Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хамтын ажиллагаа улс төрийн төвшинд сайн, өндөр хэмжээнд байгааг онцолсон байна. Харин эдийн засаг худалдаа талдаа харилцаа тааруу байгааг дурдсан байна. Цаашдаа хоёр орны хоорондын худалдаа эдийн засгийн харилцааг илүү өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад хоёр улсын Ерөнхий сайд санал нэгджээ.
ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев "Монгол Улсыг үргэлж найрсаг түнш гэж бодож ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д анх удаа, Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д есөн жилийн дараа дахин албан ёсны айлчлал хийж байна. Эрхэмсэг ноён Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны айлчлалд амжилт хүсч, айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засаг, нийгмийн асуудалд хамтран ажиллах олон асуудлаар санал солилцоно гэж итгэж байна" гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр орны хоорондын харилцаа нэг түвшин ахиж, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн. Манай хоёр улсын улс төрийн харилцаа маш сайн байдаг. Энэ бол түүхэн сайхан уламжлалт ах дүүгийн харилцаатай ард түмэн. Сүүлийн жилүүдэд нэг харилцаа бага зэрэг саарсан. Энэ бол эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа. Цаашдаа хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэл дээр хоёр талаасаа хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын комиссын ажил сайн явж байгаа” гэлээ.
Уулзалтын дараа Засгийн газар, яам хоорондын баримт бичигт гарын үзэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол, Орос хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөний сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев нар байлцав.
Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак нар “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үзэг зурлаа.Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, , ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар “Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2020, 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Зам тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үcэг зурлаа.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин нар “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов нар “Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам болон ОХУ-ын Хууль зүйн яам хооронд 2020, 2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яам хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монголын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгеология” хувьцаат нийгэмлэгийн удирдлагын дарга, ерөнхий захирал С.Н.Горьков нар “Геологи геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр”, ОХУ-ын “Зарубежгеология” ХН-ийн хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернешнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн ерөнхий захирал Я.ВЦентер нар “Монголын "Эрдэнэс Монгол" ХХК ба ОХУ-ын “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монголын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, “Русская кожа” нийгэмлэгийн захирал А.А.Низов нар “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК болон ОХУ-ын “Русская кожа” нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ ОХУ-ын Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал А.Слепнев нар “Хамтын ажиллагаа хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банк ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцсан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын “Очир гэгээн сүндэр” ХХК-ийн ерөнхий захирал Г.Очир, “Алс Дорнод Арктикийн хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.О.Чекунков нар ““Очир гэгээн сүндэр” ХХК болон “Алс Дорнодын Арктикийн хөгжлийн сан” нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Э.Отгоо