Тэр бол хүний зовлонгоор тоглогч. Монголын гаалиар овоглосон Баатар авилгын хэргээр 8 жил ял сонсоод гарч ирснийхээ дараа хэвлэлд ийн ярилцлага өгсөн. Намдаа санхүүжилт олж өгсний төлөө түүнийг ял сонсож, эдлэхэд засгийн эрхийг хамтдаа барьж байсан түүний МАХН, энэ намаас сонгогдсон ерөнхийлөгч нар түүнийг золиосонд гаргасан. 2006 онд УИХ-ын гишүүн Оюунбаатар түүнийг эргэж ирэхэд нь итгэл төрж, намынхаа удирдлагуудад захидал тээтэл, түүнийг нь эзэнд нь өгөлгүй сонинд нийтлүүлж, хүний зовлонгоор тоглосон тухай Баатар дурдсан байдаг. Тэгвэл энэ хүний зовлонгоор тоглогч Оюунбаатарын тоглоом дуусаагүй ажээ. Авилгын хэргээр шалгагдаж байгаа намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, засгийн газрын гишүүн Шийлэгдамбыг сэтгэл зүйн хүнд дарамттай үед нь урьдаас төлөвлөсөн бичигт гарын үсэг зуруулж, намаас нь ч, засгаас нь ч татгалзуулах явуургүй үйлдэл хийснийг Шийлэгдамба илчиллээ. Мөн түүний намдаа хандивлахаар авсан мөнгийг хувьдаа зээлсэн болгож гарын үсэг зуруулсан нь түүнийг гаалийн Баатарын замаар явуулах гэж зэхсэн нүх байсныг Шийлэгдамба хожуу хойно ухаарсан байна. Гаалийн Баатар бол хүмүүсийн хэлдгээр "мужик" буюу эр хүн байсан. Тэр бусдын өмнөөс бүгдийг нь даасан. Баатар, түүний ар гэр л хохирсон. Түүнийг гарч ирэхэд нь "чи эр хүн шүү" гээд тосоод уулзах нь байтугай тоож ч хараагүй, тэд. Харин тэр мужик загнасан. Тэгвэл Шийлэгдамба ийм золиос, ийм тоглоом болохыг хүссэнгүй. Түүний сургамж энэ. Ял нь хөнгөрөхгүй ч байж магад. Гэхдээ л дахиж ийм үйлдэл гаргуулахгүй гэж захидал бичсэн, ярилцлага өгсөн. Түүнийг одоогоор хамгаалалтад авсан байна. Хэргийн үзүүр өөр тийшээ эргэлээ гэж хэлж болох. Харин Оюунбаатарын хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд гэдэг албан тушаал түүний сүүлчийн өндөр албан тушаал гэж бодогдлоо. Оюунбаатарын шударга, зарчимч зан эсгэсэн маскийг нь намынх нь нөхөд бүрмөсөн хууллаа. Шударга, хүн чанартай байцгаая, монголчууд аа.
Ц.БАТ-ЭНХ