Нөхөн сонгууль болох асуудал нэгэнт ойлгомжтой боллоо. Сонгуулийн хороо ажилтай болох нь. Наадмын дараа улс төрчид зодоглоно. МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, АН-аас тус намын дарга асан, лидерүүдийн нэг Э.Бат-Үүл, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр дэвшинэ гэх таамаг улс төрийн хүрээнд нургиж эхэллээ. Энэ нөхөн сонгууль улс төрийн өргийг шинэчлэхэд нөлөө үзүүлнэ ч гэж бие даасан судлаачид үзэж байна.
Энэ нөхөн сонгуульд У.Хүрэлсүх, Э.Бат-Үүл, Н.Энхбаяр гэсэн нэр хамгийн ихээр яригдаж буй. Энэ үүднээс харвал, Хэнтийн нөхөн сонгууль "үнэхээр улс төрийн том зодооны талбар" болох нь. У.Хүрэлсүх заавал ялах ёстой. Тэр намын дарга, засгийн тэргүүн. Ялагдвал М.Энхболдын "гунигт" хувь тавилан түүнийг тосож байхыг үгүйсгэхгүй. Э.Бат-Үүл ялахын төлөө зүтгэнэ. Гэвч АН-ын өнгөрсөн он жилийн алдаа, рэйтинг нь унасан байдал Бат-Үүлийн ялалтанд саад болохыг мөн л үгүйсгэхгүй.
Мөн түүний хувь рэйтинг ч өндөр гэж хэлэхэд бэрх. Н.Энхбаярт энэ сонгууль үнэхээр үнэ цэнтэй. Тэр олон жил улс төрд хавчигдсан, хасагдсан тэр эрхээ олж авах, улмаар алдагдсан боломжоо нөхөхийн тулд бүхий л хүчээ дайчлана. Н.Энхбаяр ялалт байгуулж, Гантулгын суудлыг эзлэхийг мөн үгүйсгэхгүй. Тэгэж гэмээнэ улс төрийн уур амьсгалд зөвхөн өнгө төрхийн хувьд ч биш, агуулга, чанарын өөрчлөлт орох магадлалтай. Ямар ч гэсэн улс төрийн өрөг шинэчлэгдэх хандлага бий боллоо.
Ц.ЭНХБАТ