ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ НЬ ТА БИДНИЙ ГАРТ

2016-12-01  

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэдэг билээ. Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20-иод жил болжээ. Ингээд ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасантай ярилцсанаа хүргэе.

- Өнөөдөр дэлхий дээр хэр олон хүн ХДХВ, ДОХ-оор өвчлөөд байгаа вэ?

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дэлхийд нийт 36.7 сая хүн ХДХВ, ДОХ-ын халдвартай амьдарч байна.

2015 онд 2.1 сая хүн шинээр халдварт өртсөн, 1.1 сая хүн нас барсан байна.

Эдгээр тоог 2000-2002 оны байдалтай харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь сайн үзүүлэлт болж байгаа юм. Яагаад эерэг нөлөө гарах болов гэхээр 2000 онд НҮБ-ийн тусгай чуулган болж энэ асуудлыг авч хэлэлцсэн юм. Ингээд энэ бол эмнэлгийн салбарын асуудал биш нийт хүн төрөлхтний асуудал юм байна. Тийм учраас үүнд анхаарлаа хандуулах ёстой гэсэн уриалгаа гаргаж дэлхий дахинаараа энэ өвчинтэй тэмцсэний үр дүн гэж үзэж байгаа. Үүний үр дүнд ХДХВ, ДОХ өвчинтэй тэмцэх асуудал сайжирсан юм.

Жишээлбэл эм харьцангуй хямд болсон. Эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдсэн байна. 2010 онд ХДХВ, ДОХ-той нийт хүний 23 хувь нь эмчилгээнд хамрагдаж байсан. Гэтэл өнөөдөр 2015 оны байдлаар энэ үзүүлэлт 46 хувьд хүрсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь ХДХВ, ДОХ-той хүний өвчин хүндрэх нь багассан, ХДХВ, ДОХ-той хүн нас барах нь багассан гэсэн эерэг сайн үзүүлэлт болсон юм.

Мөн дэлхийн хэмжээнд халдварт өртөж байгаа хүний тоо буурч байгаа. 2000 онд жилдээ 5 сая хүн халдварт өртөж 3 сая хүн нас барж байсан юм. Харин өнөөдөр 2.2 сая хүн халдварт өртөж 1.1 сая хүн нас барсан гэсэн буурсан үзүүлэлт гарч байна. Үүнээс үзэхэд ХДХВ, ДОХ-той бид тэмцэж чадаж байна, бидний гарт орж ирж байна гэж болно.

- Монголд хэчнээн хүн өвчилсөн байгаа вэ?

Монгол улсын тухайд албан ёсоор бүртгэгдсэн ХДХВ, ДОХ-ын 218 тохиолдол байгаагаас 35 тохиолдол нь нас барсан байна. Халдварын 99 хувь нь хамгаалалтгүй бэлгийн замаар дамжсан бол хүйсийн байдлаар эрэгтэй 80 хувь, эмэгтэй 20 хувьтай гарчээ. Гэхдээ эрэгтэйчүүдийн 80 хувь нь ижил хүйстэн бол эмэгтэйчүүдийн 30 хувь нь биеэ үнэлэгчид байна. Насны хувьд 15-50 хүртэл насныхан хамрагдсан, гол зонхилж байгаа нь 24-35 насныхан 67 хувийг эзэлжээ.

Газар зүйн байрлалаар 70 орчим хувь нь Улаанбаатар хотод үлдсэн нь хөдөө орон нутагт буюу нийт 21 аймгийн 18-д нь ХДХВ, ДОХ бүртгэгдсэн байна.

- Жилдээ хэчнээн хүн шинээр бүртгэгдэж байна ?

