АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ ХЭВШИЦГЭЭЕ

2016-12-22  

Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Нийслэлийн боловсролын газартай хамтарч хийсэн судалгааны дүнд үндэслэн эхний ээлжинд утаа ихтэй гэр хорооллын бүсийн 50 цэцэрлэгийг сонгож, 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж өгч байна. Энэхүү шүүлтүүр нь тасалгааны агаар дахь нян бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж, утаа, тоос, тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг аж. Шөнийн ухаалаг горимоор ажилладаг учраас эрчим хүчинд ч хэмнэлттэйг онцоллоо. Мөн цэцэрлэгүүдэд агаарын бохирдлыг хэмждэг лазер төхөөрөмж дагалдуулан өгсөн. Энэхүү хэмжүүрийн тусламжтайгаар тасалгааны агаар дахь бохирдол хэрхэн буурч байгааг хянах боломж бүрдэж байгаа юм. Агаарын бохирдол ихтэй энэ үед уг төхөөрөмжүүдийг өгснөөр 50 цэцэрлэгийн 2-5 насны 7400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа аж.

“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн удирдагч Н.Баяртогтох “Өдрийн ихэнх цагийг цэцэрлэг дээрээ өнгөрөөж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор судалгаа явуулж, агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах нь ач холбогдолтой гэж үзсэн. Эхний ээлжинд 200 төхөөрөмж хуваарилах шийдвэрийг НЗДТГ-тай хамтарч гаргаад хэрэгжүүлж байна. Энэ ажил зөвхөн өнөөдрөөр дуусахгүй. Он гаргаад мөн үргэлжлүүлэхээр төлөвлөсөн” гэдгийг хэллээ.

Амны хаалт зүүж хэвшихийг уриаллаа

Үүнээс гадна сурагч хүүхдүүдийг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор утаажилт ихтэй бүсийн 51 сургуулийн 40 мянган орчим сурагчид амны хаалт өглөө. Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авч, сургуулиудад тарааж байгаа юм. Энэ талаар “Эрбуб” ХХК-ийн захирал Д.Нямтулга “Манай компанид хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн ажилладаг. Бидний үйлдвэрлэсэн амны хаалт агаарын бохирдлыг 99 хувь шүүнэ. Нийслэлийн Засаг дарга болон удирдлагууд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад баяртай байна” гэсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Утаа буюу нарийн ширхэгт тоосонцороос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс хотын утаа ихэсдэг энэ үеэр өөрсдөө болон хүүхдүүддээ зориулалтын амны хаалт зүүлгэж хэвших хэрэгтэй байгаа юм” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?