АРВАН ЖИЛИЙН ӨМНӨХ 7 САРЫН 1

2018-07-01  

2008 оны 7/1. Монголын түүхэн дэх хар өдөр. Хэдийнээ арван жил урсан өнгөрсөн байна. Өнөөдөр харин бороо урсан, тэр өдрийн хар түүхийг угааж буй мэт санагдах...

2008 оны зургаадугаар сарын 30-ны өдөр. УИХ-ын тав дахь удаагийн сонгуулийн дүн гарав. Тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН 41 суудал, АН 29 суудал, бусад нам, эвсэл дөрвөн суудал авсан юм. Гэтэл АН, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөнийхөн тэр сонгуулийн дүнг эсэргүүцэн, шударга бус сонгууль боллоо гэж мэдэгдэж, АН-ын Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайн жагсаал дээр очиж үг хэлэв. Харин 7 сарын 1-ний өдөр Иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан, Буянгийн Жаргалсайхан нар ард олныг уриалан олонхи суудал авсан МАН-ыг эсэргүүцэж, алдагдсан ардчиллаа нэхэж байна хэмээн тухайн үеийн МАХН-ын төв байрны үүдэнд жагсаж эхэлсэн. Эндээс бүх зүйл бишдэж, алдагдсан ардчиллаа нэхсэн жагсаал ард түмнийхээ аминд хүрсэн буун дуу болж хувирсан юм. Хэн ч тэр өдөр тийм үйл явдал болно чинээ төсөөлөөгүй байх. Зуны дэлгэр цаг шүү дээ.

Жагсаалыг телевизүүд шууд дамжуулан, сонин хэвлэлийнхэн тусгай сурвалжлагч нараа томилон сурвалжилж, хэвлэлийн редакциуд дор дороо бужигнаж эхэлсэн байдаг.  Хүн хүч нэмж, тал нь үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулж, бусад нь редакцидаа зогсоо зайгүй ажиллаж эхлэв. Гэтэл тэнд гэнэт л намын байрыг галдан шатаахаар дайрч, хэн нэг нь цучил гарган шидэлж орхисон юм. Цугласан олон улам дэвэрч, тал талаас нь галдан, зарим нь гүйж орон дотроос нь ч гал тавьсан.

Харин өглөөнөөс хойш намын байрыг хамгаалж зогссон цагдаа хүчнийхэн тусгай үүргээр ажиллаж, сонсогчдоо хүртэл дайчилж эхлэв. Ингээд нэг талд нь намын байрыг хамгаалсан цагдаа, нөгөө талд нь галдан шатаасан жирийн иргэд гээд Монголын ард түмэн хоёр хуваагдан чулуугаар шидэлцэж, бороохойдолцож, нүдэлдэж, нулимс асгаруулагч цацан, цусаа урсгаж энд тэндгүй зодоон цохион, орилоон болж, сум шунгинан "алалцсан".

Хэний ч санаагүй, төсөөлөөгүй зүйл нь буун дуу байсаан. Монгол хүн монгол хүнийхээ өөдөөс хүйтэн зэвсэг шагайна гэж хэн санах вэ. Цагдаа нар буун дуу гаргаж, хар машинаар ард олныг элдэн хөөж, барьж аван бөөн бөөнөөр нь баривчилж машиндаа чихэж ачиж байсан юм. Эр эм, жирэмсэн, хөхүүл нялх, хөгшин настай хамаагүй таарсан бүгдээ барьж аван ачиж, зугтсан нэгийг нь буудаж, араас нь машинаар элдэж хөөсөн. Үдээс хойш 17 цагийн орчимд намын байр руу дайрсан улсууд үдшийн 24 цаг гэхэд үзэгдэх хүнгүй болж, тарсан юм даг.  Улс төрийн намын удирдлагууд уулзалт хийн яаралтай арга хэмжээ авахаар болж, тухайн үеийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр үдшийн 22.00 цаг гэхэд улс даяар гурав хоногийн онц байдал зарласан. Үйл явдлыг шууд дамжуулж байсан телевизүүдийг хааж, сонины редакциудад Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга М.Ганболдын гарын үсэгтэй анхааруулах бичиг ирж, хэрвээ мэдээлсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авна, хаана гэсэн анхааруулга ирэв. Гэвч, тэр өдөр Монголын үндэсний телевиз, Ийгл телевиз, "Өдрийн сонин" хэвлэл мэдээллийн үүргээ биелүүлж, үйл явдлын талаарх бүхий л мэдээллийг дамжуулж байсан юм.

