ХАМРЫН ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ ?

2016-01-28  

 Харшлаас үүдэлтэй хамрын үрэвслийг үүсгэж байгаа шалтгаанаар нь дотор нь хоёр хуваадаг. 

1. Улирлын харшлын хамрын үрэвсэл 

2. Улирлын бус харшлын хамрын үрэвсэл

Дээрх хоёрын аль алиных нь үед хамар битүүрэх, усархаг нус гоожих, хамар, тагнай, чихэн дотор загатнах, найтаалгах зэрэг шинжүүд илэрдэг. Харшлын хамрын үрэвсэл нь нүдний зовхины харшилтай хамт илрэх нь элбэг байдаг. Мөн нүд загатнах, улайх, нулимс гоожих, зовхи хавдах зэрэг шинжүүд ч илэрдэг. 

Улирлын харшлын хамрын үрэвсэл нь : Ургамлын тоосны харшлын хэлбэрээр тохиолдоно. Ялангуяа хавар, зун намрын улиралд харшил ихээр хөдөлдөг. Ямар ургамлын тоосонд харшилтай болсоноос хамаарч зарим хүн зөвхөн хавар, зарим нь зөвхөн зун, зарим нь хавар, зун, намрын турш өвчилж болно. Хус, улиас, бургас, нарс, нүргэс зэрэг модны тоос нь дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлээд зургаадугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Харин согоовор, ерхөг, үнэгэн сүүл, нугын биелэг, анхилга, ботууль, дурваалиг зэрэг үет ургамлын тоос ихэвчлэн зургаадугаар сарын эхнээс долдугаар сарын дунд хүртэл үргэлжилж харшил үүсгэдэг. Мөн шарилж, лууль, таван салаа, бударгана, хурган чих зэрэг хогын ургамлуудын тоосжилтын үе нь долдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилж харшил төрүүлдэг. Зарим нэг хүмүүс мод, үет ургамал, хогийн ургамал зэрэгт аль алинд нь харшилтай болсон байдаг. Ийм хүмүүс хавар, зун, намрын турш харшлаар өвчилдөг. Манай орон хуурай уур амьсгалтай байдаг нь ургамлын тоос тархаж харшил үүсгэх нөхцөл илүү бүрддэг. Улирлын бус харшлын хамрын үрэвсэл (perennial allergic rhinitis) нь гэр ахуйн тоосны бүрэлдэхүүн хэсгүүд, шавьж, амьтны хучуур эд, мөөгөнцөр зэрэг агаарт тархдаг аллергенүүд хамар болон нүдний салстан дээр бууж харшил үүсгэдэг. Энэхүү хамар, зовхины харшил нь ямар нэгэн улиралтай холбоогүй бөгөөд бүтэн жил тойрон үргэлжилж болдог. 

Улирлын бус харшлын хамрын үрэвсэл үүсгэдэг үндсэн шалтгаанууд

Гэрийн тоосны хачиг - энгийн нүдэнд үзэгдэхээргүй (том нь 0.3мм) жижиг хачигнууд тасалгаанд амьдарч байдаг бөгөөд түүний биеийн хэсгүүд, ялгадас нь амьсгалын замаар нэвтэрч харшил үүсгэдэг. Эдгээр хачигнууд нь хүний арьснаас гуужиж унах хогжруу үсний хаг зэргээр хооллодог учраас орны хэрэгсэл, дэрний уут, гудас, матрасс, хивс, хивсэнцэр, зөөлөн тавилган дээр тархаж амьдардаг.

Агуулахын хачиг – Хэд хэдэн төрлийн жижигхэн хачигнууд байдаг. Ихэвчлэн агуулах, зоорь, номын сан, архив зэрэг газруудын тоосонд амьдардаг. Үүгээр дээрх газрын ажилчид илүүтэй өвчилдөг. Мөн энэ төрлийн хачиганд мэдрэгшсэн хүмүүс хуучирсан ном, сонин унших зэрэгт харшил нь хөдөлдөг.

Амьтны хучуур эд – Гэрийн тэжээвэр амьтад ялангуяа нохой, муурны үс, хаг, хогжруу, шүлс, шээсний уургууд харшил төрүүлдэг. Мөн лабораторийн амьтан цагаан хулгана, харх, туулай зэрэг амьтны хаг, хогжруу, шээс нь харшил төрүүлдэг бөгөөд ихэвчлэн лабораторийн ажилчид харшилтай болдог.

Үе хөлтөн – Бидний амьдралын орчинд өргөн тархсан үе хөлтөн бол жоом байдаг. Жоомны ялгадас, биеийн хэсгүүд нь гэр ахуйн тоосны хамт амьсгалын замаар нэвтэрч харшил төрүүлдэг.

Мөөгөнцөр – Тасалгааны болон гадаа орчинд ургадаг мөөгөнцрүүд хүнийг мэдрэгшүүлэн харшил төрүүлдэг. Чийглэг, харанхуй, агааржилт муутай газарт мөөгөнцөр ургадаг. Иймээс норсон ханын цаас, угаалгын болон банн, жорлон, гал тогооны өрөөнд ихэвчлэн ургаж тасалгааны агаарт тархан харшил төрүүлдэг. Мөөгөнцөр нь хэмжээгээр маш жижиг байдаг учраас агаарт тархах чадвар харьцангуй өндөр болохыг анхаарах хэрэгтэй.

 

 

БЭЛТГЭСЭН : П. ОЮУНЧИМЭГ    АУ-НЫ МАГИСТР "ТӨГС СОНСГОЛОН" ЧИХ ХАМАР ХООЛОЙН  

                         ЭМНЭЛГИЙН ЭМЧ, КЛИНИКИЙН ПРОФЕССОР

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Оюука:Sn bny hervee hamriin harshiliin shinj temdeg ilersen bol yah ystoi ve ymp arga hemjee avah ve 2020-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?