Шийлэгдамба яагаад "Цензургүй яриа"-нд оров? Өөрөө хүсэв үү? Мөнхбаясгалан санал тавив уу? Хэн нэгэн түүнийг нь зохион байгуулав уу? Шийлэгдамба нэр төрөө цэвэрлэхийг хүсэв үү? Үр хүүхэд, эцэг эхээ бодов уу? Хэрэг явдлаа тайлбарлахыг зорив уу? Ялаа хөнгөлөхийг хүсэв үү? Уснаас хуурай гарна гэж санав уу? Хэргээ өөр хүнд үүрүүлчихнэ гэж итгэв үү? Дахиад олон Баатар, олон Шийлэгдамбатангуудыг төрүүлэхээс сэрэмжлүүлэхийг хичээв үү? Нам доторхи булай бүхнээ дэлгэе гэв үү? Даргынхаа үнэн төрхийг илчилье гэв үү? Олон олон асуулт дагуулсан ярилцлага өндөрлөлөө. Уул нь мөрдөн байцаалтад, батлан даалтад байгаа хүмүүс хэвлэлээр ярилцлага өгөөд байдаг туршлага Монголд байхгүй. Хэвлэлийнхэн бүгдээрээ мэднэ. Хууль хяналтынхан ч тэдэнд ямагт сануулдаг. Гэтэл Шийлэгдамба энэ жишгийг эвдэж өглөө. Цаашид байцаагдаж, батлан даалтанд байгаа хүмүүсээс хэвлэлийнхэн чөлөөтэй ярилцлага авч болох үүд хаалгыг дэлгэсэн Шийлэгдамба, Мөнхбаясгалан нартаа хэвлэлийнхний өмнөөс талархал илэрхийлье. Ямар ч гэсэн нэг ийм үр дүнтэй. Ярилцлагын дараа тандалт хийвэл, дийлэнх нь Энхбаярыг үзэн ядаж, Баатарыг хайрлаж, Шийлгээг шившиг болгожээ. Амьдрал баян. Энэ драм хаа хүрч яаж өндөрлөхийг бүгдээрээ харцгаана.
Б . АЛТАНБАГАНА