М.ХҮДЭРБААТАР : СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ОРОН ЗАЙ МАНАЙ УЛСАД МАШ ИХ ДУТАГДАЖ БАЙНА

2017-03-21  

Өнөөдрөөс эхлэн “Иргэнээ сонсох 1111 төв” ТББ үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Энэ талаар тус байгууллагын тэргүүн М.Хүдэрбаатартай ярилцлаа. 



-Засгийн газрын 1111 төвийг Төрийн бус байгууллага байгуулж байгаа юм байна. Ямар зорилгоор байгуулж байна вэ?

-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие 2012-2016 онуудад хоёр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын үед ард иргэдийн ахуй амьжиргаа, шударга төр, бүтээн байгуулалт гэсэн гурван үндсэн хэсэгт ажилласаныг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт хийсэн ажил гэж олон удаа ярьсан тул ихийг нуршаад яах вэ. Гэхдээ дээрх гурван ажлаас хамгийн их бэрхшээлтэй туулсан ажил шударга төр, шударга Засгийн газрыг бий болгох ажил болов уу. Шударга гээд хүнийг шийтгэж, бусдын мууг үзэх биш. Харин төр өөрийн аливаа бодлого, үйл ажиллагаагаанд иргэдийн дуу хоолойг сонсож, тусгаж түүнийхээ мөрөөр хүртээмжтэй, засгийн үйл ажиллагааг шуурхай хүргэх юм. Тиймээс энэ зорилгоор Засгийн газар “Иргэдээ сонсох 1111 төв”-ийг нээсэн. Гэтэл МАН-ын засаг гарч ирээд уг төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо. Тиймээс миний бие үзэл санаа нэгт нөхөдтэй нийлж “Иргэнээ сонсох 1111 төв” ТББ-ыг үүсгэн байгуулж 77121111 утсыг нээн ажлуулж байна. Уг төвийн нээлт өнөөдөр болж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж байна. 

-Тэгэхээр 1111 төв төрийн бус байгууллага иргэдийн дуу хоолойг сонсож төр засагт хүргэнэ гэж ойлгож болох уу? 

-Тэгж ойлгож болно. Гэхдээ зөвхөн сонсоод зогсохгүй иргэдийн асуудлаар санал цуглуулж шаардлагатай газар нь шийдэх хүртэл хөөцөлдөнө. Ер нь өмнөх 1111 төв зүгээр нэг гомдол авдаг газар байгаагүй. Өдөр бүр иргэдийн өгсөн санал, хүсэлт, гомдол, шаардлагыг долоо хоногийн турш цуглуулж нэгтгээд тоон анализ хийж төлөвлөгөө гаргадаг байсан юм. Гарсан төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагад Ерөнхий сайдын ажлын албанаас баг томилон ажиллаж асуудлыг шийддэг байлаа. Тиймээс яг энэ зорилгыг хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ бол үйл ажиллагааны 50 хувь, үлдсэн 50 хувийн ажлаа нийгэмд өрнөж байгаа шударга бус зүйлтэй тэмцэж, стратегийн өмгөөлөл хийх зорилготой. 

-Стратегийн өмгөөллөө илүү нарийн тайлбарлаач? 

-Стратегийн өмгөөллийн орон зай манай Монголд маш их дутагдаж байна. Энэ нь нийгэмд иргэдийг хохироож буй хуульчлагдсан дээрэм, төр засгийн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдлийг олж тогтоон системийн хувьд засдаг арга. Миний хувьд Японд олон жил сурч, ажилллаж, амьдарч байхад ийм үйл ажиллагаа явуулдаг олон ТББ, холбоод, хувийн хуульчид, улс төрчдийг харж байсан. Гол нь эхлээд шударга бус, төрийн дээрэм бүхий үйлдлийг нээн илрүүлж стратегийн сэдэв болгоно. Уг сэдэв дээрээ иргэд, мэргэжлийн байгууллагууд, судлаачдын санал зөвлөмжийг цуглуулна. Ингээд тухай асуудал дээрээ үйл ажиллагаа явуулж хохирч буй иргэдийн дуу хоолой болох юм. 

-Иргэдээ сонсох 1111 төв ойрын хугацаанд ямар сэдэв дээр стратегийн өмгөөлөл хийх гэж байна вэ? 

-Бодитоор шударга ёсыг тогтоохын тулд нийгмийн хамгийн халуун, хамгийн шударга бус сэдвийг сонгох хэрэгтэй. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг шалгуулах ажил дээр энэ хавартаа төвлөрөх бодолтой байна. Зууны манлай үйлдвэрлэл болсон үйлдвэр маань Монголын эрх мэдэлтнүүдийн хулгай луйвар, шахааны газар болсныг хүн бүхэн л мэднэ. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-т 27 жил шахаа хийж, нийтийн өмчөөр хагартал баяжсан хэргийг бид тойрч гараад шударга төр засагтай болно гэдэг бол бүтэшгүй хэрэг. 

-Өнгөрсөн 7 хоногт танай 1111 төвийг үүсгэн байгуулсан хүмүүс хэвлэлийн хурал хийж байхыг харсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг шалгуулах болон хувьчлах гэсэн байсан? 

