З. САНЖДОРЖ: ХИЛЭНЦ АРИЛЖ, ЭД БАЯЛАГ БУЯН ТОГТСОН САЙХАН ЖИЛ БОЛНО

2016-02-01  

XVII жарны гал бичин жилийн онцлог шинжийн талаар Монголын Бурханы Шашинтны Шинэ Төвийн тэргүүн, Монголын Их Хүрээ Хийдийн Хамба, Номун Хан З. Санждоржтой ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе!  Хэд хоногийн дараа " Муу нүүрт " хэмээх гал бичин жил гарах гэж байна. Тэгэхээр "Муу нүүрт" гэж юу гэсэн утгатай бэ? 

"Муу нүүрт" гэдэг нь ёгт нэр юм. Төвдөөр бол "Дон-ан" гэсэн үг. "Дон" гэдэг нь нүүр, нигуур, тэргүүн, царай, хошуу хоншоор утгатай. "Ан" гэдэг нь муу гэсэн утгатай. Гэхдээ шууд утгаар нь ингэж орчуулах нь зохимжгүй юм. Яагаад гэхээр энэ нь ёгт нэр. Яг юу гэсэн үг вэ  гэхээр ердөө л сармагчин буюу гал бичин жил гэсэн үг юм. Ноднин жил бас ийм алдаа гарч байсан. Өнгөрч байгаа хонь жилийг галзууруулагч, согтууруулагч гэж буруу нэрлээд байсан. Энэ нь мөн чанартаа хүслийн тэнгэр гэдэг нэртэй байсан. Энэ жил бол XVII жарны гал бичин жил юмаа. " Муу нүүрт " гэдгийг иргэд маань ёгт нэр гэдгийг сайн ойлгоорой. 

 - Тэгэхээр иргэд маань " Муу нүүрт " бичин жил гарч байна гээд ер нь л онцгүй жил болох нь гэж бодоод байх шиг? 

Монголчууд бид чинь их бэлэг дэмбэрэлийн ард түмэн. Тухай гарч байгаа жилийнхээ нэрийг хүртэл сайхан өвөл сайхан жил болох юм байна гэж ойлгодог. Бичин жилийн тухайд нэрнээс эхлээд муу, муухай жил болох нь гэж ойлгож болохгүй. 

- Жилийн ерөнхий төлөвийг гаргадаг зурхайн зурлагад ирэх гал бичин жил хэрхэн буусан бэ? 

XVII жарны гал бичин жил нь эд малын гарлагагүй, элдэв хилэнц, нүгэл арилна хэмээн буусан байдаг. Хүмүүсийн яриад байгаа шиг зуд турьхан болохгүй. Энэ жилийн гал бичин жил бол урьдын бичин жилүүдтэй андуурч, адилтгах шаардлагагүй юмаа. Харин ч эд баялаг тогтсон, муу зүйл нь арилсан сайхан жил болно. 

- Шороон үхрийн шинжээр шинжвэл?

Дан ганц шороон үхрийн шинжээр тухай жилийн өнгийг шинждэггүй. Хаврын урь хэзээ орсон байна гэдэг чухал. Бидний мэддэгээр 2016 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр буюу өвлийн адаг шаргачин үхэр сарын шинийн 26-ны өдөр хаврын урь орж байгаа. Энэ өдөр нь улаан луу өдөр бөгөөд пүрэв гараг, гал суудалтай, есөн улаан мэнгэтэй өдөр тохиож байна. Энэ өдрийн үрийг үндэслэж шороон үхрийн шинжээр жилийн өнгийг шинжиж болдог. Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие эрхтэн, махбодуудадүндэслэн гал бичин жилийн шороон үхрийг зураглавал цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл, ходоод нь улаан, шар шийртэй, амаа ангайсан, зүүн тийш сүүлээ шарвасан байна. Үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсч, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад амгалан тайван явна. Тэгэхээр энэ жил Нялхаст (түмэн олон) маш сайн, өвгөдөд (өндөр суудалтан) дунд, залууст (дунд суудалтан) муу. Иргэд амгалан тайван, ажил үйлс бүтэмжтэй байх нь.                         

Харин улирлаар нь авч үзвэл: 

·         Зундаа хурц нартай, огцом халуун. Гэхдээ гантай биш. 

·         Хавардаа хур бороо багатай, салхи шуурга ихтэй. 

·         Намартаа үр тариа сайхан боловсорно. Ургац их авна. 

·         Өвөлдөө өнтэй сайхан болно. 

- Бичин жилийн эерэг нөлөө, сөрөг нөлөө гэж байгаа юу? 

