ТҮРГЭН ТУСЛАМЖИНД ОРЧИН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАНА

2016-12-24  

Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Яаралтай тусламж ба шийдэл” хэлэлцүүлэг боллоо. Яаралтай тусламжийн асуудал бол эрүүл мэндийн салбарын бодлогын нэг чухал хэсэг төдийгүй иргэн, хувь хүн өөрөө өөртөө болон бусдад үзүүлэх анхны тусламж, түргэн тусламж, мөн эмнэлгийн бус цагдаа, онцгой байдлын алба, гал түймэртэй тэмцэх байгууллага, улаан загалмайн ажилтнуудын тусламж зэргээс хамааралтай байдаг. Иймээс эмнэлэг хүртэл яаралтай тусламж үзүүлж хүний амь насыг аврах асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэн болон дээрх мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой юм. Манай улсын хувьд түргэн тусламжийг хүргэхэд тулгамдсан асуудлууд байсаар байна.

Тухайлбал, түргэн тусламжийн автомашин хуучирсан, ихэнх нь зориулалтын биш, багаж тоногт төхөөрөмжийн хангамж муу, дэд бүтэц, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж дутмаг, энэ салбарын эмч мэргэжилтэн нь яаралтай тусламжийн технологи, арга барилыг бүрэн мэргэшээгүй байдал нөлөөлж байна. Мөн яаралтай тусламжийг үзүүлэхэд нийслэлд хүн ам нэмэгдсэн, шинээр хороод байгуулагдаж байгаа, хаягжилт, гэрэлтүүлэг муу, замын түгжрэл, жолооч нарын замын хөдөлгөөний соёл хангалтгүй, иргэдийн хувьд хугацаа алдаж дуудлага өгдөг, эрүүл мэндийн боловсрол дутмаг зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарч байна.

Мөн судалгаанаас үзэхэд эхийн эндэгдлийн 4-5 хувь нь алслагдсан байдал, гэрийн хаяг тодорхойгүй, ууланд жалганд гэрээ барьсан, отроор нүүдэллэсэн, холбоо харилцаа муу зэргээс шалтгаалж тусламж оройтсон, хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа осол гэмтэлд өртсөн тохиолдолд “АЛТАН ЦАГ” буюу эхний 1 цагт анхны тусламжийг шуурхай үзүүлж чадвал нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг 2 дахин бууруулж чадна гэж үздэг. Судалгаанаас үзэхэд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг хугацааны хувьд хэр зэрэг эрт үед нь үзүүлсэн чанараас хамаарч осол гэмтлийн дараах нас баралт 22-25%, зүрх судасны өвчлөлийн нас баралт 15% буурах магадлалтай байдаг нь батлагдсан байдаг.

Иймд яаралтай тусламжийн асуудлыг цогцоор нь харж, нэгдсэн төв байгуулах, түргэн тусламж үзүүлэх цэгүүдийг нэмэгдүүлэх, анхан шатны эмнэлгүүдийн түргэн тусламжийн чадавхийг сайжруулах, үр дүнтэй зохион байгуулалтанд оруулах, иргэдийн анхны тусламжийн эрүүл мэндийн боловсролыг  сайжруулах түргэн тусламжинд орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах, түргэн тусламжийн машины шинэчлэл хийх, нисдэг тэрэг, онгоц ашиглах, түргэн тусламжийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг боловсронгуй болгох, зайн оношлогоо, эмчилгээ болон хөдөлгөөнт эмнэлгийг ажиллуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг цогцоор нь үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

 

 

Эх сурвалж : mohs.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?