-Юуны өмнө нэг зүйлийг тодотгоход ганц “Эрдэнэт” гэлтгүй шударга бус байдал арай л дэндүү байна шүү дээ. Иргэд ядуу, мөнгөгүй байгаадаа бухимддаг гэж би боддоггүй. Ядуу амьдарна уу, боломжийн амьдарна уу хувь хүний хичээл зүтгэлийн асуудал. Харин иргэд шударга бус байдалд, өөрт нь хөдөлмөрөөр нь ирж, цалинг нь нэмэх ёстой мөнгө хулгайн аргаар цөөхөн хүнийг баяжуулаад байгаад л бухимдаж байгаа. Нэг даргын хүүхэд хар тамхи татаж, нэг баян дарга хүн зодож, хэдэн арван тэрбумаар улсаар хулгайлж гээд шуугиад байдаг мөртлөө хэн нь ч ял шийтгэл авдаггүй. Өнөөдөр хэн шорон явж байна. Хэн ядуу чадал муутай нь л явж байна. Ингэж мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь хууль үйлчилдэггүй нийгмийн эхлэл нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн булхайтай хэргүүдээс эхэлсэн. Тиймдээ ч өнгөрсөн 7 хоногт хийсэн хэвлэлийн хурлаас хойш маш олон иргэн бидэн рүү утасдаж холбогдож “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар мэдээлэл өгье гэж байна. 

-Та чинь хоёр удаа УИХ-д нэр дэвшсэн хүн. Тиймээс олон хүн таныг улс төрч гэж хардаг. Энэ өнцгөөрөө улс төрийн үйл ажиллагаа хийж байна гэх таамаг дэвшигдэх байх? 

-Би улс төр хийгээгүй, би энэ ажлаараа хувьдаа ямар ч нэр хүнд хараагүй гэж ярьвал хэний ч хөх инээд хүрэх биз. Гэхдээ би улс төрийн замналыг зөв зүйл хийж, иргэдийн дуу хоолой болж, шударга бус төртэй тэмцэж хийж болохгүй гэж үү. Иргэдийн өмнөөс юу ч хийгээгүй, шударга бус зүйлтэй тэмцэх үйл хэрэгт хумсын төдий хүч гаргадаггүй, хундага архи, өөрөөсөө хүч султайд л эр бяр, эрдэм мэдлэг гаргасан уйланхай мэт нөхдийн дэргэд зоригтой хөдөльё л гэж бодож байна. Ер нь эрчүүд нь хөдөлмөрч, хариуцлагатай, зоримог байж шударга бус зүйлтэй эрс тэмцэж, охид нь эрүүл, даруухан, нинжин сэтгэлтэй байж энэ улс чинь өөдлөх биз дээ. 

-“Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгахаас гадна хувьчлах гэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Нэгдүгээрт бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 27 жилийн шахааг шалгуулна. Шалгах эрхтэй субьект нь бид биш шүү дээ. Гэхдээ шалгах эрхтэй хууль хүчний байгууллагад шалгуулахаар хөөцөлдөх, зүтгэх субьект нь бид мөн. Үүний цаад нэг зорилго бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг шударгаар хөрөнгийн бирж дээр арилжаалах асуудал юм. Энэ үйлдвэр төрд байсан цагт хэзээ ч өөдлөхгүй гэдэг хэдхэн тоо баримтаас харагдана. 

-Ямар тоо баримт вэ? 

-Оросуудын хийсэн тусгай аудитаар сүүлийн 20-иод жил “Эрдэнэт үйлдвэр”-т өндөр үнээр худалдан авсан буюу үр ашиггүй шахааны зарцуулалтын дүн 6.1 тэрбум ам.долларт хүрчээ. 6.1 тэрбум доллар шүү. Энэ бол шинэчлийн Засгийн газрын үед босгосон Чингис бондоос даруй 4 дахин их мөнгө. Энэ мөнгө өнгөрсөн 20 гаруй жилд “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийдэг бүлэглэлийн халаасанд орсон гэсэн үг. Гэтэл бид 1.5 тэрбум доллараар хоёр жил гарантай ямар их бүтээн байгуулалт хийлээ дээ. Төрийн өмч давамгайлсан уулын баяжуулах үйлдвэрт 5 сая бэлгэвч шахаж байсан. Энэ мөн хаачсан бэ уулын аманд даргын хаус л болно. Ус мөрөнгүй уурхайд усан онгоцны мотор шахаж байсан. Энэ мөн хаачих вэ даргын хүүхдийн сургалтын төлбөр л болно биз дээ. Төр 51 хувийн эзэн байсан 20-иод жилд 6.5 тэрбум долларын хэнд ч хэрэггүй хогийг хэд нугалсан үнээр шахдаг байсан юм. 

-Нээрээ ийм яриа их яригддаг шүү? 

-Яригдах биш бүгд баримттай зүйл шүү дээ. Хэн нэгний мууг үзэх гэж би энэ бүхнийг хийе гээд байгаа юм биш. Харин иргэдийнхээ мууг хангалттай үзсэн төр засгийн бурангуй үйлдлийг цаашид байхгүй болгох үүднээс зоригтой хөдөлье гээд байна. Бид “Эрдэнэт”-ийн асуудал алдаа оноогоо дэнсэлж, үнэн зөвөө шүүхгүйгээр Оюутолгой, Тавантолгойгоос шударга ашиг авна гэдэг мянгуужингийн үлгэр. Тос дотроосоо өтвөл аюултай гэдэг. Монголын хямралд буруутай гадныхан байхгүй л болов уу. Харин буруу бүхнийг өөгшүүлсэн бидний өөрсдийн алдаа л бий биз ээ. Эцэст нь хэлэхэд иргэдээ сонсох 1111 төвийн ганцхан сэдэв “Эрдэнэт” биш. Бид өдөр бүр иргэдийн үгийг сонсож дуу хоолой байхаас гадна, улирал бүр нэг сэдвээр стратегийн өмгөөлөл хийх болно.

 

 

Эх сурвалж : Өглөөний сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?