Г.МАЙЦЭЦЭГ : ҮЙЛДВЭРЛЭЛГҮЙ УЛС ОРОН ГАЛ ТОГООГҮЙ АЙЛТАЙ АДИЛХАН

2017-05-24  

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт чамгүй олон жил ажиллаж түүнийгээ эх орныхоо иргэн бүрт хүртээхийг зорилгоо болгон ажиллаж буй “Exclusive” компанийн захирал, "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгтэй ярилцлаа. Тэрээр "Уран үйлчин" улсын анхдугаар уралдааныг улс орон даяар зохион байгуулж байгаа юм.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье. Танай компани улсын хэмжээнд "Уран үйлчин" уралдаан зохион байгуулж байгаа гэсэн. Энэ уралдааныхаа талаар танилцуулаач?

Компаниас зохион байгуулж байгаа ажил биш гэдгийг тодотгоё. Харин "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас санаачлан хийж буй арга хэмжээ юм. Би гурван жилийн өмнөөс оёдолчдоо алдаршуулах юмсан гэдэг чин хүсэлтэй байсан. Түүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох вэ гэж олон талаас нь бодож төлөвлөсөн ажил байгаа юм. Учир нь хөнгөн үйлдвэрийн салбарт ажил эрхэлж байгаа оёдолчид сүүлийн 20 гаруй жил айлын шоовдор хүүхэд байсан гэвэл хилсдэхгүй.  Ер нь аливаа улсын баялаг нь хүн. Гэтэл хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй. Би энэ уралдааныг зохион байгуулах болсон шалтгаан ердөө л энэ. Уралдаанд оролцогчдод ямар нэгэн босго тавихгүй байгаа нь ч энэ уралдааны онцлог, давуу тал.

-Босго тавихгүйгээр хүмүүсийг хамруулна гэдэг нь ямар нэг шалгуургүй оролцох боломжтой гэсэн үг үү?

Тиймээ, ямар ч шалгуур байхгүй. Нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр үүнд оролцох боломжтой. Нөгөөтэйгүүр хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд дөхөм болох судалгаа давхар хийж байгаа юм. Ингэснээр аль аймагт ямар хэмжээний үйлдвэр байгуулж болох вэ гэдгийг тодорхойлохыг зорьж байна. Мөн гараар үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн судалгаа хийгдэж байна. Түүнчлэн хичнээн хүн хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчин байгааг тодорхой мэдэх боломжтой. Анхны тэмцээн учраас туршлага дутсан, зарим нэг зохион байгуулалтыг хийхдээ алдсан зүйл бий. Хамгийн гол нь олон хүмүүс хамрагдах боломжийг хангахын тулд мэдээлэл хүргэх хэрэгтэй байгаа юм.

Энэ тэмцээнээ жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхлээд аймгийн аваргыг шалгаруулж дараагаар нь бүсийн аваргаа тодруулна. Хамгийн сүүлд нь улсын аваргын тэмцээн болно. Бид эцсийн байдлаар дүнгээ наадмын өмнө буюу долдугаар сарын 10-нд гаргахаар төлөвлөсөн.

-Тэмцээний үйл явцын талаар болон оролцох хүсэлтэй хүмүүст мэдээлэл өгөөч? 

Тэмцээнд оролцогч эхлээд анкет бөглөн хураамж төлснөөр бүтээл хийх материалаа авна. Ингээд товлосон хугацаанд ямар сэтгэмжээр, ямар бүтээл хийх нь тэдний асуудал. Одоогоор Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймаг мөн Эрдэнэт, Дархан хотын аваргууд шалгарсан байгаа. Тэмцээнд оролцогчид ур ухаан, сэтгэлээ шингээсэн бүтээлээ ирүүлсэн. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс сэтгэл өндөр байгаа. Монголчууд ямар их шавхагдашгүй авъяастай хүмүүс вэ гэх бахархах сэтгэл төрсөн шүү.

-Ер нь аймгийн тэмцээнд хэчнээн хүн оролцох вэ?

Мэдээллээ сайн түгээвэл оролцогчдын тоо өсөх хандлага ажиглагдсан.

-Тэмцээнийг ямар шүүгч шүүж байна. Ер нь аливаа уралдаан тэмцээнийг шүүх тийм ч амар биш. Ихэвчлэн “хор” орчихлоо гэх хардлага явсаар байдаг шүү дээ?

Мэргэжлийн хүмүүс шүүж байгаа. Манай тэмцээний тухайд арын хаалга хэрэглэх, хэн нэгний лоббид автах гэх мэт зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ер нь тэмцээнд оролцогчид эхний гурван байраас гадна, нэрэмжит шагнал болон шилдэг бүтээлийг шалгаруулж байна. Шилдэг бүтээл нь финалийн шатны тэмцээний үеэр үзэсгэлэнд оролцохоос гадна сонирхсон байгууллага, хувь хүмүүсийн захиалгыг манайхаар дамжуулан өгөх боломжтой.

-Энэ удаагийн уралдааны хөрөнгийг хаанаас босгож байна вэ?

Тэмцээнийг "Улаанбаатар коттон", "Степпеворк виар" компани ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна.

-"Уран үйлчин" тэмцээнийг оролцогчдоос гадна хувь хүмүүс хэр хүлээж авч байна вэ?

