамж муутай болчихсон, өмнө ярьсан хүнийхээ үгийг мартчихдаг. Ард иргэдийг ашигтай ч юм шиг ашиггүй ч юм шиг будлиантуулаад талцуулчихдаг. Хамгийн муухай нь энэ байдал нь эрх баригчдад ашигтай байдаг. Яг үнэн юмыг харж, ярьж хэлдэг хүмүүс нь цөөрчихсөн харамсалтай цаг үед бид амьдарч байна. Дээр нь олон улсын үндэстэн дамнасан корпорациуд Монголчуудыг дэндүү доромжилж, басамжилсан ийм зүйлүүдийг тулган хүлээлгэх гэж шахдаг. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор бид гарлаа барьлаа, олон улсын хөрөнгө оруулалт зугтаалаа гэсэн эсрэг сурталчилгаа хийгээд дэлхий даяар Монгол хөөж, тууж байна гэсэн цуурхлыг зохион байгуулалттайгаар  тараадаг. 

- Дубайн гэрээн үнэн төрх юу вэ? Ажлын хэсгийн ямар дүгнэлт байна? Яг баримттай дүгнэлт гарсан юм уу ? 

Энэ дубайн гэрээ бол найман бүлэг 57 зүйл заалттай. Эндээс таван заалтыг Монголчууд яагаад ч зөвшөөрөх аргагүй гэж ажлын хэсэг үзсэн байдаг. 1996 онд ашигт малтмалын хуулийг анх удаа гаргахад Энхсайханы засгийн газар байсан. Энэ хуулийг бол барууныхан Монголд зориулж хийсэн байдаг. Ер нь бол хөгжиж байгаа орнуудыг цөлмөдөг тусгай пакет программ юм. Өөрөөр хэлбэл эхлээд өөрсдөө хуулиа гаргаж өгдөг. Бид нар болохоор наана нь олон улсын хуулиар сайхан хууль хийгээд өглөө гээд 96 оны хуулийг шууд тэрүүгээр нь авчихсан. Тэрнийхээ гайг одоо бид нар энэ олон лиценз зэргээр учрыг нь ойлгож авч байна. Дараахан нь 34 хувь гэдэг юм гарч ирсэн. Тэгээд Монголыг 34 хувиар хүзүүгээр нь олс хийж аваад дөрлөсөн тэмээ шиг хөтөлчихсөн. Тэгээд өөрсдөө зардлаа өсгөөд байдаг. 

Энэ шалгалтын материал дээр үндэслээд хэлэхэд анх 2009-2010 оны ил уурхайн эхний үе шатны ажлын тайланг Сү.Батболдын засгийн газар авч үзээд нэлээд зөрчил илрүүлж тавьсан байдаг. Тухайлбал 300-н сая долларыг баталгаажуулах бололцоогүй. Хаана яаж зарсан нь тодорхойгүй. Анхнаасаа энэ ил уурхайн ажил зардлаа хэтрүүлээд л эхэлсэн байгаа юм. 2010-2012 оны үйл ажиллагааг Н. Алтанхуягийн шинэчлэлийн засгийн газар баталгаажуулах ёстой байсан. Ингээд шалгаад баримтжуулсан чинь нэг тэрбум 880 сая ам.долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн байдаг. Одоо тэгээд 2013-2014 он юу болсон юм бүү мэд! Эцсийн эцэст энэ ажлын хэсэг 2012 оныг дуустал Оюутолгойн ил хэсгийн эхний шатанд 7.9 тэрбум доллар зарчихсан байгаа юм. Үүнээс 1.1 тэрбум доллар нь жинхэнэ бүтээн босголт барилга байгууламж, зам, тоног төхөөрөмж худалдаж авсан байна гэсэн дүгнэлтэд ажлын хэсгийнхэн хүрсэн. Тэгэхээр цаана нь 6.8 тэрбум ам. доллар сох дутаж байна. Хаа байсан хятадад байдаг оффисынх нь зардлыг энд шингээсэн байх жишээтэй. Тухайлбал Роберт Грийнландын орон сууцны түрээс, эмчилгээний зардал, орлогч захирлынх нь хүүхдийн сургалтын төлбөр, аялал зугаалгаар явсан зардал гэх мэт хувь хүнийх нь өөрийнх нь гаргах ёстой зардлуудыг Оюутолгойгоос гаргачихсан байгаа юм. Тэгчихээд үүнийг Оюутолгойгоос гарсан зардал гээд 34 хувиараа Монголчууд төлж байгаа юм. Өөр бусад, монголчуудыг доромжилсон зугаалгын чанартай зардал тусгагдсан тухай ч мэдээлэл гарч ирж байгаа . Шалгаж тогтоох л ёстой. Бодит  үнэн ийм л байна шүү дээ. Монголчуудыг дэндүү доромжилж байгаа биз? Бод доо, тэр мөнгө нь оюутолгойн зардалд ороод, Монголчууд тэрийг нь төлөөд сууж байдаг. Тэгсэн мөртлөө болж байна, бүтэж байна гээд эрх баригчид нь ард түмнээ хуураад л сууж байна. 