2005-2014 оныг хүртэл тасралтгүй өссөн. Хамгийн их нь 2013 онд 32 хүн бүртгэгдсэн. Харин 2015, 2016 онуудад, жилдээ 20 орчим бүртгэгдээд байна. Үүнээс харахад буурсан байгаа юм. Гэхдээ бид арга хэмжээ аваад бууруулж чадаж байвал сайн хэрэг. Харин бид ажлаа муу хийснээс болж олж илрүүлж байгаа хэмжээ цөөрч байгаа бол тааруухан үзүүлэлт. Тиймээс олон нийтийн анхаарлыг үүнд хандуулж илрүүлэлтийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Монголд 400 гаруй хүн ХДХВ, ДОХ-ын халдвартай байж болзошгүй гэсэн урьдчилсан дүн гарсан. Бид 200 гаруй хүнийг илрүүлсэн байдаг. Энэ зөрүүтэй тоог баталгаатай болгохын тулд хэвлэл мэдээллээр олон нийтэд зөв мэдээлэл цацсанаар иргэд эрүүл мэнддээ анхаарч шинжилгээнд өргөнөөр хамрагдах хүсэлтэй болно. Хэрэв халдвартай бол хэдий эрт илрүүлнэ төдий чинээн амьдрах хугацаа уртсах юм. Өөрөө хэлбэл элэгний В, С вирус шиг эмчилгээгээ хийлгээд удаан хугацаанд амьдрах боломжтой.

- Сүүлийн үед элэгний С вирусийг бүрэн эмчилдэг боллоо. Эмчилгээний шинэ арга гарч байна уу?

Дэлхий дахинд уудаг эмээр эмчилж байна. Өнөөдөр байдлаар эм нэлээд сайжирсан. Энэ эм бол вирусийг тодорхой хэмжээнд бууруулж хүний дархлалыг дэмжиж өгдөг. Уусан хүн удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдахгүй амьдрах боломжтой болж байгаа юм. Гэхдээ 100 хувь хоггүй эмчилж, устгаж чадахгүй байгаа. Цаашид элэгний С вирусийг эмчилж байгаа шиг эмчлэх арга гарч ирнэ байх.

- Нэгэнт халдвар авсан хүмүүсээс халдвар аваагүй хүмүүсийг хэрхэн хамгаалж байна?

Олон улсын байгууллагаас зөвлөхдөө, халдваргүй хүнийг ч бас энэ эмээр халдвар авахаас нь сэргийл гэж байгаа. Жишээ нь : Нэг гэр бүлийн 2 хүний нэг нь халдвартай нөгөөх нь халдваргүй байлаа гэхэд хоёуланд нь уулга гэж зөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл халдвартай хүний дархлааг дэмжих, халдваргүй хүнийг хамгаалах зорилгоор уулгах юм.

- Энэ эмийг уувал халдвараас хамгаална гэсэн үг үү?

Тийм ээ. Жишээлбэл бохир шприцээр хатгуулчихлаа, ямар нэг санамсаргүй байдлаар бэлгийн харьцаанд орчихлоо гэхэд энэ эмийг урьдчилан сэргийлэх байдлаар уулга гэж байгаа юм. Эмийг ууснаар вирусийг биеэр цааш даамжруулахгүй хамгаалах боломжтой.

- Эрсдэлтэй байдалд орсон тохиолдол хаана хандах вэ?

Улаанбаатар хотод өөрсдийн харъяа дүүргийн эмнэлэг дээр очиж болно. Эсвэл ХӨСҮТ-ийн ДОХ-ийн албанд хандаж болно. Хөдөө орон нутагт харъяа эмнэлгүүддээ хандаж шинжилгээ өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе хэлэхдээ ”Одоо бидэнд ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын тулд эргэж нэгдэх цаг болжээ. Энэ боломжийг ашиглан ДОХ-ын аюулыг 2030 он гэхэд устгахын төлөө яаравчилъя” гэж гишүүн орнуудад уриалсан байна. Мөн энэ жил “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриа дэвшүүлжээ.

ХДХВ, ДОХ-ын тухай ярилцсан танд баярлалаа.

 

 

Ярилцсан Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?