Ц.АДЪЯАСҮРЭН: БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛНА ГЭДЭГ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА ХЭРЭГ

2017-11-14  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.

-Та Байгаль орчны салбартай хэдийнээс холбогдсон бэ?

-Би агаар мандлын физикч мэргэжилтэй хүн л дээ. Их сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнд ажиллаж эхэлсэн юм.Үндсэндээ энэ чиглэлээр 15 жил ажиллажээ. Дараа нь МУИС-ийн Цаг уур, дэлхий судлалын тэнхимд эрхлэгчийн албыг хашсан. Харин 1989 оноос Ардчилсан социалист хөдөлгөөний нөхдүүдтэйгээ нийлж Ардчилсан хувьсгалд оролцож явлаа. Улмаар 1990 оны сонгуульд Монголын социалдемократ намаас өөрийн нутаг болох Архангай аймгийн Хангай суманд нэр дэвшиж ялалт байгуулсан. Ингээд  төр засгаа шинээр байгуулах ажилд гар бие  оролцох болсон доо.  Тухайн үед манай салбарын сайдаар Москвад төвтэй Социалист орнуудын эдийн засгийн бодлогыг зохицуулагч байгууллагад ажиллаж байсан З.Батжаргал гуай томилогдож байлаа. Тэрбээр  намайг Ус цаг, уур мониторингийн газрын даргаар томилсон юм. Энэ албанд зургаан жил ажилласан. Байгаль орчны хяналтын улсын хороог 1990 оноос, Байгаль орчны яамыг 1992 оноос толгойлсон сайд, доктор З.Батжаргал өндөр боловсрол, мэдлэг, ажлын дадлага туршлагаараа тус яамыг шинэ нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх нэн хүнд бөгөөд хариуцлагатай үеийг туулсан. Харин 1996 онд УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан МоАХ эвслийн “Анхны ардчилсан Засгийн газар” байгуулагдсан. Харин энэ үеэс эхлэн миний бие Байгаль орчны сайдаар ажилласан түүхтэй. “Байгаль орчныг хамгаалах яам”-ыг 1987 онд анх байгуулж сайдаар У.Мавлет, тэргүүн дэд сайдаар Б. Мягмаржав, дэд сайдаар У.Болд нар томилогдон ажиллаж байгаль орчныг хамгаалахад төр ихээхэн ач холбогдол өгч байгааг нийгэмд бодитойгоор харуулах суурь хөрсийг тавьсан байлаа. Мөн  ардчиллын тогоонд зургаан жил шахам чанагдаж, яамны ажил үйлс нь харьцангуй зүгширсэн байсан.  Анхны сайд нар яамыг бодлогын талаас нь биш ч үйл ажиллагааны талаас нь илүү хөдөлгөн зүгшрүүлж, тодорхой материаллаг бааз, орон нутгийн салбар, хүн хүчний нөөцтэй болгосон нь яах аргагүй түүхэн ач холбогдолтой. Мөн З.Батжаргал сайд ажил нь зүгширсэн төрийн яамыг надад хүлээлгэж өгсөн нь нэг талаар миний ажлыг ихээхэн хөнгөлж байсан. Гэсэн ч дордуулчихвий гэж эмээж байснаа нуух юун.

Сайд болчихоод хамгийн анх ямар асуудлууд дээр анхаарлаа хандуулж байв?

-Ямартай ч эхний ээлжинд байгаль орчныг хамгаалах нь ганцхан төрийн хүлээх үүрэг гэсэн хуучин хэвшмэл ойлголтыг өөрчилсөн. Байгаль орчныг хамгаалах бодлогыг төр боловсруулж гарган, холбогдох зохицуулалтыг хийх ёстой бөгөөд харин “байгалийг ашиглагч нь хамгаалж, бохирдуулагч нь төлбөр төлөх болно” гэдэг зарчмыг Монгол улсын хэмжээнд эхлүүлж, төрийн бодлогын үндэс болгосон маань урт настай зөв бодлогын суурь болсон юм шүү. Аливаа нутаг орны байгалийн нөөц, баялаг, хүрээлэх орчныг төр эсвэл хэн нэг хүн ирж хамгаалах биш харин тухайн нутгийн иргэд өөрсдөө санаачилга гаргаж хамгаалах ёстой гэсэн шинэ сэтгэхүйг бий болгох, үйл ажиллагаа явуулахад баримтлах бодлогын өөрчлөлт хийсэн. Мөн байгалийн нөөцийг ашиглахад иргэдийн оролцоог хангах бодлогын хүрээнд эхний ээлжинд “хамтын эзэмшлийн ой” бий болгох төслийг Сэлэнгэ, Хэнтий, Архангай аймгуудад хэрэгжүүлсэн. Энэ нь одоогийн ойн нөхөрлөлийн эхлэл болсон юм.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын дэргэд байгаль орчны олон нийтийн зөвлөл, сайдын дэргэд байгаль орчны төрийн бус байгууллагын зөвлөл байгуулан ажиллаж байв. Газар өмчлөх хууль, ашигт малтмалын хуулийн төсөл зэргийг зөвлөлөөр сайтар хэлэлцэж, тэдгээрийн санал бодлыг шингээж байсан юмдаг. Тухайн үед бизнес эрхлэгчид байгалиас ямар нэг ашиг хүртэж байгаа л бол түүнийгээ хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, үүрэг хүлээлгэх зорилгоор ашигт малтмалын хуулийн төсөлд байгаль орчныг нөхөн сэргээх барьцааны мөнгө авч байх заалтыг оруулсан. Энэ мэтээр байгаль орчны талаарх иргэдийн оролцоог дэмжсэн үзэл санаагаа төрийн бодлогын үндэс болгохын тулд 1997 онд “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”-ыг шинээр боловсруулан УИХ-аар оруулж хуульчилсан юм. Энэ бодлого өнөөг хүртэл улам боловсронгуй болон хөгжиж байна.

