Одоогоос хагас зууны тэртээ зорчигчийн онгоц Марз ууланд сүйрч Монгол даяар гашуудсан гэдэг. Тухайн үедээ Монголын радиод сурвалжлагч хийж байсан яруу найрагч Ш. Сүрэнжав тэр онгоцноос хоцроод амьд гарсан түүхийг нөхөд нь хуучилдаг. Амьд гарсан ч, ажлаасаа донгодуулсан Сүрэнжав найз нөхөдтэйгээ ууж дарвиж яваад онгоцноосоо хоцорсноо ярьдаг. Түүнээс хойш амьд гарсандаа талархаж залуу насны аагаар бор дарсыг багагүй хүртсэн. Онгод найраг нь хөглөгдсөн олон ч сайхан шүлэг найраг туурвисан. Сүүлд Монгол Телевизийн нэвтрүүлэгч болж, Сансрын нисгэгч Гүррагчааг сансарт ниссэн түүхэн үйл явдлыг Москвагаас шууд дамжуулж байсан түүхтэй нэгэн. Ийм л хувь заяа Сүрэнжав найрагчийг тосож байж.
Тэгвэл Ростовын нисэх буудалд сүйрсэн SKY DUBAI онгоцноос төрсөн өдрөө найзтайгаа тэмдэглэж байгаад хоцорсон Эльвира Исаева гэгч орос эмэгтэй бас золоор амьд гарчээ. Амьд гарсан эмэгтэйг "Альфа турс" компани өөрийнхөө зардлаар дахин 4 хоног амрах эрхээр шагнажээ. Харин Эльвира эмэгтэйг ямар хувь заяа тосож буй юм бол доо. Ямар ч гэсэн амьд үлдсэнийг нь тохиолдуулан амралтыг нь сунгалаа.
Д. ГАНТУЛГА