Төрийн ордонд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа.
Тэд М.Энхболдыг чуулган даргалах эрхгүй. Учир нь 60 тэрбумын асуудалд МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж бичлэгт оролцсон гэж тэд ийнхүү эсэргүүцэл хийж буй аж. Энэ эсэргүүцэл чуулганы танхимд ч үргэлжилж зарим нэг гишүүд энэ асуудлаа ярилцаж, ойлголцох нь зүйтэй гэсэн санал гаргаснаар М.Энхболд чуулганы тахимыг орхиж, хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явуулж байгаа юм.
Дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулахыг шаардсан УИХ-ын 4 гишүүнтэй уулзлаа. Уулзалтаар УИХ-д шаардлагаа тавьсан боловч буцаагаад хариугаа сонсолгүй уулзалтыг орхин гарсан байна.
Энэ талаар УИХ-ын даргын хуулийн зөвлөх мэдээлэл хийхдээ "УИХ-ын тухай хуулийн 10.2 дээр өөр ажил шилжих болон бусад ажилд томилогдох хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд УИХ-ын дарга ажлаа өгнө гэж заасан байдаг. Хүсэлтээ өөрөө гаргана гэдэг нь бусдаар шахуулах, аль нэгэн дарамтанд орох зэргээр ажлаа өгөхийг хэлдэггүй болохыг заасан байгаа.
УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тал дээр үндсэн хуулийн 27.3 дээр УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүдийн шаардснаар эсвэл ерөнхийлөгч, УИХ-ын шаардлагаар ээлжит бус чуулган чуулж болно гэж заасан байдаг. Ээлжит бус болон нийтийн сонсголтой холбоотой зүйлс бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд нийтийн сонсгол хийх боломжгүй ээ гэдэг зарчим байдаг. Энэ талаар үндсэн хуульд заасан байгаа. Прокуророос мөн энэ талын тайлбарыг ирүүлсэн" хэмээлээ.
Ц.ХИШГЭЭ