- Нэг ёсондоо ийм доромжилсон байдлыг нь Монголчууд бид зөвшөөрөөд байж байна гэсэн үг үү? 

Хаа хамаагүй тэр зардлуудыг нь Монголчууд нуруундаа үүрээд явж байхад бид нар болж байна, Оюутолгойн гэрээ сайхан гэрээ боллоо. Өгөөж ихтэй байна гээд сууж байж болж байгаа юм уу? Үүнийг ярьдаг хүн нь цөөрчихлөө. Эрх барьж байгаа нөхдүүд нь гарч ирээд Оюутолгой л хөдөлбөл Монгол босч ирнэ гээд. Бид өмнө нь Оюутолгойгүй амьдраад болж л байсан. Энэ Оюутолгойн төсөл чинь нийт төслийнхөө хугацаанд 500-н тэрбум долларын өртөгтэй. Хамаг юмаа өгч гаргачихаад болж байна, бүтэж байна гээд байх юм. Монголчууд бид одоо ухаан ормоор байна. Амьд явбал алтан аяганаас ус уунаа гэж Монголчууд үе үеэрээ  ярьж ирсэн. Өнөөгийн нөхцөлд энэ чинь өөр болчихжээ. Амьд явбал алтан аяганаас ус уунаа гээд алтаа бэлдээд байтал гадны луйварчдад алтаа алдчихлаа, усаа ч амсч чадсангүй ээ гэж ийм л юм болох вий дээ гэж би найзууддаа ярьдаг. Өдрийн сонины 2015 оны 6-р сарын 8-ны албан ёсны ажлын хэсгийн дүгнэлтийг Монголчууд маань уншиж ухаараасай. 

- Тэгэхээр яг баяр ёслолын үеэр асуудалтай юмнуудаа баталдаг?

Иргэд баяр ёслол наадам гээд хөдөө гадаа явж байх хойгуур ийм асуудалтай юмнуудаа нэг өдөр гаргаад өнгөрдөг. Тэгээд иргэд энэ мэдээллийг нь авалгүй өнгөрдөг. Гэтэл энэ нь бүхэл бүтэн үндэстний хувь заяа дуусч байна гэдгийг мэдэхгүй найр наадам, цагаан сар гээд л өнгөрдөг. Энэ сонин дээр маш нарийн юмнууд байгаа. Тухайлбал "Петровис"-ийн нефтийн агуулахыг засварлахад 3.3 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энийг оюутолгойн хөрөнгө оруулалтанд багтаасан. Гэтэл "Петровис" тусдаа хувийн компани. Энэ бол хахуульдаж байгаагийн л шинж шүү дээ. 

Сүүлийн үеийн мэдээгээр Ази дахь Монголын саятнуудын тоо 6.7 дахин өссөн гэсэн мэдээ гадны хэвлэлүүдээр гараад Монголчуудыг ямар баян юм бэ ? гээд толгой сэгсэрч байдаг гэж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр үйл явц ямар нэгэн хэмжээгээр холбоотой. Тэрнээс Монголчууд малаа маллаад саятан болно гэж байхгүй шүү дээ. Шалгадаг үздэг хардаг газрууд нь нэг юм бодмоор л байгаа юм. 

- Эх орныхоо баялагийг гадныханд худалдсан гэж ойлгож болох уу? 

Долларын саятан богино хугацаанд төрдөг нөхцөл, бизнесийн боломж Монголд хаана ч байхгүй.  Тэгэхээр эндээс Оюутолгой ашигтай байсан уу? Ашиггүй байсан уу ? гэдэг  нь харагдана. Зарим нэг шударга улсууд Сайханбилэгийг Дубайн гэрээ хийснийх нь төлөө огцруулна гээд яваад эхэлчихлээ. Энэ цаашдаа юу болохыг хэлж мэдэхгүй.

- Дубайн гэрээний үнэн дүр төрх юу вэ? Далд уурхайн бүтээн байгуулалтад мөнгө татлаа гэсэн мэдээллийг л ард иргэдэд өгөөд байгаа. Яг энэ гэрээний утга учир нь ямар учиртай гэрээ юм бэ? 

