Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ОРОС УЛСЫН ДИПЛОМАТЫН ӨДРӨӨР ДАРХАН ХОТОД

2016-02-04  

Жил бүрийн хоёрдугаар сарын эхний арав хоногт тэмдэглэдэг Орос Улсын Дипломатын өдөр энэ удаа Монголд сар шинийн баяртай давхцаж байна. Найрамдлын билэг тэмдэг болсон Дархан хотод Оросын Холбооны Улсаас суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиевтай уулзаж ярилцлаа. 

Танд Орос Улсын Дипломатын өдрийн баярын мэнд хүргэе. Энэ жилийн баяр ямар онцлогтой вэ?

Баярлалаа. Энэ жил манай хоёр улсын хооронд анхны дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байна. Зөвлөлт Орос Улс болон ардын хувьсгал дөнгөж ялаад байсан шинэ Монгол улсын хооронд 1921 оны 11 сарын 5-ны өдөр байгуулсан найрсаг харилцааны гэрээ нь бидний цаашдын их нөхөрлөл хамтын ажиллагааны үндсийг  тавьж өгсөн онцгой ач холбогдолтой. Тийм учраас энэ жилийн дипломатын өдрөөс эхлэн бүтэн жилийн турш энэ түүхэн ойд зориулсан үйл ажиллагаанууд болно. Хоёр оронд харилцан зохион байгуулагдах олон сонирхолтой ажлын төлөвлөгөөг хийж дуусгаад байна.

Өнгөрсөн онд хийж бүтээсэн гол үйл явдлыг нэрлэнэ үү?

Тиймээ, бидний хувьд Дипломат ажилтны өдөр нь зөвхөн баяр төдийгүй шинэ жилийн зорилтоо тодорхойлохын зэрэгцээ өнгөрсөн оны ажлаа дүгнэх үе байдаг. Бид 2015 онд Зөвлөлтийн ард түмэн Агуу их эх орны дайнд ялсны 70 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлснийг дурсан санаж байна. Энэ ойг тохиолдуулан Монголоос дайнд оролцохоор фронтод явсан Зөвлөлтийн дайчдад зориулан Алтанбулаг хотод босгосон хөшөөнд цэцэг өргөх ёслолыг Хиагтын ахмад дайчдын оролцоотойгоор зохион байгуулсан. Энэ ёслол дээр Дархан хот дахь энхийг сахиулах хүчний байгууллагуудын цэргийн парад болсон. Орос-Монголын уламжлалт найрамдлын сарын ажлын хүрээнд Татарстан Улсын ардын дуу бүжгийн чуулга Дарханд айлчлан тоглосон. 

Ерөнхий Консулын газар бүс нутгийн болон хилийн нөхцөлд төлөөлөгч солилцох ажлыг идэвхитэй гүйцэтгэлээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын урилгаар Буриад улсын төрийн Тэргүүн В.В.Наговицины Сэлэнгэ аймагт хийсэн айлчлалын үеэр гадаад эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлэх хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хэлэлцээний дүнд Буриад улс болон Сэлэнгэ аймгийн 2015-2016 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, Буриад, Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн байгууллагуудын хамтын ажиллагааны таван чиглэлд гарын үсэг зурсан. "Хиагт-Алтанбулаг”, “Жэлтүр-Зэлтэр” хилийн шалган нэвтрүүлэх цэгийг шинэчлэх, мах болон махан бүтээгдэхүүний экспорт-импортын үеийн мал эмнэлэг эрүүл ахуйн хяналт шалгалтанд анхаарал хандуулахаар  тусгагдсан. Мөн Дархан болон Сүхбаатарт Оросын хилийн төлөөлөгчид ирж ажиллаа. Улан-Үдэ хотын захирагч А.И. Голковын урилгаар Дархан хотын Засаг даргаар ахлуулсан Дархан-Уул аймгийн төлөөлөгчид эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцлоо. Монголын Сэлэнгэ аймагтай хиллэдэг Буриадын Зэд мужийн Петропавловк сууринд Буриад Монголын “Эв мод”-ны наадам ямар халуун дотно, нөхөрлөл  найрсаг уур амьсгал дор болж өнгөрсөн гэж санана. Энэ баярт Сэлэнгэ аймгийн төдийгүй Дархан-Уул, Булган, Завхан аймгийн 160 орчим монгол иргэд, мөн түүнчлэн Хиагт, Буриадын Сэлэнгийн районы төлөөлөгчид оролцсон онцлогтой.  

Найрамдлын арга хэмжээнүүдэд Дархан-Уул аймаг ямар онцлогтой оролцов?

Найрамдлаар овголсон Дархан хотын төр захиргааны удирдлага, байгууллагууд, иргэд нь Ерөнхий консулын газраас зохион байгуулсан бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тэднээс Дарханы сэтгүүлчид хэвлэлийнхнийг би зориуд онцлон, бүс нутаг, хил орчмын хөгжилтэй холбоотой үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд шуурхай түгээн дэлгэрүүлэхэд амжилттай хамтран ажилласанд нь талархал илэрхийлье. Агуу их эх орны 1941-1945 оны дайнд ялсны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Дархан хотын “Art Ger Entertainment”-ийн бүтээсэн “Никто не забыт, ничто не забыто” баримтат киноны найруулагч Р.Жавхлантөгсийг онцлон “Баярын өргөмжлөл”-өөр шагнасныг  миний бие гардуулж баяр хүргэлээ. 

Энэ жил бидэнд хамтдаа хийх ажил их байгаа. Одоогоос 95 жилийн тэртээ Зөвлөлт Орос Улсын Засгийн газар, Монгол Улсын Ардын Засгийн газрыг дэлхийн бүх орнуудаас анх түрүүн хууль ёсоор хүлээн зөвшөөрч, өөрийн бүрэн эрхт консулын төлөөлөгчдийг Монголын нийслэл болон Ховд, Улиастай, Алтанбулаг хотуудад илгээж байсан. Түүхэн тэрхүү гэрээгээр баталгаажсан Орос, Монголын харилцаа хэд  хэдэн  үе шатыг  дамжин хөгжсөөр орчин үед 1993 оны 1 сарын 20-ны өдрийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд суурилан батажсан учиртай. Тэгэхээр миний одоогийн хашиж буй энэ алба ч гэсэн тэрхүү газар нутагт, урт түүхэн дурсамж тээсэн томилолтын үргэлжлэл залгамж гэж би хүндэтгэн үздэг. Энэ жил мөн Дархан хотын 55 жилийн ой болох нь  бидэнд том баяр байх болно.    

Үндэсний хэмжээнд төдийгүй цахим мэдээллийн ертөнц даяанаар мэдээллээ түгээж буй CONTROL.MN сайтын уншигчид, нийт Монголчууддаа арван долдугаар жарны гал бичин жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж улам цэцэглэн хөгжихийн ерөөл өргөе!

 

ЯРИЛЦСАН, МУСГЗ СЭТГҮҮЛЧ ӨВГӨНХҮҮГИЙН РАГЧААСҮРЭН

ДАРХАН ХОТ. БУРХАНТЫН ХӨНДИЙГӨӨС. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
S.Badrakh :OXU-iin Erunxii Konsuliin gazariin diplomat ajiltnuud, niit hamt olond bayariin mend xurie! 2016-02-04
Ж.Дархантуяа:Консулын газрын ажилтнуудад Орос Улсын дипломатын баярын мэнд хүргэе, Дархан хотыг байгуулахад ах нарын оруулсан тусын хойч үе бид мартахгүй. Та нарт баярлаж явдаг шүү 2016-02-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?