Орон нутгаар тэмцээн зохион байгуулж байх үед хүмүүс сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэн уралдаанд оролцоогүй ч үзэж болох уу гэдэг хүсэлт тавьж байсан. Ер нь оёдолчдыг урамшуулж, алдаршуулж байсан түүх байдаггүй. Тиймээс сайхан хүлээн авч байгаа. Жишээлбэл, Өвөрхангай аймагт тэмцээн зохион байгуулах үеэр Их аварга Д.Дагвадорж дэмжиж байгаагаа хэлсэн. Тэгээд тэмцээний шилдэг оролцогчдын маань нэгэнд нь мөнгөн шагнал, оёдлын машинаар бэлэглэсэнд нь бид маш их баяртай байгаа. Энэ дашрамд Их аварга Д.Дагвадоржид баярлаж талархаснаа илэрхийлмээр байна.

-Улсын хэмжээний тэмцээн зохион байгуулж байгаад тань төрийн дэмжлэг бий юу?

Тэмцээнийг зохион байгуулахад төрийн ямар ч дэмжлэг байхгүй ээ. Бид төрийн бус байгууллагынхаа хүрээнд л ивээн тэтгэгч компаниа олж үүнийг эхлүүлсэн. Ер нь төр аль ч салбарыг дэмжихдээ зөв бодлого баримтлах ёстой. Тиймээс би төрийн дэмжлэг алга, үйлдвэрлэгчид сөхөрч байна хэмээн нэлээд бухимддаг. Улсаа хөгжүүлэхийн тулд ямар нэгэн зүйлийг цаасан дээр буулгаад хадгалахыг хэлэхгүй шүү дээ. Үйлдвэрлэл хөгжсөний үр дүнд улс хөгждөг юм.

Үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ татвараар дарамтлаад байгаа хэрнээ гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүндээ ямарч хяналт тавьдаггүй. Үйлдвэрлэл байхгүй улс орон гал тогоогүй айлтай яг адилхан зүйл. Гал тогоогүй айлын хүүхдүүд ямар байх вэ. Идэх хоолгүй өлсгөлөн л байна гэсэн үг.

-Дотоодын үйлдвэрүүдийн хийсэн бүтээгдэхүүн чанар, загвар муутайгаас гадна хэт өндөр үнэтэй байна гэж шүүмжилдэг шүү дээ?

Манай улсын аль ч салбар дэлхийн бусад орнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадаагүй. Гэхдээ дэлхийд танигдсан бүтээгдэхүүнийг үгүйсгэх гэсэнгүй. Бид урд хөрш эсвэл Солонгос улс шиг массын үйлдвэрлэл эрхлэж чадахгүй байгаа учраас бүтээгдэхүүний өртөг бага зэрэг өндөр байдаг. Тиймээс өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд төр бодлогоор дэмжих хэрэгтэй.

Мөн харьцуулалт хэр оновчтой вэ гэдгээс бүхий л зүйл хамаарна. Жишээлбэл, "Хэнд мэд" буюу зөвхөн гараар урласан цор ганц бүтээл яалт ч үгүй өндрөөр үнэлэгддэг. Дэлхийн зах зээл дээр гараар урласан бүтээлүүд үнэхээр тансаг зэрэглэлийн бүтээл болдог.

-Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэгвэл юу хийх ёстой вэ?

Манай компани массын үйлдвэрлэл эрхэлдэг. Төрөл бүрийн хувцсыг олноор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Харин гарын уртай хүмүүсийг гаргаж ирэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх мөн олонд таниулах зорилготойгоор "Уран үйлчин" уралдааныг явуулж байгаа юм.

-Ингээд сайхан яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе?

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Үе үеийн оёдлын салбарын болон хөнгөн үйлдвэрийн салбарынхандаа ажлын өндөр амжилт хүсье. Ямар ч бэрхшээл тулгарсан зорилгоосоо бүү ухраарай. Нэг хаалга хаагдсан ч нөгөө хаалга нээгддэг гэсэн сайхан үг байдаг шүү дээ.

-Танд баярлалаа.

  

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ҮНЭХЭЭР ҮЙЛДВЭРЛЭЛ МАНАЙД ХӨГЖИХГҮЙ УДААН БАЙНА. ЗЭЭЛ АВСАН ГАЗРУУД ЭХНЭЭСЭЭ ДАРАМТАНД ОРЖ БАЙНА.ҮҮНИЙГ ШИЙДЭХ ТӨР ЗАСАГ БАЙЖ Л ТААРАА. 2017-05-24
DOOGII:OLON SAIHAN VILCHIN TURUH BOLTUGAI 2017-05-24
тУЛГАА:ЗӨВ БОДОЛТОЙ ШҮҮ. ИЙМ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИХГҮЙ УЛАМ Л ЗЭЭЛИЙН ДАРАМТАНД ОРУУЛЖ БАЙГАА ТӨР ЗАСАГТ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА. 2017-05-24
Zochin:iim arga hemjee bolj bga talaar medeelel alga oroh bsan yumaa 2017-05-24
Зочин:одоо оролцож болохгүй юмуу 2017-05-24
Deegii:ene huntei holbogdoh yumsan? 2017-05-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?