ЭЭЖИЙГЭЭ ЭНЭ ХОРВООГООС БУЦАХ СҮҮЛЧИЙН ӨДРҮҮДЭД НЬ БҮҮ ГАНЦААРДУУЛААРАЙ

2016-09-28  

Хүн энэ хорвоод ирсэн шигээ нэг л өдөр буцах жамтай. Эхийнхээ хэвлийд бойжих 10 сар чамайг ээж аав эгч дүү хүн бүхэн л мэндлэхийг чинь хүлээж хоног тоолон суудаг. Харин эргээд буцах мөчид хэн чиний дэргэд байдаг вэ?

Тэр тусмаа биеэ хувааж, биеийн тань төрүүлсэн ээжийгээ хорвоогоос буцах сүүлчийн өдрүүд танд тулвал энэ л хэцүү бөгөөд хатуу цаг хугацааны өмнө та зогсож байвал ямар ааш зан, үйл хөдлөл сэтгэл гаргах бол.

Энэ хариултын хариу тун удахгүй дэлгэцийн бүтээл болох гэж байна. Хорвоод  хайртай үрсээ үлдээгээд буцах мөчид эх хүн юунд шаналж хоног тоолон байдгийг "Хөхөө" нэртэй кино танд мэдрүүлэх гэж байна.

Энэхүү киноны найруулагч Ж.Жамъяансүрэнтэй бид уран бүтээлийн халуун яриа өрнүүлснээ хүргэж байна.

Сэт : Сайн байна уу?  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэхэн киноны ажилдаа ороод явж байгаа гэж сонслоо.

Ж : Энэ киноны зохиол дээр бүтэн жил суусан.  Ер нь бол аль 1996 онд анх эх зохиолыг уншиж байхдаа зохиолоос кино болох сэдэл буюу өөрөөр хэлбэл синематик материалыг олж харсан гэх юм уу даа. Он цаг өнгөрөх тусам л тархиндаа, сэтгэлдээ бичсээр 2016 оноос бүтэн жил орчим цаасан дээр буулгаж, одоо кино болгох  ажилдаа ороод явж байна.

Сэт : Киноны нэр "Хөхөө" гэж байгаа шүү дээ. Үрдээ гомдсон эх, хөхөө шувуу болж ниссэнээс үүдэн үүнээс хойш өндөгөө хөхөө шувуу бусдын үүрэнд орхидог болсон тухай домог байдаг. Кинонд энэ санаа тусгагдсан болоод "Хөхөө" гэж нэрлээ юу?

Ж :  Учир нь бид хайрын тухай ярихаар зайлшгүй ээжийн тухай  ярих хэрэгтэй болно. Хайр яг бидний дунд бүрэн бүтэн мөн чанараараа оршиж чадаж байна уу?

Бидний хөгжил гэж нэрлээд байгаа үйл явц маань явах тусам хэлбэр лүүгээ шилжээд дотоод мөн чанар, амин гал нь буураад байгаа юм биш үү? Хайр яриад л байдаг гэтэл жинхэнэ мөр чанараараа бие биенээ хайрлаж чадахаа байжээ бид. Энэ санааг киногоор эх үрийн харилцаан дээр хөндөж харуулахыг зорьсон юм. Зөвхөн өнөө цагт ч биш бидний аав ээжийн үед ч  байсаар л байсан ойлголт өнөөдөр надад шинэ зүйл юм шиг санагдаж байгаа боловч магадгүй надаас хойш ч байсаар байх энэ асуудлыг хөндөх нь уран бүтээлчийн үүрэг байх аа. "Хөхөө" гэж нэрлэсэн нь ээжийн тухай Хөхөө шувууны домгоос л сэдэвлэн нэрлэсэн юм.

Сэт : Энэ нийгмийн өнгийг, хайрын тухай асуудлыг эх үрийн харьцаагаар илэрхийлнэ гэж байна л даа. Энэ тухайд...

Ж : Миний хамгийн анхны эх орон бол миний бүрэлдэн буй болсон эхийн ариун хэвлий юм. Энд би бойжиж хүн болон мэндэлж төрөөд, эх орон дээгүүрээ тэмтчин мөлхөж уураг сүүг нь идэж ториноод дараа нь хөлд орон  мөлхөж, гэрээ тойрон алхаж эхэлдэг энэ миний эх орон. Тэр гэрийн буйр миний эх орон болдог. Улмаар цааш тэлсээр миний сурч мэдэж, ажиллаж амьдарч, амьсгалж, хүртэж мэдэрч байгаа болгоноор миний эх орон хэмжигддэг. Тэгэхээр эх орон гэдэг үгийг бид газар нутаг гэдэг үгээр шууд илэрхийлдэгүй ээжийн “ЭХ” гэдэг үгтэй яагаад холбож тайлбарлаад байгаа юм бэ? Эх орон буюу миний үүсэн буй болох орон зай бол эхийн ариун сав. Бидний эх орон бол бидний ээж байхгүй юу. Эх орон хаанаас эхэлдэг вэ гэвэл  ЭЭЖЭЭС...

Сэт : Өнөөдрийг хүртэл ээжийн тухай олон кино хийгдсэн байгаа. Таны уран бүтээл тэр кинонуудаас юугаараа өөр байх вэ?

Ж : Хүүхдээ яаж өсгөж байгаа, үр хүүхдийнхээ араас яаж явж байгаа гээд ээжийн маш олон дүрийг мөнхөлсөн ээжийн тухай кинонууд байгаа. Харин би энэ киногоороо тэр эх хүний хорвоог орхих сүүлчийн долоо хоног хэрхэн өрнөхийг л харуулахыг зорьж байна.

Сэт : Киноны гол баатар болох ээж маань 90 гарсан хүн байна гэж байгаа. Тэгэхээр түүний хүүхдүүд гэхээр бас залуу биш амьдрал үзсэн насны хүмүүс байх гээд байна аа даа

Ж : Тийм хамгийн бага нь 40 орчим насны, том хүү нь 60 хүрсэн хүн байх юм.  Киноны маань дүрийн сонголт хийгдээд дууссан. Зураг авалт тун удахгүй эхлэх гэж байна. Бидний энэ уран бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Тэр мөчид та эхийгээ хайрлахын тухайд, хэн байсан бэ? гэдгээ олж харах болно.  

Сэт : Шинэхэн хийж байгаа уран бүтээлийнхээ талаар халуун яриа өрнүүлсэн танд баярлалаа. "Хөхөө" киноны нээлтэн дээр эргэн уулзъя.

Ж : Баярлалаа

 

 

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?