ЗГ-ын өдөөрийн хуралдаанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ талаар Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Өнөөдөр 18 нас хүртэлх хүүхдүүдийн 84-96 хувь шүд цоорох өвчтэй байна. Эдгээр хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдүүдийн эзлэх хувь хэмжээ 67.5 хувьтай байна.
Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчлөлтүүд улмаар амь насанд аюултай өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Өнөөдөр нөхцөл байдал ийм ноцтой байгаа учир Засгийн газар 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлж 2-42 насны хүүхдүүдээ эрүүлжүүлэх ажлыг хийнэ” гэлээ.
Уг хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдах юм байна. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Үүнээс гадна амны хөндийн эрүүл ахуйг сахих зуршлыг ард иргэддээ төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажил гол байр суурь эзэлнэ. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд шүдээ угаадаг байх, амны хөндийн эрүүл ахуйг сахих орчныг бүрдүүлж ажиллах аж. Үүнтэй холбоотойгоор хүний нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн боломжуудыг бүрдүүлэх дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 чухал ажил хийгдэхээр төлөвлөгджээ.
Б.ХУЛАН