Улсын Их Хурлын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ "УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг надад өргөн барьсан. Би цохолт хийж Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Хуулийг хэлэлцэх үед хууль хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 28-ны өдөр гэж байсныг наашлуулан нэгдүгээр сарын 25-ны өдөр болгосон.
Мөн хуулийн хэрэгжих хугацаа нэгдүгээр сарын 25-ны өдөр гэж заасан ч Дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэсний дараа хэрэгжиж эхэлдэг. Тус сэтгүүлийн дугаар энэ сарын 28-ны даваа гарагт хэвлэлтээс гарна. Тиймээс тогтоолын төслийг ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батална. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын шинэ дарга томилогдож, сар шинийн баяраар ард түмэнтэйгээ золгох юм” гэлээ.
Мөн тэрээр "Миний бие өмнө дурдаж байсан. Би ямар нэгэн ажил, албан тушаалтай зууралдаж байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаа өгч огцроход бэлэн байна" гэж мэдэгдсэн юм.
Ц.ХИШГЭЭ