2018.06.11–нд УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ УИХ-ЫН ДАРГАД ӨГЛӨӨ
УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өгч буй тухайгаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Д.Гантулга "Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм зүйлд орооцолдсондоо харамсаж байна. Юуны өмнө аав ээж, хайртай ханиасаа хүлцэл өчье. Итгэж төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, сонгогчдодоо, намайг итгэж дэмждэг байсан намынхан, нэг ангид хамт сууж буй УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна" гэлээ.
2018.06.13-нд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ-ЫН ГИШҮҮН
Д.ГАНТУЛГА, Д.МУРАТ НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭГҮЙ ТОГТООЛД ХОРИГ ТАВИВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 45, 47-р тогтоол буюу УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тогтоолд хориг тавив. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Ингэснээр,
2018.06.13-нд С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАВ
Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж буй ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавилаа.
Тэднийг АТГ-аас "Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Улмаар хоёр сар гаруйн хугацаанд цагдан хорьсны дараа шүүх хэлэлцэж батлан даалтад гаргалаа.
2018.06.13-нд ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Б.БААСАНДОРЖИЙГ ТОМИЛОВ
Оюуны өмч-улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-ын даргаар Б.Баасандоржийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томиллоо. Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр,
2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай аж.
ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм.
2018.06.14-нд УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫГ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ЧӨЛӨӨЛӨВ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай хүсэлтийг хэлэлцлээ.
Өнөөдрийн хуралдаанд нийт 60 гишүүн оролцсоноос нууц санал хураалт явуулахад 45 гишүүний буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөв. Тэрбээр төрийн далбаандаа мөргөж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимыг орхин гарлаа.
Түүний хувьд өнгөрсөн даваа гарагт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан. Улмаар өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүний хүсэлтийг хэлэлцэж, чөлөөлөхийг дэмжсэн юм.
Б.ХУЛАН