ЖҮЖИГЧИН Б.БАТТОГТОХ : ЭНЭ ЕРТӨНЦӨД ӨӨРӨӨ ӨӨРӨӨРӨӨ Л БАЙХЫГ ХАМГИЙН ИХ ХҮСНЭ

2016-09-21  

Тайз, дэлгэцийн дүрүүдээрээ олны танил болсон хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслээс эвтэйхэн бултчихдаг жүжигчин Б.Баттогтохыг ярилцлагын буландаа олзоллоо. Өсч яваа авьяаслаг жүжигчний анхны ярилцлагыг уншигч таны өмнө дэлгэе. Урлагийн хүн дуулдаг, бүжиглэдэг, хэрэг гарвал нугардаг, хугардаг гээд бүхий л талын авьяастай байж гэмээнэ энтертайнмэнтад “Шижир алт” шиг үнэд хүрнэ. Хүссэн дүрдээ тоглох эрхийг алдахгүй атгах боломж нь тэр хэрээр нэмэгддэг. Тэр дундаа мэргэжлийн жүжигчдэд бие хамгаалах урлагаар хичээллэдэг байх шаардлага давхар тавигддаг. Жүжигчин Б.Баттогтохын хувьд холимог тулаанаар хичээллэдэг мэргэжлийн тулаанч юм. 

- Өөрийн чинь талаар мэдээлэл ховор. Тиймээс уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Өөрийгөө танилцуулах боломж хэр баргийн гарч ирэлгүй өнөөдрийг хүрчээ. 2011 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Ерөнхийдөө чөлөөт уран бүтээлчийн статустай ажиллаж ирсэн. Одоогоор таван киноны гол дүрд, бусад кинонд хоёрдугаар дүр буюу туслах дүрд ажилласан байна. Мөн хэд хэдэн кинонд тулааны хэсгийг тавьж өгсөн. Кинонд дуу оруулагч ч хийж байлаа. Нэг хэсэг тайзны бүтээлд нэлээд ажилласан. Эмоци продакшний хоёр тоглолтод орж ажилласан. Цэргийн дуу бүжгийн чуулгын дэргэдэх Армийн театрт “Нохойн сүрэг” жүжигт ажилласан. Сургуулиа төгссөнөөсөө хойш бүх чиглэлд өөрийгөө сориод үзчихсэн гэж хэлж болно. Цаашид кино урлагт дагнаж ажиллах бодолтой байна.   

- Тулааны урлагаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

- Өдөрт гурван цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Ирэх хавраас томоохон хэмжээний адал явдалт тулаант киноны төсөлд орж ажиллах гээд бэлтгэлээ эрчимжүүлсэн байгаа.  

- Хувь хүн талаасаа нэлээд даруухан бололтой.

- Тиймээ, ерөнхийдөө даруухан талдаа.

- Гэхдээ жүжигчин хүнд тийм зан зохихгүй юм бишүү. Жүжигчин хүн өөрийгөө таниулах тал дээр түлхүү ажиллах ёстой гэдэг биздээ?

- Би ингэж боддог юм. Жүжигчин хүн гэхээрээ л хэл амтай, сэргэлэн цовоо байх ёстой гэж хүмүүс яриад байдаг юм л даа. Миний хувьд хэн нэгэнд таалагдах гэж өөрөөсөө өөр хүн болж яах юм бэ гэж боддог. Хүний амьдрал асар богинохон. Тийм учраас өөрөө өөрөөрөө л энэ ертөнцөд байхыг хамгийн ихээр хүсдэг. Тэгээд ч би өөрөө өөрөөсөө өөр хүн болж чадахгүй. Өөрийгөө эвдэж хөгжилтэй, сэргэлэн болж  болох юм. Гэхдээ яагаад ч юм бэ надад тэр нь зохихгүй байхаа /инээв/

- Өөрөөсөө өөр хүн болох гэдэг нь жүжигчин хүний ажил юм биш үү? Зарим жүжигчид тайз уруу гарахаасаа өмнө дүрдээ орчихсон байдаг байсан тухай яриа олон байдаг шүү дээ.  

- Энэ бол өөр ойлголт л доо. Энэ бол жүжигчин хүний ажил. Миний оролцож байсан бүтээлүүдээс даруухан, галзуу, ууртай, хөгжилтэй, сэргэлэн дүрүүдийг харж болно. Амьдрал дээр бол би даруухан. Харин ажил дээрээ бол би юу ч хийж болно, юуг ч хийж чадна.

- Ажил мэргэжлийнхээ төлөө хийж байсан эрс шийдэмгий алхам эсвэл золиос гэвэл та юуг хэлэх вэ?

- Золиос гэх юм бол цаг хугацаа л байна. Би эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр маань адилхан жүжигчин мэргэжилтэй болохоор намайг ойлгож, маш их дэмждэг. Том хүү маань 1-ээр ангийн сурагч. Өсөхөд нь би бараг хажууд нь байгаагүй гэж хэлж болно. Бага маань нялх. Гэр бүлдээ маш бага цаг зарцуулдаг, тэрийгээ нөхөхийг л маш их хичээдэг. Хамгийн сүүлд л гэхэд “Галзуу зугаалга” УСК-ны натурт явахад нялх биетэй эхнэр, хоёр хүүхэд маань гурвуулхнаа торойгоод л хоцорсон. Цаг зав л гарах юм бол гэрээсээ гарахгүй гэр бүлтэйгээ хамт байж байх дуртай. 

