Үндсэн хуулийг өөрчилж байж улс орон өнөөгийн гацаанаас гарна. Үндсэн хуульд аль нэг намын сонирхол илүү тусна гэдэг шүүмжлэлтэй би санал нийлэхгүй. Монгол улсын тусгаар тогтнол, монгол иргэний эрх бол намаас дээгүүр зүйл. Ийм зүйл тусаж буй эцэг хууль. Улс орны төсвийг жалгын нэг цацаж буй эмх замбараагүй, үрэлгэн байдлыг ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр зогсооно. УИХ нь Засгийн газраа " унагаж тоглодог" улс төрчдийн тоглоомыг энэ л хууль хазаарлана. УИХ нь төсвөө л баталдаг, Засгийн газраа хянадаг л тогтолцоонд шилжинэ. Тэгснээрээ өөрөө төсвөө баталж, өөрөө Засгаа барьж, өөрөө гүйцэтгэж, өөрөө мөнгөө зарцуулдаг, эцэст нь өөрийгээ хянадаг " тоглоомын төр" -д цэг тавина. Ийм давуу талтай гэж ҮХ судлаачийн хувьд үзэж буй. Харин 6.1-д газрын хэвлий доорх баялаг ард түмний өмч гэж заасан заалтаа 6.2-д үгүйсгэсэн заалтыг өөрчилж, боловсронгуй болгох ёстой. Энэ талаар улс төрийн намууд саналаа нэгтгэж УИХ-ын даргад барьж буй. Хэрвээ 6.2-ын заалтыг одоогийнхоор баталбал Монгол улсаа бид " тавиад туух" болно. Гаднынханд улс орон, газар нутгаа найр тавих аюул нүүрлэнэ. Тиймээс энэ заалтыг маш сайн анхаарч, өөрчлөх ёстой.
Тэгэж чадаж гэмээнэ, энэ зураг дээрх шиг үйлдлээс сэргийлж чадна. Үндсэн хуульд алдвал хэрхэн улс орноороо, ард иргэдээрээ хохирдогийг сүүлийн 30 шахам жил биеэрээ мэдэрлээ. Үндсэн хуулийн амин сүнсийг тасалбал, Монгол улсын амин голыг тасалсантай адил. МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл Control.mn-д ингэж хэллээ.
С.ШИНЭСАР