Control.mn сайтын уншигчдадаа зориулан Анагаах ухааны магистр, анагаах ухааны ахлах зэрэгтэй хүүхдийн эмч У.Оюунтай "Хүүхэд ханиад хүрсэн үед хэрхэн эмчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх" талаар ярилцлаа. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
- Сүүлийн үед ханиад хүрсэн хүүхэд гүйлгээд, маш хурдан хатгалгаа болж байна гэж хүмүүс яриад байна. Энэ яг ямар төрлийн ханиад гараад байна вэ?
Ханиад нь 300 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Жишээ нь : Рото вирус Адино Рс вирус нь нүдний зовхины салст хоолойн салстад үржихээс гадна гэдэсний хананд үржих тохиолдол бий. Тиймээс вирусийн гаралтай суулгалт өгдөг. Гэхдээ энэ нь вирусийн гаралтай байна уу? эсвэл гэдэс ходоодны замын халдварын нянгийн гаралтай суулгалт байна уу? гэдгийг мэдэхийн тулд шинжилгээ хийх нь чухал.
-Ханиад хүрээд удаагүй хатгаа болоод байна гэсэн яриа хүмүүсийн дунд байгаа?
Вирусийнхээ хоруу чанараас болоод хурдан хатгалгаа үүсэх магадлал байж болно. Гэхдээ 1-3 хоногийн дотор хатгаа болно гэж байхгүй. Хүмүүс өчигдөр ханиад хүрээд өнөөдөр хатгаа болчихлоо гээд орж ирдэг ч энэ нь гуурсанцрын бөглөрөлт үрэвсэл эсвэл харшлын гаралтай бронхит байх магадлал өндөртэй.
-Ханиад нь уушгины хатгалгаа болсон үед хэрхэн эмчлэх вэ?
Энэ тохиолдолд эмчид үзүүлэх шаардлагатай. Хатгалгааны хүнд хөнгөн байдлаас шалтгаалан эмчилгээ нь янз бүр байна. Хатгалгааг эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтан дор эмчлэх шаардлагатай.
-Хүүхэд ханиад хүрэхэд эхний шинж тэмдэг юу байх вэ?
Хүний амьсгалын зам шууд гадаад орчинтой харьцдаг учир эхлээд найтаах, халуурах, ханиах, нус гоожих шинж тэмдгүүд илэрдэг.
-Эцэг эхчүүд таамгаараа хүүхдэдээ эм авч өгөөд байдаг энэ хэр зөв бэ?
Энэ бол хамгийн буруу. Эмчид үзүүлээд эмийн жорын дагуу эмээ авч хэрэглэх хэрэгтэй. Дураараа эм өгснөөр өвчнийг хүндрүүлж архагшуулдаг. Мөн хүүхдүүд нь антибиотикийн дасалтай болдог. Бас мөөгөнцөр үүсэх магадлал өндөр байдаг.
-Өвөл ямар хоол хүнс хэрэглэвэл өвчин эмгэг тусах нь бага байдаг вэ?
Витамин С-тэй бүтээгдэхүүнүүд ихээр хэрэглэх хэрэгтэй. Ханиад хүрсэн үед С витамин хүний биед гурав дахин багасдаг тийм учраас жимс сайн хэрэглэх хэрэгтэй. Мөн уураг ихтэй хоол идэх. Ханиад хүрсэн үедээ шингэн зүйлийг энгийн үеэс 2 дахин илүү уух хэрэгтэй. Жишээ нь : аньсны шүүс, чацаргана зэргийг ууж хэрэглэж болно. Их шингэн уух тусам хор шээсээр ялгарч гарна.
-Хүүхэд ханиад хүрээд их хэмжээгээр халуурдаг. Энэ үед эцэг эхчүүд халуун буулгах лааг голцуу хэрэглэдэг. Хүүхдийн халуун буулгах лаа хортой гэсэн яриа гараад байгаа энэ үнэн үү. Лаа хэрэглэх нь хэр зөв бэ?
Халуун бууруулах лааг хүүхэд өндөр халуурсан үед хэрэглэж болно. Учир нь 0-5 нас хүртэлх хүүхдийн халуун зохицуулах төв нь гүйцэд хөгжөөгүй байдаг учир өндөр халуурах үед хүүхэд таталт өгж болдог. Иймээс хэрэглэж болно. Харин хэрэглэхдээ Парацитмолын харшилтай эсэхийг мэдсэний дараа хэрэглэх хэрэгтэй.
-Хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?
1-т эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал.
2-т вакциныг цаг тухайд нь хийлгэж байх хэрэгтэй.
3-т хүүхдийн суурь өвчин болох сульдаа, цус багадалт, тураал зэргийг эмчлэх.
4-т амин дэмүүд өгч болно.
Ялангуяа өвлийн улиралд витамин Д-г эмчийн заавраар өгнө. Сүүлийн үед дархлааны олон бэлдмэлүүд гарч байгаа. Үүнээс эмчийн зааврын дагуу хэрэглэж болно. Томуугийн дэгдэлтийн үед томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй.
-Хүүхдүүд өвөл хурдан ханиад хүрдэг нь юутай холбоотой вэ?
1-т Гадаад орчинтой холбоотой. Амьсгалж байгаа агаар цэвэр биш утаа ихтэй байна. Үүнээс болж харшлын гаралтай ханиад сүүлийн жилүүдэд ихэсч байгаа.
2-т Сургууль цэцэрлэгийн орчин хэт олон хүүхэдтэй, халуун, бүгчим байх нь тэр орчинд вирус үржих магадлал өндөр байдагтай холбоотой. Хэт олон хүүхэдтэй анги агаар солилцол муутай байдаг. Ханиадтай хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд нь явуулаад байдаг. Энэ нь ханиад хүндрэх болон бусад хүүхдүүдэд ханиад томуу тараах магадлалтай. Мөн хувцаслалтаа анхаарч гадуур явахдаа дулаан хувцаслах хэрэгтэй.
- Таны зүгээс эцэг эхчүүдэд зөвлөх зүйл ?
Хүүхдээ хөхний сүүгээр хооллож өсгөөрэй. Ханиад хүрсэн тохиолдолд заавал эмчид хандаж байгаарай. Өвдсөн тохиолдолд гэртээ хяналттай байлгаж цэцэрлэг сургуульд нь явуулахгүй байх. Амин дэм, уураг ихтэй хоол тэжээл хэрэглэхийг зөвлөе.
Манай уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.Таны ажилд амжил хүсье.
ЯРИЛЦСАН : А.ГАНТУЯА