Маргааш өглөө. Маргааш өглөө чухам юу болсон байх бол гэсэн бодлоор өглөө эрт зурагт асаахад МҮОНТ-ээр нэгдүгээр эмнэлгийн ээлжинд хоносон эмч, ажилтнууд хүн буудуулж үхсэн гэдгийг баталж, ярилцлага өгсөн юм даг. Ингээд тэр шөнө ямар ч гэм хийгээгүй тавын таван хүн буудуулж нас барсан нь тодорхой болсон. Дорнодоос хотод ирсэн залуу жагсаалыг зүгээр л сонирхож яваад буудуулж үхсэн байсан. Түүний аав Ц.Энхбаяр энэ хэдэн жил ганцаараа тэмцэл хийж шар махтайгаа хатаж явсан ч Монголын төр уучлалт гуйгаагүй байна.

Хотын төв замаар хуягт танкууд цувж, буу зэвсэг барьсан цэргүүд энд тэндгүй ирийтэл зогсон Улаанбаатар хотын цэг болгон бүслэлтэд орж, гадуур яваа иргэд тэднээс зэнзийрхэн холуур тойроод л, хэзээ ч тохиолдож байгаагүй айдаст өдрүүд байсан. Анх удаа Монголд Улсад онц байдал зарласан учраас хуульд заасан нарийн ширийнийг мэдэх хүн хэн ч байгаагүй, Онц байдал зарласан үед цагдаа нар шууд буудах эрхтэй байдаг гэж жирийн ард түмэн мэдээгүй юм. Хожим нь яагаад онц байдал зарласан тухайгаа тайлбарлахдаа яг хэн нь шийдсэн нь ч тодорхойгүй шахам юм ярьсан байдаг. Ерөнхийлөгч Н.Энхбаяр уу, Ерөнхий сайд байсан С.Баяр уу, тухайн үеийн цагдаагийн удирдлагууд уу, Хууль зүйн сайд нь юмуу. Тодорхойгүй. Ямартаа ч энэ хэрэг цагдаагийн дөрвөн хурандаа дээр тохогдож, ял эдэлсэн.

О.Магнай, Ж.Батзандан нарыг баривчлан 461 дүгээр ангид хорьсон. Шөнөжин элдэн хөөж баривчилсан жирийн иргэдийг хэдэн зуугаар нь Дэнжийн мянгын хориход саатуулж, бүгдийг нь галуун цуваагаар суулган, хэнтэй ч уулзуулахгүй, хааш нь ч хөдөлгөхгүй цагдсан. Тэнд арван жилийн сурагч хүүхэд, залуучууд, охид эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэй хүртэл байсан юм. Хожим нь тэр хүмүүст толгой дараалан нэг зүйл ангиар, нэг шүүхийн шийдвэрээр ял оноож, шийтгэсэн. Жирийн иргэдээс гадна цагдаа нар дотор ч гэмтэж, хөл гараа хугалсан улс олон байна гэж дуулдаж байсан юм.

7 сарын 1-ний тэр аймшигт үймээн самуун бослого тэмцлийн үеэр Ерөнхий сайд асан С.Баяр намын төв байрнаасаа яаж гарсан бол гэж хамгийн их бодогддог. С.Баяр намын төв байрандаа хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан мэдээлэл хийгээд сууж байсан юм. Маргааш өглөө нь тэрбээр үнс нурам болсон намын байрныхаа өмнө алгаа хавсран зогсоод уйлж байсан сан.

 

 

 

Ц.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen:Батзандан Магнай Элбэгдорж нар турхираагүй бол 5 хүн амь үрэгдэхгүй олон залуус гэмтэхгүй байсан юм 2018-07-02
Burxan bagsh:Ter veiin MAXH odoogiin MAH buruutai.Songuuli luivardchixsan yum chini ard tvmen uurlaj buximdana.Bvx namuud ochood jagsaald negdsen bol gartsaagvi ongot xuvisgal bolox bailaa.Getel negdeegvi l de.MAH er ni ard tvmnee ****ddag aldag xoroodog xils xergeer shiitgedeg oodgvi nam shvv dee.MAH xezee mongoloos vvrd ****na ter tsagt Mongold shine niigem tolovshino.Daan ch ard tvmnii maani ixenxi xuvi ni xuuchnaasaa salax durgvi MAH-iig demjiseer bx yum daa!!!!.N.Enxbayar S.Bayar Ts.Monxorgil nar buruutai.Ted nart tu****al ogox bvren erx bsn. 2018-07-03
irgen:Batzandan Elbegdorj, Magnai, Jargalsaikhan nariig ene heregt buruutgan shiitgeh yostoi baisan gej boddog , jagsaal tsuglaaniig buruu zamaar udirddag mungunii shunaltai olon unziin humuus baidag , bainga anhaarch ard irged tednees bolgoomjloh heregtei . Ted busdiig heregt hiine . 2018-07-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?