-Сайдаар ажиллаж байх үедээ мод экспортлохыг хориглож байсан явдлыг түүхэн шийдвэр гэж үздэг. Энэ талаар эргэн дурсахгүй юу?

Зах зээлд шилжиж байсан тэр эгзэгтэй үед байгаль орчин ихээхэн доройтсон. 1996 онд ой хээрийн түймэр олонтаа гарсны сацуу өмнөд хөрш рүү их хэмжээгээр мод экспортолж байлаа. 1996-1998 оны гаалийн мэдээнээс үзвэл 430 мянга гаруй шоо метр модыг гадаадад экспортолсон атал гоожингийн төлбөрөөс өөр төрлийн орлого улсын сан хөмрөгт ороогүй байсан. Нөгөө талаас ой хөрс, ус, бэлчээр хамгаалах, гол мөрний урсацыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх зэрэг нийгэм, экологи эдийн засгийн чухал ач холбогдолтой. Тиймдээ ч миний хувьд байгалийн баялгийн дотроос хамгийн гол ач холбогдолтой модны экспортыг зогсоох талаар цуцалтгүй тэмцсэн юм. Тодруулбал, жил бүр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ойн модны хэмжээг багасгаж, зүсмэл банзыг экспортлоход гаалийн өндөр татвар тогтоох хуулийн төсөл боловсруулан УИХ-ын гишүүн А.Энхтайваныг “лоббидож” УИХ-д удаа дараа зүтгүүлсээр байгаад 1998 оны өвөл батлуулж, санасандаа хүрч билээ. Ингэснээр экспортод гарах модны хэмжээ эрс буурсан. Сүүлийн жилүүдэд 130-230 мянган шоо метр орчим мод экспортолдог байсан бол энэ тоо бараг 100 хувь буурсан. Дотоодод асар их өндөр өртөгтэй буюу шоо метр нь 60 мянга орчим төгрөг болж байсан зүсмэл модон материалын үнэ хоёр дахин шахуу буурсан нь дотоодын үйлдвэрлэл, ард иргэдийн хэрэгцээг хангаж, тэдний амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд тодорхой нөлөө үзүүлсэн юм.

Ой бүхий аймаг бүрт ойн түймрээс хамгаалах халз зурвас, шороон зурвас татах, мод тарих өдөр бий болгох зэрэг олон шийдвэр гаргасан. Түймэр их гардаг Сэлэнгэ, Архангай аймагт ойн түймэртэй тэмцэх, ойжуулах, гамшгийн тухай мэдээллийг шуурхай дамжуулах радио холбоо тавих, хамтын эзэмшлийн ой бий болгох зорилготой төслийг мөн л НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон. Улмаар 1998 онд Архангай, Өвөрхангай аймаг ой хээрийн түймрийн гаралтыг үндсэнд нь зогсоож чадсан бөгөөд Хөвсгөл, Хэнтий аймагт түймрийн гаралт 50 хувиар буурсан байна. Төслийн хүрээнд олон шинэ зүйл бий болсны нэг нь ой бүхий газар нутгийг хамтын эзэмшилд шилжүүлэх, ойг зохистой ашиглах хамтлаг бий болгосныг хэлж болно. Монгол орны ойн нөөцийг судлах, хамгаалах талаар олон улсын байгууллагатай хамтран ажилласан. Тухайлбал, БНСУ-ын Ойн агентлагийн Ерөнхий захирлыг урин ойжуулалтын талаар хамтран ажиллах эхлэл тавьсан нь “Ногоон хэрэм” төсөл болж хөгжсөн юм. Энэ мэт ажлуудыг сайдаар ажиллаж байх хугацаандаа хийсэн байна даа.

Энэ жил манай яам 30 жилийн ойтойгоо золгож байна. Байгаль орчны салбар бол асар гэгээлэг салбар. Байгаль орчныг хамгаална гэдэг хүн төрөлхтнийг хамгаалж байгаа хэрэг гэж боддог. Тиймдээ ч их буянтай ажил үйлс гэж ойлгох ёстой юм. Ингээд Байгаль, орчин аялал жуулчлалын яамныхаа удирдлагууд, хамтран ажиллаж буй бүх хүмүүсдээ ойн мэнд хүргэе. Мөн өнгөрсөн хугацаанд энэ салбарт зүрх сэтгэлээ зориулж ирсэн үе, үеийн албан хаагч нартаа баярын мэнд дэвшүүлж байна.

 

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?