У.ХҮРЭЛСҮХ, ФРИДРИХ ЭБЕРТИЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018-06-05  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаа Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Курт Бек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас Фридрих Эбертийн сан туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Ялангуяа улс төр, соёл, парламентын засаглалыг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгаа тэмдэглэв.

Талууд уулзалтын үеэр ардчилсан нийгмийн тогтолцоог бэхжүүлэх, улс төрийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, тэгш эрхтэй ёс зүйг бүтээх талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Та бүхэнд тус сангийн товч танилцуулгыг хүргэж байна. 

Фридрих-Эбертийн Сан Нийгмийн ардчиллын төлөө!

Бид хэн бэ?

1925 онд байгуулагдсан Фридрих Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Манай сан Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн. Фридрих Эбертийн сангийн улс төрийн өв, гүйцэтгэж буй үүрэг нь түүний үзэл санаа, гэрээслэлээс эхтэй.

Улс төрийн намд ойр байдаг улс төрийн сангийн хувьд бидний үйл ажиллагаа нийгмийн ардчиллын үндсэн гурван үнэт зүйлс болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилдаг. Эдгээр үнэт зүйлс биднийг социал-демократ үзэл баримтлал болон чөлөөт үйлдвэрчний эвлэлтэй холбодог. Нийтийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд манай сан бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулдаг.

Бид юуг зорьж байна вэ?

Бид нийгмийн гарал үүсэл, хүйс эсвэл шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын оролцооны тэгш боломжийг бүрдүүлж, тэгш оролцоог хангадаг чөлөөт, эв санааны нэгдэлтэй нийгмийн төлөө, хүчирхэг, оролцоотой ардчиллын төлөө, хүн бүрд зохистой хөдөлмөрийн суурь нөхцөлүүдийг хангасан ажлын байрыг бий болгодог тогтвортой, өсөлттэй эдийн засгийн төлөө, сайн боловсрол, илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээг баталгаажуулдаг, асуудлыг урьдчилан харах чадамжтай, ядууралтай тэмцдэг, амьдралын томоохон эрсдэлүүдээс иргэдээ хамгаалдаг нийгмийн баримжаат төрийн төлөө, Европ болон дэлхий дахины энх тайван, нийгмийн дэвшлийн өмнө хариуцлага хүлээдэг улс орны төлөө байна.

Бид юу хийдэг вэ?

Бид дараах хэлбэрээр нийгмийн ардчиллын хөгжил, бэхжилтэд хувь нэмрээ оруулдаг. Эдгээрт:

  • Улс төрийн боловсрол олгох: Иргэний нийгмийг бэхжүүлэхийн төлөө. Манай сан мэдээлэл өгөх, чиг хандлагыг тогтоох, чадавхижуулах сургалтуудаараа дамжуулан иргэдийн улс төр, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн идэвх санаачилгыг дэмжиж тэднийг чадавхижуулж байдаг.
  • Бодлогын зөвлөгөө: Бид улс төр, эдийн засаг, нийгмийн болон ардчиллын ерөнхий зарчмуудын өмнө тулгамдаж буй үндсэн асуудлуудыг шийдэх стратегийг боловсруулдаг. Шинжлэх ухаан, бодлогын практикийн огтлолцол дээр шударга, ирээдүйг харсан эдийн засаг ба нийгмийн байгууллыг үндэсний, европын болон дэлхийн түвшинд бэхжүүлэхийн төлөө олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулдаг.
  • Олон улсын хамтын ажиллагаа: Дэлхийн 100 гаруй улс орнууд дахь өөрийн төлөөлөгчийн газруудаараа дамжуулан энх тайвнаар хамтран ажиллах, хүний эрхийн төлөөх бодлогыг дэмжиж байдаг. Ардчилсан, нийгмийн хариуцлагатай, эрх зүйт төрийн тогтолцооны байгуулалт, тэдгээрийн төлөвшил нь чөлөөт үйлдвэрчний эвлэл, хүчирхэг иргэний нийгмийн замыг заагчид юм. Европ тивийн нэгдэх үйл явцын хүрээнд бид нийгмийн хариуцлагатай, ардчилсан, өрсөлдөх чадвартай Европын төлөө идэвх санаачилгатай ажиллаж байна.
  • Оюуны онцгой чадвартай оюутан, суралцагчдад зориулсан тэтгэлэг: Энэ тэтгэлгийг онцгой мэдлэг чадвартай ч орлого багатай эсвэл цагаач гэр бүлээс гаралтай оюутан, эрдмийн зэрэг горилогчдод олгодог. Уг тэтгэлгийг боловсролын салбарт тэгш байдлыг хангахад бидний оруулж буй хувь нэмэр гэж үздэг.
  • Нийгмийн ардчиллын нэгдсэн ой санамж: Манай сангийн архив, номын сан болон түүхэн цаг үеийн түүхийн төслүүд нь социал-демократ үзэл баримтлал, үйлдвэрчний эвлэлийн түүхэн эх сурвалжийн ой санамжийг сэрүүн байлгахад болон нийгмийн бодлого, түүхийн судалгаанд хувь нэмрээ оруулж байдаг.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?