Бичин жилийн дайсагнах жил нь бар жил. Тэгэхээр 74, 86 оны бар гээд бүх бар жилтнүүд машид болгоомжлох жил. Түүнчлэн бүх жил орж байгаа хүмүүс болоод хоёр хар мэнгэтэй бүх хүмүүст сөрөг нөлөөтэй. Тэгэхээр энэ жил эдгээр хүмүүс онцгой засалтай гэсэн үг юм. Харин бусад жилүүд нь эерэг нөлөөтэй байх нь ээ. 

- Хэдхэн хоногийн дараа шинэ сар гарах гэж байна. Битүүний өдөр цээрлэх ямар ёс байдаг бэ? 

Сарын хамгийн сүүлийн өдөр буюу саргүй байх өдрийг битүүн гэдэг. Энэ өдөр айл хэсэхийг хатуу цээрлэнэ. Гэртээ л байх хэрэгтэй. Учир нь битүүний өдөр айлд хоносон хүн тэр жилдээ гэр орондоо тогтдоггүй. 

- Шинийн нэгний өглөө анхаарах зүйл юу байдаг вэ? 

Шинийн нэгний өглөөний нарнаас заавал урьтаж боссон байх ёстой. Унтаж хоцорч ерөөсөө болохгүй. Хэрвээ тэгвэл тэр жилжингээ ажил үйлс бүтэмж муутай байдаг гэж үздэг. Шинэ дээл хувцсаа өмсөж бие биедээ сайн сайхан үг, ерөөлийг хэлж, идээ будаа элбэг байж баяр баясгалантайгаар угтан авах хэрэгтэй. 

- Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа ямар зүйлийг анхаарах зүйл байдаг уу? 

Жил болгон зүг чигээ гаргах нь эртнээс ирсэн уламжлал. Ерөнхийдөө Гал, галын эсрэг ус, мод, модны эсрэг төмөр гээд завсарт нь шороо, огторгуй, уул, хий гээд найман суудал байдаг. Эрт дээр үеэс Монголчууд гаран дээрээ тоолоод юун дээр сууснаа мэдээд зүг чигээ гаргадаг байсан. Эрэгтэй хүүхдийг бол галаас нар зөв тойроод юун дээр суухаа олдог бол эмэгтэй хүүхдийг уснаас нар буруу тоолоод тэр жил ямар суудал дээр сууснаа олдог. Зүг гаргана гэдгийг ойлгохын тулд эхлээд дээрх найман суудлын алин дээр сууж байгаагаа мэдэх хэрэгтэй. Тухайлбал, гал дээр суусан бол зүүн өмнө зүг рүү буюу цог хийморийнхоо зүг рүү зүг чигээ гаргаад буян хишгийнхээ зүгээс орж ирдэг. Товчхоноор хэлэхэд юун дээр сууснаа олоод, тэр суудлынхаа цог хийморийн зүг, буян хишгийн зүгээ мэдээд авчих хэрэгтэй юм. Нэг анхаарах зүйл нь хүмүүс "хар нохойн ам" гэдэг дээр их төөрөгддөг. Жил болгон цээртэй зүг гэж байдаг. Энэ гал бичин жилийн хар нохойн ам нь баруун тийшээ харж байгаа. Тэгэхээр энэ нь зөвхөн шороон дээр суусан хүнд хамаатай. Тэгэхээр шороон дээр суусан хүн баруун тийш гаралгүй баруун хойд зүг рүү гараад баруун өмнө зүгээс орж ирнэ. 

- Цаг зав гарган уншигчдад маань хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

Ийм сайхан мэдээллийн шинэ сайт нээгдэж, монголчууд бидэнд хэрэгтэй оюун мэдлэгийг өгч байгаа энэ буянтай ажил нь улам хүрээгээ тэлж, түмний хүртээл болох өлзийтэй ерөөлийг танай хамт олонд өргөн дэвшүүлье. 

- Баярлалаа. 

 

ЯРИЛЦСАН : П. ОЮУНСҮРЭН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хулхи шар:ЭНЭ ХУЛХИ ШАР ЮУН ЗУРХАЙ МЭДЭХЭВ ДЭЭ! ХАРИН ХУЛГАЙ, ЛУЙВАР, ЗАЛИЛАНГ БОЛ ГАРГУУД САЙН МЭДЭХ БАЙХ ШҮҮ! ЮУН ХАМБА, НОМУН ХАН БЭ?!!! ҮНЭН ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЛУЙВАРЧИН НОВШ ШҮҮ! 2016-02-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?