Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан галт тэргийг өнөөдрөөс явуулж эхэллээ. Улаанбаатар вагон депогийн ерөнхий инженер О.Дэмбэрэлсүрэнгээр ахлуулсан вагон депогийн техник, засварын ажлын багийнхан нэг вагоныг бүхэлд нь засаж өөрчлөн тэргэнцэртэй болон хөдөлгөөний хязгаарлалттай зорчигч саадгүй зорчих боломжтой болгосон байна.
Нэг удаад зургаан хөгжлийн бэрхшээлтэй иргэн асран хамгаалагчийн хамт зорчих боломжтой уг галт тэрэгтэй өнөөдөр салбар яамныхан болон Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооныхон танилцаж, анхны аяллаараа Сайншандын зүг хөдлөлөө.
А.САЯН