Өнөөдөр 08.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Тус өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүд, 21 аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар оролцож байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад 1.2 жил өнгөрлөө. 2 дахь удаагийн өргөтгөсөн хурлаа хийж байна. МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайд нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн бүх шатанд шударга ёсыг тогтоох болон унаж буй улсын эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт дэвшүүлсэн. Хамгийн гол нь иргэдэд үр ашгийг нь хүртээхэд анхаарах хэрэгтэй.
Цаашид Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, цалингийн өсөлт зэрэг нь айл өрхүүдэд хүргэх, төр иргэндээ ойр байж бүх үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ чанд биелүүлж ажиллах ёстой. 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон өнөөдрөөс орон даяар зарлаж байна" гэж тус тус хэллээ.
Хуралдаанаар “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор орон даяар өрнүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшний үнэлгээг хэлэлцэж байна. Энэхүү үнэлгээнд нийт 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн 45 мянга 381 албан хаагчийг хамруулсан байна.