Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо энэ сарын зургааны өдөр хуралдаж, Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдэхээр байна.
УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн товыг тогтоосон. Ингэхдээ аравдугаар сарын 7-ны өдөр байхаар тогтож, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаныханд даалгаад байгаа билээ. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Хуулиараа наймдугаар сарын 8-наас өмнө намуудын нэр дэвшигчид тодорч, бичиг баримтаа бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой юм. Тиймээс улс төрийн гол хүчнүүд болох МАН, АН хоёр наймдугаар сарын 6-нд нөхөн сонгуулийн асуудлаар хэнийгээ дэвшүүлж, хэрхэн оролцохоо шийдэхээр болж байгаа бололтой.