Хамгийн гол нь дубайн гэрээний нэгдүгээрт хүлээн зөвшөөрөхгүй зүйл чинь өнгөрсөн үеүдийн гурав орчим тэрбум долларын хаашаа зарсан нь мэдэгдэхгүй байгаа тэр зүйлийг Монголын засгийн газар дубайн гэрээгээрээ хүлээн зөвшөөрчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2012, 2013 он хүртэл санхүүгийн ямар ч асуудалгүй гэдгийг Дубайн гэрээгээр хүлээн зөвшөөрчихсөн гэсэн үг. Энэ бол ёстой жинхэнэ гутамшиг байхгүй юу. 

- Баримт байгаа юу? 

Гурав орчим тэрбум долларын мөнгийг Монголын засгийн газар үйл ажиллагааны санхүүгийн тайланг ямар ч зөрчилгүй гээд хүлээгээд авчихсан. Энэ гэрээний 4.3-н А гэдэг заалтанд дээр байгаа. Эхний үе шат буюу ил уурхайн шатанд гарсан бүх зардал нь батлагдсан хөтөлбөр төслийн дагуу зарцуулагдсан болохыг Монголын засгийн газар хүлээн зөвшөөрч байна гэж байгаа юм. 

- Ер нь бол манай улс эдийн засгийн хувьд санхүүгийн тал дээр асуудалд орчихоод байна. Дээрээс нь гадаад өр нилээн нэмэгдчихлээ. Тэгэхээр эдийн засгийн хувьд 2016 онд ямар байх бол? Та юу гэж дүгнэж байна? 

Тэгэхээр 2013 оны сүүлээр эдийн засаг биш боллоо гээд л эрх барьж байсан хоёр нам эдийн засаг хямарсан хямраагүй гээд яваад байснаа 2014 оноос үнэхээр хямарлаа гэж хүлээн зөвшөөрөөд явчихсан. Тэгэхдээ би үүнийг эдийн засагч хүнийхээ хувьд сонгодог утгаар нь эдийн засгийн хямрал гэж үздэггүй. Онолын хувьд эдийн засгийн хямрал гэдэг бол өөр утгатай байдаг. Хоёр улирал дараалан дотоодын нийт бүтээгдэхүүн хасах үзүүлэлттэй гарвал хямрал болдог. Манайд бол хасах хараахан болоогүй. Тэгэхдээ энэ эрх баригчид засаглал муу, хариуцлагагүй байна. Засаглал чинь өөрөө эдийн засгаа хямруулчихсан. Нэг үгээр өөрөө сууж байгаа модныхоо мөчрийг хөрөөдчихсөн ийм л юм болсон. Юу ч болоогүй байхад эдийн засаг хямарч байна, хямарчихлаа гэж зарлаад л  тэгсэн хэрнээ 2014 оны эхэнд эдийн засгийн өршөөл үзүүлнэ гээд зарлачихаж байгаа юм. Ил тод байдлын хууль гаргана гэчихээр компаниуд юу гэж татвар төлөх юм. Боломжтой бол аль болох бултахыг л бодно шүү дээ. Тэгчихээд тухайн оны эцэст тэрбум долларын төсвийн алдагдалд орчихож байгаа юм. Ийм урагшгүй засгийн газар байна. Эдийн засгаа төр засаг нь өөрөө хямруулж хаячихаад эдийн засгийн хямрал гээд яриад сууж байдаг. Гэхдээ энэ дотор барилгын салбар бол үнэхээр хямарсан. Энэ нь өөрөө банкаа чирчих гээд байдаг. Өөрөөр хэлбэл банкны чанаргүй зээл их болсон. Түүнээс бусад салбар хямарлаа гээд чарлаад орилоод байх зүйл байгаагүй л юм. 

- Ер нь их бонд босголоо. Энэ бондуудын үр нөлөө Монголын ард түмэнд яаж хүрэх вэ? Монголын эдийн засагт яаж тусах вэ? 

