НЯН ЭД ХЭРЭГЛЭЛЭЭ ХОЛИХ, ХООЛ ҮЛЭЭЖ ХӨРГӨХ, УРУУЛ ДЭЭР ҮНСЭХЭД Ч ХАЛДДАГ

2016-12-12  

Хүүхдэд шүлсээр дамжин халдварлах өвчнүүдийн тухай судалгаа бараг 30 жилийн өмнө гарчээ. Стрептоккок мутант хэмээх хүнээс хүнд шүлсээр дамжин халдварладаг нян. Энэхүү нян эд хэрэглэлээ холих, хоол үлээж хөргөх, уруул дээр үнсэхэд ч халддаг бядтай эд. Хүүхдэд халдварлаж буй стрептоккок мутантын гол эх сурвалж нь хамтран амьдрагсад гэдгийг санаж авууштай.

Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери хүүхдэд шүлсээр дамжин очдог. Гэхдээ урьдын цагийг бодвол залуу эцэг, эхчүүд хүүхдэдээ хоолыг нь зажилж өгөх, халбагыг нь амандаа хийх нь эрс багассан. Одоо цагт эмээ, өвөө нар л энэ зуршлаа хаяж чадалгүй “Та нарыг ингэж өсгөсөн юм, буруудсан зүйл хаа байна” хэмээн зөрүүдэлж сууна.

Гэтэл үнэндээ олон нийтийн дунд удамшсан, дамжсан халдварт, хамгаалж болох байсан өвчлөлийн тоо нэмэгдсээр л байна. Эмнэлэгт хандах хүмүүсийн нас ч улам залуужиж байгаа нь үнэн. Нэг эерэг мэдээ байгаа нь нялх хүүхдийн өөх тос, уураг задлах, хоол боловсруулах чадвар нь насанд хүрсэн хүнийхээс 85 хувиар бага байдаг. Харин том хүний шүлсэнд агуулагдах хоол задлах найрлага өндөр. Бид өдөр тутмын амьдралдаа олон нийтийн газраар явж, олон хүнтэй харилцдаг болсон. Тэр бүртээ гар барих, цайны аяга, халбага, сэрээгээ холих явдал элбэг. Тэр бүхнээ гэртээ хариад дархлаа муу хүүхдэдээ “бэлэглэж” болохгүй санагдана.

Монголчууд дээлийнхээ энгэрт аяга, халбагаа хийгээд явдаг, айлд очоод түүгээрээ идээлж, ундаалдаг байсан нь ч учиртай болов уу. Харин ээж, аав нар хүүхдээ уруул дээр нь үнсдэг болсноороо буруутан болж байгаа нь үнэн. Эцэг, эхийн аманд агуулагдах муу нян удаан хугацаагаар амьдарсан бол хүүхдэд тэр хэмжээгээр хүнд тусдаг. Ингээд зогсохгүй элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери, ХДХВ зэрэг өвчин халдах аюултай ажээ.

Хүүхдийн уруул дээр үнсэхэд нян халдахаар зогсохгүй. Аргентины сэтгэлзүйч Эмили Канзутти “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ уруул дээр хэзээ ч үнсэж болохгүй” хэмээн хатуу анхааруулжээ. Тэрбээр “Хүүхдийг уруул дээр нь үнсэхэд хүүхдийн сэтгэл зүй, танин мэдэхүй, бэлгийн боловсролд гажуудал, ойлгомжгүй байдал үүсдэг. Уруул дээр үнсэх нь эсрэг хүйстэндээ бэлгийн сонирхлоо илэрхийлэх утгатай. Түүнчлэн уруулын мэдрэлийн эсүүдийг өдөөдөг учир энэ төрлийн үнсэлт зөвхөн аав, ээжийн дунд байх зүйл гэдгийг хүүхдэдээ ойлгуулах ёстой” гэжээ.

Гэхдээ бүх бурууг уруул дээр үнссэнээр халдсан гэж болохгүй, хэд хэдэн шалтгааны л нэг шүү дээ. Насанд хүрэгчдийн шүлсэн дэх нян хүүхдийг нялх багад болон шүд цухуйх үед маш хялбар халдварладаг. Учир нь энэ үед хүүхдийн шүд хамгийн эмзэг байдаг” хэмээсэн байна. Зөвхөн нялх балчир үед гэлтгүй олон жил амьдрах тэсвэртэй нян хүүхдийн шинэ шүд ургахад дайралт хийсэн хэвээр байдаг аж. Бид гэртээ, үр хүүхэдтэйгээ байж “шилэн бөмбөлөг” дотор амьдрах боломжгүй. Гэвч ядахдаа хооллох болон ариун цэврээ сахих дадал зуршлаа шинэчилж чадвал олон өвчнөөс сэрэмжилж болохоор байна. Хоолойн үрэвсэл гэхэд л саяхныг хүртэл удамшдаг гэж боддог байсан. Гэтэл хоёр л хүчин зүйлээс шалтгаалдгийг монгол эмч нар анхааруулах боллоо.

Нэгдүгээрт, шүлс.

Хоёрдугаарт, хоносон хоол.

Хоолойн үрэвслээс үүдэлтэй үе мөч, зүрх судасны өвчин газар авсаар байна. Монголчууд хүүхдийнхээ хөлийг хурганы арьсаар боож, халаалттай байранд ч эсгий гуталтай байлгадаг. Тэгсэн ч хоолой нь байсхийгээд л өвдөж байгааг хүүхдийн эмнэлгийн эмч нар хэлж байна. Өвчний шалтгааныг дураараа антибиотик өгч, вирусийг бүрэн устгаж чаддаггүй, мөн шүлсээр дамжиж нян халдааж байгаатай холбон тайлбарлалаа.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?