Монгол улсын мастер оёдолчин "Ур ундрах" компанийн захирал А.Алтантуяа CONTROL.MN сайтын уншигчдад зөвлөж байна. Энгэрээ товчлоорой Монгол хүн дээлээ өмсөөд бүсээ бүслээд малгайгаа тавиад золгодог. Энгэрээ товчлохгүйгээр хүнтэй золгодоггүй. Үндэсний сайхан уламжлалаа дэлгэрүүлж, монгол хүн дээшээ харсан захтай дээл өмсөх хэрэгтэй. Дээшээ харсан зах нь дэвжин дэлгэрэх билэгдлийн чанартай юм. Богино ханцуйтай дээл өмсөж золгодоггүй Цагаан сараар богино ханцуйтай дээл өмсөж байгаагүй. Учир нь гарын шуугаа гаргаж хүнтэй золгодоггүй. Мөн болж өгвөл өвдөгнөөс доогуур урттай хувцас өмсдөг. Эмэгтэй хүн хөлөө ачилгүйгээр хоёр хөлөө нийлүүлээд өвдгөө хучаад суудаг. Монгол дээл өмсөөд үсээ задгай тавих нь зохимжгүй. Дээлний дотуур монгол өмд цамц өмсөнө. Эрчүүд өвлийн цагт үстэй дээлний дотуур урт түрийтэй гутал, монгол өмдөө өмсөнө. Ноолууран өмд дээр үстэй дээл өмсчихвөл хоорондоо зууралдаад болохгүй. Тийм учраас зузаахан өмд өмсөөд гадна талаар нь брюкэн шарваар, монгол цамцаа өмсчихвөл үстэй дээлэнд наалдахгүй. Бүсээ нар зөв ороон бүсэлнэ. Бүс бол нандин эд. Монголчууд хийморь сүлдээ бүсэндээ дуудуулаад дэрлэж унтдаг байсан. Их дээгүүр тавьж хүндэтгэлтэй ханддаг. Эрэгтэй хүн баруун талдаа цацгийг нь унжуулаад нар зөв ороогоод бүсэлнэ. Эмэгтэй хүн үсээ задгай тавьдаггүй. Шинийн 1-15 хүртэл эмэгтэй хүн үсээ задгайлж явдаггүй. Боож шүлжиж байх хэрэгтэй. Учир нь эмэгтэй хүний үсэнд муу бүхэн шингэдэг гэж үздэг учраас үсээ боолттой байлгаснаар буян хишгээ тогтоож байна гэж үздэг байсан.
П. ОЮУНСҮРЭН