Ойрын 2016 оны хувьд бол өрийн дарамт их өндөр байна. Тэгэхээр төрийн сектор засгийн газрын төсөв мөнгө хүнд байх нь гарцаагүй болчихсон. Сая өнгөрсөн оны эцсээр төсөв төлөвлөгөө батлахдаа 2016 оны төсвийг нилээн өндөр баталсан. Ирэх онд бол төсвийг гарцаагүй тодотгоно. Нэг тодотгох уу, хоёр тодотгох уу гэдэг л байна. Эдийн засгийн өсөлтийн хувьд бол Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт эхэллээ гээд шуугиад байгаа. Гэхдээ 4-р сард засаг уначих гээд байгаа юм уу яах гээд байгаа нь тодорхойгүй байна. Тэгэхээр Оюутолгой ахиад зогсонги байх магадлалтай. Яагаад гэхлээр 4-р сард яг энэ гүний уурхайг эхлэх юм уу үгүй юм уу гэдэг эцсийн шийд гарна гээд байгаа.  Дөрвөн сар болтол зай ч байна лай ч байна. Засаг нь солигдоод дахиад оюутолгой сунжрах юм бол эдийн засаг ахиад л хүндэрнэ. Одоо ердөөсөө монгол улсыг нам нэртэй дотроо олон фракцууд л удирдаад байна. Өрийн хувьд 2016 онд 900-н сая доллар төлнө гэж байгаа. Энэ зун чинь 21.7 тэрбум төгрөгийн өртэй гэж албан ёсоор их хурал дээр дүгнэж ярьсан. Энэний 5.6 нь Монгол улсын засгийн газрын өр байна гэсэн. Дээрээс нь бизнесийнхэн өртэй, тэтгэвэр авагчдийн 60 хувь, малчдын 60-70 хувь нь хаан банкинд өртэй, дундаж давхарга нь ипотекийн зээлэнд ороод өртэй гээд ер нь Монголд толгойтой болгон нь өртэй байна. Эргэн тойрон гадаад дотоодгүй их өртэй болчихсон. 2016, 2017 онд их өрийн дарамт ирж байгаа. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх зарчмаар л явах байхдаа. Тэгэхээр Монгол бол босохгүй өртэй боллоо. Бондоос гадна Оюутолгой 2037 онд ноогдол ашигаа дөнгөж өгч эхэлнэ. Тэрнээс наана ноогдол ашигаас юу ч олж долоохгүй. Дээр нь ингэж зардлаа өсгөж байгаа нөхцөлд тэр 34 хувьд ноогдох мөнгөө Монголын засгийн газар гаргаж чадахгүй учраас зээл авч байгаа. Зээлийг нь Рио тинто маш өндөр хүүтэй авч өгдөг. Тэгээд нөгөө зээлийнхээ өрөнд улирал тутамд 10 хувийн өндөр зээлийг нөгөө 34 хувьдаа төлөх юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол урьдчилсан тооцоогоор төслийн төгсгөлд Монгол улс олигтой юм олж долоохгүй, харин ч арваад тэрбум долларын өртэй үлдэх юм байна гэсэн тооцоо гараад ирсэн. Оюутолгой ашигтай юу гэдэг чинь хойч үеийнхэнд баахан өр үлдээгээд, хамаг баялагаа цөлмүүлээд ингээд нөгөө 500-н тэрбум доллараа алдаад дуусч байгаа юм. 

- Эдийн засгийн хямралаас хэдэн онд гарах боломжтой вэ? 

Ер нь бол дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнэ бол 2018 оноос нааш сэргэхгүй юм шиг байгаа юм. Харин ирэх жилээс алтны үнэ нэмэгдэж магадгүй. Зэс тасралтгүй буураад, нүүрс, газрын тос гээд гол найдварууд байхгүй болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр орлого муудаад эхэлнэ. 2018 оноос ямар ч байсан энэ байдал өөрчлөгдөнө гэж байгаа юм. Гэхдээ юм бүхэн хар байна гэж байхгүй. Гэрэлтэй талууд ч  байна. Эгийн голын усан цахилгаан станц, тавдугаар цахилгаан станц, оюутолгойн цахилгаан станц гэх мэт эдгээр цахилгаан станцууд дээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд эхэлбэл Монголын хэрэгцээг бүрэн хангаад Хятад руу экспортлох бүрэн боломжтой. Тэгээд дээрээс нь дотоодын аж үйлдвэрээ сэргээж эдийн засгаа солонгоруулах боломж байна. 

Хамгийн гол эх орноо үйлдвэржүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Хойч үедээ өр үлдээлгүй, сайн зөв засаглалтай болмоор байна. 

- Манай сайтад ирж мэдээлэл өгсөн танд баярлалаа

 

 

ЯРИЛЦСАН : П. ОЮУНСҮРЭН

                        Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zasssssss:Ediin zasagch hun ch gejdeeeee chaavaaas negmuu populist uvgun l baina daaaaaaa . Naad zahiin yum ch medehgui baij hudlaa harluulj muulsan. Rio tinto bol hedhen zahiral ni medeed huivaldaad zardlaa usguj hahuuli ugdug tiim dampuu company bisheee. Heden saya humuus huvitsaag ni ezemshij baidag huvitsaat buyu Public company. Yuun heden terbumaar zardal hetruuleh ni bitgii hel heden cent dutval huvi ezemshigch ter heden saya hun barij idej dor ni huuguud yawuuldag tiim company. Hudlaa ediin zasagch gej baihaar mal deer gar chi!!! 2016-01-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?