Өнгөрсөн сарын 27-ноос 29-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой, үзүүштэй төрлийн нэг Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тус тэмцээний сонирхогчдын ангилалд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсныг уншигч та мэдэж байгаа байх. Ингэхдээ экс ерөнхийлөгч маань 76 дугаартай оролцож улс төрийн бяцхан “үзүүлбэр” үзүүлэв. Ирэх аравдугаар сард УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана. Үүнд Н.Энхбаяр оролцож магадгүй. Гэхдээ намын хурлаар орж байж, өрсөлдөх эрх олж авна.
УИХ-ын 42-р тойрогт Монголын түүхэн дэх хамгийн залуу гишүүн Д.Гантулга байсан болохоор ч тэр үү энэ суудал залуу хүний чадал эрч хүч шаардсан бололтой юм. Үүнийг ч Н.Энхбаяр харууллаа. Учир нь ус, шороо, шавар гээд нэлээдгүй саадыг давдаг уг тэмцээнд өлхөн оролцож, “хөөрхөн” амжилт гаргасан нь ямархан чадал чансаатай, тэмүүлэлтэй байгааг нь харуулах шиг болов. Үүгээрээ УИХ-д ахин суухдаа бэлэн байгаагаа харууллаа хэмээн жиргээчид шуугиад байгаа.
Б.ХУЛАН