Таныг гуравхан цагийн дотор зураач болгож байна. Ингэж хэлбэл та үнэмших үү? Тэгвэл "ARTICOUR" галерейн эрхлэгч Г.Ууганхүү, түүний хүү У.Цолмонхүү нар багшилж, таныг гуравхан цагийн дотор зураач болгож байна.
"Анх удаа бийр барьж үзлээ. Цав цагаан цаас авчихаад, бийр, будаг нийлүүлж суухдаа ийм зураг зурчихна гэж огт итгээгүй. Ёстой гайхалтай. Би энэ зургаа гэртээ аваачина. Хүндтэй газраа байрлуулна" гэж Д. Нарантуяа хэлсэн бол,
"Дуурайж зурах зургаа би өөрөө сонгосон. Дугуй дүрс л үүсгэж эхэлсэн санагдана. Гэтэл хачин гоё зураг боллоо. Багш нарын зааварчилгаа үнэхээр үнэ цэнтэй байлаа. Яг л мэргэжлийн зурагчин хүн шиг, тэдний барьдаг бийр, хэрэглэдэг будгийг нь ашиглаад зураг зурна гэдэг гайхалтай санагдлаа" гэж хуульч Мөнхтуяа сэтгэгдлээ хуваалцлаа.
Хан уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэслэгч Ариунсанаа ч бас анх удаа зуржээ. Түүний зурсан мод мэргэжлийн зураачийнхаас ч дутахгүй харагдана. Бямба гараг бүр ийм сургалтыг ARTICOUR галлерейгээс зохиож байна. Сонирхсон хүмүүс ердөө л 30000 төгрөгийн хураамж төлнө. Зураг зурахын хажуугаар кофений тухай сонирхолтой лекц сонсоно. Бас кофе, жигнэмэг үнэгүй дагалдана. Зургийн цаас, будаг, бийр гээд зураг зурах бүх нөхцөлийг нь ARTICOUR хариуцдаг юм байна. Яаж эхлээд, ямар зураг зурснийг хамтдаа харцгаая.
Ц. ХИШГЭЭ