- Хүн гэдэг өөрөө өөрийнхөө ертөнцөд амьдрах шиг сайхан юм байхгүй шүү дээ. Чи юунд дуртай, бас юунд дургүй вэ?

- Миний өөрийн ертөнц гэвэл .... Би их сонин ертөнцтэй хүн шүү дээ. Ганцаараа байх дуртай. Ганцаараа байхдаа уураг тархи маань байнга ажиллаж байдаг. Ямар нэгэн зүйлд зорьж байдаг. Жишээ нь, шинэ дүр авсан тохиолдолд энэ толгой бол байнгын ажиллагаатай. Шөнө бараг унтахгүй шахуу, дүрээ бодож боловсруулж байдаг. Тэгсэн үед дараа нь ажиллахад амар байдаг. Өөрөөсөө эсрэг зүйлд их дургүй дээ. Жүжигчин бол хүн судлалын мэргэжил. Хүнийг баг зүүснийг хараад мэдчихдэг. Тэр хүний өмнөөс маш их харамсдаг. 

- Яг одоо гадаад төрхөөр чинь шинжвэл том биетэй, хэр барагтай л бол сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй юм шиг харагдаж байна. Хэр уяхан сэтгэлтэй вэ?

- Нэлээд уяхан сэтгэлтэй юм болов уу. Гадуур алхаад явж байхад нийгэмдээ эмзэглэх зүйл их байна. Өлгийтэй хүүхдээ тэврээд гуйлга гуйж байгаа эмэгтэйг хараад хоёр алхаад л нулимс гарчихдаг юм. Үнэхээр хэцүү... энэ нь уяхан гэхээсээ илүү өөрт минь хүнд тусдаг. Хүмүүсийн ямар нэгэн зовлон бэрхшээлийг ойлгох гэж үзээд, ухаад байдаг юм болов уу. Тийм ч болохоор надад хүнд тусдаг гэж боддог.   

- Нэг хэсэг “Ганцаараа олон хүнийг зодоод байвал солонгос кино, олон хүн нэгийгээ зодоод байвал монгол кино” гэсэн егөө байдаг байлаа. Монгол киноны экшион буюу тулааны хэсгийн талаар чиний бодол?   

- Харьцангуй сайн болж байгаа шд. Өмнө нь киноны зодооны хэсгийг “Ээ чааваас, кино юмдаа..” гэж ойлгодог байсан. Одоо бол энэ өөр болж байна. Монгол хүмүүс зодолдохынхоо өмнө хэзээ ч өрөлт авч бэлдэж байгаад зодолддоггүй. Яг л хоёр нохой зодолдож байгаа юм шиг юм болдог. Харин энийгээ яг зөв бариад явчихсан. Сүүлийн үеийн кинонуудыг харахад их сайн болсон.

- Найруулагч бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Хамтарч ажиллаж байсан найруулагчдынхаа арга барилын онцлогоос цухас дурьдахгүй юу?  

- Том том найруулагч нартай ажиллахыг хүсдэг. Ихэнхтэй нь ажиллаад үзчихлээ. Найруулагч бүр өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. “Сайн уу, амьдрал минь 2” кинонд “Big Line”-ний З.Батболд ахтай ажиллалаа. Найруулагчийн зөвлөмжөөр тоглосон. Надад нэг л болоогүй юм шиг санагдаад байдаг. Найруулагч болчихсон гээд байдаг. Амьдралдаа анх удаа кино нээлтэнд очихдоо “Ямар болсон болоо...” гэж маш их айдастай очиж байсан. Гэтэл найруулагч хүн гэдэг бол найруулагч л хүн байдаг юм байна. Яг л зөв газрыг нь олоод зөв шигтгэчихсэн байдаг. Сувидын Баттулга ахтай ажиллаж байсан. Жүжигчнийг өөрөө өөрөөр нь ажиллуулахыг хүсдэг. Алдаа гаргах юм бол тэрийг нь засч өгчихөөд л цаашаа явдаг. Ц.Хүсэлбаатар ах бол хардаг, сонсоно тэгээд зөвлөгөө өгдөг. Хувь жүжигчинд дүрийг нь маш сайн тайлбарлаж өгдөг. Тийм болохоор “Галзуу зугаалга” кинонд тоглосон Сарнай, Энхболд мэргэжлийн бус байсан боловч дүрийг нь маш сайн ойлгуулаад өгчихсөн болохоор тоглоход амар байсан болов уу.

- Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.

- Залуу хүн бүр хүсэл мөрөөдөл, зорилготой байх ёстой. Харин тэр нь юунд ч өөрчлөгдөж хувирахгүй, хүчтэй байх хэрэгтэй гэж хэлье.

- Амьдрал, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

 

 

 

М.ХОНГОРЗУЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бодгоо:Амидаагийн маань анхны ярилц**** сайхан болжээ..... Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье. Гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.. 2016-09-21
ih sain juji****n bna leeb dotortoi abiyaslag zalyy amjilt husie:mash sain ireeduite juji****n bna lee yran buteeld ni amjilt husie 2016-09-21
Саруул:Жүжигчин хүн бол өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй байх нь хамгийн чухал. Уран бүтээлийн амжилт хүсье. Олон сайхан кинонд дүр бүтээж, нэгийг бодуулсан бүтээл гаргахыг хүсье. 2016-09-23
Amjilt:Uran buteeld ni amjilt husie 2016-09-23
багш:амжилт хүсье улам ихийг хийж бүтээгээрэй 2016-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?