МОНГОЛ УЛС ДАЛАЙН БООМТТОЙ БОЛНО

2018-06-08  

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ийнхүү Оросын Холбооны Улстай 9 жил яриа хэлэлцээ хийсний эцэст Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар тохирсон хэлэлцээрийг байгуулж байна. Ингэснээр МУ-ын экспортын бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-аар дамжин тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.  

“Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жил болгон сунгах нь уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах юм. Цаашлаад энэ салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татаж тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй гэж салбарын сайд үзэж байгаа аж.

Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин огцом өөрчлөгдөхөд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг бууруулах бололцоо бий гэдгийг онцоллоо.  

25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх уг хэлэлцээрийн төсөлд дараах нөхцөлүүдийг тусгажээ.

  • Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;
  • Төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
  • Төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
  • Ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;
  • Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Далайд гарцгүй орны хувьд дээрх хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулсан.  Шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тэдгээрт тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцөлүүдийг тохирсон юм. Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?